Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2026/0172

 

Д.Бын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Г.Б

Гомдол гаргагч: Д.Б

Хариуцагч: Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б

Гомдлын шаардлага: Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Бгийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0992234 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэр

 Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагч Д.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.У, хариуцагч Г.Б  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 116/2025/0045/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Д.Б нь “Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Бгийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0992234 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 116/ШШ2026/0004 дүгээр шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэгсгийн 10.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг тус тус баримтлан Д.Бын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Бгийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №0992234 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Г.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. “...Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д "Сум, дүүргийн Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана.", 53.2.Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна." гэж заасан.

3.2. Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай "Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ"-нд Халхгол сумын Сангийн далай 3-р баг гэдэг газарт 46°47'55" 117°32′23", 46°50′26" 117°25'34", 46°50′48" 117°38′44", 46°47'55" 117°38'44" солбицол бүхий байршилд 10 000 га газарт үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгэх зөвшөөрөл өгч, гэрээнд хил заагийг зааж өгсөн.

3.3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 багийн Засаг дарга Э.Ө иргэн Д.Бтой 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай "Түрээсээр ажиллах гэрээ"-г байгуулсан.

3.4. Шалгалтаар иргэн Д.Б нь 9 гэр барьж, хадлан бэлтгэх үйл ажиллагааг явуулсан байсан.

Гэрээний нэг тал болох иргэн Д.Бын хадлан бэлтгэсэн газар дээр нь хэмжилт хийхэд буюу 3242 га буюу эрх бүхий этгээдээс зааж өгсөн байршлаас гадна 868 га газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан нь тогтоогдсон. Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга Э.Ө нарын хооронд байгуулсан 2025 оны 09 сарын 15-ны өдрийн 98 дугаартай "Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ"-ний Халхгол сумын Сангийн далай 3-р баг гэдэг газарт 46°47'55" 117°32′23", 46°50′26" 117°25'34", 46°50'48" 117°38′44", 46°47'55" 117°38'44" солбицол бүхий байршилд 10000 га газарт үйлдвэрлэлийн хадлан бэлтгэх зөвшөөрөл олгосон байршил, иргэн Д.Бын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хадсан газар зэрэг нь Халхгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 06/04 тоот тогтоолоор баталсан "Сумын Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай" тогтоолд тусгагдаагүй байршилд газар олгосон, газар ашигласан зэрэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.", 33 дугаар зүйлийн 33.1.1."энэ хуулийн... шийдвэрийг аймаг, сум, нийслэл. дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;", 53 дугаар зүйлийн 53.2" Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна."-т заасныг тус тус зөрчиж гэрээ байгуулсан.

3.5. Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга Э.Ө нарын хооронд байгуулсан 2025 оны 09 сарын 15-ны өдрийн 98 дугаартай "Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ" нь Халхгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 06/04 тогтоолоор баталсан "Сумын Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай" тогтоолд заагдаагүй байршилд газар олгосон учир захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйл. Захиргааны гэрээ илт хууль бус болох, 55.1. "Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна:", 55.1.1."захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн;" 55.1.2. "захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан тул" хууль бус гэрээ гэж үзсэн.

3.6. Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга Э.Ө нарын хооронд байгуулсан 2025 оны 09 сарын 15-ны өдрийн 98 дугаартай "Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ"-ний 4.2-т "Хадлан бэлтгэх талбайн эргэлтийн цэг, координатыг тогтоож, тэмдэгжүүлэх үүргийг дээрх гэрээгээр газар ашиглуулагч хүлээсэн, гэтэл дээрх гэрээнд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй.

3.7. 2025 оны 09 сарын 15-ны өдрийн 98 дугаартай "Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ"-ний 4.2 "Хадлан бэлтгэх талбайн эргэлтийн цэг, координатыг тогтоож, тэмдэгжүүлэх", 4.6 "Ашиглуулах талбайн зураглал нь гэрээний салшгүй хэсэг нэг хэсэг болно", 5.1 "хууль журмын хүрээнд орон нутгаас зааж олгосон талбайгаас үйлдвэрлэлийн зориулалттай хадланг бэлтгэх"-т гэж тус тус заасныг зөрчиж эрх бүхий этгээдээс хил заагийг газар дээр нь зааж өгөөгүй байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 багийн Засаг дарга 3. Ө иргэн Д.Бтой 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай "Түрээсээр ажиллах гэрээ"-г иргэн Д.Бтой гэрээ байгуулж, дээрх гэрээний 4.2-т "Хадлан бэлтгэх талбайн эргэлтийн цэг, координатыг тогтоож, тэмдэгжүүлэх-т зааснаар газар дээр нь тэмдэгжүүлээгүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүй, гэрээний үйлчлэл болоогүй байхад хадлан хадсан үйлдэл нь дур мэдэн уйл ажиллагаа явуулсан үйлдэл мөн, бас зөвшөөрөлгүй газар ашигласан үйлдэл ч мөн. "Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэх нөхцөлүүд дээрх байдлаар тогтоогдож, өөрөөр хэлбэл иргэн Д.Б нь дур мэдэн үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзсэн.

3.8. Улсын ахлах байцаагч Г.Б би 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0992234 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглах зөрчил илрүүлж, иргэн Д.Бт 500,000 төгрөгийн шийтгэл, 4,628,176 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр төлөхийг даалгаж, 44268 боодол өвс хураахаар шийдвэрлэсэн.

3.9. Аймгийн ажлын хэсэг, Халхгол сумын хадлангийн ажлын хэсэг, иргэн Д.Б нарыг байлцуулан хэргийн газрын үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн. Тус үзлэгээр зөвшөөрөлгүй хадаж өвс бэлтгэсэн 868 га газрын 1 га газар буюу 100м*100м=10000 м.кв хэмжээтэй газарт 25кг-аар 51 боодол өвс боосон байсан.

Зөвшөөрөлгүй хадсан 868 га газрын хадсан өвсний хэмжээг 1 ra-аас 51 боодол буюу нийт 44268 боодол өвс боох боломжтой байна гэж газар дээр нь тогтоосон.

Газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг зөвшөөрөлгүй хадсан 868 ra газарт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ,

Үнэлгээний тойргийн Хадлангийн зориулалттай 1 га газрын үнэлгээ нь Мэнэнгийн тэгш талын тойрогт 0.01 итгэлцүүрээр тооцоход 5332 төгрөг гэж заасны дагуу 1 га тутамд 5332 төгрөг буюу 5332төг*868га=4,628,176 /Дөрвөн сая зУн зуун хорин найм мянга нэг зуун далан зУн/-н төгрөгөөр тогтоон хохирол, нөхөн төлбөрийг тооцож гаргасан.

3.10. Зөрчлийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.5, 4.13 дугаар зүйлд заасныг, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл. Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх 1."Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана."-т заасны дагуу Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр 44268 боодол өвсийг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын дэргэдэх "Хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх комисс"-т хүлээлгэн өгч, газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцаж, өвсний үнийг тогтоолгож, шийдвэрлүүлсэн. Халхгол сумын үнэ тогтоох, үнийн зөвшлийн комиссын 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №01 хурлын шийдвэрээр 1 боодол өвсийг 4500 төгрөг буюу 44268 боодол өвсийг 110,670,000 төгрөг гэж үнэлсэн болно.

3.11. Дээрх тогтоогдсон нөхцөл байдал, иргэн Д.Бын хүсэлтийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйл. Эрх бүхий албан тушаалтан Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.1. хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх;"-т заасны дагуу шийдвэр гаргаж ажилласан.

3.12. Газар дээр нь байсан 24 трактор, 19 хадуур, 5 тармуурыг лацдаж, 44268 боодол өвсийг Халхгол сумын орон тооны бус зөвлөлд хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд боож, бэлтгэн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах үүргийг иргэн Д.Бт үүрэг болгож, хохирол нөхөн төлбөрийг тогтоох хүртэлх хугацаагаар зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй ашигласан газарт хадсан боож баглаагүй өвсийг хамах, боох 5 техникийг лацдаагүй үлдээж, боох боломжоор хангаж ажилласан.

Иймд Анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 116/ШШ2026/0004 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

   2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга Э.Ө нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай “Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ” байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Дорнод аймгийн Халхгол сумын Сангийн далай 3 дугаар баг гэдэг газарт 10.000 га талбайг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахаар заасан байна.

            3.2. Гэрээний нэг тал болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга Э.Ө нь дээрх гэрээгээр тохирсон талбайд хадлан хадуулахаар Д.Бтой 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Түрээсээр ажиллах гэрээ”-г байгуулж, гомдол гаргагч Д.Б нь түрээслүүлэгчийн заасан талбайд хадлан бэлтгэжээ.

3.3. Гэтэл Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №0992234 дугаартай шийтгэлийн хуудсаар эрх бүхий этгээдийн зааж өгсөн хил заагаас гадна 868 га газарт хадлан хадсан гэх үндэслэлээр Д.Бт Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасны дагуу 500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, хохирол нөхөн төлбөрт 4,628,176 төгрөгийг гаргуулж, 110,670,000 төгрөгийн үнэ бүхий 44268 боодол өвсийг хураахаар шийдвэрлэсэн байна.

 3.4. Гомдол гаргагч Д.Б шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба анхан шатны шүүх, “...хадлан бэлдэх талбайн эргэлтийн цэг, координатыг тогтоож, тэмдэгжүүлэх үүргийг дээрх гэрээгээр газар ашиглуулагч хүлээсэн, гэтэл дээрх гэрээнд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, ...хариуцагч бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй...” гэж дүгнэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

4. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д “Хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

5. Хэрэгт авагдсан Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга Э.Ө нарын хооронд байгуулсан “Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ”-ний 4.2-т “Хадлан бэлтгэх талбайн эргэлтийн цэг, координатыг тогтоож, тэмдэгжүүлэх” үүргийг газар ашиглуулагч хүлээнэ” гэж зааснаас үзэхэд хадлан хадах талбайн координатын цэгийг тогтоож, тэмдэгжүүлж, хүлээлгэн өгөх үүрэг нь захиргааны байгууллагад байжээ.

6. Гэтэл захиргааны байгууллагаас уг үүргээ биелүүлж, гэрээгээр тохиролцсон хадлан бэлтгэх газрын координатын цэгийг хөдөлбөргүй тогтоож, тэмдэгжүүлж өгөөгүй энэ тохиолдолд “Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ”-ээр тохиролцсон талбайд “Түрээсээр ажиллах гэрээ” байгуулж, түрээслэгчийн зааж өгсөн газарт хадлан бэлтгэсэн гомдол гаргагчийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Иймд хариуцагчийн гаргасан “...10,000 га газарт үйлдвэрлэлийн хадлан бэлтгэх зөвшөөрөл олгосон байршил, иргэн Д.Бын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хадсан газар зэрэг нь Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан Сумын газар зохион байгуулалтын 2025 оны  төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай тогтоолд тусгагдаагүй..., ...захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тул хууль бус гэж үзсэн, ...эрх бүхий этгээдээс хил заагийг газар дээр нь зааж өгөөгүй байхад Д.Бтой гэрээ байгуулж, ...газар дээр нь тэмдэгжүүлээгүй, ...гэрээний үйлчлэл болоогүй байхад хадлан хадсан үйлдэл нь дур мэдэн үйл ажиллагаа явуулсан үйлдэл мөн...” гэж шийтгэлийн хуудас гарсны араас нөхөж тайлбарласныг хүлээж авах үндэслэлгүй.

8. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөвшөөрөлгүй газар ашигласан гэх зөрчилтэй холбоотой бодит нөхцөл байдлыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй байна

9. Хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа газар дээр нь хэмжилт хийхэд 3242 га буюу 868 га газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан гэж үзэж шийтгэл оногдуулсан байх боловч хэрэгт авагдсан Ландсат-9 хиймэл дагуулын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мэдээнээс боловсруулсан зУр нийт хадсан талбай 2661.0 га зөвшөөрөлгүй хадлан бэлтгэсэн талбай 694.9 га гэж зөрүүтэй гарснаас үзэхэд хариуцагч шийтгэлийн хуудсыг гаргахдаа хуульд заасан үүргийнхээ дагуу бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 116/ШШ2026/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

      ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

 

      ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН