Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2019/0175/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Я.Туул, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,   

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Лхагвасүрэн,

Орчуулагч Т.Жавзандулам,

Гэрч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 1802005720305 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

*** Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *** Улсын Хүэ хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмрийн сэв гаргагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт ажиллаж, түр оршин сууж байсан урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай *** ***,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автомашин засварын газарт 2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 00:55 цагийн орчим *** улсын иргэн ***тай маргалдан улмаар түүний цээжин тус газарт хутгалж, цээжний хөндийд өвчүүний мөгөөрсөн хэсгээр нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний судсыг гэмтээсэн шарх гэмтэл учруулж алсан болох нь:

 

Гэрч *** ***-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** би наадахыг чинь алчихлаа гээд тэрүүгээр сандал энэ тэр өшиглөөд яваад байсан. ...*** ямар ч үг дуу байхгүй гал тогооны хэсэг рүү алхаад хоол унд хийхдээ ашигладаг бариулгүй төмөр хутгыг баруун гартаа барьж ирээд Мигийн цээжин хэсэг рүү нь нэг удаа хатгаад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хутгалж байхыг хараагүй. Нэг нь унаад, нөгөө нь хутга бариад зогсож байснаа би энэ хүнийг алчихлаа гэж хэлсэн. Тэгээд эргэж явж байхдаа барьсан хутгаа хана руу зоогоод байсан. Үүнээс болж хутга мурийсан, ... Миний ард *** байхдаа би хүн алчихлаа. Хэн нэгэн асуувал намайг хүн алчихсан гэж хэлж болохгүй шүү гэж хэлсэн, ... Хутга анх иштэйгээ байсан. Хананд зоосны дараа иш нь хугарсан байх. Өрөөнд иш нь гээд цагаан өнгөтэй бариул унасан байсан, буйдангийн ард байсан” гэх мэдүүлэг,

 

***ий согтуурлыг шалгахад 0.28% гарсан тухай тэмдэглэл /хх-ийн 48/,

Цогцосны хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46/,

Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 56/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаартай “...Талийгаачийн биед цээжний хөндийд өвчүүний мөгөөрсөн хэсгээр нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний судсыг гэмтээсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр, амьд ахуйд үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед учирсан уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талаагийч нь цээжний хөндийд цус дүүрснээс зүрхний агших чадвар алдагдан /тампонад сердце/ нас баржээ.

Талийгаачийн биед илэрсэн зүүн сарвууны гадна хэсгийн зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг OI байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128-129/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01, 09, 10 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 130-135/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6775 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цайвар цамцанд 9мм, 605мм, 500мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд 508мм, 602мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд, 25 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд байна. Дээрх цайвар цамцанд гарсан 605мм, 500мм хар цамцанд гарсан 508мм, 602мм зүсэлтүүд нь цамцнуудыг тайлах явцад хайчаар үүссэн байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн цамцнуудад гарсан гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр болон ямар хугацаанд үүссэн болохыг тогтоох боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 157-158/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаартай “...Талийгаач *** ***-ийн өмсөж явсан гэх хар өнгийн цамц, цайвар өнгийн цамцнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоор эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо ***, *** нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. Харьцуулах шинжилгээнд талийгаачийн цусыг ирүүлээгүй тул харьцуулан шинжлэх боломжгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 176-177/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12849 дугаартай “...Вьетнам улсын иргэн *** ***-ны цус нь O/I/ бүлгийн харьяалалтай байна. Вьетнам улсын иргэн *** ***-ийн гэх шингэн цусны дээж ирүүлээгүй байна. Вьетнам улсын иргэн *** ***-ийн тухайн үед өмсөж байсан гэх Найк гэсэн бичигтэй пудболка дээр цус илэрсэн. Уг цус нь O/I/ бүлгийн харьяалалтай байна. Хар өнгийн даавуун бэлтгэлийн өмд дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй байгаа тул бүлэг тогтоох боломжгүй байна. Цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, хар саарал өнгийн оймс 1 хос дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 178/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 84 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хутга болон гар утсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь талийгаач *** ***-ийн” өмсөж явсан гэх хар өнгийн цамц, цайвар өнгийн цамцнаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хутга болон гар утсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ***, *** нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 183-184/ болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч *** нь “хохирогчийг санаатай алаагүй, хутга бариад өөр рүү нь довтлох үед өшиглөснөөс болж хохирогч амь нас нь хохирсон” өөрөөр хэлбэл өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны үед аргагүй хамгаалалт хийсэн, гэм буруугүй гэж мэтгэлцжээ.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгчийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Амь хохирогч *** нь өөрийгөө хутгалсан байх үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч 162 см өндөртэй, харин *** нь 171 см өндөр ба хохирогчийн цээжний дээд хэсэгт, өвчүүний мөгөөрсөн хэсгээр нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний судсыг гэмтээсэн шарх гэмтэл учирчээ.

 

Шүүгдэгч *** мэдүүлэхдээ “Хутга бариад ирж байх үед би орон дээр хэвтэж байсан. Тэгээд жоохон дээшээ болоод өшиглөсөн. Харин ***газар унасан” гэж мэдүүлсэн ба хутгыг амь хохирогч ямар ч байдлаар барьж ирсэн, ир үзүүртэй хэсгээр өөрлүүгээ чиглүүлж бариагүй л байсан бол өшиглөх тийрэх үед дээрх гэмтэл учрах боломжгүй гэж үзэв.

 

Харин учирсан гэмтлээс үзэхэд хохирогчийг орон дээр сууж байх үед нь шүүгдэгч хутгалсан байх боломжтой болох нь гэрч ***гийн “Энэ хоёрын дунд маргаан үргэлжлээд байсан. ***болохоор орон дээр суусан. *** босож яваад байсан, ...Тэгэхээр нь би чихэвч зүүгээд хэвтсэн.Намайг харахад *** хутга барьчихсан, ***уначихсан байсан. Үүнийг хараад би гараашаас гараад эзэн рүү утсаар залгасан” гэх мэдүүлэг, шархны байрлал, амь хохирогч болон шүүгдэгчийн өндрийн хэмжээ, цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны байрлал, хэргийн газрын үзлэг хийх үед амь хохирогчийн байсан байрлалыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

 

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч хохирогчийг цээж хэсэгт нь цохиод авах шиг болсон гэж мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг хэвтээд унтаж байхад болсон. Миний харсан нь тэр хүн уначихсан цус гарч байсан. Харин *** хутга барьчихсан байсан. Санаатайгаар хутгалсан эсэхийг  нь мэдэхгүй байна, ...Мөнгө өгөх талаар маргаан үүссэн. Тэгэхдээ хоорондоо үг хаялцсан байдал үүсгэж байсан. Тухайн үед энэ хоёр тийм байдал үүсгэж эхлэхээр нь больцгоо гэж хэлсэн. Тэгтэл ***хутга бариад чи намайг алчих л даа гэж хэлсэн. Тэгсэн *** айгаад хутгыг нь аваад цааш нь хийчихсэн. Тэгээд хутгыг далд хийсэн. Энэ хоёрын дунд маргаан үргэлжлээд байсан. ***болохоор орон дээр суусан. *** босож яваад байсан. Тэгэхээр нь би чихэвч зүүгээд хэвтсэн. Хэсэг хугацааны дараа *** унтахаар хэвтсэн. Тэгээд энэ болохоор өөрөө хөнжил дотроо ороод youtube-ээс юм үзээд хэвтсэн. Тэгээд хажууд хэвтсэн болохоор хүн хэвтсэнийг мэдсэн. Би 10-15 минут дутуу унтаад сэрсэн. Тэгсэн ***унаж байсан. Намайг харахад *** хутга барьчихсан, ***уначихсан байсан” гэж өмнө мэдүүлэгт дурдагдаагүй зүйлийн талаар мэдүүлж байх боловч хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлээгүй байна.

 

Мөн шүүгдэгч *** “***гуйвж байгаад хутга  нь газар унасан. Тэгэхээр нь би гялс хутгыг авсан” гэж мэдүүлсэн ба амь хохирогч цээжний хөндий рүү нь нэвтэрч зүрх судсыг гэмтээж зоогдсон хутгыг өөрөө сугалж чадах эсэх нь эргэлзээтэй ба шүүгдэгч утсаа шидэж хагалсан байдал, хохирогч ***-г унасны дараа *** хутгыг хана руу чичиж хутганы үзүүр, ажлын хэсгийг тахийлгасан байдал, хутгаар хана руу чичих үед ханан дээр цус мэт зүйлийн ул мөр үлдсэн байдал, хутганы иш мултарч унасан байдал зэргээр шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр хохирогчийг хутгалж алсан нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд шүүгдэгч *** ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** ***-гийн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8,970,900 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа /2 дугаар хх-ийн 1-4/ ирүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Бусдын эрх, амь насанд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба мөн хуулийн 508 дугаар зүйлд зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.

 

Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй боловч хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон ар гэрийн зүгээс нас барсан хохирогч эхнэр хүүхэдтэй эсэх болон холбогдох баримт ирүүлээгүй байна.

 

Мөн нас барсан хохирогчийн чандрыг эх нутагт нь аваачсаны дараа гарсан оршуулахтай холбогдох зардлыг нэхэмжлэнэ гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна.

 

Иймд Монгол Улсад цогцсыг тээвэрлэх, Вьетнам улсаас Монгол Улсад ирэхэд гарсан тээврийн зардал, зочид бууудалд байрлах, цогцсыг чандарлах зэрэгтэй холбогдон гарсан 8,970,900 төгрөгийг шүүгдэгч *** ***-ээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** ***-нд олгохоор шийдвэрлэв.

 

Нас барсан хохирогчийн тал нь тэтгэвэр, төрөлх нутагт нь оршуулгын үйл хийсэнтэй холбогдох нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *** *** нь хэрэг хариуцах чадвартай болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын 137 дугаартай “...*** *** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** *** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчлөөгүй байна. *** *** нь хэрэг хариуцах чадвартай байна. *** *** нь СЭМҮТөвийн хяналтанд байдаггүй болно. *** ***-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 190-191/-ээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *** ***-ийн хувийн байдал, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон улсын яллагчийн гаргасан ялын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч *** *** нь энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 169 хоногийг хорих ялын 169 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулгүй 1 ширхэг хутга, цайвар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн богино өмд 1 ширхэг, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, хар саарал оймс 1 хос, Пила гэсэн бичиглэлтэй хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, Адидас гэсэн бичиглэлтэй хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, шар өнгийн дотоож 1 ширхэг, эвдэрч салсан гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *** ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***-д 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***-д оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч *** ***-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 169 хоногийг хорих ялын 169 /нэг зуун жаран ес/ хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч *** ***-ээс 8,970,900 /найман сая есөн зуун далан мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** /***, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** элчин сайдын яамны байранд оршин суух, дипломат үнэмлэхний дугаар -д олгож, нас барсан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “тэтгэвэр, төрөлх нутагт нь оршуулгын үйл хийсэнтэй холбогдох” нэхэмжлэлээ жич холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулгүй хутга 1 ширхэг, цайвар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн богино өмд 1 ширхэг, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, хар саарал оймс 1 хос, Пила гэсэн бичиглэлтэй хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, Адидас гэсэн бичиглэлтэй хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, шар өнгийн дотоож 1 ширхэг, эвдэрч салсан гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** ***-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *** ***-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД

 

                                              ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ

 

                                                                        Б.ИХТАМИР