| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0101/И |
| Дугаар | 179 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь, Замын-Үүд сум, Сүлд багт оршин суух, Б овогт Б.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сүлд багт оршин суух, ... ажилтай, Н овогт Д.Ц-д холбогдох орон сууцны болон байранд засвар хийсний 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“…Миний бие 2019 оны 07 сарын 08-ны өдөр Д.Ц-н 875 мкв байр 48,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Би байрны урьдчилгаанд Приус-20 маркийн авто машинаа 12,000,000 бодож дээр нь 6,000,000 төгрөг төлж нийт 18,000,000 төгрөг төлж үлдсэн 30,000,000 төгрөгийг банкны санхүүжилтээр 2019 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар гэрээ хийсэн. Энэхүү гэрээний дагуу үлдэгдэл 30,000,000 төгрөг өгөх гэсэн боловч Д.Ц нь 3566 мкв байраа 875 мкв гэж худал ярьж маргаан гарсан. Энэхүү үл ойлгоцлоос болж би Приус-20 авто машинаа буцаан авсан.
Д.Ц-д өгсөн 6 сая төгрөг болон гэрт нь засвар хийсэн мөнгөтэй нийлээд нийт 7,291,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Уг байранд засвар хийж байхдаа бойлер сольсон түүнийгээ биетээр авах гэсэн нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчийн хооронд 2019 оны 07 сарын 08-ны өдөр анх гараар гэрээ хийсэн байдаг. 87мкв байрыг 48 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт приус 20 маркийн машинаа 12 сая төгрөгөөр бодож сар бүр 6 сарын турш 1 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг банкны санхүүжилтээр өгөхөөр анх харилцан тохиролцсон байдаг. Гэрээ байгуулснаас хойш Д уг байрандаа орсон, 87 мкв өргөтгөл хийсэн байр байсан, анх гэрээ хийхдээ талууд байрны гэрчилгээгээ харж өгөлцөж аваагүй байдаг. Гэрээний үүргийн дагуу 6 сарын төлбөрийг өгч дуусаад банкны зээл хөөцөлдөх болж гэрчилгээгээ аваад натиоратаар орж яг албан ёсоор худалдах худалдан авах гэрээг хийх гэтэл уг байрны үл хөдлөхийн гэрчилгээн дээр нь 35 мкв гэж бичигдсэн байсан учир зээл гарах боломжгүй болсон. Ингэснээр анх зээлийн гэрээ худалдагч талаас зөрчигдөж эхэлсэн. Б.Д Д.Ц-с ядаж үл хөдлөхийн гэрчилгээн дээрх бичилтээ өөрчлөөд өгөөч гэж 1 сар гартал гуйсан боловч сольж өгөөгүйгээс болоод Б.Д үлдэх төлбөрийг өгөх боломжгүй болж гэрээнээс татгалзаж байрыг чөлөөлж өгсөн.
Б.Д нь уг байранд 6 сар байх хугацаандаа өөрийн хөрөнгөөр нойлд иж бүрэн засвар хийсэн байдаг, энэ зардал эхний нэхэмжлэлээр 2 сая төгрөг болсон байх гэж тооцоолоод нэхэмжлэлээ өгсөн. Шүүхэд өгсөн даруйдаа нотлох баримтын хэмжээнд бүх зардлаа тооцоолоод нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан.
Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс талууд татгалзсан учир харилцан өгсөн авснаа буцаах үүрэг хүлээж байгаа юм. Иймд Ц болон уг үл хөдлөх хөрөнгөний албан ёсны эзэмшигч нараас урьдчилгаанд өгсөн 6 сая төгрөг, нойлын өрөөнд иж бүрэн засвар хийсэн 1,291,100 төгрөг нийт 7,291,100 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нойлын өрөөнд засвар хийхдээ бойлер шинээр нь авч тавьсан байдаг үүнийгээ биет байдлаар буцаан авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Одоо харин гэрээнээс талууд татгалзаад өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүрэгтэй, тэгэхээр Б.Д шаардах эрх нь бүрэн үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг орон сууцыг Б.Д-д 48,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. 2012 оны Приус-20 авто машин 12,000,000 төгрөгөнд тооцож авахад үлдэгдэл мөнгөө сард 1,000,000 төгрөг өгч байгаад 2019 оны 12 сарын 31-ний өдөр тооцоо хийнэ гэж цаасан дээр хувь гэрээ хийсэн. 2019 оны 7 сарын 02-ны өдөр приус-20 маркийн авто машинаа авчирч өгсөн. Б.Д урьдчилгаа өгсөн учир байраа суллаж өг гэсний дагуу 2019 оны 06 сарын 24-ний өдөр айлуудаа чөлөөлсөн. Ах байрны үнэнд оролцуулсан машиныг харая, гэрчилгээг нь харая гэсний дагуу зургийг нь дараад явуулсан чинь 2019 оных биш байна гэсэн. Намайг машин мэдэхгүй болохоор хуурсан байна. Б.Д 7-12 саруудад сар болгон 1,000,000 өгч нийт 6,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Өгсөн мөнгөнөөс сар бүр өөрийн амьдарч байгаа байрны түрээсээ төлж байсан, сард өгч байсан 1,000,000 төгрөгний зарцуулалт 2019 оны байрны түрээс, байрны ус дулаан, СӨХ, цахилгааны төлбөр 6 сард 457,800 төгрөг, 7 сард 458,370 төгрөг, 8 сард 469,756 төгрөг, 9 сард 499,950 төгрөг, 10 сард төгрөг, 503,950 төгрөг, 11 сард 510,000 төгрөг, 12 сард 528,000 төгрөг, 2020 оны 01 сард 345,000 төгрөг, нийт зардал 4,117,826 төгрөг зарцуулсан байна.
Анх гэрээг хийхдээ байранд засвар хийх, түрээслэх асуудал гэрээнд тусгагдаагүй. Иймд засварыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тооцоо бүрэн дуусаагүй өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байж дур мэдэн өрөөнүүдийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр түрээслэн орлого олж байсан ба түрээсийн төлөлтийг өөрөө ашигласан байна. Байрны хувьд би анх хэлэхдээ 88,05 мкв гэж хэлсэн. Үл хөдлөхийн гэрчилгээн дээр 35 мкв гэж байсан мкв нэмүүлж амжаагүй ах маань банкинд тавьж зээл авсан. Байрныхаа үлдэгдэл мөнгийг төлөөд машинаа нэр дээр чинь шилжүүлж өгье гэтэл байрыг чинь авахгүй хүйтэн байна гэсэн. Надад 20,000,000 төгрөгний зээл гарч өөр мөнгө нэмж өгч чадахгүй гэснээс наймаа буцсан болно.
Өгсөн 6,000,000 төгрөгнөөс 4,117,826 төгрөг амьдарч байсан байрны түрээсэнд өгсөн. Мөн приус-20 автомашинд шинэ аккумлятор 1 ширхэг 120,000 төгрөг, өндгөн тулгуур 1 ширхэг 120,000 төгрөг, 4 свечэ 50,000 төгрөг, дугуй 4 ширхэг 100,000 төгрөг, засварын хөлс 90,000 төгрөг, нийт 480,000 төгрөг машинд зарцуулсан.
Б.Д байрнаас гарахад цахилгаан байхгүй байсан цахилгааны гал хамгаалагчийг буудуулснаас болж цахилгааны утас, гал хамгаалагч, разеткуудыг сольж 150,000 төгрөг болсон. Цахилааны төлбөр 126,000 төгрөг, дулаан усны төлбөр 150,000 төгрөг төлөөгүй байсныг нийт 276,000 төгрөг төлсөн. Байр авна гэж олон сар хүлээлгэсний эцэст нийт 5,023,826 төгрөгийн зардал гарч өрх толгойлсон эмэгтэй надад маш хүндээр тусч байна... Гэрээний 1.2-т зааснаар талууд тэгш эрхтэй, ямар нэгэн дарамт шахалтгүй нэг хүсэл зорилгод нийцэж хийсэн. 3.1, 3.2-т зааснаар худалдагч талаас худалдан авагч талд орон сууцны чанар ашиглалтын мэдээллийг үнэн зөв өгч биет байдлаар орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой байрыг хүлээлгэн өгсөн. Б.Д 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дотор байрны төлбөрийг өгч барагдуулна гэсэн боловч тухайн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. Миний зүгээс 2019 оны 06 сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн. 2020 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл Б.Д бүтэн 7 сарын турш амьдарсан. Энэ хугацаанд худалдах худалдан авах гэрээ хийсэн учраас би хөндлөнгөөс оролцох шаардлага байхгүй болно.
Б гэдэг айлд сарын 300,000 төгрөгөөр түрээслэн ашиг олж амьдарч байсан. Гэрээний 1.3-т тусгаагүй харилцааг хуулийн дагуу зохицуулах гэж тохиролцсон. Худалдан авагч нь миний байрыг цаашид гэрээнд заасан цаг хугацаанд цуцлах боломж байсан боловч цаг хугацаа ашиглаж зориудаар ашиг олж байсан. Тэр ч бүү хэл засвар үйлчилгээ хийж худалдан авч байгаа дүр исгэж надад итгэл төрүүлж засвар үйлчилгээ хийж хуурч байсан байна. Гэрээний үүргээ биелүүлэх хугацаа дууссан байсан ч авах хүсэл сонирхол нь хэвээрээ байсан гэж харсан. Энэ нь намайг хуурах гэсэн дүр исгэлт байсан байна. Худалдагчийн итгэлийг олох замаар дүр исгэж, итгэл төрүүлж үнэ төлбөргүй ашиглаж байсанд торгууль төлөх ёстой.
МУ-ын иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу ашиглуулах 7 сарын 600,000 төгрөг гэж бодоод 4,800,000 төгрөг, үндсэн төлбөрийг 3,200,000 төгрөгийг суутгалд тооцно. Учир нь орон сууц худалдах худалдан авах гэрээгээр бусад харилцааг хуулиар зохицуулах гэж заасан. Иймд иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243.1, 262.1, 181.1, 302.1 заалтуудыг үндэслэн гэрээний үүргээ биелүүлээгүй худалдагч талд хохирлоо барагдуулах тал байгаа юм. Тус орон сууц нь заавал засвар үйлчилгээ хийх шаардлага байгаагүй бөгөөд амьдран суух боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би байрныхаа мкв-ын үнийг 500 төгрөгөөр бодоод 48 сая төгрөгт өгсөн байдаг. Бойлерыг буцааж өгч болно.
Гэрч У.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Б.Д худалдан авсан гэх байранд Б.Д хүсэлтийн дагуу бохирын шугам шинээр тавьсан. Бохирын шугам гэдэгт 16 м урт турбаг хуучин нойлоос шинэ нойл хүртэл тавьсан. Суултуур, угаалтуур, бойлуур, цэвэр усны шугам зэргийг шинээр тавьж холбож өгсөн. 2019 оны хавар хийж байсан гэжээ.
Гэрч Б.О шүүхэд гаргсан мэдүүлэгтээ: Б.Д худалдаж авч байгаа байрных нь мкв нь бага байсан. Хуучны сунгаагүй, өргөтгөл хийгдээгүй мкв-р байсан. Зарж байгаа хүн нь өргөтгөл хийсэн дүнгээрээ зарах гээд байсан. Үл хөдлөхийнхөө гэрчилгээн дээр хуучин өргөтгөл хийгдээгүй мкв-р байсан учраас зээл гарах боломжгүй болсон. Мкв-аа үл хөдлөхийн гэрчилгээн дээрээ шинэчлээд ир гээд явуулсан чинь боломжгүй гэж хэлсэн гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Ц-с орон сууцны болон байранд засвар хийсний 8,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:
Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч Б.Д-с 2019 оны 07 сарын 08-ны өдөр Д.Ц-н 875 мкв байр 48,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Байрны урьдчилгаанд Приус-20 маркийн авто машинаа 12,000,000 бодож дээр нь 6,000,000 төгрөг төлж нийт 18,000,000 төгрөг төлж үлдсэн 30,000,000 төгрөгийг банкны санхүүжилтээр 2019 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар гэрээ хийсэн. Энэхүү гэрээний дагуу үлдэгдэл 30,000,000 төгрөг өгөх гэсэн боловч Д.Ц нь 3566 мкв байраа 875 мкв гэж худал ярьж маргаан гарсан. Энэхүү үл ойлгоцлоос болж би Приус-20 авто машинаа буцаан авсан мөн Д.Ц нь үлдэгдэл 6,000,000 төгрөг болон 00-ын өрөөнд хийсэн засварын материал 2,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох зохигч нарын хооронд 2019 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээ, Б.Д Х банкны дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч У.Б”...худалдан авсан гэх байранд Б.Д хүсэлтийн дагуу бохирын шугам шинээр тавьсан. Суултуур, угаалтуур, бойлуур, цэвэр усны шугам зэргийг шинээр тавьж холбож өгсөн. Ажлын хөлсөнд 300,000 төгрөг тохиролцоод 300,000 төгрөгөнд гутлын тавиур авсан” гэх мэдүүлэг, гэрч Б.О...” Худалдаж авч байгаа байрных нь мкв нь бага байсан. Хуучны сунгаагүй, өргөтгөл хийгдээгүй мкв-р байсан. Зарж байгаа хүн нь өргөтгөл хийсэн дүнгээрээ зарах гээд байсан. Үл хөдлөхийнхөө гэрчилгээн дээр хуучин өргөтгөл хийгдээгүй мкв-р байсан учираас зээл гарах боломжгүй болсон. Байрныхаа мкв-аа үл хөдлөхийн гэрчилгээн дээрээ шинэчлээд ир гээд явуулсан чинь боломжгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэргээр батлагдан тогтоогдож байна.
Иймд хариуцагч Д.Ц-с орон сууцны 6,000 төгрөг болон гэрт нь засвар хийсэн төлбөр нийт 7,291,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 131,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д-с 131,606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ч.Д-с байрны үнэ болон байранд засвар хийсний зардалд 7,291,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 709,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 131,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д-с 131,606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.
3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Ц