Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 55

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Цэндсүрэн,      

            шүүгдэгч Ж.Болд, түүний өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг /үнэмлэхийн дугаар 2153/,

шүүгдэгч Н.Зоригт, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат /үнэмлэхийн дугаар 0045/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Жанчивын Болд, Дэлэгням овогт Нямсүрэнгийн Зоригт нарт холбогдох 201626031161 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 43 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Нью ком майнинг ХХК-нд арматурчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Элитын 25 дугаар байр, 1 тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 16 дугаар байрны 245 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 530 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баатад овогт Жанчивын Болд /РД:ЦВ73041575/

2. Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7-р гудамжны 359 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дэлэгням овогт Нямсүрэнгийн Зоригт /РД:ЧР73073173/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

Шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нар нь бүлэглэн, машин механизм ашиглан, тусгайлсан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 28-ны оройн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын 1006, 1007, 1025, 1026 дугаар байрнуудын галын аюулгүй байдлыг хангах хэрэгсэл буюу гидрант 48 ширхэгийг хулгайлан авч 1.920.000 төгрөгийн,

мөн давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2  хорооллын 1027, 1028, 1029, 1030 дугаар байрнуудын галын аюулгүй байдлыг хангах хэрэгсэл буюу гидрант 48 ширхэгийг хулгайлан авч 1.920.000 төгрөгийн буюу хохирогч С.Алтансүхэд /Gabot ХХК/-нд нийт 3.840.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Болд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд сэжигтнээр мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 10 цагийн үед Н.Зоригттой Алтай хотхоны ойролцоо уулзаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа-2 хороолол явъя тэндхийн байрнууд шинээр ашиглалтанд орсон, галын аюулгүй байдлын гидрант байгаа гэж хэлээд дүү Ж.Цэвэлмаагаас түүний эзэмшлийн 12-24 УБД улсын дугаартай Тоёота приус-10 маркийн цагаан өнгийн автомашиныг гуйж аваад Н.Зоригт бид хоёр тухайн үед 1006-1007, 1025, 1026 дугаар байрууд руу орж 48 ширхэг гидрантыг хулгайлсан. Тухайн үед байр руу ороход нэг давхрууддаа хяналтын камертай байсан ба би хяналтын камерыг малгайгаараа халхавчилсан. Ингээд нэг байрнаас буюу нэг орцноос 12 ширхэгийг нийт 48 ширхэгийг эхлээд авч 100-н айл дээр байрлах барилгын материал худалдан борлуулдаг Насанбаяр гэх эмэгтэйд 1 ширхэг гидрантыг 5000 төгрөгөөр зарахаар болж 48 ширхэгийг 240.000 төгрөгөөр худалдсан. Тэр мөнгөөр би лизингээ төлсөн. Харин Н.Зоригт ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан. Ингээд маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дахин дүү Ж.Цэвэлмаагийн эзэмшлийн автомашинтай Н.Зоригтын хамт Буянт-Ухаа-2 хороолол руу очиж 1027-1030 дугаар байрнуудын 4 орц руу орж 48 ширхэгийг хулгайлж мөн 100-н айлын барилгын материалын дэлгүүрт очиж Насанбаяр гэх эмэгтэйд 240.000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед Н.Зоригт бид хоёр хулгайн үйлдэлдээ хэрэглэхийн тулд сантехникийн газовыг 100-н айл дээрээс 8000 төгрөгөөр худалдаж аваад гидрантуудыг тайлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 120-122-р хуудас/,

...Манай аав Жанчивын бие муу байсан болохоор эм тарианы мөнгө хэрэгтэй байсан ба тухайн үед миний ажилгүй үе таараад ажил олдохгүй их хэцүү байсан. Н.Зоригт бид хоёр хоорондоо ярилцаж байгаад байруудаас гидрант хулгайлахаар болсон юм. Н.Зоригт бид хоёр хохирлыг бүрэн барагдуулж, хохирогчийг хохиролгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 128-130-р хуудас/,

Шүүгдэгч Н.Зоригт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба  мөрдөн байцаалтанд сэжигтнээр мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 10 цагийн үед  гэрээсээ гарч  Алтай хотхонд очсон ба Ж.Болд бид хоёр уулзаад түүний дүүгийн эзэмшлийн цагаан өнгийн Приус-10 маркийн 12-24 УБД улсын дугаартай автомашинаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа-2 хороолол явъя тэндхийн байрнууд шинээр ашиглалтанд орсон тул галын аюулгүй байдлын гидрант байгаа гэж ярилцаад явсан. Ингээд тус байрнуудын галын аюулгүй байдлын гидрант байна уу гэж үзээд байсныг нь дотроо устай байна уу гэж шалгаад ашиглаж амжаагүй, шланк байхгүй байсан 1006-1007, 1025, 1026 дугаар байрнуудын гидрантыг авч, нийт 48 ширхэг гидрантыг хулгайлсан. Тухайн үед байр руу ороход нэг давхрууддаа хяналтын камертай байхаар нь хяналтын камерыг малгайгаараа халхавчилсан. Ингээд нэг байрнаас буюу нэг орцноос 12 ширхэгийг нийт 48 ширхэгийг эхлээд авч 100-н айл дээр байрлах барилгын материал худалдан борлуулдаг Насанбаяр гэх эмэгтэйд 1 ширхэг гидрантыг 5000 төгрөгөөр зарахаар болж, нийт 48 ширхэгийг 240.000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед зарсан мөнгийг Ж.Болдын аавын бие муу байсан болохоор өгөөд үлдсэн хэдэн төгрөгийг нь би аваад архи авч уугаад дуусгасан. Тухайн үед Ж.Болд бид хоёр хулгайн үйлдэлдээ хэрэглэхийн тулд сантехникийн газовыг 100-н айл дээрээс 8000 төгрөгөөр худалдаж аваад гидрантуудыг тайлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 124-126-р хуудас/,

...Ж.Болд бид хоёр байрнуудаас гидрантуудыг бага багаар хулгайлж гаргаад автомашиныхаа арын тээшинд хийдэг байсан. Хохирогчийг хохиролгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 132-134-р хуудас/,

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Gabot ХХК-ийн төлөөлөгч С.Алтансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Gabot ХХК-нд менежер ажилтай. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өглөөний 09 цагт ажил дээрээ ирэхэд манай инженер Энхцэцэг галын аюулгүй байдалд ашиглагддаг, галын хоолойнд суурьлагддаг эд анги болох галын гидрантны холбоос хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тухайн үед инженерийн хэлсний дагуу бүх байруудаар явж шалгахад Буянт-Ухаа-2 хорооллын 1006-1007, 1025-1030 дугаар байрнуудын гражийн давхартай хамт бүх давхруудын гидрант алдагдсан. Мөн 1031, 1032 дугаар байрнуудын зарим хэсэг буюу камерын хяналтгүй хэсгүүдээс авсан байсан. Ингээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд хяналтын камерыг үзэхэд үл таних 2 этгээд шөнийн цагаар орж ирээд камерыг малгайгаараа таглаж байгаад хулгайлж байгаа бичлэг бичигдсэн байсан. Манай компани 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Буянт-Ухаа-2 хорооллын байрнуудыг хүлээж авсны дараа эд зүйл алдагдсан. Байр болгоныг өөр өөр компани барьсан болохоор тус тусад нь хүлээн авсан. Тухайн байруудыг барьсан компани галын гидрантууд холбоосыг хийсэн. Манай бүх байрнууд хяналтын камертай, харин гадна талдаа камергүй. Мөн манай байрнуудад харуул хамгаалалт байдаггүй. Манайхаас нийт 96 ширхэг галын гидрант холбоос алдагдсан, харин шланк алдагдсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Уг алдагдсан галын гидрант холбоосын нэг бүрийн үнэлгээ бол 40.000 төгрөг юм, нийтдээ 96 ширхэг алдагдаж 3.840.000 төгрөгийн хохирол учруулаад байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

...манай байгууллагын хохирлыг бүрэн барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/,

Гэрч С.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Gabot ХХК-ийн захирал юм. Би галын аюулгүй байдлын гидрант алдагдсан гэдгийг мэдээд анх Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Түүний дараа манай конторын менежер ажилтай С.Алтансүхэд итгэмжлэл олгосноор хохирогчоор хэрэгт оролцож байгаа юм.  Би камерын бичлэгийг үзсэн, гэхдээ манай байгууллагын 32 ажилтан дотор байхгүй, гаднаас хүмүүс ирж авсан байсан. Буянт-Ухаа-2 хорооллын галын аюулгүй байдлын гидрантыг тайлж авахад тусгай багаж болох слесаруудын хэрэглэдэг газовоор тайлж авдаг. Тухайн хэрэг гардаг өдөр би ажлаа хийгээд ажил дээрээ байсан. Манайх гадна талдаа камергүй ба удахгүй камер тавигдана. Тухайн үед 1006, 1007, 1025-1030 дугаар байрнуудын доторх галын аюулгүй байдлын гидрантууд алдагдсан бөгөөд уг байрнуудад ус шахагдаагүй байсан гидрантыг хулгайлж авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Р.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Буянт-Ухаа-2 хорооллын слесарь хийдэг юм. Тухайн хэрэг явдал 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон. Камерын бичлэгийг үзэхэд зүс үл таних 2 эрэгтэй хүн байсан. Буянт-Ухаа-2 хорооллын галын аюулгүй байдлын гидрантыг тайлж авахад тусгай багаж хэрэглэдэг. Гэхдээ сул байсан тохиолдолд гараар эргүүлээд тайлах боломжтой. Тухайн үед би ажил дээрээ ажлаа хийж байсан ба галын аюулгүй байдлын гидрантууд дотроо усгүй байсан. Буянт-Ухаа-2 хорооллын гидрант хулгайд алдагдсан хэдэн байраар усны шахалт хийгдээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Ц.Насанбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би гидрантыг нэг, хоёр удаа л хувь хүнээс худалдан авч байсан. Ж.Болд, Н.Зоригт нар нь 2016 оны 08 дугаар сарын сүүлээр галын аюулгүй байдлын гидрантыг худалдаж авахаар хэдэн төгрөг байдаг вэ гэж асуусныхаа дараа намайг худалдаж авах уу, хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэхээр нь би нэг гидрантыг 5000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн гидрант худалдаж авсан гэдгээ мэдээгүй. Нэг эрэгтэйгийн аавынх нь бие муу, эм тарианы мөнгө хэрэг болсон талаар хэлж байсан. Одоо надад Ж.Болд, Н.Зоригт нараас худалдаж авсан гидрантууд байхгүй, бүгд зарагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 135-136-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл  /хх-ийн 86-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ...2016 оны 08 дугаар сарын 28-ны оройн 21 цаг 54 минут 00 секундэнд доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, улаан өнгийн пүүз, хүрэн өнгийн малгайтай цамцтай, гартаа цагаан өнгийн цаас барьсан 20-30 орчим насны эмэгтэй коридороос ирж лифтний товчлуур дарж хүлээж байгаад лифтний хаалга онгойж дотроос хар өнгийн саравчтай малгай, цагаан өнгийн хагас ханцуйтай цамц, доогуураа хөх өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн сандаал, саарал өнгийн оймстой, 40-50 орчим насны махлаг эрэгтэй хүн /Н.Зоригт/ бууж араас нь ногоон өнгийн саравчтай малгайтай, ногоон өнгийн ханцуйтай куртиктэй, хар өнгийн оосортой, хөх өнгийн цүнх хөндлөн үүрсэн, доогуураа саарал өнгийн богино өмдтэй, цагаан өнгийн сандаалтай, оймсгүй өмссөн, 40-50 орчим насны туранхай эрэгтэй хүн /Ж.Болд/ бууж коридор руу алхаж яваад цагаан сандаал өмссөн туранхай эрэгтэй нь буцаж ирээд малгайгаараа хяналтын камерыг дараад хааж байв. Эхний камерын бичлэг бичигдсэн лифтнээс бууж ирсэн үл таних 2 эрэгтэй шатаар өгсөж гарч ирж байх ба дээрх камерт бичигдсэн сэжигтэй 2 этгээд шатаар өгсөж дээш гарч байгаа нь бичигдсэн байна. /хх-ийн 3-4-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Болдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 150-р хуудас/,

Шүүгдэгч Н.Зоригтын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 158-р хуудас/,

Gabot ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 173, 202-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нар нь урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглан, тусгайлсан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 08 дугаар сарын 28-ны оройн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын 1006, 1007, 1025, 1026 дугаар байрнуудын галын аюулгүй байдлыг хангах хэрэгсэл буюу гидрант 48 ширхэгийг хулгайлан авч Gabot ХХК-д 1.920.000 төгрөгийн,

мөн давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2  хорооллын 1027, 1028, 1029, 1030 дугаар байрнуудын галын аюулгүй байдлыг хангах хэрэгсэл буюу гидрант 48 ширхэгийг хулгайлан авч 1.920.000 төгрөгийн буюу Gabot ХХК-нд нийт 3.840.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогчийн төлөөлөгч С.Алтансүхийн ...2016 оны 08 дугаар сарын 29-ний өглөөний 09 цагт ажил дээрээ ирэхэд манай инженер Энхцэцэг галын аюулгүй байдалд ашиглагддаг, галын хоолойнд суурьлагддаг эд анги болох галын гидрантны холбоос хулгайд алдагдсан байна гэж хэлсний дагуу бүх байруудаар явж шалгахад Буянт-Ухаа-2 хорооллын 1006-1007, 1025-1030 дугаар байрнуудын гражийн давхартай хамт бүх давхруудын гидрант алдагдсан. Мөн 1031, 1032 дугаар байрнуудын зарим хэсэг буюу камерын хяналтгүй хэсгүүдээс авсан байсан. Хяналтын камерыг үзэхэд үл таних 2 этгээд шөнийн цагаар орж ирээд камерыг малгайгаараа таглаж байгаад хулгайлж байгаа бичлэг бичигдсэн байсан. Бүх байрнууд хяналтын камертай, харин гадна талдаа камергүй. Манайхаас нийт 96 ширхэг галын гидрант холбоос алдагдсан, харин шланк алдагдсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Уг алдагдсан галын гидрант холбоосын нэг бүрийн үнэлгээ бол 40.000 төгрөг юм, нийтдээ 96 ширхэг алдагдаж 3.840.000 төгрөгийн хохирол учруулаад байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

...манай байгууллагын хохирлыг бүрэн барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/,

Гэрч С.Алтанцэцэгийн ...Би камерын бичлэгийг үзсэн, гэхдээ манай байгууллагын 32 ажилтан дотор байхгүй, гаднаас хүмүүс ирж авсан байсан. Буянт-Ухаа-2 хорооллын галын аюулгүй байдлын гидрантыг тайлж авахад тусгай багаж болох слесаруудын хэрэглэдэг газовоор тайлж авдаг. Тухайн үед 1006, 1007, 1025-1030 дугаар байрнуудын доторх галын аюулгүй байдлын гидрантууд алдагдсан бөгөөд уг байрнуудад ус шахагдаагүй байсныг хулгайлж авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Р.Мөнхбатын ...Камерын бичлэгийг үзэхэд зүс үл таних 2 эрэгтэй хүн байсан. Буянт-Ухаа-2 хорооллын галын аюулгүй байдлын гидрантыг тайлж авахад тусгай багаж хэрэглэдэг. Гэхдээ сул байсан тохиолдолд гараар эргүүлээд тайлах боломжтой. Буянт-Ухаа-2 хорооллын гидрант хулгайд алдагдсан хэдэн байраар усны шахалт хийгдээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Ц.Насанбаярын ...Ж.Болд, Н.Зоригт нар нь 2016 оны 08 дугаар сарын сүүлээр галын аюулгүй байдлын гидрантыг худалдаж авахаар хэдэн төгрөг байдаг вэ гэж асуусныхаа дараа намайг худалдаж авах уу, хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэхээр нь би нэг гидрантыг 5000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн гидрант худалдаж авсан гэдгээ мэдээгүй. Нэг эрэгтэйгийн аавынх нь бие муу, эм тарианы мөнгө хэрэг болсон талаар хэлж байсан. Одоо надад Ж.Болд, Н.Зоригт нараас худалдаж авсан гидрантууд байхгүй, бүгд зарагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 135-136-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл  /хх-ийн 86-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ...2016 оны 08 дугаар сарын 28-ны оройн 21 цаг 54 минут 00 секундэнд доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, улаан өнгийн пүүз, хүрэн өнгийн малгайтай цамцтай, гартаа цагаан өнгийн цаас барьсан 20-30 орчим насны эмэгтэй коридороос ирж лифтний товчлуур дарж хүлээж байгаад лифтний хаалга онгойж дотроос хар өнгийн саравчтай малгай, цагаан өнгийн хагас ханцуйтай цамц, доогуураа хөх өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн сандаал, саарал өнгийн оймстой, 40-50 орчим насны махлаг эрэгтэй хүн бууж араас нь ногоон өнгийн саравчтай малгайтай, ногоон өнгийн ханцуйтай куртиктэй, хар өнгийн оосортой, хөх өнгийн цүнх хөндлөн үүрсэн, доогуураа саарал өнгийн богино өмдтэй, цагаан өнгийн сандаалтай, оймсгүй өмссөн, 40-50 орчим насны туранхай эрэгтэй хүн бууж коридор руу алхаж яваад цагаан сандаал өмссөн туранхай эрэгтэй нь буцаж ирээд малгайгаараа хяналтын камерыг дараад хааж байв. Эхний камерын бичлэг бичигдсэн лифтнээс бууж ирсэн үл таних 2 эрэгтэй шатаар өгсөж гарч ирж байх ба камерт бичигдсэн сэжигтэй 2 этгээд шатаар өгсөж дээш гарч байгаа нь бичигдсэн байна. /хх-ийн 3-4-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэнэ гэж заажээ.

Машин механизм хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ажигласан байх.

Тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл гэдэгт хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хялбаршуулж, эд ангийг тайлах зориулалт бүхий бүх төрлийн багаж хэрэгсэл зэргийг бэлтгэсэн буюу ашигласан байхыг тус тус ойлгоно.

 

 Шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллоос галын аюулгүй байдлыг хангах хэрэгсэл буюу гидрант хулгайлахаар ярилцан тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1006-1007, 1025, 1026-р байрнуудаас 48 ширхэг, давтан үйлдлээр буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1027-1030-р байрнуудаас 48 ширхэг, нийт 96 ширхэг гидрантыг тайлахын тулд газов бэлтгэж, ашигласан, Тоёота Приус-10 маркийн 12-24 УБД улсын дугаартай автомашинаар зөөж тээвэрлэсэн байх тул тэднийг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ....тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Тоёота Приус-10 маркийн 12-24 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэсэн ба уг автомашин нь Сити финанс ББСБ эзэмшилийнх болох нь Тээврийн хэрэгслийн №01317249 гэрчилгээгээр /хх-ийн 186-р хуудас/ тогтоогдож байна.

 

 Иймд тээврийн хэрэгслийг биет байдлаар хураах боломжгүй тул гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн автомашины зах зээлийн ханшийг тогтоосон Мега Марз ХХК-ийн үнэлгээгээр /хх-ийн 76-р хуудас/ буюу 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Ж.Болд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 530 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан /хх-ийн 153-154-р хуудас/ ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй тооцно гэж зааснаар ялтай байдал дууссан байх тул Ж.Болдыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

             Шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

 

            Хохирол төлбөрийн тухайд:           

            Шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нар нь хохирогч Gabot ХХК-нд эд зүйлийг буцаан төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-ийн 173, 202-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

             Шүүгдэгч Н.Зоригт 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсон байна.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Приус-10 маркийн 12-24 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

           Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг газовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон                                                                                    

ТОГТООХ НЬ:

 

1.  Баатад овогт Жанчивын Болд, Дэлэгням овогт Нямсүрэнгийн Зоригт нарыг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Жанчивын Болд, Нямсүрэнгийн Зоригт нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын /хоёр жил хоёр сар/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ж.Болд, Н.Зоригт нарт оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ж.Болд, Н.Зоригт нар оногдуулсан 2 жил 2 сарын /хоёр жил хоёр сар/ хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

5. Шүүгдэгч Н.Зоригт энэ хэрэгт 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг газовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацааг дуустал хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн  Тоёота Приус-10 маркийн 12-24 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

                                        

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нараас тус бүр 900.000 /есэн зуун мянга/ төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Болд, Н.Зоригт нарт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР