Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/200

 

 

 

 

        

    2023      06         20                                         2023/ШЦТ/200

                                

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2338000000009 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Д.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Б.Ц-ийн эзэмшлийн хашаанд байх махны амбаараас үхрийн хаа, гуя болон дружба цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 652.500 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2338000000009 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

            Шүүгдэгч Д.Б- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Б.Ц-ийн эзэмшлийн хашаанд байрлах махны амбаараас үхрийн хаа, гуя болон цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 652.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-гийн: “...мэдүүлэг өгөхгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд таньж олуулах ажиллагаа явуулсан: “...гэрч Г.Г-ыг гаднаас оруулж ирж эдгээр гурван зураг дотор 12 сарын 06-ны өдөр такси барьж Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоот хашаанаас мах авсан хүн байна уу гэж асуухад гэрч Г.Г- нь байна гэв. Түүний дараа хэд дугаартай зураг тухайн хүн байна вэ та зааж үзүүлнэ үү гэхэд гэрч Г.Г- нь 2 дугаартай зураг буюу /Д.Б-/-гийн зургийг зааж энэ хүн өдөр такси барьж 9 дүгээр хороо ... тоотоос мах, хөрөө авсан хүн мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 тал/,

Хохирогч Б.Ц-ийн өгсөн:  “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 40 минутын орчим гэртээ байж байтал үл таних хүн машинтай ирээд хаалга нүдсэн. Би гараад очтол танайхаас өдөр хөрөө, мах зэрэг зүйл аваад явсан. Энэ хөрөө нь байна гээд манай цахилгаан хөрөөг өгсөн. Би тухайн үед эхнэрийг хэн нэгэнд хөрөө өгсөн байна гээд махыг бол анзаараагүй хөрөөгөө аваад гэр рүүгээ орсон. Тэгээд эхнэрийг гэртээ ирэнгүүт нь хэнд хөрөөгөө өгсөн юм бэ гэж асуусан. Тэгсэн эхнэр хүнд хөрөө өгөөгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийг худлаа яриад тоглоод бай сая танихгүй машинтай хүн ирээд хөрөө авчирч өгөөд явлаа гээд махны амбаараа очиж үзэхэд махны амбаар онгорхой байсан. Тэгээд ороод үзэхэд идэшинд бэлтгэсэн үхрийн хаа, гуя байхгүй байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч Ч.Г-гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 40 минутым орчим өөрийн гэр болон 9-... тоотоос хүүхдээ Титэм-2 сургуульд хүргэж өгөхөөр гарсан. Тэгээд эмнэлгийн ажилтай гадуур явж байгаад 18 цагт хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ ирэхэд манай нөхөр болон том хүүхэд гэрт байсан. Манай нөхөр надад хэлэхдээ сая үл таних хүн ирээд манай цахилгаан хөрөөг авчирч өгөөд явсан. Чи хэн нэгэнд хөрөөгөө өгсөн үү гэж асуухад нь үгүй гэж хэлсэн. Мөн саяны хүн хэлэхдээ танайхаас мах, хөрөө зэргийг авч гарсан гэж хэлсэн гэхээр нь махны амбаарт байдаг идэшний үхрийн хаа, гуя зэргийг үзэхэд байхгүй байсан тул цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийи 25-26 тал/,

Гэрч Г.Г-ын өгсөн: “...би хувиараа такси үйлчилгээнд явдаг юм. Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн хойд зах дээрээс нэг хүн суугаад 09 дүгээр хорооны ... тоотод нэг айлын гадаа очсон. Тэр такси барьсан хүн тэр айл руу ороод 5 орчим минут болоод гарч ирэхдээ цагаан шуудайтай мах, гар хөрөө барьж гарч ирээд миний машинд ачсан. Тэр хүн ярихдаа өөрийнхөө махыг Улаанбаатар хот руу унаанд тавих гэсэн чинь чадахааргүй болчихлоо, зармаар байна авах хүн байна уу гэхээр нь би мах авахгүй гэхэд тэр явсаар урд зах дээр буугаад махаа “Содмонгол ШТС”-ийн хажуу талын арьс шир авдаг газар зараад таксины мөнгө 20,000 төгрөг өгөөд мөн 09 дүгээр хорооны ... тоот хашаанаас авсан гар хөрөөг чи 20,000 төгрөгөөр авах уу гэхээр нь би авахгүй гэсэн чинь 99914910 гэсэн гар утасны дугаараа үлдээгээд маргааш надтай холбогдоод хөрөө дөхүүлээд өгчихөөрөө гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Гэрч Д.М-ын өгсөн: “...2022 оны 12 сарын 06-ны өдөр 2-3 цагийн үед байх согтуу эрэгтэй хүн манай ажил болох “Содмонгол” клонкын ар талын түүхий эд авах цэг дээр ирээд идэшний үхрийн мах авах уу гэхээр нь авъя гээд махыг жинлээд 240.000 төгрөг өгөөд авсан. Би тэр хүнийг бол танихгүй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

“Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №245617200506 дугаартай: “...эр үхрийн хаа, гуя зэргийг 552.500 төгрөг, Дружба цахилгаан хөрөөг 100.000 төгрөг, нийт 652.500 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.М-аас цагаан өнгийн шуудайтай үхрийн гуя 1 ширхэг, хуудамласан хаа 1 ширхэгийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Хохирогч Б.Ц-т цагаан өнгийн шуудайтай үхрийн гуя 1 ширхэг, хуудамласан хаа 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 12 дугаар сарын эхээр хэдний өдөр байсныг санахгүй байна. Тосонцэнгэл сумаас Мөрөн рүү орж ирээд 9 дүгээр хороонд амьдардаг Батаагийн Б.Ц- гэдэг танилындаа таксигаар очиход гэрийнх нь үүд түгжээтэй, хашаан дээр ирээд махны ченжид хаа, гуя хоёрыг нь 240,000 мянган төгрөгөөр худалдсан. Нөгөө хөрөөгөө болохоор таксины жолоочид хадгалж байгаарай гээд үлдээгээд явсан. Борлуулсан мөнгөөрөө зах дээр архи уусан. Нөгөө хөрөөг болохоор таксины жолооч Б.Ц-т хүргээд өгчихсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Ц-, иргэний нэхэмжлэгч Д.М-, гэрч Ч.Г-, Г.Г-, Д.М- нарын мэдүүлэг, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №245617200506 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл /баримт, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Б- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоот иргэн Б.Ц-ийн эзэмшлийн хашаанд байх амбаараас үхрийн хаа, гуя, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 652.500 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Б-гийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх төдийгүй орон байр, агуулах сав буюу эд зүйл хадгалах зориулалттай амбаарт нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  Д.Б-гийн шунахайн сэдэлтээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоот иргэн Б.Ц-ийн эзэмшлийн хашаанд байх амбаараас үхрийн хаа, гуя, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 652.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Шүүгдэгч Д.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Ц-т 625.500 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Ц- нь алдсан эд зүйлсээ хүлээн авсан /хх-ийн 12 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Д.М-т 240.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гаас мах худалдаж авсан үнэ болох 240.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.М-т олгох нь зүйтэй байна. 

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь сайн дураараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан 240,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх…” санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 652.500 төгрөгийн эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг шүүхэд олгож хуульчилсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Б-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 48, 50-55, 57 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-гийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гаас мах худалдаж авсан үнэ болох 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.М- (...)-т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР