Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 123/ШШ2019/0001

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн, шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн С сумын З Дд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: С-ӨХХК-ийн эзэмшлийн газрын солбилцлын цэгийг улсын тусгай хэрэгцээнд авсан газраас гаргаж өөр газарт шилжүүлэн эзэмшүүлэхгүй байгаа С сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, эзэмшлийн газрын солбилцлын цэгийг тусгай хэрэгцээнд авсан газраас гаргаж шилжүүлэн эзэмшүүлэхийг С сумын З Дд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: С Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С Ө ХХК нь сонгон шалгаруулалтад оролцохоор 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 тоот албан бичгээр хүсэлтээ явуулж, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын төсөл, төлбөр төлсөн баримтыг хавсаргасан, баримт нь хэрэгт байгаа. С сумын Засаг даргын 2014 оны 82 тоот захирамжаар тус сумын Эрдэнэтолгой гэх газарт 5 га газрыг тээвэр жуулчлалын зориулалтаар С Ө ХХК-д эзэмшүүлсэн. Сонгон шалгаруулалтын материал газар олгох шаардлагыг хангасан учраас захирамжийг гаргасан, захирамжид хүсэлтээ гаргасан гээд бичсэн. Засгийн газрын тогтоолоор Хөшигийн хөндий гэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар энэ газарт орсон. Энэ талаар би Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон, улсын тусгай хэрэгцээнд газар авахдаа хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, өөр газар солбилцлын цэгүүдийг шилжүүлж өгөхөөр эвлэрсэн. Маргаан эцэслэн шийдвэрлэгдэж үйл ажиллагаагаа явуулахаар очиход С сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны А/290 тоот захирамжаар газар эзэмших эрхийг минь хүчингүй болгосон байсан. Мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтаар манай төсөл сонгон шалгаруулалтад оролцсон материал байгаагүй гэдгийг ойлгохгүй байна. Газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгохдоо газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, эрхийн гэрчилгээг хурааж аваагүй учраас манай газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа. Сонсох ажиллагаа хийгээгүй. Шүүхэд анх С Ө ХХК, MDM Б ХХК, Төв Э Х ХХК гэсэн 3 компанийн газар эзэмших эрхийг сэргээхээр нэхэмжлэл гаргасан. MDM ХХК-д газрыг нь сольж өөр газар олгохоор сумын З Д эвлэрсэн, Төв Эрчим ХХК нэхэмжлэлээсээ татгалзсан, С Ө ХХК үлдсэн. Манай компани Засгийн газрын тогтоол гарахаас өмнө газраа эзэмшсэн. Засгийн газар тусгай хэрэгцээнд газар авсны дараа сумын З Д бусад аж ахуй нэгжүүдэд газрыг нь өөр газарт шилжүүлэн эзэмшүүлсэн ч манай газрын солбилцлын цэгийг тусгай хэрэгцээний газраас гаргаж олгохгүй байгаа нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг зөрчсөн. Сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 27-ны А/290 дугаар захирамжийг гарахаас өмнө манай газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. С-ӨХХК-ийн эзэмшлийн газрын солбилцлын цэгийг Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газраас гаргаж өөр газарт шилжүүлэн эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн газрын солбилцлын цэгийг тусгай хэрэгцээнд авсан газраас гаргаж шилжүүлэн эзэмшүүлэхийг С сумын З Дд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С сумын З Д Б.Энхбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С Ө ХХК, MDM ХХК, Төв Эрчим ХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж чадахгүй болно. Тус аж ахуй нэгжүүд нь Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 09/084/224 тоот дүгнэлтийн дагуу Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг зөрчин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдоогүй тул сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 27-ны өдрийн А/290 тоот захирамжаар хүчингүй болгосон. Захирамж нь газрын гэрчилгээг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуульд дээд шатны байгууллагын үйл ажиллагааг биелүүлж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй гэж заасан. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг биелүүлсэн учир сонсох ажиллагааг хийх шаардлагагүй. Төсөл сонгон шалгаруулалтын материалын хувьд С Ө ХХК жил болгон гэрээ хийж, газрын төлбөрөө төлөх ёстой. Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд нэхэмжлэгчийн материал алга болчихсон зүйл биш, жил дараалан хадгалагдаж байдаг, манай зүгээс бичиг баримтыг үрэгдүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед би байгаагүй учраас мэдэхгүй байна, газрын даамлаас асуухад хүсэлт байгаа өөр юм байхгүй гэж хэлсэн. Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай С-ӨХХК-д эзэмшүүлсэн газар давхцаж байгаа. Тусгай хэрэгцээний газартай давхцалтай, газраа төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар газраа аваад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжид өөр газар шилжүүлэн олгосон, үүнээс бусад 2 жил үйл ажиллагаа явуулаагүй, төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар газраа аваагүй аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд анх С сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/290 дугаартай захирамжийн С-ӨХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, С-ӨХХК-ийн эзэмшлийн газрын солбилцлын цэгийг Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газраас гаргаж өөр газарт шилжүүлэн эзэмшүүлэхгүй байгаа С сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, эзэмшлийн газрын солбилцлын цэгийг тусгай хэрэгцээнд авсан газраас гаргаж шилжүүлэн эзэмшүүлэхийг С сумын З Дд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... сумын З Дд газар эзэмших хүсэлт, битүүмжилсэн төсөл, төлбөр төлсөн баримтаа хүргүүлж хуулийн дагуу газар эзэмшсэн, ... манай газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа... Засгийн газрын 2016 оны тогтоолоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, тус газарт газар эзэмшиж байсан аж ахуй нэгжүүдийн эзэмшлийн газрын солбилцлын цэгийг шилжүүлэн газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжууд гарсан,... хариуцагч манай эзэмшлийн газрын солбилцлийн цэгийг тусгай хэрэгцээний газраас гаргаж, өөр газар олгоогүй, газар эзэмшигч нарт адил тэгш хандаагүй..., С сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/290 дугаар захирамжийг гарахаас өмнө манай эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан... гэж тайлбарлажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заажээ. Нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, битүүмжилсэн төсөл, сонгон шалгаруулалтын баримт бичгийн төлбөр төлсөн баримтыг С сумын Засаг даргын Тамгын газарт 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 тоот албан бичгээр хүргүүлсэн хэмээн тайлбарлаж, хүсэлтээ нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар эзэмшүүлэх тухай хүсэлтээс өөр бичиг баримт байхгүй, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгогдоогүй, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэмээн маргасан байна.

С сумын З Д 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаар захирамжаар[1] Газрын тухай 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэн тус сумын 4 дүгээр багийн нутаг, Эрдэнэ толгой гэх газарт тээвэр жуулчлалын зориулалтаар 5 га газрыг 15 жилийн хугацаагаар С-ӨХХК-нд эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн, хариуцагч тал эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулан, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн асуудалтай холбогдуулан маргаагүй байх тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан журмаар эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

С сумын З Д 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/290 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.4 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэр бүхий 10 аж ахуй нэгжид газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ С-ӨХХК-нд газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа ч газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай заагаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хурааж аваагүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

2. Монгол улсын Засгийн газар 2010 оны 06 сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-д заасныг үндэслэн Төв аймгийн С сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон. Тухайн тогтоолд Засгийн газрын 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулан Төв аймгийн С сумын нутагт орших Хөшигийн хөндийд байрлах Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалттай газрын солбилцлын цэгийг өөрчлөн тогтоосноор уг тусгай хэрэгцээний газартай нэхэмжлэгчийн эзэмшлийн 5 га газар давхацсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Дээр дурдсан Засгийн газрын 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 2-т Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан солбилцол бүхий газарт иргэн, хуулийн этгээд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг судалж, давхцалыг арилгах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт, тусгай хэрэгцээнд авсан газрыг Үндэсний орон зайн мэдээллийн санд бүртгэхийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга нарт тус тус даалгажээ.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана гэж, 42.3-т энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны З Д иргэн, аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна гэж заасан байна.

Хариуцагч нь эзэмшлийн газрыг нь улсын тусгай хэрэгцээнд авсан газар эзэмшигч аж ахуй нэгжүүдтэй тохиролцон тэдгээрийн эзэмшиж байсан газрын солбилцлийн цэгийг тусгай хэрэгцээний газраас гарган өөр газарт шилжүүлэн эзэмшүүлсэн болох нь хариуцагчийн төлөөлөгчийн ...хуульд заасан журмаар газар эзэмшиж байсан, тусгай хэрэгцээний газартай газар нь давхацсан аж ахуй нэгжүүдэд тусгай хэрэгцээний газраас өөр газар шилжүүлэн эзэмшүүлсэн... гэх тайлбар, нэхэмжлэгч М Б ХХК, С сумын З Д нарын 2018 оны 7 сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд ...Нисэх онгоцны буудлын тусгай хамгаалалттай талбайд байршилтай М Б ХХК-ийн 10 га талбайн байршлыг өөрчилж олгох...бичиг баримтыг хуульд нийцүүлэн өөрчлөх... гэж тохиролцсон зэргээр тогтоогдож байна.

Эдгээрээс дүгнэхэд Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч С-ӨХХК-тай гэрээ байгуулан улсын тусгай хэрэгцээний газартай давхцаж буй газрыг нь сольж олгоогүй С сумын Засаг даргын эс үйлдэхүйг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42, 42.3 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй, газар эзэмшигч нарт адил тэгш хандаагүй, хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

С сумын З Д 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/290 дугаар захирамжийн холбогдох заалтаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.4 дэх заалтыг зөрчиж олгогдсон гэсэн дүгнэлтийг үндэслэн С-ӨХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42, 42.3 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэхэмжлэгчийн газраа нөхөх олговортойгоор сольж эзэмших эрхийг зөрчсөн байна.

Иймд Засгийн газрын 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч С-ӨХХК-тай гэрээ байгуулан улсын тусгай хэрэгцээний газартай давхцаж буй газрыг нь сольж олгоогүй С сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С-ӨХХК-тай гэрээ байгуулан улсын тусгай хэрэгцээний газартай давхцаж буй тухайн газрыг нь сольж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч нар нь С сумын Засаг даргын газар олгосон байдалд хяналт шалгалт хийхдээ С Ө ХХК-иас газар эзэмшихээр С суманд хүргүүлсэн хүсэлт, холбогдох бичиг баримтуудыг тухайн аж ахуйн нэгжээс шаардан гаргуулж аваагүй, түүний эзэмшлийн газрыг Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан зэрэг нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4-д хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах гэж заасныг зөрчсөн. Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч нар 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 09/084/224 тоот дүгнэлтээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх газар эзэмшигч С-ӨХХК-д мэдэгдээгүй, танилцуулаагүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүний Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.1-т шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргах гэж зааснаар гомдол гаргах эрхийг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт зус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 42 дугаар зүйлийн 42.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С-ӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, С-ӨХХК-тай гэрээ байгуулан улсын тусгай хэрэгцээний газартай давхцаж буй газрыг нь сольж олгоогүй С сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С-ӨХХК-тай гэрээ байгуулан улсын тусгай хэрэгцээний газартай давхцаж буй газрыг нь сольж олгохыг С сумын З Дд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 13 дахь тал,