| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0085/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/377 |
| Огноо | 2023-09-25 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/377
2023 09 25 2023/ШЦТ/377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч А.Ариунтуяа,
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,
иргэний нэхэмжлэгч Э.Хосбаяр /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т Г.Нхолбогдох эрүүгийн 2134003980136 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 03 дугаар сарын 14-нд өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ “ЛМО” майнинг ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жаргалан хотхон 2-26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Т овгийн Г.Н.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдаж 4.274.886 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г.Н:
...400 метр гаруй газар ухсан гэх үйлдэл дээрээ маргахгүй байгаа. Зүйлчлэл дээр маргаан байхгүй. Байгаль орчинд учирсан хохирол хор уршигт маргаан байхгүй. Тээврийн хэрэгсэл ашигласан дээр саналаа хэлнэ. Гэхдээ шүүх эцэслэн шийдвэрлэнэ байх... гэж,
Иргэний нэхэмжлэгч Э.Хосбаяр:
...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр техник түрээслүүлэхээр Г.Н ахтай гэрээ хийсэн. 2 сарын хугацаанд манайх ажилласан. 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлаа бүгдийг нь хийгээд нөхөн сэргээлтээ хийсэн. Энэ хууль бус гэх асуудлыг дараагаар нь мэдсэн. Миний 2 техник одоогоор битүүмжлэгдсэн байгаа. Нэлээдгүй урт хугацаа өнгөрлөө. Өнөөдөр шийдэгдэх байх гэж бодож байна. Өөр мөн ажиллаж байх хугацаанд аваагүй үлдсэн ажлын төлбөр байгаа. Манайх дээр түлш нийлүүлж байсан гэх нэг хүн бий. Түлшний бас хэдэн төгрөг надаас нэхээд болдоггүй. Миний энэ жижиг сажиг асуудлууд энэ асуудалтай уялдах уу, үгүй юу би сайн мэдэхгүй байна. Хоёр техникийн асуудлаа даруйхан шийдүүлмээр байна. Энэ мөнгө төгрөгийн тооцоог энэтэй холбож болох уу, үгүй юу гэж бодоод байна... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134003980136 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөшгийн өвөр” гэх газрын 400м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагааг явуулж газрын хэвлийд халдаж байгаль орчинд 4.274.886 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
шалгалт үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-26 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07/75 дугаартай ...Монгол Улсын иргэн Э.Хосбаярын өмчлөлийн 21-01 УБ улсын дугаартай Samsung маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 33.487.500 /гучин гурван сая дөрвөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 87-99 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07/75 дугаартай ...Монгол Улсын иргэн Э.Хосбаярын өмчлөлийн 32-27 УБ улсын дугаартай Longgong LG952 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 30.774.600 /гучин сая долоон зуун далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 104-116 дугаар хуудас/,
“Нуман-Алтай” ХХК-ний шинжээчийн ...Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, усан орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тус тус тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэгдсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 4.274.886 төгрөг болж байна... гэсэн дүгнэлт /хх 43-54 дүгээр хуудас/,
иргэний нэхэмжлэгч Н.Батцэцэгийн ...Би хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Би энэхүү компанийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр Лүн сумын 2-р багийн нутаг Хөшгийн өвөр гэх газар ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг бол мэднэ. Харин миний бие энэ 10 сарын 20-ны өдөр тус сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд намайг ажилд орохоос өмнө тухайн уурхай буугаад явсан байсан. Би энэхүү ажлыг тус сумын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан Чулуунбаатар гэдэг хүнээс 2021 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч ажиллаж байна. Би ЛМО майнинг ХХК-ийг үйл ажиллагаа явуулж байх үед нь ажил аваагүй, тухайн компаний үйл ажиллагааг шалгаж байгаагүй учир надад мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
гэрч Г.Дэчмаагийн ..."ЛМО майнинг" ХХК-ийн захирлаар миний төрсөн дүү болох Н 99112690, 99993314 ажилладаг юм. Харин энэ компани ашигт малтмал олборлох үндсэн чиглэлтэй, энэ чиглэлээрээ Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм. Би "ЛМО майнинг" ХХК-ийн албан ёсны ажилтан бишээ, ЛМО майнинг ХХК нь манай дүүгийн компани учир зун уурхайн ажил эхлэхээр тэнд ажиллаж буй су хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг юм. Би 2020 оны зун мен 2021 да оны 09 сараас 10 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Миний ажилладаг "ЛМО майнинг" ХХК нь Төв аймгийн Лүн сумын нутаг "Хөшигийн Өвөр", "Шандын Ам" гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 2021 оны 08 сарын 01-ний өдөр тухайн газраа очиж кемпээ байгуулж, техник хэрэгслийн засвар үйлчилгээ хийх, алт угаах нуур зэргийг бэлдэж байгаад 08 сарын дундаас эхлэн ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн үед 2 эксковатор, 1 ковш, 2 хово зэрэг техниктэй 10-15 хүн өдрийн 12 цагаар ажиллаж байгаад олборлолт явуулсан газартаа нөхөн сэргээлтийн ажлаа хийж гүйцэтгэж дуусаад 10 сарын 01-ний өдөр үйл ажиллагаагаа зогсоогоод буусан юм. Миний ажиллаж байсан компаний талбай дээр Хосоо, Эрдэнээ 99276854 гэдэг хүмүүс гэрээ хийж ажиллаж байсан бөгөөд тухайн техник хэрэгслүүд бол бүгдээрээ тэр хүмүүсийнх юм. Тухайн үед уурхайн геологичоор Жаргалсайхан 99845800 гэдэг хүн ажиллаж байсан, бусад ажлыг нь Хосоо, Эрдэнээ нар хийж байсан. Миний ажиллаж байсан уурхай 12 цагийн хугацаанд шороо буудаж ойролцоогоор 17-30 грамм алт гаргаж авдаг байсан. Тухайн уурхай дээр 1 худаг байдаг бөгөөд шинээр нуур үүсгэж, тур нуурнаас ус аа татаж баяжмалтай шороогоо угаадаг байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
гэрч С.Даваахүүгийн ...ЛМО майнинг ХХК манай сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг "Хөшигийн Өвөр" гэх газар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд ашигт малтмал ашиглах, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ жил тухайн компани "Хөшигийн Өвөр" гэх газар 08 сарын сүүл хавьцаа гарч өөрсдийн кемп дээрээ байрлаж ашигт малтмал олборлор үйл ажиллагаа явуулж байгаад 10 сарын эхээр буусан байх гэж бодож байна. ЛМО майнинг ХХК нь энэ онд манай сумтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Гэхдээ аман гэрээгээр тохиролцож сумын төвийн хуучин захиргааны урд талд байдаг Төмөр-Очирын хөшөөний саадны урд талд 11*27 хэмжээтэй талбайг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 12 гаруй сая төгрөгөөр хийсэн гэж ярьсан. Уг нь 200 урттай 2 метр өргөнтэй явган хүний замыг хоёр хэсэг газар тавих байсан боловч хөрөнгө, санхүүгийн боломжгүй гээд хийгээгүй явсан. Манай сумын байгаль орчны мэргэжилтнээр Д.Чулуунбаатар гэдэг хүн ажиллаж байсан. Энэ хүн бол 2020 оны 12 сард тэтгэвэрт гарсан бөгөөд манай суманд байгаль орчны мэргэжилтэн болох хүн байхгүй байсан учир 2021 оны 10 сар хүртэл түр хугацаагаар ажилласан юм. ЛМО майнинг ХХК-ийн захирал Н гэдэг хүн ирж уулзаж байсан. Харин Төмөр-Очирын хөшөөний талбайн ажлыг Нгийн ах гэж байсан нэрийг нь сайн мэдэхгүй хүн хариуцан хийлгэж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
гэрч Э.Хосбаярын ...Би Улаанбаатар хотод том оврын уул, уурхайн техник хэрэгсэл хүнд машин механизм түрээслүүлдэг бөгөөд 2021 оны 07 дугаар сарын сүүлээр ЛМО майнинг компаний уурхайн даргаар ажилладаг Гармаа гэдэг хүн 99115912 дугаарын утсаар миний 95055548 дугаарын утас руу залгаж, манай компани уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм, том оврын техник хэрэгсэл түрээслэх үү гэж ярьсан юм. Би тэр Гармаа гэдэг хүнтэй ярилцаж тохиролцоод 2021 оны 07 сарын 29-ний өдөр "Машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай" гэрээ байгуулж самсунг 292 маркийн 21-01УБ, 54-45УБ улсын дугаартай экскаватор 2 ширхэг, SDLG952 маркийн 32-27УБ улсын дугаартай ковш 1 ширхэг, хово маркийн 81-79УБО, 47-24ГАА улсын дугаартай 2 ширхэг машиныг бүгдийг нь нийлүүлээд 1 сарын 80 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцож миний зүгээс жолооч нарын цалин, техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцахаар, нөгөө талаас түлш, хоол, амрах байр зэргийг хариуцахаар гэрээ байгуулж талууд гарын үсэг зуралцсан юм. Тэгээд 2021 оны 07 сарын 30-ний өдөр Улаанбаатар хотоос техникүүдээ ачаад Төв аймгийн Лүн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ЛМО майнинг ХХК-ийн талбай дээр шене очиж тэдний компаний кемпэд байрлаж хоноод 2021 оны 08 сарын 01-ний өглөөнөөс эхлэн тухайн компаний кемп байрлаж байсан газраас баруун урд талд байрлах баруун хойноос зүүн урд зүгт сунаж тогтсон амнаас эхлэн 2 экскаватороор газар ухаж 2 хово маркийн машинаас тэндээс В гаргасан шороогоо алт угаах төхөөрөмж рүү зөөж бууддаг байсан юм. Тэр уулын аманд ажиллаж байгаад ажлаа дуусаад ЛМО майнинг ХХК-ийн алт угаах төхөөрөмж байрладаг хэсгийн талбайн урд талд 100 орчим метрийн зайтай газарт хөрс хуулалт хийж, газар ухаж шинээр блок нээсэн юм. Тухайн газрын хэмжээ нь 50 метр урттай, 20 метр өргөнтэй 2,5 метрийн гүнтэй Г хэлбэртэй байсан бөгөөд тэр газраас олборлолт явуулж тэндээс гарсан шороогоо алт угаах төхөөрөмж рүү зөөж овоолдог байсан. Бид нар тухайн компаний талбай дээр шинээр ухсан газартаа техникийн нөхөн сэргээлт хийж дуусгаад 2021 оны 10 сарын 04-ны өдөр техник хэрэгслээ аваад буцсан юм. Би тухайн компаний талбай дээр ажиллаж байх хугацаандаа зөвхөн техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллаж байсан. Харин бид нар тухайн компаний уурхайн дарга Гармаа, геологич Жаргалсайхан гэдэг хүмүүсийн зааварчилга, удирдлаган дор ажиллаж ух гэсэн газарт техник хэрэгслээ бэлэн байлгаж ажилладаг байсан. Би тухайн компаниас 126 сая төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн 5007581978 тоот Хаан банкны дансаар шилжүүлж авсан, одоо 50.666.000 төгрөг авах үлдэгдэлтэй байгаа юм. Би нарыг ажиллаж байхад Мэргэжлийн хяналтын албаны хүмүүс 2021 оны 09 дүгээр сард хяналт, шалгалтаар ирж үйл ажиллагааг шалгаад зогсоож лацдаж явсан. Би тухайн үед уурхайг хаагаад явчихлаа гэж Гармаа ахтай утсаар холбогдсон тэгээд Мэргэжлийн хяналтын албаны хүмүүсийг явснаас хойш 1 хоногийн дараа уурхай дээр ажиллаж байсан Дэчмаа ах зохицуулчихсан одоо ажлаа зүгээр хийж болно гээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Тухайн компаний кемп дээр 15 хүн ажиллаж байсан бөгөөд Сүхэ эгэдэг хүн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч наредний дэвтэр дээр гарын үсэг зуруулж авдаг байсан юм. Харин манай аав Эрдэнээ бол тухайн компаний баяжуулах үйл явцыг зохион байгуулж ажилладаг байсан, гэхдээ газар шороо ухах, нөхөн сэргээх зэрэг ажилд оролцдоггүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
гэрч Д.Эрдэнээгийн ...Би, Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЛМО майнинг ХХК-ийн уурхайд 2021 оны 08 сарын 01-ний едреес 10 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд энэ хугацаанд алт угаах төхөөрөмж дээр ажиллаж буй техник хэрэгсэл, тунгаах нуур, эргэлтийн усны нуур зэргийг хариуцан ажилладаг байсан, би 1 сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажилласан юм. ЛМО майнинг компаний ажилчид нь бид нар 2021 оны 08 сарын 01-ний едреес эхлэн хамт ажиллаж эхэлсэн юм. Тухайн компани бол ажилчдын кэмпийн баруун урд талын уулын ам татам хэсгийн дагуу 500 орчим метр газар дунджаар 3 орчим метр гүнтэй, мөн алт угаах төхөөрөмжийн ертөнцийн зүгээр урд талд Г хэлбэртэй блок шинээр нээж хөрс хуулалт болон олборлолт явуулсан, тухайн газрыг ойролцоогоор 2,5-2,7 метр хэмжээтэй ухаш үүсгэсэн байсан. Тэгээд тухайн газруудад техникийн нехен сэргээлтийн ажлыг гүйцэтгэж дуусаад явсан юмаа. Тухайн компани 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн уурхайн талбай дээр очиж техник засвар, нуур зэргийг янзалж байгаад 08 сарын 10-аас эхлэн алт угаах төхөөрөмжөө ажиллуулж эхэлсэн юм. Тухайн коапмний талбай дээр 1 алт угаах төхөөрөмж 24 цагаар ажилладаг байсан ба хоногт 30-35 орчим грамм л алт гаргаж авдаг байсан гэж сонссон түүнээс яг нарийн мэдэхгүй байна. Тухайн үед уурхайн даргаар Гармаа гэж хүн ажиллаж байгаад 09 сарын 01- ний хавьцаа яваад өгсөн ахиж ирээгүй, мөн кемпийн менежерээр Дэчмаа гэдэг хүн ажиллаж байсан энэ хүн бол уурхай гарахаас, буух хүртэл ажиллаж байсан. Харин геологичоор Жаргалсайхан гэдэг хүн 08 сарын сүүл хүртэл ажиллаж байгаад явсан, вер геологич гэж байгаагүй. Мөн баяжмалтай шороо угаагчаар Алтангэрэл, Элбэгээ гэдэг хүмүүс ажиллаж байсан, уурхайн талбайн кемп дээр 15,16 хүн ажиллаж байсан. Би ЛМО майнинг ХХК-аас 4.000.000 төгрөгийн цалинг би өөрийнхөө хаан банкны 5030313422 тоот дансаар шилжүүлж авч байсан. Уурхайн дарга Гармаа 1 удаа, захирал Н 1 даа шилжүүлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
сэжигтэн Г.Нгийн ... Би ЛМО майнинг ХХК-ийн захирлаар 2019 оноос хойш эхлэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна, тухайн компаний ерөнхий захирлаар Бүгд Око найрамдах Хятад ард улсын иргэн Зен Чен гэдэг хүн ажилладаг бөгөөд гадаад улсын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулдаг юмаа. Манай компани бол Төв 3 аймгийн Лүн сумын 2-р багийн нутаг Шандын Ам гэх газар ашигт малтмалын МҮ-020482 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас 2002 оны 10 сарын 25-ны өдөр уг зөвшөөрлийг авч байсан юм. Манай компани 2020 оны 06 сараас эхлэн Төв аймгийн Лүн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Харин 2021 оны 08 дугаар сард тухайн талбай дээрээ нэмэлт хайгуулын ажил хийхээр гарсан юмаа, тэгтэл хайгуул хийх техник тоног төхөөрөмж ирээгүй. Тухайн үед манай компаний уурхайн даргаар Гармаа ах 10 гаруй хоног ажиллаж байгаад явсан, түүнээс хойш Дэчмаа ах ажиллаж байгаад уурхай буухад хамт буусан юм. Би тухайн үед хаана, хэзээ, ямар газрыг шинээр ухаж ашигт малтмалын ашиглалт, олборлолт явуулсан гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Манай компанид 2020 онд геологичоор ажиллаж байсан Жаргалсайхан гэдэг хун мэдэж байгаа тухайн үед уурхай дээр 20 орчим хоног ажилласан, энэ хүн бол хаана, ямар газар ухах, талбайн хил, зааг зэргийг бол тодорхой нарийн мэдэж байсан. Манай компани бол Ашигт тухай хуульд заасан баримт бичгийн бүрдлийг хангасан байсан тухайлбал хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл зэрэг баримт бичиг нь байсан гэхдээ яг уурхайн талбай дээр бол байгаагүй юмаа. Манай компанип маркшейдер инженер гэж байгаагүй, би тусгай ямар зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Жаргалсайхан гэдэг хүн геологичоор ажиллаж байсан тэр хүн л мэдэж байгаа байх аа... /хх-ийн 43 дугаар хуудас/,
яллагдагч Г.Нгийн ...Миний хувьд ЛМО майнинг ХХК-д 2019 оны 09 дүгээр сард гүйцэтгэх захирлаар нь томилогдон ажиллаж байгаа юмаа. Үүнээс өмнө нь хувь эзэмшигчийг нь тавьдаг байсан болохоор уг компанийг мэднэ тэрнээс биш үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй. Намайг ажлаа авахад л тухайн Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг Хөшгийн өвөр гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан юмаа. Намайг ажил авснаас хойш 2018 оны намар худаг гаргуулаад өвөл болоод үйл ажиллагаа зогсоод 2020 онд Баян хулстай гэдэг оператор компанитай ашиг тохироод уг газартаа олборлолт хийлгэсэн байгаа юмаа. Ингэхдээ бичиг баримтаа бүгдийг нь батлуулаад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан юмаа. Тэгээд 2021 онд дахин Баян хулстай компанитай үйл ажиллагаа эхлүүлэхээр болсон боловч тухайн компани нүүж суугаад ирж амжихгүй байсан тул хүмүүсээс техник түрээслээд өөрсдөө ажилуулахаар болоод 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил эхэлсэн юмаа. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 15-ны үед бэлтгэл ажил дуусаад хайгуулын ажил эхэлсэн юмаа. Тэгж байтал 2021 оны 09 дүгээр сарын эхээр байсан байх Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирээд лацдаад бичиг баримтаа гүйцээж ир гээд явсан юмаа. Тухайн үед нь манай хөлсөлсөн геологич байхгүй мөн уурхайн дарга болон бид нар нэг ч хүн байхгүй байсан тул бичиг баримтаа үзүүлж чадаагүй юмаа. Тэрнээс хойш бараг ажиллаагүй бөгөөд хаяа нөхөн сэргээлтийн ажил л хийж байсан юмаа. Тэгээд хайгуулын ажлын хүрээнд давхар бласттай байсан учир өрөм тавихгүй бол бласт нь гарч ирэхгүй байсан юмаа. Тэгээд өрөм олохоор болоод хүлээж байх хоорондоо техникийн нөхөн сэргээлтээ хийж байгаад буусан юмаа. Тэр газар бол явуулсан байгаа өмнө нь ажиллаж байсан геологич буюу Жаргалсайхан гэдэг хүн байсан бөгөөд тэр хүн уг газарт үйл ажиллагаа явуул гэж зааж өгчихөөд ажилтай болчихоод яваад өгсөн юмаа. Геологичийн заавраар л ажиллаж байсан юмаа. Тухайн газарт гүйцэтгэх захирлын ажил хариуцдаг бөгөөд манайх орон тооны ажилчин байхгүй бөгөөд улирлын шинжтэй ажил учраас тухай бүрд нь хүн түр гэрээгээр авч ажиллуулдаг юмаа. Манайд орон тооны манаач ажилладаг өөр хүн бол байхгүй. Ажиллаж байсан хүмүүсийн судалгаа бол байгаа албан ёсоор ажилд томилсон түр тушаалууд байгаа дээрх хүмүүсийн ажлын байрны тодорхойлолт байгаа. Тусгасан байгаа, ажлын байрны тодорхойлолтод зааснаар дээрх хүмүүст ажлын байрны тодорхойлолтыг танилцуулан гарын үсэг зуруулдаг байсан юмаа. 2020 онд батлуулахдаа ТЭЗҮ-г 2020, 2021 оноор батлуулсан харин 2020 онд уулын ажлын төлөвлөгөө 2021 онд хайгуулын ажлын төлөвлөгөө байгаа. Миний хувьд цээжээрээ бол мэдэхгүй байна харин хатуу цэгүүдээрээ бол тойрч үзэж байсан. Миний хувьд гурваас дөрвөн удаа л очиж байсан. Очихдоо надад ирсэн тайлан мэдээний дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх дээр хяналт тавьдаг юмаа. Хайгуул хийх явцдаа гарсан зүйлийг дээжилж үзэж байсан зүйл бол байгаа. Бид нар бол мэдээгүй байсан. Мэргэжлийн хяналтын газраас талбай хэтрүүлсэн байна гэсний дагуу би очиж үзсэн байгаа. Тэгээд тухайн газраас ашиггүй юм байна гэж Дэчмаа болон уурхайн дарга нар хэлж л байсан тэгээд би дахиад нэмээд энд тэндээс нь үзээдэх гэж хэлж байсан юмаа. Миний харсан зураг бол ашиглалт явуулсан л газар байна... /хх-ийн 127-128 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Нгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 129-130 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч А.Ариунтуяа:
...Шүүгдэгч Г.Н тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдаж болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Г.Нгаас байгаль орчинд учирсан хохирол 4.274.886 төгрөгийг Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар 3 дахин үржүүлж 12.944.877 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулах,
мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Э.Хосбаярын эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн болох нь нотлогдоно тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар үнэлгээгээр гарсан тээврийн хэрэгслийн үнийн дүн 64.262.100 төгрөг болон шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 5.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга:
...Миний үйлчлүүлэгч гэм буруу болон зүйчлэл дээрээ маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байдаг. Энийг шууд ашигласан тээврийн хэрэгсэл буюу түүнийг улсын орлого болгон гэсэн ойлголт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг бид нар өөрсдөө төлнө. Шүүхийн шийдвэр гарахаар төлөхөө илэрхийлж байна. Хоёр тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс нь гаргаад улсын орлого болгох шаардлагагүй гэж үзэж байна. Энэ бол гэмт хэрэг үйлдээд олсон хөрөнгө орлого биш Г.Нгийн хувьд гарсан зардлуудыг төлөхөө илэрхийлж байна. Мөн иргэний нэхэмжлэгч бол машинтай холбоотой л иргэний нэхэмжлэгч байгаа. Гэрээтэй холбоотой асуудал бол тусдаа асуудал... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Н:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч Г.Нг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулан ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч А.Мөнхтулга маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Н дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Г.Нгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-үүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Шүүгдэгч Г.Нгийн Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөшгийн өвөр” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Тэрээр энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Нг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Г.Н нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулахдаа 21-01 УБ улсын дугаартай, Samsung MX-132W маркийн шар өнгийн экскаватор, Longgong LG 952 маркийн шар өнгийн ковшийг ашигласан байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21-01 УБ улсын дугаартай, Samsung MX-132W маркийн шар өнгийн экскаваторын үнэ болох нийт 33.487.500 /гучин гурван сая дөрвөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг,
32-27 УБ улсын дугаартай, Longgong LG 952 маркийн шар өнгийн ковшны үнэ болох нийт 30.774.600 /гучин сая долоон зуун далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 4.274.886 төгрөгийн шууд хохирол учирч, 12.824.658 /арван хоёр сая найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн 12.824.658 /арван хоёр сая найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун тавин найм/ төгрөг, шинжээч А.Цэнд-Аюушийн байгаль орчны үнэлгээний төлбөр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирлоо тус тус шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ төлөхөө илэрхийлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ... гэж зааснаар шинжээч А.Цэнд-Аюушийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь А.Цэнд-Аюуш нь тухайн хэргийн байгаль орчинд учирсан хохирлыг тогтоосон шинжээч байх тул түүний нэхэмжилсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т ...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал... гэж зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Г.Нг гэм буруутайд тооцсон учраас түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулан “Нуман-Алтай” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Г.Нгаас 12.824.658 /арван хоёр сая найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг мөн гаргуулах нь зүйтэй.
Харин иргэний нэхэмжлэгч Э.Хосбаярын шүүгдэгч Г.Нгаас 21-01 УБ улсын дугаартай, Samsung MX-132W маркийн шар өнгийн экскаватор, Longgong LG 952 маркийн шар өнгийн ковшийн түр зогсолтын төлбөрөө нэхэмжилнэ гэснийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч А.Ариунтуяа:
...Шүүхээс шүүгдэгч Г.Нг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 15.000.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга:
...Г.Нгийн хувьд нэлээдгүй төлбөр гарлаа. Энэ төлбөрүүдийг төлнө, дээрээс нь бага насны хүүхэдтэй. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Н:
...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна... гэсэн дүгнэлтийг тус тус дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Г.Нд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин гэмт хэрэг үйлдсэний дараа байгаль орчинд учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнээд таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Нд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134003980136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21-01 УБ улсын дугаартай, Samsung MX-132W маркийн шар өнгийн экскаватор, Longgong LG 952 маркийн шар өнгийн ковшийг тус тус хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Э.Хосбаярт олгохыг тус тус дурдсугай.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Г.Нг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулан ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т овгийн Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй..
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т Г.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т Г.Ншүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т Г.Н 12.944.877 /арван хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун долоо/ төгрөгийг гаргуулан Төв аймаг, Лүн сумын Байгаль хамгаалах сангийн 100141400988 тоот дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр 1 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар баримтлан шүүгдэгч Т Г.Н эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 5.000.000 /таван сая/ төгрөгийг шинжээч Х овгийн А.Ц гарган олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т Г.Н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21-01 УБ улсын дугаартай, Samsung MX-132W маркийн шар өнгийн экскаваторын үнэ болох нийт 33.487.500 /гучин гурван сая дөрвөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг,
32-27 УБ улсын дугаартай, Longgong LG 952 маркийн шар өнгийн ковшны үнэ болох нийт 30.774.600 /гучин сая долоон зуун далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж тус тус улсын орлогод оруулсугай.
8. Иргэний нэхэмжлэгч Б овгийн Э.Х нь түрээсийн хөлс болон түр зогсолтын төлбөртэй холбоотой баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Т Г.Н жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн 2134003980136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т овгийн Г.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг
шийтгэх хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21-01 УБ улсын дугаартай, Samsung MX-132W маркийн шар өнгийн экскаватор, Longgong LG 952 маркийн шар өнгийн ковшийг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б овгийн Э.Х олгохыг тус тус дурдсугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т Г.Нурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т Г.Навсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН