Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0104

 

 

 

 

 

 

         

Г.Лгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд “Ч х б” ХХК-ийн төлөөлөгч Э.Г

 

Нэхэмжлэгч: Г.Л

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: Д.Г

Гуравдагч этгээд: “Г м к” ХХК

Гуравдагч этгээд: “Ч х б” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101А байрны ** тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0595 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У

Гуравдагч этгээд “Ч х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, М.Ц

Гуравдагч этгээд “Г м к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, өмгөөлөгч Д.Б

Гуравдагч этгээд Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2024/0336/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Лгээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101А байрны ** тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0595 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101А байрны ** тоотод байршилтай орон сууцыг Г.Лгийн нэр дээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана Үүнд:

3.1. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх анх 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Y-2204102158 дугаарт “Г м к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 403 дугаартай прокурорын зөвшөөрлөөр тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5, 19.4.3, 20.1.10-т заасны дагуу мэдүүлгийг хүлээн авч хянаж эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

3.2. Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг захиалагч иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу захиалан бариулсан орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн иргэн мэдүүлэг гарган орон сууц захиалгын гэрээ, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, бусад баримтуудыг хавсарган өгч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлдэг хуулийн зохицуулалттай.

3.3. Тухайн орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээд нь орон сууцыг хэсгээр өмчлөгч бүрээр бүртгүүлэхээр хуульд заасан дээрх нотлох баримтууд болон эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Гуравдагч этгээд “Ч х б” ХХК-ийн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана Үүнд:

4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болон, тухайн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Өмчлөх эрхийн гэрчилгээний зориулалтыг нийтийн эзэмшлийн зориулалттай болгож өөрчлөөгүй, мөн зээлийн гэрээний үүрэгт барьцаанд бүртгэлтэй учраас барьцаанаас чөлөөлсөн шийдвэр ирүүлээгүй, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий татгалзах, мөн 20.1 дэх хэсэгт заасан хориглох хэм хэмжээг зөрчөөгүй үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэж тайлбарласан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар дээр нийтийн эзэмшлийн хэсгээр өмчлөх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьсан бол газрын өмчлөх эрхийг нийтийн эзэмших эрхтэй газар болгож өөрчлөөгүй учраас улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй.

4.3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухаай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу банк нь барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа учраас тус захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

4.4. “Ч х б” ХХК-ийн Иргэний хэргийн шүүхэд хандаж үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардах эрхээ хэрэгжүүлэх нэхэмжлэл гаргахад саад учруулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Г, гуравдагч этгээд “Г м к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлуудыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан;  гуравдагч этгээд “Ч х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлуудыг дэмжиж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Ч х б” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Г.Лгээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101А байрны ** тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3.1 Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “...“Г м к” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан ... төлбөрийн хувьд тооцоо дууссан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3341 дүгээр шийдвэрээр тус байрны өмчлөгчөөр намайг тогтоосон , уг орон сууцны доорх тус тусдаа газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 3 газрыг битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосон, гэтэл өргөдлийг улсын бүртгэлийн байгууллага буцааж, бүртгэхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэх зэргээр тайлбарлах бол

3.2. Гуравдагч этгээд Д.Г болон “Г м к” ХХК-иас “... нэхэмжлэгч нь гэрээний төлбөрөө бүрэн барагдуулсан, манай компанийн зүгээс холбогдох баримтуудыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн, Ч х бны барьцаанд байгаа тухай яригддаг бөгөөд дээрх орон сууцны барилга нь барьцаанд байдаггүй, банкны эрх ашиг сонирхол яаж хөндөгдөж байгаа нь тодорхойгүй, нэгэнт өмчлөгчөөр тогтоогдсон учраас түүнийг улсын бүртгэлд бүртгэхэд асуудалгүй” хэмээн нэхэмжлэлийг дэмжсэн тайлбар гаргана.

3.3. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсгийн өмчлөх эрхийг захиалагч иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу холбогдох баримтуудыг хавсарган өгч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлдэг бол “Г м к” ХХК нь захиалагч иргэдийн нэр дээр гаргах жагсаалт болон холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 403 дугаартай прокурорын зөвшөөрлөөр тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй” гэж,

3.4.  Гуравдагч этгээд “Ч х б” ХХК нь “... орон сууцны доорх газар манай банкны барьцаанд бүртгэлтэй байгаа, Д.Гын өмчлөлд байгаа газрыг нийтийн өмчлөлийн газар болгосны дараа л дээр нь байгаа орон сууцнуудыг бусдад шилжүүлэх боломж нээгдэнэ, энэ үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагын татгалзал хууль зүйн үндэслэлтэй, “Ч х б” ХХК болон “Г м к” ХХК-ийн хооронд 2018 онд байгуулсан зээл, барьцааны гэрээний маргаан дуусаагүй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд;

4.1. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгий 18 гудамжны 215 тоот хаяг байршилтай, нэгж талбарын 186473**90468 дугаартай 700 м.кв газрыг /гуравдагч этгээд/ Д.Год гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн талаар эрхийн улсын бүртгэлийн Г-2204014857 дугаарт бүртгэсэн ба тус газар дээр баригдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А тоот хаяг байршилтай орон сууцны өмчлөх эрхийг /гуравдагч этгээд/ “Г м к” ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102158 дугаарт анх бүртгэж, 000770362 тоот гэрчилгээ олгохдоо газар өмчлөгчийн бичгээр олгосон зөвшөөрлийг мөн харгалзсан байна. /Хэргийн I хавтасны 46, 50, 91-92, 99 дэх талд/

4.2. Нэхэмжлэгч Г.Л нь “Г м к” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байрны ** тоот 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар 120 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3341 дүгээр шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101А байрны ** тоотод байршилтай орон сууцны өмчлөгчөөр Г.Лг тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хэргийн оролцогчдын хэн аль нь энэ талаар маргадаггүй. /Хэргийн I хавтасны 16, 23-25 дахь талд/

4.3. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дор байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204014857 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттай, 700 м.кв газрын өмчлөгч Д.Г нь тус газрыг “Ч х б” ХХК-тай 2018 онд байгуулсан ББГ-2018/ЗГ/69 тоот зээлийн гэрээний барьцаанд тавьсан, тухайн газар нь одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын цахим санд /барьцаа/ бүртгэлтэй хэвээр төдийгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

4.4. Харин Г.Л нарын үл хөдлөх хөрөнгөд тавьсан хоригийг цуцалж, тэдэнд эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01-189/9039 дүгээр албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4/189-574 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар тодорхойлжээ. /Хэргийн I хавтасны 21-22, 104-107, **1, **6-**7, II хавтасны 202, 234-240, III хавтасны 14 дэх талд/

5. Анхан шатны шүүх Г.Лгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ, маргааны үйл баримтын талаар “… мэдүүлэгт зохих баримтыг бүрэн хавсаргасан, мөн эрх бүхий байгууллагаас холбогдох орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж, хариуцагчид бүртгэл хийхийг зөвшөөрсөн байхад бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй, барьцаалагчийн үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр зарим үл хөдлөх эд хөрөнгийг салгаж бүртгэх боломжтой” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

6. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд;

6.1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: 20.1.1. улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;” гэж,

6.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана: 8.1.3. хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй;”, 10 дугаар зүйлийн 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: 10.6.1. өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг; 10.6.2. газар өмчлөх эрх олгосон шийдвэр; 10.6.3. газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг; 10.6.8. тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж,

6.3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль /2009 он/-ийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Барьцаалуулагч нь газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барих эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаа нь тухайн барилга байгууламжид үл хамаарна”, 56.2-т “Барьцаалуулагч барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барьсан нь энэхүү газрын барьцаагаар барьцаалагчид олгосон баталгааг дордуулсан буюу дордуулахаар байвал барьцаалагч нь барьцааны гэрээг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжийг барьцаандаа хамааруулахыг шаардах эрхтэй” гэж,

6.4. Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.5-д “Нийтийн зориулалттай орон сууц болон дундаа хэсгээр өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэж, дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсэг тус бүрээр хувийн хэрэг хөтөлнө” гэж тус тус заасан.

7. Хууль тогтоомжийн эдгээр зохицуулалтыг, маргааны үйл баримтад холбогдуулан агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг бүрдүүлсэн (бүртгэлийн байгууллага цахим сангаас нягтлах боломжтойгоос бусад), тэр нь тогтоосон шаардлага хангасан буюу эрх бүхий байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах эрхэд хориглолт тогтоосноос бусад нөхцөлд захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч, зохих бүртгэлийг хийх үүрэгтэй. Харин газрыг барьцаалсан тохиолдолд түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйлд шууд хамааруулах эрх зүйн үр дагавар үүсэхгүй.

8. Гэтэл Г.Л нь шүүхийн журмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, “Г м к” ХХК-иас бүрдүүлсэн холбогдох баримтын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан, мөн барилгын доорх газрын хууль ёсны өмчлөгч Д.Г бичгээр зөвшөөрөл өгсөн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байрнаас нэхэмжлэгчид хамаарах ** тоотын 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хоригоос чөлөөлсөн тухай мэдэгдсээр байхад бүртгэл хийхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй.

9. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч нь нийтийн зориулалтаар баригдсан орон сууцнаас 2 өрөө орон сууцыг гэрээний үндсэн дээр худалдан авч, иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд хандахад хариуцагчаас “тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар нь гэр бүлийн зориулалттай, “Ч х б” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээнд бүртгэлтэй, газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, захиалагчдын жагсаалтыг ирүүлээгүй” гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг салгаж бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн энэ төрлийн маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтад нэгдмэл хэрэглээ тогтоосныг ч энд харгалзсан болно.

 **. Түүнчлэн гуравдагч этгээд “Ч х б” ХХК-ийн /өмчлөлийн газрын/ барьцааны эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч Г.Лгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүссэн байх тул барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь өмчлөх эрх шилжих эсэхээс үл хамаарах барьцаалагчийн шаардах эрх хэвээр хадгалагдах тул банкны хувьд зээл, барьцааны гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлж иргэний журмаар маргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

12. Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Ч х б” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд “Ч х б” ХХК-ийн төлөөлөгч Э.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Б.АДЪЯАСҮРЭН

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ