Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0103

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

“Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч

                            Д.Цийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

               

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч Д.Ц

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Б.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: ““Т” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн 2024 оны 5 дугаар сарын 31, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0660 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г

Нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2024/1002/з

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ““Т” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн 2024 оны 5 дугаар сарын 31, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0660 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.1.5, 22.1.8, 22.2 дахь хэсгийг баримтлан Д.Цийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Д.Ц дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрт “... 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад бүрдүүлсэн материалаар дээрх өөрчлөлтийг бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.1.5, 22.1.8-д заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 22.1.3. үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл; 22.1.8. хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт; 22.1.9. улсын бүртгэлийн гэрчилгээ.” гэж зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуульд заасан баримт бичгийг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл маргаан бүхий бүртгэлүүдийг хийхэд хуульд заасан баримтуудыг бүрдүүлээгүй, эсхүл хууль бусаар бүрдүүлсэн байдаг.

3.2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан, хурлын тов хүргүүлсэн нь, хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлын шийдвэр Компанийн тухай хуульд нийцсэн эсэхийг улсын бүртгэлийн байгууллага шалгаж дүгнэх үүрэг хүлээхгүй, хуульд зааснаас өөр баримт шаардахгүй тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй гэж шүүхээс дүгнэснийг зөвшөөрөхгүй.

“Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3-д хувьцаа эзэмшигчдийн хурал товлож зарлаж, хуралдуулахтай холбоотой заалтыг зөрчиж, ээлжит бус хурлыг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарласан атлаа 2 хоногийн дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д.Ц намайг оролцуулахгүйгээр өөрөө дангаар хуралдуулж хууль бус шийдвэр гаргасныг улсын бүртгэгч хянаагүй, бүртгэхээс татгалзах ёстой атал хууль бусаар бүртгэснийг анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой. Хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.2, 19.4.3-д заасан үүргээ биелүүлээгүй.

3.3. Мөн бүртгэлийн материалд компанийн шинэ хаягийн тодорхойлолт, гэрчилгээг хавсаргаагүй байхад бүрдүүлбэр хангасан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий бүртгэлийг хийлгэхээр гаргасан баримтууд болох хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасан “... 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна” гэсэн заалтыг илтэд зөрчсөн шинжтэй байхад хянаагүй, үнэн зөвийг тогтоогоогүй төдийгүй бүрдүүлбэр дутуу байхад бүртгэсэн нь хууль бус байхад анхан шатны шүүх түүнийг зөвтгөж чадаагүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгчээс улсын бүртгэгчийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу мөн зүйлийн 22.1-д зааснаас өөр баримт шаардах ёстой байсан гэж маргаагүй, өргөдөл гаргагчийн баримт бичгүүд нь хуульд нийцээгүй, бүрдэл дутуу байхад болон хуулиар бүртгэл хийхийг хориглосон заалтыг зөрчиж бүртгэл хийсэн нь буруу гэж маргасан болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг дэмжсэн; нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжиж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

   1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Цээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “... тус хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн 2024 оны 5 дугаар сарын 31, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... иргэний хэргийн шүүхээс хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байхад компанийн улсын бүртгэлд миний зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулсан нь холбогдох хуулийг зөрчсөн, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулаагүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8, 22.1.9-д заасан баримтын бүрдэл дутуу байсан, хувьцаатай холбоотой маргаан үргэлжилж байхад бүртгэл хийх ёсгүй, хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын эрхийг зөрчсөн” гэж тодорхойлсон.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг Д.Цээс Б.Мд шилжүүлэх тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж бүртгэл хийсэн, бүртгэлд тавигдсан хоригийн тухайд үлдэх 5 хувийн хувьцааг Д.Цээс бусдад шилжүүлэхгүй байх агуулгатай байсан, Б.М нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримтыг бүрдүүлээд хандсан” гэж,

2.3. Гуравдагч этгээд нь “... компанийн 95 хувийн хувьцааг Д.Цээс Б.Мд шилжүүлэхийг даалгасан шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэл хийгдсэн, мөн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн, Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, бүртгэл хийлгэсэн, баримт бичгийн бүрдэл дутуу байсан бол улсын бүртгэлийн байгууллага буцаах байсан” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

4. Хэргийн үйл баримтын тухайд;

4.1. Б.Мийн нэхэмжлэлтэй Д.Цд холбогдох ““Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3973 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэхдээ, Б.М болон Д.Ц нарын хооронд байгуулсан 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Мд шилжүүлэхийг хариуцагч Д.Цд даалгаж шийдвэрлэжээ.

4.2. Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 6952 дугаар захирамжийг гаргаж, мөн өдрийн 586 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон бол Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт энэ талаар мэдэгдэл хүргүүлэхдээ, “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх эрхийг түдгэлзүүлсэн 2023 оны 6-1/1174 дүгээр тогтоолыг цуцалсан тухай 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 159/10 дүгээр тогтоолыг хавсаргасан.

Харин тус компанийн 5 хувийн хувьцаанд өөрчлөлт оруулах эрхийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 8097 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн хэвээр үлджээ.

4.3. Энэ хэсгийн 4.2-т заасан шүүхийн шийдвэрийг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд оруулсан өөрчлөлтөөр “Б.М 95 хувь, Д.Ц 5 хувь” гэж бүртгэсэн.

Уг бүртгэлийг үндэслэн, Б.Мөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийн дагуу түүнийг “Т” ХХК-ийн эцсийн өмчлөгч болгож өөрчилсөн бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагаас 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хийжээ.

4.4. Үүний дараа компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд болон Гүйцэтгэх захирлын мэдээлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, хаяг, утасны дугаарын өөрчлөлтийг бүртгүүлэхээр Б.Мөөс 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргахдаа, мөн өдрөөр огноолсон дугаар бүхий “Т” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжилт бус хурлын болон Төлөөлөн удирдах зөвлөлийн холбогдох тогтоолууд, хурлын тэмдэглэл, ирц бүртгэлийн хуудас, дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигч хооронд хүргүүлсэн шаардлага зэрэг холбогдох баримтыг хавсаргасан.

4.5. Улмаар улсын бүртгэлийн байгууллагаас 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн хаягийн өөрчлөлт, Гүйцэтгэх удирдлагын мэдээлэл, эрх барих этгээд /ТУЗ/-ийн мэдээлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний мэдээлэлд өөрчлөлт оруулсныг бүртгэсэн.

Хавсаргасан баримтаар, эцсийн өмчлөгчөөр 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн Б.Мөөс компанийн гүйцэтгэх удирдлага болох Д.Цд хандан, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагыг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн бол 95 хувийн хувьцаа эзэмшигчийн хувиар ээлжит бус хурлыг зарлаж буй тухайгаа 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түүнд мэдэгдэж, хариуд нь “... эдгээр хууль бус үйлдлээ зогсоохыг мэдэгдье” гэх агуулга бүхий шаардлагыг Д.Ц түүнд өгсөн байдаг.

5. Анхан шатны шүүхийн хувьд, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэл хийгээд маргааны үйл баримтын хүрээнд “... тус компанийн мэдээлэлд орсон 2024 оны 5 дугаар сарын 31, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн өөрчлөлтийг бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэрийн дагуу хийгдсэн бүртгэлд үндэслэсэн учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах, түүнээс гарсан шийдвэр хуульд нийцсэн эсэхийг улсын бүртгэлийг байгууллага шалгах үүрэггүй, Д.Цийн 5 хувийн хувьцаанд тавьсан хориг нь компанийн 95 хувийн хувьцаанд хамааралгүй, маргаан бүхий бүртгэл улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчөөгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана”, 60.3-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна: 61.1.2. төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;”, 61.4-т “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана”, 61.7-д “Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно” гэх зэргээр компанийн удирдлагатай холбоотой харилцааг зохицуулсан.

Тодруулбал, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүрийн 4 дүгээр сард багтаан хуралдуулах бол ээлжит бус хурлын тухайд хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаас товлон зарлах үндэслэл, хугацаа зэргийг тухайлан, ялгамжтай байдлаар хуульчилсан байна.

7. Маргааны үйл баримтын хүрээнд дүгнэхэд, компанийн ээлжит хурлыг товлож хуралдуулахад баримтлах хугацааны шаардлага ээлжит бус хуралд хамаарахгүй тул “... компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 60.1, 60.3-д заасантай нийцэхгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

8. Харин Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““хуулийн этгээдийн улсын бүртгэл” гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.4. үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; 4.1.5. нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;”, 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: 19.4.2. энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; 19.4.3. энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;” гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 22.1.3. үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл; 22.1.8. хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт; 22.1.9. улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх зэргээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд баримтлах зарчим, шаардлага, журам зэргийг тусгаснаас үзэхэд, хууль тогтоомжийн эдгээр зохицуулалтын дагуу улсын бүртгэлийн байгууллага нь тухайн бүртгэл хийх үндэслэл нь хавсаргасан баримтаар нотлогдсон тохиолдолд бүртгэх, үгүй бол татгалзах шийдвэр гаргах эрх хэмжээтэй, харин бүртгэл хийх үндэслэл болсон баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг магадлах чиг үүрэггүй болно.    

Өөрөөр хэлбэл, “Т” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд нь Компанийн тухай хуульд нийцсэн эсэх маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

9. Маргааны энэ тохиолдолд, Б.М нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагыг тухайн үеийн гүйцэтгэх удирдлагад гаргасан, улмаар 95 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэний дараа ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, хуулийн этгээдийн мэдээлэл, удирдлагын холбогдох өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж, эдгээр баримтаа хавсарган хүргүүлсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан “хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл өөрчлөлт оруулах”-тай холбоотой зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтг үндэслэл бүхий болжээ.

10. Энэ хэсгийн 4.1, 4.2-т заасан шийдвэр, түүнийг албадан гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 02/159/11178 дугаар албан бичгээр “… хуулийн этгээдийн гэрчилгээ, тамганы асуудлыг шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх” арга хэмжээ авахыг мэдэгдсэн бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000306*** дугаартай гэрчилгээг дахин олгосон байх тул өргөдөлд уг баримт бичгийн бүрдэлд дутуу гэж дүгнэх үндэслэлгүй.

11. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 159/10 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 8097 дугаар захирамж зэрэг бичгийн нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн 2024 оны 5 дугаар сарын 31, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хийх үед Д.Цийн эзэмшлийн 95 хувийн хувьцаанд тогтоосон хориглолт цуцлагдсан, харин түүний 5 хувийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хүчинтэй хэвээр байсан тул “... хуулиар бүртгэл хийхийг хориглосон заалтыг зөрчсөн” гэх давж заалдах гомдлын үндэслэлийг  ч хүлээн авах боломжгүй юм.

12. Түүнчлэн анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалд заах үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ