| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0197/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/201 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2338000000113 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.А-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 10 дугаар багийн ... тоотод байрлах хохирогч ...ийн гэрт нэвтэрч “Наiег” маркийн 42 инчийн зурагт, Юнивишиний төхөөрөмж залгуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ...тоотод байх ...ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхыг нь хагалан нэвтэрч 42 инчийг зурагт, 270.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 970.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2338000000113 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 10 дугаар багийн ... тоотод байрлах хохирогч ...ийн монгол гэрийн цоожийг хөшин нэвтэрч “Наiег” маркийн 42 инчийн зурагт, Юнивишиний төхөөрөмж залгуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ...тоотод байх ...ийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 42 инчийг зурагт, мөнгөний гахайн дотор байсан 270.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 970.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-ын өгсөн: “...өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны үед таньж олуулах ажиллагаа явуулсан: “...гэрч Х.Н-д царай төрх адил 7 хүний гэрэл зургийг харуулахад бүх зурагнуудаас эхлээд нэг бүрчлэн харж байгаад 4 дугаараар тэмдэглэсэн Б.А-ын зургийг ямар ч эргэлзээгүйгээр зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 тал/,
Хохирогч ...ийн гэрч, хохирогчоор өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагаас ээлжнээсээ буугаад гадуур ажилтай явж байгаад 11 цагийн үед Хөх толгой 10-... тоотод байх гэртээ ...орой 20 цагийн үед эхнэртэйгээ гэртээ харихад хашааны хаалга болон гэрийн хаалга дэлгэчихсэн онгорхой байсан. Гэрийн үүдний таамбарын хаалгыг даруулж цоожилсон цоожийг хөшиж онгойлгосон байсан. Гэртээ ороход хоймор байсан 42 инчийн Haier маркийн зурагт юнивишиний төхөөрөмжийн хамт байхгүй болсон байсан. Мөн зурагтны тавиур алга болж эвдэрсэн байсан. ...би зурагт, алдсан эд зүйлээ хүлээж авсан, Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 27 тал/,
“Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2345617200141 дугаартай: “эд зүйлийн үнэ цэнийг 520.000 төгрөгөөр тодорхойлов” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-37 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 тал/,
Гэрч Х.Н-гаас Хар өнгийн Haier гэсэн бичиглэлтэй зурагт 1 ширхэг, Юнивишн гэсэн бичиглэлтэй төхөөрөмж 1 ширхэг, хар өнгийн залгуур 2 ширхэг, саарал өнгийн залгуур 1 ширхэгийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 96 тал/,
Хар өнгийн Haier гэсэн бичиглэлтэй зурагт 1 ширхэг, Юнивишн гэсэн бичиглэлтэй төхөөрөмж 1 ширхэг, хар өнгийн залгуур 2 ширхэг, саарал өнгийн залгуур 1 ширхэгийг хохирогч ...ид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 20-21 тал/,
Хохирогч ...ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 11 цагийн орчим манай нөхрийн үеэл дүү болох Б.А- нь манай нөхөр Б- рүү яриад танай байшингийн цонхыг хагалаад ороод хоносон гэж хэлсэн. Тэгээд цонхыг чинь юмаар таглачих уу, эсвэл та нарыг иртэл чинь байж байх уу гэж хэлсэн. Тэгээд 2 сарын 26-ны шөнө гэртээ ирээд хартал манай гэрийн цонх хагарсан, гэрт байсан зурагт байхгүй, мөн мөнгөний гахайг гал тогтооны өрөөнд хагалаад дотор нь байсан 270.000 төгрөгийг авсан байсан. Мөн манай зурагтыг цонхоор гаргахдаа газар унагасан бололтой зурагтны суурины хөл нь хугараад үлдсэн байсан. Тэгээд Б.А-ыг аваад явчихаж гэж ойлгоод цагдаа сэргийлэх гэхгүйгээр манай зурагтыг буцаагаад өгчих байх гэж бодоод хоёр хоног харсан. Мөн өөрсдөө олж уулзахад архины хордлогод орсон байсан болохоор гэртээ хонуулаад эмнэлэг оруулж шингэн хийлгээд зурагт хаана өгсөн юм гэж асуухад зарсан хүнээ зааж өгье гээд 12 дугаар хороонд байдаг Гурван-Эрдэнэ сургуулийн урд нэг залуугаас авч өгсөн боловч тэр зурагт нь манай зурагт биш байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 тал/,
Гэрч Х.Н-н өгсөн: “...Би нөгөө залуугаас наад зурагтаа зарах юм уу гэж асуухад “ах нь эхнэртээ хаягдаад сар гаруй архи ууж байна, гэрийнхээ юмыг зараад архи ууж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хүнээс зурагтыг чинь худалдаж авъя гээд үзэж хараад 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр зурагттай хамт 3 ширхэг залгуур, юнивишний төхөөрөмж зэрэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 тал/,
“Ихэрмөрөн-аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2345617200140 дугаартай: “...эд зүйлийн үнэлгээг 700.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна” гэх дүгнэлт /хх-ийн 111-112 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /93-95 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед Б.А-ын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын сүүлээр Мөрөн суманд нэг танихгүй айлаас зурагтыг нь нууцаар эзэнгүй байхад нь орж авсан. ...Мөн оны хэдний өдөр байсныг мэдэхгүй найз /хамаатны залуу/ Б-ийнд очсон чинь тэднийд хүн байхгүй байсан. ...цонхоор нь л орсон. Тэгээд байшингаас нь зурагтыг нь аваад гахайг хагалж мөнгө авсан. Зурагтыг нь таксинд суугаад жолооч ах зарах юм уу гэхээр нь зарчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч ..., ...ь, гэрч Х.Н- нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2345617200141 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Ихэрмөрөн-аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2345617200140 дугаартай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 10 дугаар багийн ... тоотод байрлах хохирогч ...ийн монгол гэрийн цоожийг хөшин нэвтэрч “Наiег” маркийн 42 инчийн зурагт, Юнивишиний төхөөрөмж залгуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ...тоотод байх ...ийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 42 инчийг зурагт, мөнгөний гахайн дотор байсан 270.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 970.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх төдийгүй хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-ын шунахайн сэдэлтээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 10 дугаар багийн ... тоотод байрлах хохирогч ...ийн монгол гэрийн цоожийг хөшин нэвтэрч “Наiег” маркийн 42 инчийн зурагт, Юнивишиний төхөөрөмж залгуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ...тоотод байх ...ийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 42 инчийг зурагт, мөнгөний гахайн дотор байсан 270.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 970.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас ...ид 520.000 төгрөгийн хохирол, хохирогч ...ьд 970.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч ... нь “зурагт, алдсан эд зүйлсээ хүлээн авсан, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн /хх-ийн 27 тал/, хохирогч ...ь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “...хохирогч ...ь би шүүгдэгч Б.А-ын ээж С.Лхагвасүрэнгээс хохирол төлбөр болон үлдсэн 600.000 төгрөгөө хүлээн авсан. ...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтийг шүүхийн Тамгын газрын Е-мейл хаягаар тус шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.А-ыг хохирогч ..., ...ь нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь сайн дураараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх…” санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.А-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн зүйл хэсгийн 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн, ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан”-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, ...удаа үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 55-58 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.А-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 33 (гучин гурав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР