Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2018/0017

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2018/0017

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Суврага буян ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт холбогдох,

Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Ссумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн СБ ХХК-д холбогдох, Төв аймгийн СЗасаг даргын 2018 оны 04- дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Суврага буян ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбадорж, түүний өмгөөлөгч О.Билгүүн, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч Г.Ариунболд, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Суврага буян ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбадорж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "СБ" ХХК нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оноос 18 га газарт оршуулгын үйлчилгээ эрхэлж байсан бөгөөд уг газрын ашиглалтын талбай багасч, үйл ажиллагаагаа хязгаарлагдах шинжтэй болсон учир газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан тул уг газрын хил залгаа болох Төв аймгийн Ссумын нутаг, 1 дүгээр багийн 4 дүгээр зөрлөг байршилтай, Бага Баян уулын энгэр нэртэй газарт газар эзэмших хүсэлтийг тус сумын Засаг даргад хандан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус албан бичгээр хүсэлт гаргасан боловч тухайн үедээ шийдвэрлэж, хариу өгөөгүй юм. Мөн тус сумын Засаг даргын Тамгын газраас төсөл сонгон шалгаруулалт зарласны дагуу манай компани 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төсөл бичиж хүргүүлсэн. Гэтэл 2017 оны 6 дугаар сард "Сонгон шалгаруулалт зарлаагүй байршилд төсөл ирүүлсэн" гэсэн үндэслэлээр уг газрын асуудлыг шийдвэрлээгүй боловч манай өргөдлийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар 26 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болно. Уг захирамжид газрыг зориулалтын дагуу ашиглахыг "онцгойлон үүрэг" болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл манай энэхүү газар эзэмших эрх хүчин төгөлдөр байх үед буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө батлахдаа манай эзэмшиж байгаа газрыг дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөгөөнд тусгаж баталсан. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д "Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хуулъ ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно" гэж заагаад мөн зүйлийн 73.1.2-т "хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх", мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т "Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 27 дугаар зүйлийг баримтална" гэж, мөн зүйлийн 74.3-т "Төлөвлөгөөг танилцуулснаас хойш 30 хоногийн дотор чиг үүргийн дагуу санал өгөх үүрэгтэй захиргааны байгууллага болон төлөвлөлт хийгдэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга тайлбар, саналаа гаргаж өгөх үүрэгтэй" гэж, 75 дугаар зүйлийн 75.1.Төлөвлөгөөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд, энэ хуулийн 74.3-т заасан хугацаа дууссанаас хойш, эсхүл албан ёсоор мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төлөвлөгөөний талаар эсрэг санал байвал төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллагад уг саналаа гаргах эрхтэй" гэж, 76 дугаар зүйлийн 76.1-т "Төлөвлөгөөнд эсрэг санал ирсэн тохиолдолд төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага уг төлөвлөгөөнд санал өгсөн болон эсрэг санал гаргасан бүх оролцогчид 10-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэнээр хэлэлцүүлэг зохион байгуулна" гэж, 77 дугаар зүйлийн 77.1-т "Нийтийн болон бусдын эрх, хууль бсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эсхүл тухайн этгээдэд өмнө нь танилцуулж байсан бол энэ хуулийн 74, 76 дугаар зүйлд заасан ажиллагааг хийхийг шаардахгүй. Ийнхүү хуульд зааснаар захиргааны байгууллагаас төлөвлөлтийг хийх, түүнийг батлахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэж, саналыг авах хэлэлцүүлэх журамтай байхад хуулийн уг заалтыг зөрчин манай эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа газарт минь төлөвлөлт хийж, дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд манай компанийн эрхийг зөрчсөн.

Нөгөө талаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь оршуулгын зориулалттай газрыг дуудлага худалдаагаар худалдаж, өндөр үнээр аль нэг компанид эзэмшүүлсэн тохиолдолд иргэдээс оршуулгад зориулж газар худалдан авах үнэ нь өндөр болно гэдгийг тооцоолж, судлах ёстой, энэ талаар иргэдээр хэлэлцүүлэх ёстой юм. Учир нь манай улсад өндөр үнээр оршуулгын газрыг худалдан авах санхүүгийн чадвартай иргэн хэд байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааны үр дагавраас иргэд л хохирох тул ийм үр дагавараа тооцож чадахгүй, иргэдэд санхүүгийн ачаалал үүсгэх үр дагавар бүхий шийдвэр гаргасан. Иймд хууль бусаар баталсан Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" 2017 оны 12 дугаар сарьш 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Төв аймгийн Ссумын 1 дүгээр багийн 4 дүгээр зөрлөг байршилтай, Бага Баян уулын энгэр нэртэй 12 га газарт дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн Ссумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолоор баталсан дээр дурдсан үндэслэлээр хууль бус гэж үзэх газар зохион байгуулалтын төлөвлөлтийг үндэслэн манай компанийн эзэмшиж байсан 26 га газартай давхцуулан 12 га газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн Ссумын Засаг даргын шийдвэр нь мөн хууль бус бөгөөд хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байгаа тул уг дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.

Төв аймгийн Ссумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн A/645 дугаар захирамжийн "СБ" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрыг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсний дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Ссумын Засаг дарга нь А/645 дугаар захирамжаараа "СБ" ХХК-д эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгожээ. Монгол Улсын хууль тогтоомжид "газрыг хүчингүй болгох" гэдэг хууль зүйн ойлголт байдаггүй тул нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг Засаг даргаас манайд газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон, эсхүл газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гэж үзэж байгаа болно. Аймгиин Мэпгзжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 19-04-029-261 дугаартай албан шаардлага гэгчийг үндэслэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-д заасныг зөрчсөн гэж үзжээ. Манай компани нь дүрэмдээ заасан зорилго, үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай газрыг эзэмших хүсэлттэй байсан. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2.2-т "Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна" гэж заажээ. Иймд оршуулгын зориулалттай газар нь манай компанийн үйл ажиллагаанд шаардлагатай гэхээсээ илүү Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу нийтийн зориулалттай буюу нийтэд зайлшгүй шаардлагатай газар болох нь харагдаж байна. Оршуулгын газарт хүний шарил бунхлагдмагц уг газар нь нийтийн зориулалттай газрын ангилалд хамаарч, эзэмшигч компанийн эзэмшил нь дуусгавар болдог учраас ийм газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэх нь Газрын тухай хуулийн үзэл санаа /концепци/-нд нийцэхгүй болно. Иймд манай компани уг газрыг эзэмших хүсэлт гаргахад уг газар нь 2016, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь "оршуулгын" зориулалтаар газарт эзэмшүүлэхээр төлөвлөөгүй байсан ба сумын Засаг даргад Газрын тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэн, газрын зориулалт, ангилалыг харгалзан 2017 оны 08 дугаар сарын 30- ны өдрийн А/444 дүгээр захирамжаар манай компанид газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй юм.

Ийнхүү манай компани хуулийн дагуу "газар эзэмших" хүсэлтээ гаргасныг үндэслэн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, уг шийдвэр гарснаар тухайн газартай холбоотой эрх зүйн харилцаа үүсч байгаа тул манай компани нь хууль ёсны шударга эзэмшигч юм. Нэгэнт шударгаар газар эзэмшиж, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хооронд газрын эрх зүйн харилцаа үүсгэсэн бол энэхүү харилцааг болоод манай компанийн газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн дагуу дуусгавар болгох, цуцлах ёстой байхад сумын Засаг дарга өмнө газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийг зөрчиж байна. Иймд Төв аймгийн Ссумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 дугаар захирамжийн "СБ" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Суврага буян ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбадорж, түүний өмгөөлөгч О.Билгүүн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрхи тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 73, 74 дүгээр зүйлийг зөрчиж гарсан гэж үзэж байгаа. СБ ХХК-д А/444 захирамжаар олгосон газар эзэмших эрх хэвээр байхад, сонсох ажиллагаа хийлгүйгээр захиргааны акт гаргасан.

Хоёр: Төв аймгийн Ссумын Засаг даргын газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зарласан 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухайд: Оршуулгын газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар нийтийн эдэлбэрийн газар байдаг. Оршуулгын газарт дуудлага худалдаа явуулж байсан практикийг судаллаа. Өмнө нь оршуулгын газарт дуудлага худалдаа зарлаж байсан практик байдаггүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хүн тавьснаар тэр газар нь нийтийн эдэлбэрийн газарт шилждэг учраас оршуулгын газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулахад тохиромжгүй байдаг. Иймээс оршуулгын газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх нь буруу гэж үзэж байна.

Гурав: Төв аймгийн Ссумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 захирамжийн СБ ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах тухайд: Тус захирамжид СБ ХХК-д эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгох гэж бичигдсэн байдаг. Газрыг хүчингүй болгох гэж хуулийн заалт байхгүй. Бидний зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа юм байна гэж ойлгоод дараах тайлбарыг өгч байна. Уг захирамжид зааснаар Засаг дарга өөрийгөө Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 1904029261 тоот албан шаардлагыг үндэслэж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж СБ ХХК-ийн газар эзэмших А444 захирамжийг хүчингүй болгосон. Манай байгууллага уг газрыг эзэмшихдээ ашгийн бус эзэмшиж байгаа, нийтийн эрх ашгийн төлөө зөвхөн хамгаалж, тохижилт үйлчилгээг хангаж үйл ажиллагаа явуулдаг. А/444 захирамж нь Газрын тухай хууль зөрчөөгүй. Харин А/645 захирамж нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаарлдагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Баасансүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 15 төлөөлөгчөөс 12 төлөөлөгч оролцож ирц 85 хувьтай хуралдаж 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт дүн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэж Засаг дарга Э.Энхбаяр, газрын даамал М.Аззаяа нарын өргөн барьсан 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийт 12 төлөөлөгч дэмжиж баталсан. Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.4 дэх хэсэгт зааснаар Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэсний дагуу тус сумын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/24 дүгээр тогтоол нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэртэй харшлаагүй тул Суврага буян ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн Ссумын Засаг дарга Э.Энхбаяр шүүх ирүүлсэн хариу тайлбартаа: Суврага буян ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дугаартай захирамжаар Баян уулын энгэрт 26 га газар олгосон боловч аймгийн Мэргэжлийн хяналтын Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19-04-029-261 тоот албан шаардлагыг үндэслэн тус сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 дугаартай захирамж гарч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.2, 33.4 дэх заалтын дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул Суврага буян ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18/29 тоот нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч Г.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын А/444 захирамж гарсаны дараа Төв аймгийн Мэргэжлийн хяналтын шалгалтаар зөрчил илэрсэн, зөрчил арилгуулах тухай 1904029261 тоот албан шаардлага ирсэн. Ссумын Засаг даргын А/645 дугаар захирамжаар Суврага буян ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн үндэслэл нь Мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлага, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг баримталсан. А/444 захирамжаар газар эзэмшихэд сонгон шалгаруулалтад ороогүй байсан. Тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа. Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд сум, дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн оны газрын төлөвлөгөөг баталж иргэдийн Төлөөлгчдийн Хуралд санал оруулдаг. Үүний дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газар зохион байгуулалтын төвөллөгөөг баталдаг. Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 01/24 дугаар тогтоол нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.18 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийг гэрчилгээний дугаар, хугацаатай нь бүртгэж байх ёстой байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт үнэлгээ хийгээд газар эзэммших гэрээ байгуулж, гэрчилгээг олгоод, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн байдаг. Газар эзэмших шийдвэр гарснаар газар эзэмших эрх үүсэхгүй. СБ ХХК-д газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Энэ захирамжийг үндэслээд үнэлгээ хийгдээд, үнэлгээгээр байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэвэл газар эзэмших гэрээ хийгдээд, Улсын бүртгэлд бүртүүлснээр газар эзэмших эрх үүсдэг. Эндээс үзэхэд Суврага буян ХХК-д газар эзэмших эрх үүсээгүй гэж үзэж байна.

Төрийн байгууллага, албан хаагч өөрийн гаргасан шийдвэрээ өөрөө болон дээд шатны байгууллага цуцлах эрхтэй. Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан албан шаардлагаар Суврага буян ХХК-ийн эзэмшлийн газар нь 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтын үндэслэн 2017 оны 12 дугаар сарын сарын 20-ны өдрийн А/645 захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан. СБ ХХК нь 2016 оны 12 сард Ссумын иргэдийн Төлөөлгчдийн Хурал хуралдахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах тухай танилцуулга ирүүлж байсан. Гэтэл хурлаар ороод 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Энэ талаарх холбогдох нотлох баримтаа хавтаст хэрэг ирүүлсэн. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 1904029261 тоот албан шаардлага нь СБ ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан захирмжийн үндэслэл болж байгаа. Засаг дарга заавал цуцлах үүрэгтэй харин Мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлага нь СБ ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчиж байгаа. Үүн дээр захиргааны хэм хэмжээний актаа буруу сонгосон байна. Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хууль баримтлаад төлөвлөлт хийгээгүй, сонсох ажиллагаа явуулсангүй гэж ярьж байна. Газар эзэмших эрх албан ёсоор үүсээгүй байхад сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Нийтийн эдэлбэр газарт Суврага буян ХХК-ийн явуулж буй буяны үйлчилгээ нь бизнесийн үйл ажиллагаа юм. Нийтийн эдэлбэр газар дуудлага худалдаа явуулдаггүй гэдэг нь үндэслэлгүй ойлголт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудад үндэслэн, дараахь хууль зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

          Нэг.Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Төв аймгийн Ссумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар СБ ХХК-д тус сумын 1 дүгээр багийн 4 дүгээр зөрлөг байршилтай, Бага Баян уулын энгэр нэртэй газарт 26 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлэхийн хамт газрыг зориулалтын дагуу эзэмших, газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөхийг тус тус үүрэг болгосон байжээ.

Нэхэмжлэгч СБ ХХК нь маргаан бүхий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлахдаа тус компанийн эзэмшиж байсан газрыг дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөгөөнд тусгаж, манай газар эзэмших эрхийг зөрчсөн гэж маргажээ.

Хариуцагчаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан бөгөөд СБ ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гарсан боловч гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байсан тул тус компанид газар эзэмших эрх үүсээгүй гэж тус тус маргаж байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах нь сумын Засаг даргын бүрэн эрх байхаар, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна.

Хуулийн эдгээр заалтаас үзвэл Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаар уг газар дээр газрын эрх зүйн харилцаа үүсэх ба харин Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх заалт нь үүссэн эрх зүйн харилцааны дагуу эрхээ хэрэгжүүлэх боломж болно.

Өөрөөр хэлбэл, Ссумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамж гарсанаар уг газарт газрын эрх зүйн харилцаа үүсч, нэхэмжлэгчиийн газар эзэмших эрх, үүрэг нь газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авснаар тодорхой болж, эрхээ хэрэгжүүлж эхлэх боломж үүсгэж байгаа хууль зүйн зохицуулалт юм.

Иймд нэхэмжлэгч СБ ХХК-д Төв аймгийн Ссумын Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар 26 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаар тус компанид газар эзэмших эрх үүссэн гэж үзлээ.

Ийнхүү тус компанид газар эзэмшүүлэх эрх үүсгэсэн захиргааны актыг хүчин төгөлдөр байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнг хэлэлцэж, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 01/24 дугаартай тогтоолоор батласан байх бөгөөд уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төлөвлөгөөний 32-т үйлчилгээ /оршуулгын/ 12 га газрыг дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөжээ[1][1].

Уг төлөвлөгөөнд тусгасан 12 га газар нь нэхэмжлэгч СБ ХХК-ийн Төв аймгийн Ссумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 26 га газартай бүхэлдээ давхцалтай гэдэгтэй талууд маргахгүй байна.

Эндээс үзвэл Төв аймгийн Ссумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамж хүчин төгөлдөр байхад тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бусдын эзэмшил газрыг дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөгөө баталсан болох нь тогтоогдлоо.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, мөн зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим байхаар, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, мөн зүйлийн 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж, 73 дугаар зүйлийн 73.1-д Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно гээд, мөн зүйлийн 73.1.2-т хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх-д хамаарахаар, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 27 дугаар зүйлийг баримтална гэж тус тус заасан байна.

Хуулийн эдгээр заалтуудын дагуу Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны оны газар зохион байгуулалтын төлөвлөлтийг хийхдээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа СБ ХХК-д сонсгох ажиллагаа явуулах үүрэгтэй байхад ийнхүү явуулалгүй тус компанийн эзэмшил бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдахаар тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн зүйлийн 26.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, мөн зүйлийн 73.1.2 дахь заалт, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар маргаан бүхий 12 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэхдээ нийтийн эдэлбэр газар буюу бурхан болоочдыг нутаглуулах, өөрөөр хэлбэл оршуулгын зориулалттай газрыг бусдад дуудлага худалдаагаар эзэмшүүлэх нь хууль болон уламжлал, зан заншлын хэм хэмжээг зөрчиж буй эсэх, нийтийн эрх ашигт хэрхэн нийцэх талаар ямарч судалгаа, дүгнэлтгүйгээр хэлэлцсэн байх бөгөөд Хурлын төлөөлөгчид хэлэлцсэн асуудлаа хэрхэн авч үзсэн, ямар үндэслэлээр ямар санал гаргасан нь тодорхойгүй буюу үндэслэлгүй болох нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хоёр.Төв аймгийн Ссумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн СБ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төв аймгийн Ссумын Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А/645 дугаар захирамжаа гаргаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан уг захирамжийн хавсралтаар 120 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй[2][2] болгожээ.

Энэхүү актыг гаргасан үндэслэлээ Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг үндэслэн гэж тайлбарлаж байгааг хянавал:

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хуульд заасан хэмжээнээс илүү талбай бүхий газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулахгүй олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэн, уг хуулийг зөрчиж газар олгосон захирамжийг хүчингүй болгуулахаар 19-04-029-261 дугаартай албан шаардлагыг хүргүүлжээ[3][3].

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан[4][4] байна.

Нэхэмжлэгч СБ ХХК нь маргаан бүхий газарт байрлалтай оршуулгын газар 34 га газарт арчилгаа хийж, хамгаалах, хог хаягдлыг арилгах, хашаажуулж, тохижуулах төслийн саналаа сумын Засаг даргад 2016 оноос хойш удаа дараа гаргаж байсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар албан бичгээр тус тус хүсэлт гаргасан, 2017 онд төсөл бичиж хүсэлт хүргүүлсэн гэх тайлбараар, уг тайлбарыг хариуцагчаас няцаасан баримт гаргаагүй бөгөөд шүүхийн үзлэгээр 2016 оны Өргөдөл, гомдол бүртгэх дэвтэрийн 432 дугаарт тус компаниас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт гаргаж байсныг бүртгэсэн[5][5] бүртгэлээр, мөн сумын газрын даамал М.Азаяагийн СБ ХХК-ийн манай суманд өгсөн хүсэлт албан ёсоор ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн тайлбар[6][6], ... 2017 оны 5 дугаар сард төсөл сонгон шалгаруулалт зарласан байсан. Эдний төсөл битүүмжилсэн байдалтай ирсэн. Ирсэн төслийг заавал албан бичгийн бүртгэлд бүртгэх шаардлага байхгүй[7][7], ... надад зургаа үзүүлээд давхцалтай эсэхийг шалгуулсан зураг нь 34 га газар байсан. Үүнийг сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж батлуулахаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулсан гэх, Би ийм зураг байсан болохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд 34 га газрыг координатаар нь зааж оруулсан гэх, ... үлдсэн 26 га-д СБ ХХК-д эзэмшүүлсэн гэх тайлбараар[8][8] тус тус давхар нотлогдож байна гэж үзлээ.

Хариуцагч Ссумын Засаг дарга Суврага буян ХХК-иас 2016 онд хүргүүлсэн газар эзэмшихийг хүссэн хүсэлт, 2017 оны 5 дугаар сард хүргүүлсэн төсөл, төслийн саналыг хүлээн авсан нь хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримт, шүүхийн үзлэгээр нотлогдож байх бөгөөд хариуцагч газар эзэмшүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжийн захирамжлах хэсэгтээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэж газар эзэмшүүлсэнээс үзвэл хариуцагчыг Суврага буян ХХК-д төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд ... тус сумын Засаг даргад хандан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус бичгээр хүсэлт гаргасан боловч тухайн үедээ шийдвэрлэж, хариу өгөөгүй, сумын Засаг даргын Тамгын газраас төсөл сонгон шалгаруулалт зарласны дагуу манай компани 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төсөл бичиж хүргүүлсэн. Гэтэл 2017 оны 6 дугаар сард Сонгон шалгаруулалт зарлаагүй байршилд төсөл ирүүлсэн гэсэн үндэслэлээр уг газрын асуудлыг шийдвэрлээгүй боловч манай өргөдлийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар 26 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх тайлбарыг хариуцагч талаас няцаасан баримт гаргаагүй болно.

Нөгөөтэйгүүр хариуцагч сумын Засаг дарга маргаан бүхий 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжаараа Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчын 2017 оны 19-04-029-261 тоот албан шаардлагыг үндэслэн СБ ХХК-ий газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо дээрх газар эзэмших эрх олгосон захирамжийнхаа үндэслэл, Суврага буян ХХК-иас ирүүлсэн хүсэлт, төсөл зэргийг хүлээн авсан, дээрхи хуулийн заалтыг үндэслэн төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн атлаа энэ талаарх баримт материал, нэгж талбарын хувийн хэргийг хуульд заасан журмаар бүрдүүлж, архивт хадгалах, бүртгэх захиргааны байгууллагын хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс аймгийн МХГазрын улсын байцаагчийн албан шаардлага гарах үндэслэл болжээ гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн дээрх тайлбар, нэхэмжлэгчээс төслийн санал хүргүүлж байсан бичгийн баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлж, Газрын тухай хуульд заасны дагуу Ссумын Засаг даргаас төслийг шалгаруулах замаар газар эзэмшүүлэх эрхтэй байсан бөгөөд нэхэмжлэгчээс 2016, 2017 онуудад ирүүлж байсан удаа дараагийн хүсэлт, төсөл буюу оршуулгын газрыг арчилгаа хийж, хамгаалах, хог хаягдлыг арилгах, тохижуулах замаар эзэмшилдээ байлгах төслийн саналыг хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжаараа төсөл шалгаруулах зарчмаар СБ ХХК-д тус сумын 1 дүгээр багийн 4 дүгээр зөрлөг байршилтай, Бага Баян уулын энгэр нэртэй газарт 26 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн гэж үзэхээр байна гэж дүгнэлээ.

Нөгөө талаас Газрын тухай хуулийн12 дугаар зүйлийн 12.2-д Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж заасан байна.

Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газар нь нийтийн эзэмшлийн газарт хамаарч байх тул нэхэмжлэгчээс гаргасан нийтийн эзэмшлийн газрыг дуудлага худалдаагаар худалдах хууль зүйн зохицуулалт байхгүй, оршуулгын газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх нь оршуулгын зардал ихсэх сөрөг үр дагавартай гэх тайлбарыг шүүх үндэслэл бүхий бөгөөд нийтийн эзэмшлийн газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна үзлээ.

Иймд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19-04-029-261 дугаар дүгнэлтийг үндэслэн гаргасан Төв аймгийн Ссумын Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А/645 дугаар захирамжийн СБ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Гурав. Төв аймгийн Ссумын 1 дүгээр багийн 4 дүгээр зөрлөг байршилтай, Бага Баян уулын энгэр нэртэй 12 га газарт дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн Ссумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын үндэслэн мөн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжаар Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаа зохион байгуулах тухай шийдвэр гарч, уг шийдвэрээр маргаан бүхий актад хамаарах газрыг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэжээ.

Дээр тогтоогдсон үндэслэл, дүгнэлтүүдээр Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт нь хууль бус гэж үзэж хүчингүй болгохоор шүүх шийдвэрлэсэн бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч СБ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул уг төлөвлөгөөг үндэслэн гарсан дуудлага худалдаа мөн хууль бус болно.

Иймд дээр тогтоогдон хууль бус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэсэн Төв аймгийн Ссумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаа зохион байгуулах тухай А/86 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн зүйлийн 26.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, мөн зүйлийн 73.1.2 дахь заалт, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Ссумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн СБ ХХК-д холбогдох, Төв аймгийн Ссумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагч нараас адил тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэгч СБ ХХК-д олгосугай.            

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.ХАЖИДМАА

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

[1][1] Хавтаст хэргийн 1-р хавтас 143 талд

[2][2] 1-р хавтаст хэргийн 112-114 дэх тал

[3][3] 1-р хавтаст хэргийн 183 дахь тал

[4][4] Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтаар Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно гэж нэмэлт оруулсан бөгөөд энэ заалт нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. ТМ 2017 оны 46 дугаарт.

 

[5][5] 1-р хавтаст хэргийн 163 дахь тал

[6][6] 2-р хавтаст хэргийн 64 дэх тал

[7][7] 2-р хавтаст хэргийн 65 дахь тал

[8][8] 2-р хавтаст хэргийн 66 дахь тал