Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2018/0439/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Хохирогч ***, ***,

Хохирогч ***ийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818001420332 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник-гагнуур мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, Дархан сумын *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баажаахан овогт *** /РД: ***/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан үндрүүлэх нөхцөл байдалтай үйлсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааран дотор ***ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч ***ийн “...тэр өдөр би Дархан-Уул аймагт байх бааранд орсон юм. Тэгсэн тэр бааранд хажууд сууж байсан залуучууд маргалдаад байхаар нь би болиулсан юм. Тэгсэн нөгөө залуу надруу дайраад намайг бөөнөөрөө хөдөлж амжаагүй байхад зодсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91/,

 

Гэрч ***ын “...би энэ өдөр 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба дадлагажигч эмч Дашдоржийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Мөн амнаас нь цус гараад тогтсон байсан. Мөн баруун нүд нь хөхөрсөн байсан. Чихний ар хэсэгт зулгарсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-98/,

 

Гэрч ***ын “...ямар ч байсан очиход амнаас нь цус гарсан, баруун талын завжнаас нь цус гараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101/,

 

Гэрч ***ы “...баарны гадаа зодоон болоод байна гэх дуудлагаар очсон. Бид нарыг очиход *** бааранд зодуулсан гээд завжнаас нь цус гарсан байсан. Тэгээд намайг хүмүүс зодсон гээд завжаа үзүүлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-105/,

 

Гэрч ***ийн “...*** надад толгой руу цохисон, толгой өвчтэй байна гэж хэлсэн ба өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Маргааш нь ***ийг эрүүлжүүлэх байрнаас авахад нүд нь хөхөрсөн байсан. Завж нь язарсан байсан, шүд нь гэмтсэн гэж надад өөрөө хэлсэн. Ийм л гэмтэлтэй байсан, ...надтай анх баарны гадаа уулзахдаа гэмтсэн байсан. Ямар ч байсан завжнаас нь цус гараад гэмтсэн байсан ба цустай шүлсээ манай *** цагдаа руу нулимж байсан. Бас хувцас нь цус болсон байсан. Нүдийг нь бол анзаарч хараагүй. Тэгээд ч *** нь гөлөгнүүдээ би зодуулсан гээд өөрөө цус гарсан завжаа үзүүлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107-109/,

 

Гэрч ***ийн “...***ийг камераас гаргаж ирээд биед нь үзлэг хийхэд дээд доод уруул хавдсан, хамраас цус гарсан, баруун талын шанаа хэсэгтээ баруун нүдний яг хажуу хэсэгт хавдсан байсан. Тэгээд биеэс нь гар утас, иргэний үнэмлэх зэрэг эд зүйл гарч ирсэн. Авчирч ирсэн цагдаа нараас нь гэмтлийн талаар асуусан чинь хүн амьтантай муудалцаад бааранд зодоон хийсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112/,

 

Гэрч ***ын “...нөгөө нэг залууг нь *** гэж байсан. *** нь нил цус болсон зодуулсан байсан. Миний харснаар бол нүүр нь цус болсон байсан, амнаас нь цус гарсан, зүүн нүд хавдсан байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/,

 

Гэрч ***ын “...өглөө бүгд эрүүл болоод бид нарыг бүгдийг нь нэг камерт хийсэн. Тэгээд би камерт ороод шөнө намайг ална гээд орилоод байсан нөхөр хаана байна гэсэн чинь *** нь би байна, хөгшин нь согтсон байна уучлаарай гээд байсан ба би шөнө юу болсон талаар асуухад мөн нүд нь яагаад хөхөрсөн талаар өөрөөс нь асуухад бааранд зодоон хийсэн гэж л хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-119/,

 

Шүүгдэгч ***ын өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 23:40 цагт би бааранд төрсөн өдрөө тэмдэглээд оргилуун дарсаа задлах гээд босоод зогсож байхад хажуугийн ширээн дээр сууж байсан танихгүй залуу пиздануудаа чимээгүй байцгаа гэж хэлсэн тэгэхээр нь би юу гэнээ гэж хэлээд миний уур хүрээд *** гэх залууг заамдаад бариад авсан, тэгэхэд *** гэх залуу ширээн дээрээс архины шил аваад миний толгойны ар хэсэг рүү цохиод авсан, тэгэхээр нь би заамдаж барьж байгаад ***ийн нүүр рүү 3-4 удаа цохиод авсан. Тэгэхэд манай найз болох Сайнжаргал, Төрболд, ***, Ариунгэрэл нар салгасан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216/,

 

Хохирогч ***оос гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-7/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /1-р хх-ийн 10/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18/, 

Хохирогч ***ийн эрүүлжүүлэгдсэн бүртгэл /1-р хх-ийн 79/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 177/,

 

Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1073 дугаартай “...***ийн биед хэрэг болсон гэх цаг хугацаанд баруун нүдний зовхи, доод уруулын салстын цус хуралт, баруун нүд, баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 249-250/,

 

Мөн 2018 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй баарны гадаа ***ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч ***ын “...зүс таних *** гэж нэртэй залуу таарсан. Би түүнд юу байна ахын дүү гэж мэндэлсэн. Тэгсэн чинь түүний эхнэр гээд нэг эмэгтэй бид хоёрыг хоорондоо маргаад муудалцаж байна гэж бодоод бид хоёрын хажууд ирээд намайг түлхсэн. Тэгсэн чинь *** намайг учир зүггүй заамдаад авсан. Тэгэхээр нь би түүнийг заамдаж аваад чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд тэрээр миний духан дундуур барьж явж байсан пивоныхоо шилээр нэг удаа цохисон. Дараа нь миний зүүн талын чамархай хэсэг рүү гараа зангидаж байгаад 5-6 удаа цохисон” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 26-27/,

 

Гэрч ***ийн “...***, *** 2 дахиад заамдалцаад маргалдаад байсан. Би тэд нарыг болиулах гээд ерөөсөө чадахгүй байсан. Яг цохиж байхыг нь бол би хараагүй, гэхдээ *** луу очоод салгах гээд чадахгүй байж байхдаа ***, *** хоёр руу харсан чинь ***ыг баарны урд байдаг цэцгийн мандал руу *** унагааж байсан. Миний бодлоор бол тэгж босож ирээд л ***ыг цохисон байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-31/,

 

Гэрч ***ийн “...тооцоогоо хийчхээд ойролцоогоор 10 орчим минутын дараа гараад очсон чинь ***ын толгой нь хагарчихсан цус гарчихсан байж байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь намайг нэг залуу цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 32/,

 

Гэрч ***ын “...баарнаас гарсан чинь *** өндөр залуу, бас намхан нэг шар залуу дээгүүрээ юм өмсөөгүй 3-уулаа зогсож байсан. Тухайн үед ***ын духнаас нь цус гарчихсан тэр хоёртой хэрэлдчихсэн зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 33/,

 

Гэрч Ц.***ын “...*** гээд залуу намайг дуудсан. Намайг хаанахын том пизда вэ гэсэн. Тэгэхээр нь би яасан юм бэ гэсэн чинь намайг шууд гараараа нэг удаа шанаа руу цохисон. Тэгсэн *** ирээд тэр залууг заамдаад авсан. Тэр 2 хэрэлдэж маргалдаад цаашаа *** баарны урд байдаг дөрвөлжин хүлэмж шиг юм руу явсан, ...*** цохисны дараа *** нэг удаа ***ыг цохисон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35/,

 

Гэрч ***гийн “...эргээд *** руу харсан чинь тэр өндөр залуу ***ыг захаар нь хоолойг нь боочихсон нилээн өндөр байсан гараараа толгой руу нь цохиж байсан...тэгээд би очоод ***, *** нарыг салгасан чинь ***ын нүүр нь тэр чигтээ цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 36/,

 

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 656 дугаартай “...***ын биед духанд шарх, зүүн нүдний зовхи, цээжний хэсгийн цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 38/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /2-р хх-ийн 40/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 71/,

Хохирогч ***аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /2-р хх-ийн 20/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь хохирогч ***ийн биед хөнгөн хохирол учруулаагүй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан камерийн бичлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр ***ийн нүүрэн тус газар нь цохисон байдал тогтоогдож байна.

 

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр нүүрэнд учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч иргэний нэхэмжлэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд эмчилгээний төлбөр, шатахуун буудлын зардал, өмгөөлөгчийн хөлс, БНСУ руу явж эмчилгээ хийлгэсэн замын зардал, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 13,696,800 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

 

Хэрэгт гаргаж өгсөн гэм хорын хохиролтой холбоотой баримтуудаас /хх-ийн 202-210/ бензин, шатахуун авсан гэх баримтууд нь зарим баримтууд баларсан, хэзээ ямар зорилгоор, ямар дугаартай машинд авсан нь тодорхойгүй, массаж хийлгэсэн гэх боловч эмчийн заавар, өвчний түүхгүй, 2,5 сая төгрөгийн цалинтай гэх тодорхойлолт ирүүлсэн боловч дээрх орлогоос хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтгүй, БНСУ руу явж эмчилгээ хийлгэсэн гэх боловч ямар эмнэлгийн байгууллагын заавраар, ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, нислэгийн тийз нь Бээжин, АНУ Санфранциско, БНСУ, Сөүл  гэсэн чиглэлтэй, ямар зорилгоор тухайн улс руу зорчсон нь тодорхойгүй байх тул уг баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлж  хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

 

Харин 1-р хавтаст хэргийн 209, 210-р талд авагдсан бүсэлхий нурууны “MRI” 250.000 төгрөг, цээж, уушиг хавирга өвчүү, 2 талын мөр, толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамарт дүрс оношилгоо хийлгэсэн 270.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,500 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, кассын орлогын баримт, мөнгө тушаасан баримтаар баталгаажсан, нотлох баримтын шаардлага хангасан байна.

 

Иймд нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хэмжээгээр буюу 528,500 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч *** нь 530,000 төгрөг хохирогчид өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч *** ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна. Иймд уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ***ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “нэг бүлэгт заасан санаатай гэм хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч уг шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж болгон заасан байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг си диг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Баажаахан овогт ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баажаахан овогт ***ад 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ***ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ***аас 528,500 /таван зуун хорин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч  ***т олгож, 13,168,300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан завсарласан хугацаанд 530,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хохирогч ***ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг си диг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД