Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

           Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа

Хохирогчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

Хохирогч Б.Онончимэг

Шинжээч Г.Мөнхнаран

            Шүүгдэгч Б.Нямдаваа нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Нямдаваад холбогдох 201623010064 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1971 оны 07 сарын 19-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 22-р хороо Зүүн нарангийн 13-126 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЭ71071976 регистрийн дугаартай Боржигон овогт Батмөнхийн Нямдаваа.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Нямдаваа нь 2016 оны 10 сарын 21-ний орой 21 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Говийн 02-02 тоот хашаанд байх төрсөн дүү Б.Сугар-Очирын гэрт гал түлэх үедээ зууханд савтай бензин хийснээс болж гал гарч гэр шатах явцад Б.Сугар-Очирын бага насны хоёр хүүхэд галд шатаж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            -Хохирогч Б.Онончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “Манайх Бор-Өндөр сумын төвд Говийн 02-02 тоот хашаанд 5 ханатай монгол гэрт амьдардаг байсан. Манайх хашаандаа эд хогшил хийхээр модоор амбаар хийлгүүлэхээр Улаанбаатар хотоос Нямдаваа ахыг дуудсан. Нямдаваа ах манай амбаарыг барьж өгөхөөр 2016 оны 10 сарын 20-ны орой 20 цагийн үед ирсэн. 2016 оны 10 сарын 21-ний өглөө босоод амбаараа барьсан. Тэгээд 2016 оны 10 сарын 21-ний орой 18 цагийн үед хоолоо ид гэж хэлэхэд Нямдаваа ах хийж байгаа ажлаа болиод гэртээ орж ирсэн. Тэгээд нөхөр бид хоёр орой 20 цаг 20 минутын үед гэрээсээ гарч хадам эгчийн гэр лүү очиж ус авчирахаар мотоцикльтой явсан. Тэгэхэд Нямдаваа ах манай 2 хүүхэдтэй цуг үлдсэн. Би бага хүүхдээ унтуулууд гэрийнхээ баруун талын орон дээр тавиад гарсан. Нөхөр бид хоёр хадам эгчийнд ирээд 20 гаран минут болоод гэрээс нь гарсан. Хадам эгчийн гэрээс гарахад тэднийхээс урагшаа гал гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь нөхөртэйгээ яараад гэртээ ирсэн чинь манай гэр шатчихсан байсан. Гэрийн баруун урд талын хэсэг шатаж дуусаагүй байсан. Нөхөр бид хоёрыг ирэхэд Нямдаваа ах гэрийн баруун урд талд доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод хүүхдүүд хаана байна вэ гэхэд байхгүй, гэртээ байгаа, галаас гаргаж чадаагүй гэж хэлсэн. Тэгээд шатаж байгаа гэр лүү очихоор ойртуулахгүй байсан. Гал асаж байсан болохоор дотор нь юу байгаа, хаана хүүхдүүд маань байгаа харагдахгүй байсан. Би онцгой байдлынхан ирээд галыг унтраасаны дараа ч гэсэн хүүхдүүдээ олж хараагүй. 2016 оны 10 сарын 21-ний шөнө хэргийн газрыг хамгаалалт авч хоноод 2016 оны 10 сарын 22-ны өдөр шинжээч нар ирээд гэрийн шатсан үнс нурман дундаас миний хүүхдийг гаргаж авсан. Миний хоёр хүүхэд галд шатаад нас барсан. Миний бага охин гэрийн баруун талын орон дээр унтаад үлдсэн. Харин том охин гэрийн зүүн талын баганы хажууд зогсож байсан. Нямдаваа ах галын амны хажууд сандал дээр сууж байсан. Би гэрээс гарахдаа галаа түлсэн байсан. Манайх ундны усгүй болчихоод хадам эгчийн гэр лүү усанд явсан. Нямдаваа ах архи уугаагүй байсан. Нөхөр бид хоёр Нямдаваа ахтай хэрэлдэж маргалдаагүй, өс хонзон, өр авлага байхгүй. Манай гэрт 2 ширхэг 2.5 литрийн хүрэн өнгийн пивоны савтай бензин байсан. 2-уулаа дүүрэн бензин байсан. Манай нөхөр мотоциклиосоо уг савнуудад хийгээд хөдөө явуулах гэж байсан. 2016 оны 10 сарын 21-ний өдөр уг саванд хийгээд гэртээ оруулж тавьсан. Нөхөр бид хоёр гэрээсээ ус авахаар яваад 20 гаран минутын дараа ирсэн. Миний том охин 2014 оны 01 сарын 16-ны өдөр төрсөн, 2 нас 9 сартай. Миний бага охин 2016 оны 05 сарын 24-ний өдөр төрсөн, 4 сар гарантай байсан. Манай хүүхдүүд биеийн байдал хэвийн эрүүл саруул байсан. Би гомдолтой байна. Миний хүүхдүүдийг галаас авч гараагүйд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/

            -Хохирогч Б.Онончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “Галын улмаас манай гэрийн бүх эд зүйл шатсан. Галд шатаагүй үлдсэн зүйл байхгүй. Үүнийг нэг бүрчлэн дурдвал 5 ханатай монгол гэр 1500000 төгрөг, 6 метрийн эрдэнэт хивс 700000 төгрөг, 4 метрийн эрдэнэт хивс 350000 төгрөг, 1.70 метрийн эрдэнэт хивс 160000 төгрөг, 1.40 метрийн эрдэнэт хивс 120000 төгрөг, Samsung LCD 32 инчийн зурагт 550000 төгрөг, угаалгын машин 180000 төгрөг, хувцасны модон шүүгээ 550000 төгрөг, модон авдар 100000 төгрөг, хоолны модон шүүгээ 450000 төгрөг, хөргөгч 350000 төгрөг, модон ор 180000 төгрөг, шилэн том ширээ 100000 төгрөг, шилэн жижиг ширээ 30000 төгрөг, LG маркийн гар утас 150000 төгрөг, Nokia маркийн гар утас 30000 төгрөг, печ шарагч 80000 төгрөг, будаа агшаагч 35000 төгрөг, индукцин плитка 45000 төгрөг, ус буцалгагч 15000 төгрөг, бэлэн хувцас 500000 төгрөг, аяга халбаганы ком 60000 төгрөг, сав суулга 150000 төгрөг, зуух 100000 төгрөг, дрож, хулдаас 100000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа. Манай гэрт байсан бэлэн 1600000 төгрөг шатсан. Нөхөр бид хоёр Хаан банкнаас 2016 оны 10 сарын 18-ны өдөр цалингийн зээл авсан. Нөхөр бид хоёр 2300000 төгрөгний зээл аваад тэр мөнгөнөөс 1600000 төгрөг үлдээд байсан. Манай гэрт 1600000 төгрөг байсан гэдгийг нөхөр, бид хоёроос өөр мэдэх хүн байхгүй. Орон нутгийн үнэлгээний дагуу эд зүйлийн үнэ 6585000 төгрөгийг мөн бэлэн байсан 1600000 төгрөгийг мөн оршуулгын зардалд гарсан зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

            -Гэрч Б.Сугар-Очирын мөрдөн байцаалтад өгсөн “Манайх Бор-Өндөр сумын 3-р баг Говийн 02-02 тоот хашаанд 5 ханатай монгол гэрт амьдарч байсан. Манайх хашаандаа эд хогшил хийхээр модоор амбаар хийх гэж байсан. Тэгээд амбаар хийлгүүлэхээр Улаанбаатар хотоос би төрсөн ах Нямдавааг хүрээд ир гээд дуудсан. Нямдаваа ах манайд 2016 оны 10 сарын 20-ны орой 20 цагийн үед ирсэн. 2016 оны 10 сарын 21-ний өглөө босоод амбаараа барьж эхэлсэн. Би өглөө эрт ажилдаа яваад орой 18 цаг 10 минутад ирсэн. Нямдаваа ах гэрт орж хоол идсэн. Эхнэр бид хоёр орой 20 цаг 20 минутын үед гэрээсээ гарч манай эгчийн гэр лүү очиж ус авчирахаар явсан. Тэгэхэд манай гэрт Нямдаваа ах манай хоёр хүүхэдтэй цуг үлдсэн. Манай эхнэр бага хүүхдээ унтуулаад гэрийнхээ баруун талын орон дээр тавиад гарсан. Эхнэр бид хоёр манай эгчийнд ирээд 20 минут болоод гэрээс нь харих гээд гарсан. Манай эгчийн гэрээс гарахад тэднийхээс урагшаа гал гарч байгаа, юм шатаж байгаа харагдсан. Тэгэхээр нь эхнэртэйгээ яараад гэртээ ирсэн чинь манай гэр шатчихсан байсан. Гэрийн баруун урд талын хэсэг шатаж дуусаагүй байсан. Бусад эд зүйл бүгд шатсан байсан. Эхнэр бид хоёрыг ирэхэд Нямдаваа ах гэрийн баруун урд талд доошоо хараад хэвтэж байсан. Би тухайн үед гал руу орох гээд орж чадаагүй. Тэгж байтал онцгойгийнхон ирээд бид нарыг гал руу ойртуулахгүй байсан. Гал асаж байсан болохоор дотор нь юу байгаа, хаана хүүхдүүд маань байгаа нь харагдахгүй байсан. Би онцгой байдлынхан ирээд галыг унтраасаны дараа ч гэсэн хүүхдүүдээ олж хараагүй. 2016 оны 10 сарын 21-ний шөнө хэргийн газрыг хамгаалалтад авч хоноод 2016 оны 10 сарын 22-ны шөнө шинжээч нар ирээд шатсан гэрийн үнс нурман дундаас миний 2 хүүхдийг гаргаж авсан. Тухайн үед нь би хүүхдүүдээ нас барсан байгааг нь харсан. Гэрээсээ гарахдаа галаа түлсэн байсан. Би өөрөө галдаа хөрзөн хийгээд савтай бензинээс варианы шилэнд галдаа хийж галаа асаасан. Өмнөх өдөр нь бороо орсон болохоор хөрзөн чийгтэй асахгүй байсан. Тэгэхээр нь бензинээр галаа асаасан. Нямдаваа ах архи уугаагүй байсан. Эхнэр бид хоёр Нямдаваа ахтай хэрэлдэж маргалдаагүй, өс хонзон, өр авлага байхгүй. Манай гэрт 2 ширхэг 2.5 литрийн пивоны савтай бензин байсан. Би мотоциклиосоо аваад гэртээ оруулж гэрийнхээ баруун урд талд тавьсан байсан. 2016 оны 10 сарын 22-нд манай ах Ням-Очир ирж авах байсан. Миний том охиныг Есүй-Үжин гэдэг. 2014 оны 01 сарын 16-ны өдөр төрсөн. Харин бага охиныг Билэг-Үжин гэдэг. 2016 оны 05 сарын 24-ний өдөр төрсөн. Манай гэрт 1600000 төгрөг байсан гэдгийг эхнэр бид хоёроос өөр хүн мэдэхгүй. Нямдаваа ах манай гэрт байсан 1600000 төгрөг хаана байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/

            -Гэрч Ч.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 10 сарын 21-ний орой 21 цаг өнгөрч байх үед манай хүүхдүүд ээжээ гадаа айл шатаж байна гэхээр нь би гараад хартал манай зүүн хойд айл шатаж байсан. Тэгээд би гаднаас нь хартал гэрийн гол хэсгээс нь гал дүрэлзээд л асаад байсан. Хашаан дотор хүн байгаагүй. Тэгээд би дуудлага өгсөн. Удалгүй онцгой байдлынхан ирээд гал унтраасан. Аймаар дүрэлзсэн гал гараад 20-30 минут болсон байх, ямар ч унтраах боломжгүй байсан. Тэгээд гэрийнхэн нь мотоцикльтой ирээд хүүхэд яанаа гээд л орилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

            -Гэрч С.Чимэдийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 10 сарын 21-ний орой 20 цаг өнгөрч байх үед би гэрээс гарсан чинь яг манай урд хашаан дотор байсан айлын гэр шатаж байсан. Тэгэхээр нь би айж сандарсандаа хүүхдүүдээ аваад зугтаасан. Тэгээд онцгой байдлынхан ирээд галыг унтраасан. Гал гарч байх үед ойр орчимд нь ямар нэгэн хүмүүсийн чимээ шуугаан байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

            -Гэрч О.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 10 сарын 21-ний орой 21 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Тэгсэн чинь манай урд хашааны айл шатчихсан, хүмүүс бужигналдаад байсан. Яг гал гарч байгааг хараагүй, ирэхэд гал унтарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

            -Гэрч Н.Наранчимэдийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 10 сарын 21-ний орой 20 цагийн үед Онончимэг над руу утсаар залгаад танай гэрт ус байна уу, манайх усгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайд 20-н савтай ус байна, ирээд ав гэж хэлсэн. Удалгүй Сугар-Очир, Онончимэг хоёр мотоцикльтой ус авахаар манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд Нямдаваа ахыг гэртээ 2 хүүхэдтэй үлдээсэн гэж байсан. Тэгээд манай гэрт ойр зуурын юм ярьж байгаад 20 орчим минут болоод харилаа гээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

            -Гэрч Н.Ням-Очирын мөрдөн байцаалтад өгсөн “Миний төрсөн ах Нямдаваа нь зан байдлын хувьд бусадтай нийтэч харьцдаг, төлөв томоотой, жаахан түргэн ууртай гэхдээ төд удалгүй уур нь гарчихдаг, их шударга, амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай, хүнд их тусархуу, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, машин болон мотоцикль байхгүй, А дансандаа малгүй, бичиг үсэг мэднэ, ухаан  санаа нь эрүүл, нүдний хараа их муутай, тамхи татдаг, архи хааяа баяр ёслол тэмдэглэлт өдрөөр уудаг, хэрэг төвөгт холбогдож байсан талаар сонсож байгаагүй. Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг Гурван үүдэт гэх газар мал маллаж амьдардаг. Над дээр хөдөө манай дүү Сугар-Очирын хэдэн тооны цөөхөн мал байдаг. Би малаа харахдаа мотоциклиор хардаг. Би бензингүй болохоороо Сугар-Очироос бензин авч өгөөрэй гэж хэлдэг. Би хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр Сугар-Очиртой утсаар яриад бензин авч өгөх үү, боломж байна уу гэж хэлсэн. Тэгэхэд Сугар-Очир тэг тэг ирээд ав гэхээр нь би 2016 оны 10 сарын 22-нд очиж авахаар ярьж тохирсон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

            -Гэрч С.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн “Б.Нямдаваа нь миний төрсөн хүү байгаа юм. 1971 онд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн. Миний хүү ааш зан сайтай, хүнд их тусархуу, цагаан сэтгэлтэй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

            -2016 оны 10 сарын 22-ны өдрийн “шинжилгээ хийх, шинжээч томилох тухай” тогтоол, 2016 оны 10 сарын 22-ны өдрийн “Цогцосонд үзлэг хийсэн” тэмдэглэл /хх-ийн 37-38/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 25 тоот “1.С.Билэг-Үжингийн цогцост бүх биеийн гадаргуугийн бүрэн түлэгдэлт ба нүүрсжилт, толгойн хуйхны хэсэг, гавлын орой хэсгийн яс бүрэн шатаж үгүй болсон зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаачийн цус  нь ABO системээр B/III/ бүлгийн харьяалалтай байна.

4.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

5.Талийгаач нь угаарын хийн хордлогоор нас баржээ” гэх шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /хх-ийн 39-40/

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-43/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 9298 тоот “1.С.Билэг-Үжингийн гэх шингэн цус B/III/ бүлгийн харьяалалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 9297 тоот “1.Шинжилгээнд ирүүлсэн “С.Билэг-Үжин Бор-Өндөр 3-р баг Говь 2-2, 5 сар  эм” гэж хаягласан цусанд хорт бодис болох угаарын хий /карбоксигемоглобин/ 65% илэрсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/

-2016 оны 10 сарын 22-ны өдрийн “шинжилгээ хийх, шинжээч томилох тухай” тогтоол, 2016 оны 10 сарын 22-ны өдрийн “Цогцосонд үзлэг хийсэн” тэмдэглэл /хх-ийн 46-47/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 26 тоот “1.С.Есүй-Үжингийн цогцост бүх биеийн гадаргуугийн бүрэн түлэгдэлт, нүүрсжилт, толгойн хуйх, гавлын орой яс бүрэн шатаж тархины эдүүд ил гарсан байдал, дотор эрхтнүүдийн түлэгдэлт, цээжний баруун талын 6-р хавирганаас доошхи хэсгийн яс, булчин, зөөлөн эд бүрэн шатаж үгүй болсон байдал, элэгний баруун дэлбэн, нарийн гэдэсний зарим хэсэг шатаж харласан байдал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаачийн цус  нь ABO системээр AB/IV/  бүлгийн харьяалалтай байна.

4.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

5.Талийгаач нь угаарын хийн хордлогоор нас баржээ” гэх шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /хх-ийн 48-49/

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-52/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 9296 тоот “1.С.Есүй-Үжингийн гэх шингэн цус AB/IV/ бүлгийн харьяалалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 9295 тоот “1.Шинжилгээнд ирүүлсэн “С.Есүй-Үжин Бор-Өндөр 3-р баг Говь 2-2, 2н 9 сар  эм” гэж хаягласан цусанд хорт бодис болох угаарын хий /карбоксигемоглобин/ 50% илэрсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 9300 тоот “1.Б.Нямдаваа гэх шингэн цус B/III/ бүлгийн харьяалалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 9299 тоот “1.Шинжилгээнд ирүүлсэн “Батмөнх Нямдаваа 10/21/2016” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56/

-2016 оны 10 сарын 25-ны өдрийн “шинжилгээ хийх, шинжээч томилох тухай” тогтоол /хх-ийн 57/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 197 тоот:

1.Б.Нямдаваагийн биед нүүрний дух хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацар хэсэг, зүүн гарын 2, 3-р хурууны дотор хэсэг, баруун гарын 4-р хурууны гадна хэсгүүдийн өнгөц түлэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь халууны хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58/

-2016 оны 11 сарын 08-ны өдрийн “шинжилгээ хийх, шинжээч томилох тухай” тогтоол /хх-ийн 59/

-2016 оны 11 сарын 28-ны өдрийн Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 49-р ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Г.Мөнхнарангийн 05 тоот:

1.Гал түймэр гарсан шалтгаан нь хялбар авалцан асах шингэн бодисын үйлчлэлээр хүний үйл ажиллагааны улмаас гарсан байна.

2.Хялбар авалцан асах шингэн бодис /Газрын тосны бүтээгдэхүүн/-ыг зориулалтын бусаар гэрт хадгалж, хэрэглэсний улмаас гал түймэр гарах нөхцөл бүрдсэн.

3.Гал түймэр нь гэрийн дотор хэсгээс шатсан. Хялбар авалцан асах шингэн бодис /Газрын тосны бүтээгдэхүүн/ нь гал түймрийг дэмжих бөгөөд шаталтыг түргэсгэх нөлөө үзүүлсэн.

4.Гал түймэр гарч эхлээд 5 минутын хугацаанд гэрт бүрэн тархах боломжтой.

5.Гал түймэр анх үүсвэрлэн гарч байх хугацаанд хүүхдүүдийг аврах боломжтой байсан. Гал түймэр нь нэг цэгээс гарч цааш тархахдаа тодорхой хугацаа зарцуулах бөгөөд энэ хугацаанд аврах боломжтой.

6.Б.Нямдаваагийн биед түлэгдэлт үүснэ. Хэдий хэмжээний дулааны үйлчлэлд ямар хугацаанд байснаас шалтгаалж түлэгдэлтийн хувь зэргийг тогтоох боломжгүй.

7.Гал түймрийн голомт буюу эхэлсэн цэг нь зуухны амны орчим болон гэрийн баруун талд байрлах орны орчмоос гарч цааш тархахдаа агаарын урсгалын үйлчлэлээр гэрийн хойд хэсэг рүү шатлал үргэлжилсэн байна. Шаталтын явцад бодис материалаар гал тархан дэлгэрч гэр бүхэлдээ шатсан байна.

8.Хохирогч Б.Онончимэг тайлбартаа гал түймэр гарахын өмнө “Бага охин гэрийн баруун талын орон дээр унтаад үлдсэн” гэх боловч хэргийн газрын үзлэгт охины цогцос гэрийн хойд хэсэгт байрлалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-64/

-Шинжээч Г.Мөнхнарангийн мөрдөн байцаалтад өгсөн “Б.Нямдаваа нь бага насны 2 хүүхдийн амь насыг аврах боломжтой байсан. Учир нь Монгол гэрийн онцлог нь гал гарсан төв цэгээс хаалгаар гарах зай хүртэл 3 метрээс ихгүй байгаа. Гэрийн хаалгаар хүний гарах хугацаагаар тодорхойгоор маш бага байдаг. Хүний алхам дундажаар 100-120 см байдаг учир 3 алхам газар байна гэсэн үг. Бензин нь хялбар авалцан асах шингэн учраас галын шаталт явагдахад галын дөлний чиглэл ямагт дээшээ байдаг. Агаарын урсгал битүү дээшээ чиглэлтэй байдаг. Тийм учраас Б.Нямдаваа нь гэрийн зуух тойроод бага насны 2 хүүхдийг аврах боломжтой байсан. Бензин асгасан газар эхэлж шатлага явагдана, гал ассан даруйдаа гэр дотор бүтэн гал тархах боломжгүй. Хэрвээ Б.Нямдаваа нь гал доогуур явсан бол өмсөж байгаа хувцас нь галд түлэгдэх, шатах ёстой, тийм зүйл байгаагүй. Б.Нямдаваагийн нүүрийг түлэгдсэн байх үед нь хэргийн газарт харсан. Б.Нямдаваагийн нүүрний түлэгдэлт нь нэг удаагийн гал тургихад үүсэх түлэгдэлт юм. Шатах шингэний үйлчлэлээр асаж байгаа гал учраас шууд дулаан ялгаруулж, дөл хэлбэрээр тархаж шатдаг. Шингэн шатах бодис материалын шатлага явагдах онцлог нь утаажилт үүсэхгүй, дөллөж асдаг учраас үзэгдэх орчин хязгаарлагдахгүй. Харин хатуу бодис материал шатаж эхлэх үед эхлээд утаажилт үүсдэг. Тэгэхээр Нямдаваагийн хажуугаар байгаа зүйлс харагдаж байх боломжтой. Хэргийн газрын үзлэгээр 2 хүүхдийн цогцос байсан газар шатлага бага явагдсан байсан. Учир нь гал үүсвэрлэн эхлэн шатаж байх үед 2 бага насны хүүхэд байсан газар шатлага бага сүүлд шатаж эхэлсэн байсан. Хэрвээ Нямдаваа бага насны 2 хүүхдийг галаас аврах оролдлого хийсэн бол өмсөж байгаа хувцас нь шатна, гаранд мөн адил түлэгдэлт үүснэ. Галын улмаас гэр доторх орчинд халалт бол маш өндөр үүснэ. Уг халуунд хүн удаан хугацаагаар байх боломж байхгүй. Харин түргэн хугацаанд дотуур нь тойроод гүйгээд гарах боломж байгаа. Тийм учраас гэр доторх орчинд хэт халалт үүссэн ч гэсэн бага насны 2 хүүхдийг аваад амь насыг нь аварч гарах боломж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

-Шүүгдэгч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2016 оны 10 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд оршин суудаг өөрийн төрсөн дүү Сугар-Очирын гэрт амбаарыг нь барьж өгөхөөр ирсэн. Би 2016 оны 10 сарын 21-ний өглөөнөөс модон амбаарыг нь барьж эхэлсэн. Орой 20-21 цагийн үед Сугар-Очир гэрт усгүй болчихлоо гээд эхнэртэйгээ ус авах гээд мотоцикльтой явсан. Сугар-Очирын эхнэр нь явахаасаа өмнө бага хүүхдээ орон дээр унтуулчихаад явсан. Сугар-Очир явахаасаа өмнө пийшиндээ галаа түлчихээд явсан. Сугар-Очирыг явсанаас хойш гал нь сайн асаж өгөхгүй байхаар нь би гэр дотор байсан хүрэн том пивоны саванд байсан бензинийг пийшин рүү хийж галыг нь асаах гээд пийшин рүү хийхэд миний өөдөөс гал хүчтэй дүрэлзээд ирэхээр нь би сандрахдаа гартаа барьж байсан савтай бензинээ пийшин рүү алдаад унагаачихсан. Тэгэхэд юу юугүй өөдөөс хүчтэй гал дүрэлзээд гэр дотроосоо шатаж, утаа униар болоод ирсэн. Тэгэхээр нь би гэрийн хойд талд тоглож байсан 4 настай хүүхдийг нь гартаа бариад гэрийн баруун талд орон дээр хэвтэж байсан бага хүүхдийг нь авах гэж байхад гал улам хүчтэй дүрэлзээд өөдөөс асахаар нь би сандрахдаа гартаа барьчихсан байсан том хүүхдийг нь гараасаа алдчихсан. Тэгээд гал улам хүчтэй дүрэлзээд байж боломгүй болохоор нь би арга буюу хоёр хүүхдийг нь гэрт нь үлдээгээд өөрөө гэрээс нь гарсан. Тэгээд гэрээс гараад тусламж дуудах гэсэн боловч ойр хавьд ямар ч хүн байхгүй, яах учраа олохгүй байж байхад гал команд, цагдаа, эмнэлэг гээд хүмүүс ирээд гал унтраасан. Тухайн гэрт Сугар-Очирын хоёр жоохон хүүхэд л байсан. Тухайн үед галыг нь сайн асаах зорилгоор савтай бензин хийсэн. Тухайн үед хийсэн савтай бензин 2 юм уу 2.5 литрийн савтай байсан. Бага насны 2 хүүхдийг аврах боломж байсан. Намайг гэрээс гарахад 2 хүүхэд гал асаж байсан гэрт үлдсэн. Маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 78-86/

-Хохирогч Б.Онончимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие 2016 оны 10 сарын 21-ний орой 21 цагийн үед ус авахаар нөхөр Сугар-Очирын хамт айл руу явсан. Тухайн үед манай гэрт Сугар-Очирын төрсөн ах Б.Нямдаваа, 2014 оны 01 сарын 16-ны өдөр төрсөн охин Сугар-Очирын Есүй-Үжин, 2016 оны 05 сарын 24-ний өдөр төрсөн охин Сугар-Очирын Билэг-Үжин нар үлдсэн. Нөхөр бид 2 буцаад ирэхэд гэр шатаад дуусаж байсан. Б.Нямдаваа ахаас хүүхдүүд хаана байна гэхэд гэрт байгаа гээд байсан. Би Б.Нямдаваа ахыг миний хоёр нялх хүүхдийг гал гарч байсан гэрээс аваад гарахгүй яасан юм гэж маш их харамсаж байна. Маш их гомдолтой байгаа. Гал түймрийн улмаас гэр оронд байсан бүх зүйл шатсан. Б.Нямдаваагаас оршуулгын зардал нэхэмжлэхгүй. Харин Б.Нямдаваагаас гэр болон дотор байсан эд зүйлийн үнэ 6585000 төгрөг, гэрт бэлнээр байсан 1600000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 650000 төгрөг нийт 8835000 төгрөгийг гаргуулна” гэх мэдүүлэг,

-Шинжээч Г.Мөнхнарангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие дүгнэлт гаргасан.  Хамгийн их шатсан хэсгийг тогтооход шалан дээр байгаа шатах бодис материалыг цэвэрлэсэн. Тэгэхэд баруун орны шаланд хулдаас, дрож дэвсээтэй байсан. Эдгээр зүйлс нүүрсчиж шатсан байсан. Тэгэхээр эхэлж шатсан болоод хамгийн сүүлд шатаж дууссан. Харин хойд, зүүн хойд, баруун урд хэсэг, зуухны амны орчим шаталт бага хэмжээтэй явсан. Хоёр хүүхдийн доошоо хараад хэвтсэн зураг байдаг. Үзлэгийн тэмдэглэл дээр байсан. Зуухнаас бага хүүхэд 90 см, том хүүхэд 120 см зайтай байсан. Зуух бол гэрийн төв хэсэг юм. 28оС дулаантай болж ирэхэд бензин асах боломжтой. Тэгэхээр тодорхой хэмжээний дулаан дөл хэлбэртэй эсхүл оч хэлбэртэй байж болно. Энэ хоёр нь харилцан адилгүй болчихоод байгаа. Хэрвээ уугаж байгаа оч хэлбэртэй зүйл дээр бензин хийхээр нороод унтардаг. Харин бензинээ хийчихээд араас нь гал өгөх юм бол тэсрэлт өгч гал тургих боломжтой. Гал асаж байхад бензин хийхэд гал авалцаад шаталт үргэлжлээд явна. Гал тургиад Нямдаваагийн нүүрийг түлсэн байсан. Нямдаваа бензинийг дороо алдсан гэсэн. Хэрвээ дороо бензинийг алдсан бол доороос нь биеийг дагаж дээшээ түлэгдэнэ. Зөвхөн зуухнаас бензин тургисанаас нүүр, гар түлэгдэлт үүсэхгүй. Харин бензин асаагаад доошоо тонгойход түлэгдэлт үүсдэг. Тухайн галтай үйлчлэх хүрээнээс холуур явахад үс шатахгүй. Гал нь босоо буюу хэвтээ чиглэлд байдаг. Тэгэхээр бензин асгараад урсалтын хэмжээ ямар байгаагаас болж хэвтээ чиглэлд гал тархана. Тухайн бензиний шаталтын өндөр метрээс хэтрэхгүй. Ийм учраас гэрийн дээвэр, туурга руу цооролт өгснөөр гал үргэлжлэх боломжтой. Манайд 10 дугаар сарын 21-ний орой 21 цаг 09 минутанд иргэн Баттуяа гэдэг хүн дуудлага өгсөн байсан. Манайх 21 цаг 12 минутанд очсон. Бид нарыг очиход шаталт бүрэн дэлгэрсэн байсан. Хүн бол гэрийг тойроод гүйх боломжтой хугацаа байдаг. Монгол гэрийн хийц нь төвөгтэй биш байдаг. Өөрөө шууд гарах боломжтой. Гэрт төөрж будилах асуудал байхгүй. Мөн монгол гэрийн хаалга ямагт урагшаа харж байдаг. Тэгэхээр хүн нүдээрээ харсан ч, хараагүй ч ертөнцийн зүгээр баримжаа аваад гарах боломжтой. Тэгэхдээ гал түймэрийн үзлэгийг харахад угаалтуурын хажууд байсан нэг савтай бензинд шаталт бага явагдсан. Хамгийн сүүлд шаталт болсон байгаа. Гэрийн баруун талд ор байсан. Харин савтай бензин байсан газар гэрийн баруун урд юм. Гэрийн тархан дэлгэрэх шугам 5 минут байна. Шатах шингэн бодисны эх үүсвэргүй гарсан гал удаан явагдана. Энэ гал өөрөө дөллөөд ассан. Шатах бодис материалыг шатдаг ба шатдаггүй гэж ангилдаг. Тэгээд шатдаг бодис материал нь хатуу болон шингэн төлөвт гэж хоёр хуваадаг. Хатуу төлөвт бодис нь асахдаа уугаж утаажилт ялгаруулдаг. Харин шингэн бодис нь утаажилт ялгаруулахгүй, шууд дөллөж шаталт явагдсанаар дулааны темпаратур, гэрлийн цацрагийн үйлчлэл өндөр байдаг. Хэвтээ болон босоо чиглэлд гал тархдаг. Галын тархан дэлгэрэлтийн шугамын урт гэж байгаа. Энэ бол гал түймэр үүсвэрлэсэн цагаас хойш буюу унтраах хүртэл болон обьектийг хамрах бүрэн хамрах хугацааг хэлээд байгаа юм. Үүнийг тооцоолсон судалгаа байдаг. Хатуу бодис гал түймэр гарахад минутанд хэдэн метр шатах вэ гэж гаргасан. Тэгэхээр гэр 6 метр радиустай байдаг. Зуухны орчим болон гэрийн хойд хэсэг тооцоолоод үзэхэд 5 минутанд гал бүрэн дэлгэрчихээд байгаа. Хоёр хүүхэд рүү гал очих хүртэл тодорхой хэмжээний хугацаа зарцуулагдаж байгаа. Гал дөллөж асаж утаажилт үүсээгүй байна гэдэг нь гэрийн гэрэлтүүлэг тод болдог. Яагаад гэхээр бензин шатаад гал гарах үед утаа үүсэхгүй. Харин ч илүү хурц гэрэлтэй болж замыг гэрэлтүүлдэг. Хаана гал гарч байгаа нь бодитой болдог. Хүн гэрээс зайгаа бариад гарах бүрэн боломжтой болж байгаа. Нямдаваа аврах оролт хийгээгүй гэж харагдаж байгаа. Хүүхдүүд гэрийн баруун талд байсан бол өөр юм. Тэгэхэд хүүхдүүд байрандаа байсан. Зууханд бензин буудахад түлэгдэх асуудал гарна. Хэрвээ бензинийг цацаад гал гаргасан бол гэр бүхэлдээ шатна. Галын дөлний өндөр 1 метрээс хэтрэхгүй. Энэ бол туршилтаар тогтоогдсон. Зуух тагтай байсан” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч Б.Нямдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тухайн үед айж сандарсандаа болоод ийм хэрэгт холбогдсон. Би том охиныг нь галаас авах гэж гараас нь татсан гэж худлаа мэдүүлэг өгсөн. 2 хүүхэд гэрийн хойд талд байсан. Гал маш хүчтэй асаад юу ч харах боломжгүй болохоор нь би гэрээс гарсан. Тэгээд ухаан алдсан байсан. 2016 оны 10 сарын 21-ний орой төрсөн дүү Сугар-Очирын гэрт гал руу нь бензин хийж байгаад гал алдаад гал түймэр тавьсан нь миний буруу. Би галаас 2 хүүхдийг нь аварч чадаагүйдээ маш их харамсаж, уучлалт гуйж байна. Би Бор-Өндөр суманд ирэх хэрэггүй байсан юм. Би Б.Онончимэгийн нэхэмжилж байгаа 8835000 төгрөгийг төлнө. Одоогоор би төлбөрийн чадвар байхгүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Энэ хэргийн улмаас ял шийтгэл хүлээхэд бэлэн байна” гэх мэдүүлэг,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол /хх-н 1/,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/, хэргийн газрын схем зураг /хх-ийн 10/, сэжигтэн Б.Нямдаваагийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/, сэжигтнийг баривчлах тогтоол, хоригдсон этгээдийг суллах тухай тогтоол /хх-ийн 69-70/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 87-88/, С.Есүй-Үжин, С.Билэг-Үжин нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 95-96/ барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 100-102/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-109/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзнэ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Нямдаваа нь 2016 оны 10 сарын 21-ний орой 21 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Говийн 02-02 тоот хашаанд байх төрсөн дүү Б.Сугар-Очирын гэрт гал түлэх үедээ зууханд савтай бензин хийснээс болж гал гарч гэр шатах явцад Б.Сугар-Очирын бага насны хоёр хүүхэд галд шатаж нас барсан буюу бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй улмаас бага насны С.Есүй-Үжин /2 нас 9 сартай/ С.Билэг-Үжин /4 сартай/ нар нас барсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь хохирогч Б.Онончимэгийн мэдүүлэг, гэрч Б.Сугар-Очир, Н.Наранчимэд нарын мэдүүлэг, шинжээч Г.Мөнхнарангийн мэдүүлгүүдээр хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт, шалтгаан нөхцлийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 25, 26 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 9298, 9296, 9300 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 9295, 9297, 9299 тоот шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 197 тоот шинжээчийн дүгнэлт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 05 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Нямдаваа нь бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй улмаас хохирогч нас барсан үйлдэл нь бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Б.Нямдаваа нь бага насны хүүхдийг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй эс үйлдэхүйгээр өөрөөр хэлбэл бага насны биеэ хамгаалж чадахгүй 2 нас 9 сартай, 4 сартай хүүхдүүдийг амь нас, эрүүл мэндэд нь аюултай байдалд орсон гэдгийг мэдсээр байж тусламж үзүүлээгүй үйлдлийн улмаас бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Нямдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Б.Нямдаваагийн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээж авах боломжгүй байна.

 Учир нь хохирогч Б.Онончимэг, гэрч Б.Сугар-Очир, Н.Наранчимэд, шинжээч Г.Мөнхнаран нарын мэдүүлгүүдээр хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт, шалтгаан нөхцлийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг, 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 25, 26,  2016 оны 11 сарын 02-ны өдрийн 9298, 9296, 9300, 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 9295, 9297, 9299 тоот шинжээчийн дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 197 тоот шинжээчийн дүгнэлт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 05 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Онончимэг нь “өөрийн эд зүйлийн үнэлгээ 6585000 төгрөг, бэлэн байсан 1600000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 650000 төгрөг нийт 8835000 төгрөгийг шүүгдэгч Б.Нямдаваагаас гаргуулж” өгнө үү гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн комиссын үнэлгээ, банкны зээлийн гэрээний хуулбар, хохирогч Б.Онончимэг, гэрч Б.Сугар-Очир нарын мэдүүлэг, өмгөөлөгч Г.Ганбадрахад 650000 төгрөг өгсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Нямдаваагаас  эд зүйлийн үнэлгээ 6585000 төгрөг, бэлэн байсан 1600000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 650000 төгрөг нийт 8835000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Онончимэгт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Нямдаваад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн ангалал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Нямдаваагийн 2016 оны 10 сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Б.Нямдаваагийн бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн

290.3, 294-299, 301, 303, 304 дүгээр зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Нямдавааг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй улмаас хохирогч С.Есүй-Үжин, С.Билэг-Үжин нар нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Нямдавааг 4 /дөрвөн/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямдаваад оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Нямдаваагийн цагдан хоригдсон 03 /гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нямдаваагаас 8835000 /найман сая найман зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 51-р байрны 18 тоотод оршин суух Дарьганга овогт Батдоржийн Онончимэгт олгосугай. 

6.Ялтан Б.Нямдаваагийн бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй,  хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нямдаваад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

             8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9.Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Нямдаваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ