Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2019/0212/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч ***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818001870222 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, *** ХХК-д хөдөлмөр хамгааллын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** /РД: **/,

 

*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх “машин механизм, тоног төхөөмөржийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг: /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/” нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”,

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа Ерөнхий шаардлага MNS 4930:2000 стандартын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюул ослын эх үүсвэр болж болзошгүй хөдөлгөөнтэй хэсгүүдэд хаалт, хамгаалалтын хэрэгсэл тавьсан байна”,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 “ Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” зэргийг биелүүлж ажиллаагүйн улмаас 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, үйлдвэрийн районд үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн байранд туслах ажилчин *** нь  ажил үүргээ гүйцэтгэж байхдаа  тариа бэлтгэх хэсгийн цахилгаан хүрзэнд орооцолдож улмаар эрүүл мэндэд нь 3 хавирганы хугарал, баруун, зүүн, нүдний зовхи, дотор салст, баруун шанаанд цус хуралт, их бие хэсгийн ар нуруу, цээж, бүсэлхий, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь:

 

Хохирогч *** “...доошоо шатны хажуу талд байдаг моторын төгсгөл дээр суугаад ханиалгаад гутлаа тайлах гэсэн чинь моторын ажлын дугуйнд миний куртка ороогдоод доошоо хараад курткээрээ боогдоод орилсон чинь нөгөө хэд моторыг унтраагаад би хэсэг ухаан алдсан байсан. Ажлын бээлий маск өгсөн, өөр хамгаалалтын зүйл өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/, “...эмнэлэгт хэвтэж байх үед болон осол гарснаас хойш гарсан зардлыг шүүгдэгч болон үйлдвэрийн зүгээс барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг мөн төлнө гэсэн” гэх мэдүүлэг,

 

Гэрч ***йн “...гэнэт хашгирах чимээ гарахаар нь гараад хартал *** гадуур өмссөн ажлын хүрэм нь леботокны моторны ройлкод орооцолдчихсон нүүр хэсэг нь хөхөрсөн, цамцандаа хоолой хэсэг нь боогдсон байдалтай байсан болохоор бид нар шуурхай арга хэмжээ авч леботокийг унтрааж К.Баттулгыг татсан” гэх мэдүүлэг /хх-ийн 79/,

 

Гэрч ***ын “...гадна амьтан хашгиралдаж байхаар нь гайхаад хартал *** гадуур өмссөн ажлын хүрэм нь леботокны моторны ройлкод орооцолдчихсон нүүр, хэсэг нь хөхөрсөн цамцанд хоолой хэсэг нь боогдсон байдалтай байхаар нь би шууд очоод хүрэм цамцыг нь урж *** салгаж аваад өрөөндөө оруулж цай өгөөд үйлдвэрийн мастер луу хэлж эмчид үзүүлэн яаралтай эмнэлэг рүү явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 80/,

 

Гэрч  ***гийн “...Орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан байдаг. Энэ ажилд Хосбаяр гэдэг хүнийг 2018 оны 10 дугаар сард туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 08/214 дугаартай тушаалаар хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн ажилтнаар томилсон. Энэ оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг 2018 оны 12 дугаар сард гаргаж батлуулсан байдаг. Харин энэ сургалтыг нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн чиглэлийн сургалтыг манай компаний хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан хариуцан зохион байгуулахаар сургалтын төлөвлөгөөнд тусгасан байдаг. *** нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамрагдаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 84/,

 

***ын “...Миний ажлын байрны тодорхойлолтод үйлдвэр дээр ажил эрхэлж байгаа ажилтнуудын ажлын байрыг аюул эрсдэлгүй орчинд ажлуулах нөхцлийг бүрдүүлэх, хэрэв аюулгүй байдлын талаар зөрчил илэрвэл нэн даруй засаж залруулах үүргийн талаар заасан байдаг... Би ажилдаа ороод удаагүй байсан. Тухайн үед өөрийн албан тушаал эрх мэдлээ бүрэн ойлгоогүйгээс болоод үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоодог гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 89/,

 

 Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №227 дугаартай “...*** биед 3 хавирганы хугарал, баруун, зүүн, нүдний зовхи, дотор салст, баруун шанаанд цус хуралт, их бие хэсгийн ар нуруу, цээж, бүсэлхий, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, …Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 91-92/,

 

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Энхжингийн “Үйлдвэрийн ослын тухай” 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-97/,

 

2019 оны 03 сарын 06-ны өдөр “ ***” ХХК-ийн гадна тариа хэсэгт “Вагон цахилгаан хүрзний хаалт хамгаалалт дутуу, аюулын зэрэг их, хаалт хамгаалалтыг гүйцээх, хаалт хийх, хугацаа 2019 оны 03 сарын 27” гэх үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 175/,

 

 “***” ХХК-ийн ХАБЭА-н инженерийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 205/,

 

 “***” ХХК-ийн салбарын захирал ***, *** нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хх-ийн 3-6/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь тариа бэлтгэх хэсгийн цахилгаан хүрз хаалтгүй байгааг үзлэгээр илрүүлсэн атлаа нэн даруй уг зөрчлийг засуулах арга хэмжээ аваагүйн улмаас дээрх осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд ***ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Осол учрал болоход хохирогчийн хэт хайхрамжгүй байдал мөн нөлөөлсөн байх ба эргэлдэж байгаа техникийг харсаар атлаа осол гэмтэлд өртөхгүй байх наад захын шаардлагыг биелүүлээгүй байх тул гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь эмчилгээний зардалд нийт 3,199,498 төгрөг төлсөн бөгөөд хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэж байх тул баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэл тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус буюу хэт хайхрамжгүй байдал нөлөөлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа болон дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, сарын цалингийн хэмжээ зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдо цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны  журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД