Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2019/0019

 

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2019/0019

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К Ж К Э ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуучлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын К Ж К Э ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай тушаалын К Ж К Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тус А/121 дүгээр тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчаас маргаан бүхий тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт үндэслэсэн гарсан байдаг. Тус Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар ашиглах эрхийн дуусгавар болгох үндэслэлүүдийг хуульчилж өгсөн байхад газар ашиглах тухай гэрээг цуцалсан. Түүнчлэн маргаан бүхий акт нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Монгол Улсан Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот албан даалгавар, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаартай саналд үндэслэж 78 аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан. К Ж К Э ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан газрын төлбөрийг төлөөгүй, 2 жилийн хугацаанд газрыг ашиглаагүй гэж үзэх буруу юм.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга гэж маш тодорхой заасан байхад тус хуулийг зөрчиж сайд тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгзэр зүйлийн 40.3Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэлийг тодорхой хуульчилсан байхад Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг зөрчсөн.

Маргаан бүхий тушаалаар газар ашиглах гэрээг цуцалсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг зөрчсөн. Хуульд заасны сум, дүүргийн Засаг дарга хамгаалалтын захиргаатай хамтран тухайн аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах гурвалсан гэрээг байгуулдаг билээ. Гэтэл гэрээний аль тал биш, өөр этгээд болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэрээг дангаар цуцалж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтыг зөрчиж гомдол хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй байна.

Захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож хуульчилсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохицуулсан хуулийг зөрчин шийдвэр гаргасан.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар К Ж К Э ХХК-иас шүүхэд нэхэмжлэлийг гаргасны дагуу эцэслэн шийдвэрлэгдэж Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаанаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаартай тогтоол гаргасан. Уг тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, шинэ акт гаргахыг даалгасан, хэрэв 6 сарын хугацаанд тогтоолыг хуульд нийцүүлэх арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол хүчингүй болгохоор шийдвэрлэгдсэн байдаг. Шүүхээс тогтоосон 6 сарын хугацаа нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дууссан бөгөөд дахин шинээр акт гаргаагүй байгаа.

К Ж К Э ХХК нь газрын төлбөрийг бүрэн төлсөн тул газрын төлбөрийг төлөөгүй гэж газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг үндэслэсэн. Нэхэмжлэгч К Ж К Э ХХК нь хуулийн дээрх заалтыг зөрчиж газрын төлбөрийг төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус газрыг 2 жил ашиглаагүй тул газар ашиглах эрхийг цуцалсан.

Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шийдвэрийг гаргах бүрэн эрхгүй гэж тайлбарлаж байгаа боловч сайд газар ашиглах эрхийг дуусгавар болгох бүрэн эрхтэй байдаг энэ эрхийн хүрээнд К Ж К Э ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалсан.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 03 дугаартай Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай тогтоолыг хүчингүй болгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар ямар нэгэн мэдэгдэл, тайбарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар бүхий саналыг үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг цуцлах үндэслэл болдог. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 дүгээр тушаалаар[1] нэхэмжлэгч К Ж К Э ХХК-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг, Түргэний аманд 10,0 га газрыг 5 жилийн хугацаатай аялал жуучлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрчилгээ[2] олгож, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр газар ашиглах гэрээг[3] байгуулжээ.

Улмаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар[4] газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно, гээд 1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 2 дахь хэсэгт тухайн тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд мөн хуулийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшиж ашиглаагүй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс гэрээнд зааснаар газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн, хүндэтгэн үзэх шалтгаан буюу газрын төлбөрийг эрс нэмэгдүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой маргасан тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус маргажээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 тоот албан бичгээр[5] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй 79 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыг хүргүүлсэн ба нэхэмжлэгч дээрх жагсаалтад багтжээ.

2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан газар ашиглах гурвалсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.б-д газрын жилийн төлбөрийг 12,000,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан Улаанбаатар хотын банканд газрын төлбөр төлсөн талаарх баримтууд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16/1341 тоот албан бичиг[6], түүний хавсралтаар нэхэмжлэгч тус албаны төлбөрийн орлогын 26******* тоот дансанд 2016 онд 16,700,000 төгрөг, 2017 онд 1 сард 6,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 6,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 6,000,000 төгрөгийг тус тус төлсөн байх тул түүнийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Нийслэлийн газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01-ний өдрийн 09/2405 тоот албан бичиг[7], түүний хавсралтаар нэхэмжлэгчийг 368,734,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хэдий ч нэхэмжлэгчээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай 03 дугаар тогтоолтой маргаж, тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор маргаан бүхий 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул дээрх 03 дугаар тогтоолыг үндэслэж нэхэмжлэгчийг төлбөрийн үлдэгдэлтэй мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Нөгөөтээгүүр Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-д зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

Тус шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт барилга, байгууламж, зам талбай бариагүй, хашаалаагүй зэргээр үйл ажиллагаа явуулаагүй хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэрлэн хээ ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний төлбөрийг төлсөн, барилгын эскиз зураг хийлгэсэн, мөн газар ашиглах гэрээний үндсэн нөхцөл болох газрын төлбөрийг эрс нэмэгдүүлсэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар тогтоолтой холоотой маргаан үүсгэж, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор маргааныг эцэслэсэн зэргээс дүгнэхэд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшиж ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 07 тоот албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн сайдын А/121 дүгээр тушаалтай холбоотой К Ж К Э ХХК-тай сонсох ажиллагаа хийсэн материал байхгүй гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын К Ж К Э ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч К Ж К Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын К Ж К Э ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ