Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 274

 

Т.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

хохирогч Г.Эрдэнэ-Очир,

шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Чимгээгийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр Т.Бд холбогдох эрүүгийн 1811013881060 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

................, 19.............. оны ............ дугаар сарын ..............-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 16 дугаар байрны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:СЙ................./,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фэйс” нэртэй бааранд Г.Эрдэнэ-Очирыг шалтгаангүйгээр цохиж унаган, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чимгээ бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон байх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Т.Б нь 2018 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Фэйс” бааранд согтуугаар үйлчлүүлэгч Г.Эрдэнэ-Очирыг шалтгаангүйгээр цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас аль нь ч байхгүй. Тухайлбал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зүйлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч ямар ч шалтгаангүйгээр огт танихгүй хүнийг цохиж унагаан хүнд гэмтээсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлэх арга хэмжээ аваагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн шүүгдэгч хохирол нөхөн төлөх зорилгоор 6.080.000 төгрөгийг хохирогчид өгсөн, үүнийг хохирогч авсан талаар шүүх хуралдаанд мэдүүлэг өгснөөр шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж тогтоолдоо дүгнэсэн боловч хохирогч тархины хүнд гэмтлийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, өндөр настай эцэг, эхийнхээ асрамжинд байх болсноор цаашдын эмчилгээ, ажилгүй үеийн цалин, сэтгэл санааны хохиролд 129.000.000 төгрөг нэхэмжилсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй гэж дүгнэхээр байна. Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах, 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 2 сар хорих, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ба одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, улирлын чанартай мужааны ажил хийдэг гэх боловч түүний орлогыг нотлох баримтгүй байна. Иймд шүүхийн тогтоолд “шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв. Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов” гэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймээс шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хөнгөн ялын хамгийн доод хэмжээг сонгож хэрэглэсэн нь үндэстэй эсэх, энэ нь хэргийн нөхцөл байдал, хэрэгтний хувийн байдалд тохирсон эсэх, бодитой, биелэгдэх шинжтэй эсэхийг хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн байдлаар хохирогчид учирсан хор уршиг арилаагүй байна. Ийм нөхцөлд анхан шатны шүүх шүүгдэгч Т.Бийн хувийн байдал, хохирол төлсөн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн бага буюу 10.000.000 төгрөгөөр торгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагад нийцэхгүй байна. Иймд эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

Хохирогч Г.Эрдэнэ-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд гомдолтой байна. Тэтгэвэрт байдаг аав, ээжээрээ тэжээлгээд амьдарч байна. Намайг анх эмнэлэгт хэвтэж байхад манай аав, ээж хохирлын хэмжээг 29.000.000 төгрөг гэж бичсэн байсан. Үүний дараа би Т.Бтэй уулзахад надад бэлнээр 4.000.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би иймэрхүү хэмжээний хохирол учирсан юм байлгүй гэж бодоод цагдаад гомдолгүй гээд бичиг хийгээд өгчихсөн. Гэтэл ээж, аав ийм хэмжээний хохирол гэж байхгүй гэхээр нь цагдаад дахин өргөдөл өгөөд 29.000.000 төгрөгийн хохирлын хэмжээтэй юм байна, гомдолгүй гэсэн бичгээ буцаая гэсэн. Үүнээс хойш Т.Б надтай нэг ч удаа холбоо барьж байгаагүй. Би өөрөө орлого байхгүй учир мөнгөний хэрэг гарахаар Т.Б рүү ярьдаг. Тэгэхэд Т.Б “би чамд 500.000 төгрөг л өгье. Илүүг өгч чадахгүй байна. Чи цагдаа дээр очоод гомдолгүй гээд бичиг хийгээд өгчих” гэдэг. Тэгэхээр нь би сүүлд 100.000.000 төгрөг Т.Бээс нэхэмжилсэн. Энэ нь Т.Бд гомдсон гомдол байгаа юм.” гэв.

Шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Учир нь, прокурор эсэргүүцэлдээ Т.Бийг урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан талаар дурдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Үүнээс харахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Мөн эсэргүүцэлдээ ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэсэн байна. Шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан баримтуудаас харахад Т.Б нь гэм буруу дээрээ маргадаггүй. Мөн тухайн үед өөрөө зодуулчихсан байсан учраас Г.Эрдэнэ-Очирыг андуурсан нөхцөл байдал харагддаг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэх нөхцөл болно” гэж заасанд хамаарч байна. Эсрэгээрээ хавтас хэргээс хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогддоггүй. Мөн бодит хохирол 3.967.665 төгрөг болсноос Т.Б нь хохирогчид 6.080.000 төгрөг төлсөн. Хохирогч үүнээс хойш 129.000.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь ямар хохирол болох талаар баримт байхгүй. Жишээ нь, ажилгүй байсны хохиролд 29.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Хэрэв ажилгүй байсны төлбөр гэж нэхэмжилж байгаа бол урьд нь хийж байсан ажлынхаа тодорхойлолтыг аваад ир гэхэд авчирч өгөөгүй. Мөн прокурор эсэргүүцэлдээ Т.Бийг “эрхэлсэн тодорхой ажилгүй, улирлын чанартай мужааны ажил хийдэг, түүний орлогыг нотлох боломжгүй байна” гэсэн байна. Т.Б нь сийлбэртэй гэр хийдэг. Тэгэхээр энэ хүнийг орлогогүй гэж тодорхойлж болохгүй. Тогтмол орлогогүй ч байрны лизингээ сар бүр тогтмол төлөөд явдагаас харахад орлогогүй гэж тодорхойлох боломжгүй. Иймээс торгуулын ялыг төлөх боломжтой учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фэйс” нэртэй бааранд Г.Эрдэнэ-Очирыг шалтгаангүйгээр цохиж унаган, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь:

хохирогч Г.Эрдэнэ-Очирын “...Батцэнгэл нь гаднаас орж ирээд тэнд байсан зөөгч, хамгаалагч нар руу дайраад байхаар нь би хэдэн үг хэлж байсан санагдаж байгаа юм. Түүнээс хойш өөр ямар нэгэн зүйл санахгүй байгаа бөгөөд ямар ч байсан ухаан ороход Баярсайханы гэрийн гадаа байсан бөгөөд тэндээ сууж байгаад Баярсайханыг ирэхээр нь гэртээ хүргүүлсэн юм. ...” /1хх 48-49/,

гэрч Б.Номингийн “...тэгтэл манайд үйлчлүүлж байсан нүдний шилтэй, өндөр, халзан ах тооцоогоо хийх гэж ирээд “юу болоод байна аа, ямар асуудал гараад байгаа юм бэ” гэхэд нөгөө агсан тавиад байсан ах тэр өндөр ахыг ямар ч үгийн зөрүүгүй шууд цохиод унагачихсан. Тэр ах унахдаа юм мөргөөд унасан ба 4-5 минут ухаан алдаад сэрэхгүй байсан. Тэгээд манай зохион байгуулагч тэр ахыг сэргээсэн. Нөгөө ах заал руу ороод хүмүүстэй маргалдаад замд нь таарсан бүх хүмүүсийг ална гээд агсан тавиад хэнийг ч хамаагүй барьж авч зодох гээд байсан. Тэр үед бүжгийн талбайн ширээн дээр сууж байсан  нэг ах “юу болоод байна аа” гэхээр нь “нэг хүн орж ирээд агсан тавиад байна, та наанаа түр сууж бай, босч байгаад зодуулчихав аа” гэтэл тэр ах “энэнээс яахаараа айх ёстой юм бэ” гээд нөгөө агсан тавьж байгаа ахыг “чи одоо болиоч, чи хэн юм бэ, яагаад ийм асуудал гаргаад байгаа юм” гэхэд тэр ахын ууж байсан пивоны шилээр толгойг нь цохиод толгой нь хагараад маш их цус гарсан байсан. ...” /1хх 63-65/,

гэрч С.Мөнх-Очийн “...тухайн үед намайг ажил дээрээ байж байхад манай нэг зөөгч ирээд “үүдэнд зодоон болоод байна” гэж хэлсэн. Тэгээд гараад очтол манай 2 хамгаалагч Батцэнгэл гэх залууг хоёр талаас нь барьчихсан үйлдлийг нь хориод зогсож байсан ба нөгөө залуугийн амнаас нь цус гарчихсан, нэлээн агсарсан байдалтай хүн болгоны өөдөөс дайраад байсан. ...би тэднийг хараад жоохон зохицуулалт хийгээд зогсож байтал тэр залуу гэнэт намайг газар унатал цохисон. Тэр үед толгой маш хүчтэй доргиж манаралтын байдалтай болсон. Би босоод гадаа зогсож байгаад буцаад ороод иртэл тэр залуу текний хажууд манайд үйлчлүүлж байсан залууг цохиод газар унагачихсан байсан ба тэр залуу ухаангүй 4-5 минут орчим болсон. Би нөгөө залууг ухаан оруулах гээд нүүр рүү нь усаар шавьшаад, нүүрний цэгүүд дээр нь дараад сэргээх гэж оролдсон. Тэр үед Батцэнгэл гэгч нь баарны дотогшоо ороод бас нэг үйлчлүүлж байсан хүнийг пивоны шилээр толгой руу нь цохисон гээд тэр хүний толгойноос маш их цус алдаж байсан. ...” /1хх 66-68/,

шинжээч Б.Ундармаагийн “...уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал, мохоо эд зүйлээр дагз руу цохих эсвэл цохигдож дагзаар унах, юм мөргөж унах зэрэг үйлчлэлээр үүсэх боломжтой. Гараар цохиход үүсэхгүй. ...дүгнэлтэнд дурдсан гэмтэлтэй хүн өөрийн ухаантай, гэр зуур байгаад байх боломжтой, болсон зүйлийг санахгүй байж болно. ...” /1хх 94-95, 294/,

шүүгдэгч Т.Бийн яллагдагчаар өгсөн “...зогсож байхад Эрдэнэ-Очир хажууд ирээд нэг зүйл хэлээд миний явах замыг хаагаад байхаар нь цааш түлхэнгээ зүүн гараараа шанаанд нь цохичихоод цааш яваад бүжгийн талбайгаар нь нэг хамгаалагчийг нь хайгаад явж байхдаа тэнд байсан нэг ширээг хөлөөрөө дайраад дээр нь байсан шилтэй шар айргийг нь асгачихаад, тэр ширээний хүнтэй эхэлж муудалцаад хэсэг хугацааны дараа эвлэрээд салсан. ...” /1хх 112-115/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6115 дугаартай “...Г.Эрдэнэ-Очирын биед дагзны ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны хэсгийн болон бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.” /1хх 87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 745 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6115 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Эрдэнэ-Очирын биед дагз ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан дээрх цус хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины няцрал гэмтэл учирсан. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1хх 201-203/ гэх дүгнэлтүүд,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 05291 дугаартай өвчний түүхийн хуулбар /1хх 97-109/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Бийн хохирогч Г.Эрдэнэ-Очирыг шалтгаангүйгээр цохиж унаган, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокурор Б.Чимгээгийн бичсэн “...шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, ...гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, ...шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, улирлын чанартай мужааны ажил хийдэг гэх боловч түүний орлогыг нотлох баримтгүй байх тул Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хөнгөн ялын хамгийн доод хэмжээг сонгож хэрэглэсэн нь үндэстэй эсэх, энэ нь хэргийн нөхцөл байдал, хэрэгтний хувийн байдалд тохирсон эсэх, бодитой, биелэгдэх шинжтэй эсэхийг хянаж, ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудыг заасан бөгөөд шүүгдэгч Т.Бийн өмнө нь гэмт хэрэгт шийтгүүлж байсан байдлыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Бийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар тухайн зүйлд заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөн, шүүхээс оногдуулсан торгуулын ялыг биелүүлэх боломжтой болон хувийн байдалд нь тохирсон байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд цаашид гарах хохирлын талаар нэхэмжлэл гаргах эрхтэйг шүүх шийдвэртээ заажээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Чимгээгийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Чимгээгийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

 

 ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

 

 

 ШҮҮГЧ                                                           Д.МЯГМАРЖАВ