Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 11

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,  

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                            Ц.Сувдаа

         Шүүгдэгч                                 О.Б , Д.Ч , Б.Б , Б.Э                      

         Шүүгдэгчийн өмгөөлөгч     Р.Нямцэрэн

                    Нарийн бичгийн дарга       С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолтой О.Б , Б.Ж , Б.Г , С.Ц , Д.Ө , С.О , Б.О , Д.Ч , Б.Б , Б.Э  нарт холбогдох 1915003810269 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Б.Г .

Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Б .

Монгол улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт С.О .

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам ээжийн хамт Орхон аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Б.Э.

Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Ж.

Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Ө .

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган ... оршин суух хаягтай, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнссэн, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдаж байсан, А овогт О.Б .

      Монгол улсын иргэн, 1982 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Д.Ч .

      Монгол улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, дүү, хүүхдийн хамт Орхон аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Б.О .

      Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт С.Ц .

Шүүгдэгч О.Б , Б.Б , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч  нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд орсон "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" гэх ургамлын үндсийг түүж, бэлтгэж, тээвэрлэсэн, шүүгдэгч Б.Э , Д.Ө , С.Ц , Б.О  нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд орсон "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" гэх ургамлын үндсийг түүж, бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол улсын ховор ургамлын жагсаалтад орсон "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" ургамлын үндсийг

шүүгдэгч А овогт О.Б , Б овогт Б.Б , Ш овогт С.О , Д овогт Б.Г , Б овогт Д.Ж, Б овогт Д.Ч  нарыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн,

шүүгдэгч Ц овогт Б.Э, Б овогт Д.Ө , Х овогт С.Ц , Ц овогт Б.О  нарыг түүж, бэлтгэсэн гэмт хэргийг тус тус бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Б , Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нараас тус бүр 820000 /найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгаль хамгаалах санд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан Булган аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 6 шуудай, 2 ширхэг гялгар ууттай ургамалын үндсийг хурааж, мөн **-** ОРХ улсын дугаартай “Honda Civic” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5000000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Э аас, **-** БУЛ улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 6 800 000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б ас, **-** ОРА улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 8 800 000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Ч гээс тус тус гаргуулж үнийг Улсын төсөвт тус тус шилжүүлж, хэрэгт мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн “Honda Civis” загварын **-** ОРА улсын дугаартай, “Prius 20” загварын **-**ОРА улсын дугаартай, “Prius 20” загварын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч эзэмшигч  нарт нь үлдээж, 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр багаж 14 /арван дөрөв/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж,

10. Энэ хэрэгт шүүгдэгч О.Б , Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах шаардлагагүй болохыг тус тус дурьдаж,

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, О.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхийн харъяалалаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж,

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч О.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нь давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалт нь дараах байдлаар Эрүүгийн хуулийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалт, зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

  1. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3, 7.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн албадлагын арга хэмжээ авчээ. Үүний дотор Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан "хөрөнгө, орлогыг хураах" албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль хатуу зохицуулаагүй байхад хэрэглэсэн, гэхдээ уг заалтыг зөв хэрэглээгүй, гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа хөрөнгийг хураасан нь буруу байна. Үндэслэл нь: Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтын гол зохицуулалт нь мөн зүйлийн 1 дэх хэсгийг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах, 3 дахь хэсэг хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлын нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, 4 дэх хэсэг ...тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар тус тус зохицуулсан байна.

  Мөрдөн шалгах ажиллагаагар шалгаж тогтоосон байдал, цуглуулсан нотлох баримтуудаар Д.Ч гийн жолоодож явсан **-** ОРА приус маркийн, Б.Э ын жолоодож явсан **-** ОРА улсын дугаартай Хонда сивик маркийн автомашинууд "А” ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй, Б.Б ын жолоодож явсан **-** БУЛ улсын дугаартай приус маркийн автомашин О.О гийн эзэмшилд бүртгэлтэй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд ...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар оролцуулж болохоор заасан бөгөөд энэ үүднээс Д.Ч , О.О  нарыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байх боловч тэдний түр эзэмшиж байсан өөр этгээдийн хөрөнгийг албадан гаргуулах нь Эрүүгийн хуулийн 7.5 дахь заалттай энэ гомдлын 1 дэх хэсгийн "а"-д заасан нөхцлөөр зөрчилдөж байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд ... Гэмт хэргийн улмаас учирсан ...хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа этгээдийн иргэний нэхэмжлэгч гэж үзэхээр заажээ. Гэтэл хэрэгт "Фидуцын гэрээгээр" хөрөнгө эзэмшиж байгаа "А" ХХК-ийг Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх бөгөөд урьдчилан түүний мэдэлд байгаа хөрөнгийг хураах юм шүү гэдэг утгаар ийнхүү тогтоосон бол энэ нь хууль бус бөгөөд тэгээд ч энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч ямар нэгэн нэхэмжлэл, хохирол нөхөн төлүүлэх шаардлага гаргаагүй байна.

  Энэ хэрэгт Ч гийн жолоодож явсан **-** ОРА дугаарын машиныг “А" ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Фидуцын гэрээгээр худалдан авч Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар эзэмшлийг худалдагч талд үүрэг дуусах хүртэл үлдээсэн, жинхэнэ өмчлөгч иргэн Ц.М ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь түүний эрхийг зөрчжээ.

  2. Энэ хэрэгт энд дурдан буй асуудлаар шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлсөн гэх зүйлгүй, өмгөөлөгч П.Ган-Очир шүүгдэгч нарын өмгөөлөгч гэдэг нэрээр шүүх хуралдаанд оролцсон боловч шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд дээр дурдсан нотлох баримтыг шүүх хуралдаан дээр судлуулаагүй, яллагч талын саналтай мэтгэлцээгүй /шүүх хуралдааны тэмдэглэлийн 7, 8 дугаар талыг үзнэ үү/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зуйлийн 3 дахь заалт зөрчигдсөн байна. Нөгөө талаар П.Ган-Очир нь бичиг үсэг мэддэггүй Б , Ө  нарт хуульд заасан журмаар өмгөөлөл үзүүлнэ гэж шүүх хуралдаанд оролцсон боловч шүүхийн танхимд бүх шүүгдэгч нарын өмгөөллөгч болж хувирчээ. Энэ нь шүүгдэгч нарын Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрх хангагдаагүйгээс шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хүүлийн 7.5 дахь заалтын талаар хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэсэн дүгнэлтэд хүргэнэ.

   3. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг шууд ойлгоход түвэгтэй, ямраар ч хэрэглэж болохоор гэж хуульчид ярилцдаг. Ийм тохиолдолд хүулийн уг заалтыг хэрэглэхдээ дараах хоёр зарчмыг баримтлах шаардлагатай.

   Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу "...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн заалт,

   Хуулийн дээрх заалтыг шүүхийн практикт хэрхэн хэрэглэж хууль хэрэглээний практик жишиг хэрхэн тогтоож байгаа, үүний дотор хууль тайлбарлах эрх Үндсэн хуулиар олгогдсон Дээд шүүхээс тогтоож байгаа практикийг анхаарах учиртай. Энэ хэргийн хувьд хэргийн шүүгдэгч нар дурдсан тээврийн хэрэгслийг ургамлын үндэс ухаж авахад ашиглаагүй, Хутаг-Өндөр сумын Хонгор руу явахдаа Дэрэвгэр жиргэрүү олдвол түүнэ гэсэн зорилготой явсан олдоогүй бол хоосон буцаж ирэх нь мэдээж хэрэг юм. Нөгөө талаар Эрдэнэт хот, Сэлэнгэ сумаас Хутан-Өндөр суманд суудлын автомашинаар очсон нь хууль зүйн утгаараа Авто тээврийн тухай хуулийн 3.1.4-д зааснаар зорчигч тээвэрлэлт юм. Нөгөө талаас шүүгдэгч нар ургамлын үндсийг түүж бэлтгэх явцдаа шалгалтаар баригдсан нь Ц.Ц ын илтгэх хуудас, гэрч Ж.А  нарын хэрэг илрүүлсэн этгээдүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ байдал дээр маргаангүй байхад шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Б , Д.Ч  нарыг "тээвэрлэсэн" гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

   Дээр дурдсан үндэслээр энэ зүйл ангиар шийдвэрлэгдэж дуусаж тогтоол, магадлал хүчинтэй болсон давж заалдах шатны шүүхийн 9 магадал, Хяналтын шатны шүүхийн 5 тогтоолыг “shuukh.mn”-ээс судалж үзэв. Дээд шүүх "Тодорхой гэмт хэргийн үндсэн шинж, түүнийг үйлдэж байгаа арга хэрэгсэл, онцлогоос хамааран гэмт хэргийн эд зүйлсийг тээвэрлэсэн тохиолдол бүрт тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх боломжгүй байдаг" / 2018 оны 06 сарын 27-ны 315 дугаар тогтоол/ гэж шүүхийн практик тогтоосон байна.

   Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хэргийг хянан үзэж Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШТ/14 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас "тээвэрлэсэн" гэдгийг хасаж, 8 дугаар заалтаас Б.Э аас 5 000 000 төгрөг, Б.Б ас 6 800 000 төгрөг, Д.Ч гээс 8 800 000 төгрөгийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх заалтыг хүчингүй болгоно уу” гэжээ.

    Шүүгдэгч Б.Э , Б.Б , Д.Ч  нар давж заалдах гомдолдоо: “Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШТ/14 тоот шийтгэх тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж аваад өмгөөлөгч сонгон авч шийтгэх тогтоол болон хэргийн материалыг танилцуулсны үндсэн дээр түүний туслалцаатайгаар тогтоолын тогтоох хэсгийн дахь 8 заалтыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б , Б.Э . Д.Ч  бид энэ гомдлыг гаргаж байна. Бид учрыг сайн мэдэхгүйгээс түүж бэлтгэхийг хориглосон ховор ургамал түүж байгаад баригдсан гэм буруугаа болон оногдуулсан ял шийтэл, уг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж тус бүрт 870 000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин бидний унаж явсан автомашинуудын зах зээлийн үнээр төлбөр хариуцуулсныг зөвшөөрөх боломжгүй байна. Шүүгдэгч Б.Б  би эхнэр 2 хүүхэд 4 ам бүлтэй,  түүнээс байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг хүнгүй, улирлын болон түр ажил бага сага арилжаа наймаа хийж амьдралаа залгуулдаг юм. Би ургамлын үндэс түүж байгальд учруулсан хохирлын 870 000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа ба одоо шүүхийн шийтгэх тогтоолоор гарсан 820 000 төгрөгийг төлж барагдуулна. Миний гэр бүлийн амьжиргаагаа залгуулдаг ганц хөрөнгө машиныг буцаан олгосон ч түүний үнийг улсад төлөх нь дааж давшгүй ачаа, манай амьдралд том цохилт болж байна. Дахиж ийм болчимгүй үйлдэл хийхгүй тул надад оногдуулсан б 800 000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү. Энэ талаар өмгөөлөгчийн гаргасан үндэслэлийг ойлгосон.

   Шүүгдэгч Б.Э  би эхнэр, хүүхэд, хадам ээжийн хамт ам бүл 4-лээ Эрдэнэт хотод амьдардаг. Эхнэр бид хоёр тогтсон байнгын ажилгүй үлирлын чанартай болон түр ажил хийх, бага сага наймаа арилжаа хийж амьдралаа залгуулдаг. Би ургамлын үндэс түүж байгальд учруулсан хохирлын 870 000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа ба одоо шүүхийн шийтгэх тогтоолоор гарсан 820 000 төгрөгийг төлж

барагдуулна. Миний унаж явсан **-** ОРХ дугаарын приус маркын машиныг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр "А" ХХК-иас зээлээр авсан ба зээлээ төлж дуустал тэдний нэр дээр бүртгэлтэй байгаа миний өмч юм. Энэ машин манай гэр бүлийн хөл дүүжилж, амьжиргаа залгуулдаг гол унаа юм. Машины үнэ 5 000 000 төгрөгийг төлөх нь машины зээл дээр нэмээд амьдралд том цохилт болж байна. Дахиж ийм болчимгүй үйлдэл хийхгүй тул надад оногдуулсан 5 000 000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү. Энэ талаар өмгөөлөгчийн гаргасан үндэслэлийг ойлгосон.

   Шүүгдэгч Д.Ч  би нөхөр, 2 хүүхдийн хамт ... амьдардаг, нөхөр бид хоёр байнгын тогтсон ажилгүй, улирлын чанартай болон түр ажчл, бага сага наймаа эрхэлж, зундаа 5 бүл зөгий арчилж амьдралаа залгуулдаг. Би ургамлын үндэс түүж байгальд учруулсан хохирол 870 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба одоо шүүхийн тогтоолоор оногдуулсан 820 000 төгрөгийг төлж барагдуулна. Миний унаж явсан **-** ОРА дугаарын Приус маркын машин нь миний бэр Ц.М ын "А" ХХК- иас зээлээр авсан машин бөгөөд би хөдөө Хутаг явчихаад ирье гэж түр аваад унаж яваад энэ хэрэгт холбогдсон. Одоо машиныг буцаан олгосон ч би 8 800 000 төгрөгийг төлөх нь манай амьдралд том цохилт болж байна. Би дахиж ийм болчимгүй юм хийхгүй. Иймд машины үнэ 8 800 000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү. Энэ талаар өмгөөлөгчийн гаргасан үндэслэлийг ойлгосон болно.Бид тус бүрийн 820 000 төгрөгийг давж заалдах хурал болохоос өмнө яаж ийгээд төлж улсын хохиролыг барагдуулах болно гэжээ.

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: ”...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э , Б.Б , Д.Ч  болон тэдний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн О.Б , Б.Ж , Б.Г , С.Ц , Д.Ө , С.О , Б.О , Д.Ч , Б.Б , Б.Э  нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч О.Б , Б.Ж , Б.Г , С.Ц , Д.Ө , С.О , Б.О , Д.Ч , Б.Б , Б.Э  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд О.Б , Б.Б , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч  нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд орсон "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" гэх ургамлын үндсийг түүж, бэлтгэж, тээвэрлэсэн, шүүгдэгч Б.Э , Д.Ө , С.Ц , Б.О  нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд орсон "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" гэх ургамлын үндсийг түүж, бэлтгэсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-8-12/, ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл үургийн үзүүлэлт /1хх-12-21/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-22-27/, хохирогч Б.Одгаригийн мэдүүлэг /1хх-42/, гэрч С.Ц ы мэдүүлэг /1хх-49-50/, гэрч Д.Ө ын мэдүүлэг /1хх-51-52/, “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №1000215 дугаартай үнэлгээний тайлан /1хх-95-109/, Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-112/, болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос О.Б , Б.Ж , Б.Г , С.Ц , Д.Ө , С.О , Б.О , Д.Ч , Б.Б , Б.Э  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, О.Б , Б.Б , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч  нарыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн, Б.Э , Д.Ө , С.Ц , Б.О  нарыг түүж, бэлтгэсэн гэмт хэргийг тус тус бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч  Б.Э , Б.Б , Д.Ч  нарын өмгөөлөгч Р.Нямцэрэн нь “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас "тээвэрлэсэн" гэдгийг хасаж, 8 дугаар заалтаас Б.Э аас 5 000 000 төгрөг, Б.Б ас 6 800 000 төгрөг, Д.Ч гээс 8 800 000 төгрөгийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх заалтыг хүчингүй болгоно уу...” гэсэн, Шүүгдэгч Б.Э , Б.Б , Д.Ч  нар нь “...уг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж тус бүрт 870 000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин бидний унаж явсан автомашинуудын зах зээлийн үнээр төлбөр хариуцуулсныг зөвшөөрөх боломжгүй байна...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

О.Б , Б.Ж , Б.Г , С.Ц , Д.Ө , С.О , Б.О , Д.Ч , Б.Б , Б.Э  нарт холбогдох хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлсийг бүрэн гүйцэд шалгаж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэргийн талаар бодитой дүгнэлт хийсэн байх тул тээвэрлэсэн гэх үгийг хасах үндэслэл байхгүй байна үзлээ.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжид бэлтгэсэн тээвэрлэсэн гэх гэмт хэргийн шинжийг хамааруулж тодорхойлсон тул шүүгдэгч нарын үйлдэл нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 37-19 ОРА улсын дугаартай “Prius 20”, **-** ОРА улсын дугаартай “Honda Civis”, **-** БУЛ улсын дугаартай Prius 20” тээврийн хэрэгсэлүүд нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Б.Э , Б.Б , Д.Ч  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээнд хохирлыг нөхөн төлж давж заалдах шатын шүүхэд баримтаа ирүүлсэн, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ар гэрийн ахуй амьдрал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийг нь үнийг гаргуулах зайлшгүй шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Иймд шүүгдэгч Б.Э , Б.Б , Д.Ч  нарын давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолын

8 дахь хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан Булган аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 6 шуудай, 2 ширхэг гялгар ууттай ургамалын үндсийг хурааж, мөн **-** ОРХ улсын дугаартай “Honda Civic” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5000000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Э аас, **-** БУЛ улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 6 800 000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б ас, **-** ОРА улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 8 800 000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Ч гээс тус тус гаргуулж үнийг Улсын төсөвт тус тус шилжүүлж, хэрэгт мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн “Honda Civis” загварын **-** ОРА улсын дугаартай, “Prius 20” загварын **-**ОРА улсын дугаартай, “Prius 20” загварын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч эзэмшигч  нарт нь үлдээсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан Булган аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 6 шуудай, 2 ширхэг гялгар ууттай ургамалын үндсийг хурааж, хэрэгт мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн “Honda Civis” загварын **-** ОРА улсын дугаартай, “Prius 20” загварын **-**ОРА улсын дугаартай, “Prius 20” загварын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч эзэмшигч  нарт нь үлдээсүгэй” гэж өөрчилж, бусад  заалтыг хэвээр үлдээсүйгэй.

2. Шүүгдэгч Б.Э , Б.Б , Д.Ч  болон тэдний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ХҮРЭЛБААТАР                                   

                                         ШҮҮГЧИД                                  С.ЦЭЦЭГМАА                                                  

                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН