Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 276

 

Ө.Жд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Намхай,

шүүгдэгч Ө.Ж, түүний өмгөөлөгч С.Баттамир,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 115 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Ө.Жд холбогдох эрүүгийн 1930002180448 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 1984 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, эмэг эх, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 8 дугаар байрны 37 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЦД.............../;

 

Ө.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 17 цаг 00 минутын үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Бор хоолой” гэх газрын замд “Тоёота Прадо-120” маркийн 16-97 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч З.Төмөрчөдөр, Н.Мөнх-Эрдэнэ нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ө.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг тогтоох шаардлагатай байна. Гэрч С.Хүдэртөмөр, шүүгдэгч Ө.Ж нар автомашины хурдын талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх бөгөөд хурдуудтай холбогдуулан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, шинжээч нарыг асуух замаар хэргийн бодит байдлыг тогтоох зохих ажиллагаа хийх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох ажиллагааг хийх шаардлагатай. 16-97 УНЦ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер Прадо” маркийн тээврийн хэрэгсэл хэний эзэмшил, өмчлөлийнх болох нь хэрэгт тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотолж болох баримт хэрэгт авагдаагүй тул тогтоогдох боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар С.Хүдэртөмөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулж, түүнд учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хэргийн хамт шийдвэрлэх нь хуульд нийцэх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ө.Жг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1930002180448 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ө.Жд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Ө.Жгийн жолоочийн В ангиллын 460110 дугаартай үнэмлэхийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хэргийг хянаад яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар зарласан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн
үзүүлэлтүүд, гэрч С.Хүдэртөмөрийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4399 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 369 дугаартай дүгнэлт, шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийг хэзээ, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” бүрэн тогтоогдсон байна. Хэргийн газрын үзлэг болон хэмжилтийн бүдүүвчээр тухайн тээврийн хэрэгслийн тоормосны мөр авагдаагүй, осол гарсан газарт болон тээврийн хэрэгсэлд ямар нэгэн камерийн хяналт байхгүй байгаа зэрэг нь уг тээврийн хэрэгслийн хурдтай холбогдуулан шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй бөгөөд гэрчийн мэдүүлэгт үндэслэж хурдыг тодорхойлсон. Мөн шүүх, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачлагаар дахин шинжилгээ хийлгэх боломжтой байна. Хэрэгт авагдсан Ө.Жгийн гэрчээр өгсөн “Уг автомашин нь талийгаач Төмөрчөдөрийн эзэмшлийнх мөн” гэх мэдүүлэг, мөн гэрч М.Чойжалбуугийн “...уг машин талийгаачийн өөрийнх нь машин мөн” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд уг өмчлөлийн асуудалд ямар нэгэн маргаангүй байх ба М.Чойжалбуу, З.Төмөрчөдөр нарын хооронд худалдах, худалдан авах талаар гэрээ, хэлцэл бодитоор хийгдээгүй байна. Иймд дээрх тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунцэцэг хууль ёсоор нэхэмжлэх эрхтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаартай дүгнэлтээр зорчигч С.Хүдэртөмөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогддог ба С.Хүдэртөмөр нь эрүүл мэндтэй холбогдуулан гомдол, хүсэлт гаргаагүй. Мөн шүүх өөрийн санаачлагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийг тогтоох боломжтой бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг дүгнэхэд хангалттай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх өөрийн санаачлагаар болон шинжээч нарыг оролцуулан шийдвэрлэх боломжтой байсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЗ/115 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Учир нь, дахиад нэмж хийх ажиллагаа байхгүй. Хэрэг хангалттай нотлогдсон гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунцэцэгийн өмгөөлөгч Б.Намхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс хэргийг бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Ослын хурдны асуудал тогтоогдох боломжгүй. Учир нь, тоормос гишгээгүй, тоормосны мөр гараагүй. Энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн гэрч Хүдэртөмөрийн “би ард нь суугаад харж байхад 110 км/цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлэг байгаа. Иймээс бусад нотлох баримтаар хурдыг тодорхойлох боломжгүй тул гэрч Хүдэртөмөрийн өгсөн мэдүүлгийг үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн шүүгчийн захирамжид жолооч талын урд дугуй хагарсан нөхцөлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн яаж өөрчлөгдөх вэ гэсэн асуулт байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд “баруун урд дугуй гэмтэлтэй байна. Энэ гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтэл. Гэхдээ осолд нөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тодорхой заасан байна. Үүнээс харвал ослоос өмнө машины дугуйнд ямар нэгэн гэмтэл байгаагүй нь тогтоогдож байна. Мөн Ө.Жгийн “...автомашин талийгаач Төмөрчөдөрийн эзэмшлийнх” гэх мэдүүлэг /1хх 165/, гэрч М.Чойжалбуу “...автомашин талийгаач Төмөрчөдөрийн эзэмшлийн машин, миний эзэмшлийн машин биш, надад хамааралгүй. Би талийгаачтай тохиролцож 11.300.000 төгрөг өгч, авсан баримт байхгүй учраас цаашид миний өмчлөлийн машин гэж үзэх үндэслэл байхгүй” гэж мэдүүлсэн зэргээс уг машины өмчлөлийн асуудал дээр маргаан байхгүй гэж үзэж байна. Үүнээс үзэхэд уг машины хууль ёсны эзэмшигч нь Н.Оюунцэцэг болж байгаа учир шинжээчийн дүгнэлтээр гарсан машины эвдрэлийн 24.765.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ө.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ө.Жгийн өмгөөлөгч С.Баттамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн осол нь замын нөхцөл, цаг агаарын таагүй байдал, үзэгдэх орчин, зам дээр байсан саад зэргээс үүссэн осол биш. Ө.Жг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Ө.Ж нь зогсоох арга хэмжээ авсан болох нь хэргийн газрын үзлэг, тэмдэглэлээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Ө.Ж нь “машины дугуй хагарч, баруун гар тал руу жолоо булаасан. Тухайн замын хөвөө рүү ороод аажмаар тоормос гишгээд зогсоох явцад талийгаач хажуу талаас жолоог татаж зам дээр онхолдсон” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь тээврийн цагдаагийн газраас гаргасан бүдүүвч зургаар тогтоогддог. Тэгэхээр үүнийг нарийвчилж шалгах шаардлагатай. Хэдий хүний амь нас хохирсон хэрэг боловч энэхүү гэм хорыг гэм буруугүйгээр учруулсан байх тул нарийвчилж шалгах шаардлагатай гэж үзэж байна. Нарийвчлан, тодорхой ажиллагаануудыг хийсний дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй. Тээврийн хэрэгслийн хурдтай холбоотой асуудлыг техникийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж “баруун талын дугуй хагарахад машины хурд хаашаа үйлчлэх вэ”, мөн “замын хөвөө рүү орж аажмаар тоормос гишгэсэн үйлдлийг зогсоох арга хэмжээ авсан үйлдэл гэж үзэх үү” гэдгийг асуух шаардлагатай. Энэ нь согтуу явж байгаад урд нь байсан нүх рүү ороод онхолдсон, урд нь байсан саадыг мөргөсөн асуудал биш. Тухайн үед зам болон цаг агаарын нөхцөл байдал таатай, үзэгдэх орчин хязгаарлагдаагүй, машин эвдрэл гэмтэлгүй байсан нь хэргийн газрын үзлэгээр бүрэн тогтоогдсон. Мөн Хүдэртөмөр нь 3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Эхний мэдүүлэгтээ “110 км/цагийн хурдтай явж байхыг нь харсан”, дараагийн мэдүүлэгт “100 км/цагийн хурдтай явж байхыг нь харсан” гэж зөрүүтэй мэдүүлэг. Мөн “Мөнххаан сумыг уруудаад 110 км/цагийн хурдтай явж байхыг харсан” гэдэг мөртлөө, гурав дахь мэдүүлэгтээ “Мөнххаан сум орохоос өмнө 110 км/цагийн хурдтай явж байсан” гэж мэдүүлдэг. Тэгвэл зам тээврийн осол болсон газар очихоос өмнө зогсож, зорчигчид болон Ө.Ж тээврийн хэрэгслээс бууж, хоорондоо маргалдсан байсан. Үүнээс харахад Хүдэртөмөрийн харсан гэх хурд хаана төгссөн нь тодорхойгүй байна. Мөн Сүхбаатар аймгаас осол болсон гэх газар 150 километрийн зайтай. Өдрийн 13 цагт Сүхбаатар аймгаас гараад осол болсон газар 16 цагт очсон байдаг. Энэ хооронд 3 цагийн зай байна. 150 километр газрыг 3 цаг туулсан гэж үзэхэд дундаж хурд нь 50 км/цаг байна. Тэгэхээр хурд хэтрүүлсэн гэдгийг яаж тогтоогоод байна вэ. Үүнийг мэргэжлийн шинжээч томилж тайлбарлуулах шаардлагатай гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ө.Жд холбогдох эрүүгийн хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг тогтоох шаардлагатай байна. Гэрч С.Хүдэртөмөр, шүүгдэгч Ө.Ж нар автомашины хурдын талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх бөгөөд хурдуудтай холбогдуулан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, шинжээч нарыг асуух замаар хэргийн бодит байдлыг тогтоох зохих ажиллагаа хийх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох ажиллагааг хийх шаардлагатай. 16-97 УНЦ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер Прадо” маркийн тээврийн хэрэгсэл хэний эзэмшил, өмчлөлийнх болох нь хэрэгт тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотолж болох баримт хэрэгт авагдаагүй тул тогтоогдох боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар С.Хүдэртөмөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулж, түүнд учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хэргийн хамт шийдвэрлэх нь зүйтэй, дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Ө.Жгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

            Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

            Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай гэж үзвэл дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой байна.

 

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ө.Жд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 115 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ө.Жд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ө.Жд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ