Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 10

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                               

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                        Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                              Д.Б  түүний өмгөөлөгч М.Найдан

         Нарийн бичгийн дарга                  С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой Д.Б од холбогдох 1915005110271 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэжээл бэлтгэлийн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г овогт Д. Б .

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Бөөрөлжүүт” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 158175 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Г овогт Д. Б ыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б  гэмт хэрэг үйлдэж олсон 5,55 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгчээс тус тус албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

5. Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдаж,

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нь давж заалдах гомдолдоо: “Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг эс зөвшөөрч гомдол байна.

Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний мөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулах 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах... гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулна гэжээ. Тэгвэл шүүгдэгч Д.Б  нь “**-**” БУЛ улсын дугаартай Hyundai porter загварын тээврийн хэрэгсэлийг албан ёсоор хуулийн дагуу өөрийн эзэмшил өмчлөлд аваагүй байхад шүүх уг тээврийн хэрэгсэлийг шүүгдэгчээс албадан гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргав.

Жич: Д.Б  нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Ам бүл 5. Амьжиргааны гол эх үүсвэр нь дээрх тээврийн хэрэгсэл болно” гэжээ.

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: ”...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг үндэслэн Д.Б од холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Бөөрөлжүүт” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 158175 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Д.Б ыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид 158175 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Б ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б  нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны байгаль экологид учруулсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж буюу 474525 төгрөгийг төлж барагдуулсан, түүний хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөөг нь хураан авч улсын орлого болгож гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө орлого, тээврийн хэрэгслийг нь хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Д.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл түүний эзэмшилийн тээврийн хэрэгсэл биш болох нь хэрэгт авагдсан “эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа” /хх-60 дугаар тал/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-64 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэснийг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын  хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ар гэрийн ахуй амьдралын байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд тээврийн хэрэгслийг нь хураан авах зайлшгүй шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч **-** БУЛ улсын дугаартай, “Porter”  загварын тээврийн хэрэгсэлийг нь буцаан олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын

4 дэхь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б  гэмт хэрэг үйлдэж олсон 5,55 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгчээс тус тус албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж”, гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б  гэмт хэрэг үйлдэж олсон 5,55 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөөг тус тус албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч Д.Б од буцаан олгосугай” гэж өөрчилж, бусад заалтын хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хангасугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ХҮРЭЛБААТАР                                   

                                         ШҮҮГЧИД                                  С.ЦЭЦЭГМАА                                                  

                                                                                     Ё.БЯМБАЦЭРЭН