Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/224

 

 

 

 

        

    2023      07         24                                         2023/ШЦТ/224

                                

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Хохирогч Т.О-,

Шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т холбогдох эрүүгийн 2338001500206 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Т-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т- нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Т.О-ийг гэрт нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338001500206 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т.О-ийг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...хохирогчийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч намайг их хэмжээний мөнгө нэхсэн мэтээр яриад байгаа хэдий ч тийм зүйл байхгүй. Мөн надад 1.500.000 төгрөг өгсөн гэж хүнд ярьсан байсан. Одоо ч гэсэн миний бие өвдсөөр байгаа. Жил гаруй толгой минь өвдөж байна. ...гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ хоёр хүүхдийн хамт байж байтал гаднаас Д.Т- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Д.Т- нь гэрт орж ирээд хэрүүл маргаан үүсгэж, хэрүүл гуйх байдалтай “танайх жигтэйхэн баян гэлүү, Түмэннасан муу пизда, гөлөг” гэсэн үг ярихаар нь “чамд манай аав элдвээр хэлүүлэх нь битгий хэл чамаас цаадах нь элдэв үгээр хэлж доромжилж байгаагүй” гэж хэлж уурласан. Тэгээд би тогоо нэрээд зогсож байтал миний араас Д.Т- нь гараараа толгой хүзүү хэсэг рүү цохиж авахаар нь эргэж хараад гарнаас нь барьж авсан. Тэгтэл хуүхдүүд уйлахаар нь “гаръя, балай минь” гэж хэлээд хамт гараас нь барьсан чигээрээ өөрийгөө цохиулахгүй гэж гараас нь атгаж барьж аваад гэрээс гартал намайг шахаж түлхэн гадаа зогсож байсан Приус-20 машин руу түлхэж ар нуруу хэсгээр түлхэж дарж машин мөргүүлсэн. Д.Т-т цохиулж зодуулсны улмаас толгой өвдөөд байхаар нь эмнэлэг болон цагдаад хандаж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу эх барих эмч Саруул, хэсгийн төлөөлөгч Цогтбаяр нар ирж үзэн намайг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Цогтбаярт дуудлага өгч болсон үйл явдлыг хэлж ярьж өргөдөл өгсөн боловч шийдэж өгөхгүй өнөөдрийг хүргэсэн. Тухайн үед эмнэлэгт үзүүлж харуулсан зураг болон бусад холбогдох баримтууд он сар өдрөөрөө байгаа. Д.Т- нь эхний удаа эмчилгээний мөнгө гэж 400,000 төгрөг өгсөн. ...Би Д.Т-т зодуулснаас болж надаас эмчилгээний зардал гэж нийт 3 сая төгрөг болсон. Жишээ нь би Улаанбаатар хот руу явж 2 дугаар эмнэлэгт үзүүлж чадаагүй ирсэн. Дараа нь 3 дугаар эмнэлэгт тархины МР1 хийлгэсэн гэх мэтээр унааны зардал болон урсгал зардлууд гарсаар байгаад ямар ч байсан 3,000,000 төгрөг болсон. Энэ мөнгийг Д.Т-өөс нэхэмжилнэ. Одоогоор надад баримт гэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 18 тал/,

Гэрч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр Д.Т- нь ганцаараа мотоциклио уначихсан согтуу манай гэрт ирсэн юм. Би Д.Т-ийг гайгүй согтолттой байна гэж харсан тул гайгүй байх гэж бодоод би морио унаад адуундаа явсан юм. ...би адуугаа олохгүй ууланд хоноод маргааш өдөр нь 11 цагийн үед гэртээ иртэл гэрт хүн байгаагүй. Би хадам ээж рүү залгаад эхнэрийг байна уу гэж асуухад хадам ээж Мандахнар надад “Д.Т- өчигдөр Т.О-ийг зодсон байна. Тэгээд Д.Т.О- сумын төв рүү эмнэлэгт үзүүлэхээр явсан" гэж хэлсэн. Тэгэж л би Д.Т-ийг манай эхнэрийг зодсон гэдгийг нь мэдсэн. Дараа нь би эхнэртэйгээ уулзаад асуутал “Д.Т- надад агсам тавьж намайг зодсон, толгой маань өвдөөд байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 151 дугаартай: “...Т.О-ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. Т.О-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сард өдрийг одоо сайн санахгүй байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Улиаг нэртэй газарт байх Т.О-ийн гэрт ганцаараа очсон юм. Тэдний гэрт очихоосоо өмнө нь би 1 литрийн хэмжээтэй монгол архи ганцаараа уусан байсан. Гэхдээ би тасраад юу болж байгааг мэдэхгүй байсан. Нэг мэдэхэд би Т.О-тэй муудалцаад түүнийг машин руу нь түлхэж унагаасан. Унахдаа толгойгоороо машин руу мөргөчихсөн юм. Тэгээд би тэндээс шууд яваад өгсөн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би дээрх асуудал болсны дараа Т.О-т 400,000 төгрөгийг бэлнээр өгөөд уучлалт гуйсан юм. Би бодит зардлыг нь төлнө. Түүнээс биш сураг сонсоход Т.О- нь надаас их мөнгө авна гэсэн сураг гараад байгаа, түүний амаар хэлсэн мөнгөн дүнг өгөх боломжгүй. Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.О-, гэрч Ч.С- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Т- нь Д.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т.О-ийг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.О-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Т-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Т-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Т.О-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Т-ийн хохирогч Т.О-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч Т.О- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Т- нь хохирогчийн эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг өгсөн, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх мөнгийг хүлээн авсан талаар мэдүүлж, гомдолгүй гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.О- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Т-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 37-41, 47 талд авагдсан ...зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Т- ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Т- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн: “...миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Т-т 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2338001500206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.О- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Т-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн 2338001500206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР