| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 183/2020/1610/И |
| Дугаар | 183/ШШ2020/01619 |
| Огноо | 2020-06-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2020/01619
2020 оны 06 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2020/01619 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Ж.Б нэхэмжлэлтэй,
хариуцагч- Б.Б холбогдох,
гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2004 онд Бтэй танилцаж улмаар 2006-07-31-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний хүү Б.М 2006-08-14-нд, охин Б.Б 2013-11-12-нд төрсөн. Бид 2016 оноос хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. Улмаар шүүхэд хандахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хадсан боловч эвлэрээгүй цаашид Б.Бтэй хамт амьдрах боломжгүй болсон. Тусдаа амьдарсан хугацаанд хоёр хүүхэд миний асрамжид байсан тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү, охин хоёрыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2020-06-12-ны өдөр шүүх хуралтай байсан боловч урьд өдөр нь ажил хийж байгаад нуруугаа өвтгөж босож, алхаж явж чадахгүй болсон энэ байдлыг минь харгалзан намайг оролцуулахгүйгээр шүүх хурлыг явуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2004 онд танилцаж, хамт амьдрах хугацаанд хүү, охин хоёр маань төрсөн. 2016 оноос бид хоёрын дунд хэрүүл маргаан их гарах болж бие биенийгээ ойлгохоо больсон. Манай нөхөр онцгой байдалд ажилладаг, би ажлыг нь би ойлгодоггүй, цаг наргүй ажил дээрээ байж гэртээ ирэхгүй байдаг болсон учраас маргаан их гарсан. Тэрнээс үүдэн би архи их уудаг болж, архины хамааралд орсон. Гэхдээ би одоо архины хамаарлаас гарсан.
Бид 2016 оноос тусдаа амьдрах болсон. Хүүхдүүдээ эцэг дээр нь үлдээх шийдвэр гаргасан. Яагаад гэвэл аав нь намайг бодвол илүү санхүүгийн боломжтой, би тогтсон ажилгүй учраас аавтайгаа байвал өлсөхгүй, цангахгүй байх гэж найдаж энэ шийдвэрийг гаргасан тул хүүхдүүдийнхээ асрамж дээр маргаан байхгүй. Надад тогтсон гэр орон байхгүй учир би хүүхдүүдээ аваад хэцүү байдалд байлгах байх гэж бодсон.
Бидний хэрүүл, маргаантай байдлаас болж тусдаа амьдарч, энэ хугацаанд хүүхдүүдээ эргэж тойрч, нөхөр бид хоёр найз нөхөд шиг харилцаатай болсон. Одоо бол хамт амьдарна гэж байхгүй, Б өөр хүнтэй болсон гэж сонссон тиймээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Намайг хүүхдүүдтэйгээ уулзахад Бгийн зүгээс хориг саад тавьдаггүй. Дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, бид хамтын амьдрал эхэлснээс хойш дандаа түрээсийн байраар амьдарч байсан. Би одоо Асралт компанид ногоочноор ажиллаж, тэндээ байрлан ажиллаж байгаа гэв.
Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б.Бт холбогдуулан 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр баталгаажуулсан гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ /хх-1/.
Нэхэмжлэгч Ж.Б энэ өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байх боловч нураагаа гэмтээсний улмаас шүүх хуралдаанд очих боломжгүй болж хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, хариуцагч нэхэмжлэгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэх тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Ж.Б, Б.Б нар 2006-07-17-ны өдөр гэр бүл болсныг 2006-07-31-ний өдөр бүртгүүлсэн /хх-14/ байх бөгөөд тэдний дундаас 2006-08-14-ний өдөр хүү М, 2013-11-12-ны өдөр охин Б нар төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-9, 10/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох Б.М, Б.Б нар эрүүл өсөн бойжиж, вакцинд бүрэн хамрагдсан болохыг өрхийн эрүүл мэндийн төв тодорхойлж /хх-4, 5/, Б.М нь Нийслэлийн ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн 8Б ангид, Б.Б нь 1А ангид суралцдаг болохыг тус сургуулийн захирал 2020-04-01-ний өдөр тодорхойлсон байна /хх-7/.
Гэрлэгчдийн хамтын амьдрал 2004 оноос эхэлсэн талаар зохигчид тайлбарлаж, гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдал, өөр хоорондын харилцаа хандлага, бие биенээ хүндэлдэггүй, ойлголцохгүй байдлаас хариуцагч архины хамааралтай болж тусдаа амьдарч, гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, эвлэрэх хүсэл сонирхолгүй гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Б.М, Б.Б нар эцгийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, маргаагүй бөгөөд хариуцагч Б.Б хүүхдийн асрамжийн талаар, нэхэмжлэгч Ж.Б хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаагүй гэснийг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах болохыг дурдав.
Хүүхдийн эцэг эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг болохыг мөн дурдах нь зүйтэй.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Б.Б нарт үүрэг болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ж.Б , Онход овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Б.Б нарт үүрэг болгосугай.
3. Зохигчид гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох 2006-08-14-ний өдөр төрсөн, хүү М, 2013-11-12-ны өдөр төрсөн, охин Б нарын асрамж, тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Ж.Б, Б.Б нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Я