| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0379/3 |
| Дугаар | 221/МА2026/0116 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0116
“А б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, М.С, гуравдагч этгээд “У и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О
Нэхэмжлэгч: “А б” ХХК
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: “У и” ХХК, “Д с н” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/1982 тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “А б” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/4357 тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “А б” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4/10564 тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож “А б” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 882 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Б.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д /цахимаар/,
Гуравдагч этгээд “У и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д,
Гуравдагч этгээд “Д с н” ХХК-ийн төлөөлөгч Т.Г,
Гуравдагч этгээд “Д с н” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Х
Хэргийн индекс: 128/2025/0379/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А б” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/1982 тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “А б” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/4357 тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “А б” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4/10564 тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож “А б” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 882 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-д "Энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын бүртгэл, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг прокурорын зөвшөөрлөөр зохих байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байх боловч энэ нь хаягийн өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн өөрчлөлтийн бүртгэлийг хийхгүй байх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ. Мөн 6.2-т "Учир нь Компанийн тухай хуульд зааснаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн асуудал мөн ч маргаан бүхий бүртгэлүүд болох хаягийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүртгэлийн тухайд агуулгаар нь авч үзвэл хувьцааны эрхийг шилжүүлсэн буюу ийм үр дагаварт хүргэх шийдвэрүүд биш байна” гэж зөв дүгнэсэн атлаа Үндэслэх хэсгийн 6.3-д “Хэдий тийм боловч “Д с н" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг, А б ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаартай хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг үндэслэн тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Э 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг, хувьцааны эрхийн асуудалтай холбоотой эрүүгийн хэрэг маргаан зохих байгууллагад шалгагдаж байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д тус тус заасан хориглосон үйлдлийг хийхгүй гэж бүртгэл хийхээс татгалзсан хариуцагчийн шийдвэрүүд хуулийн үндэслэлтэй, харин хууль хяналтын байгууллагаас хэрэг маргаан шийдвэрлэгдэж байгаа гэж албан ёсоор улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авсангүй" гэж дүгнэсэн. Гэвч дээрх шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.2. Учир нь захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно" гэж заасан. Гэтэл Улсын бүртгэгч Н.Э холбогдох маргаан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох А б төв байрны хаягийн өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэх бүртгэлтэй хэрхэн холбогдож байгаа талаар хариуцагч үндэслэлтэй тайлбарлаагүйн зэрэгцээ шүүхээс энэ хэсэгт хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй. Тодруулбал, улсын бүртгэгч Н.Э холбогдох захиргааны хэрэг нь "Д с н" ХХК-ийн нэхэмжлэлтэй хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэнтэй холбоотой маргаан бөгөөд хаягийн бүртгэл болон төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийн бүртгэлтэй ямар нэг байдлаар холбоотой биш юм. Гэтэл хариуцагч бүртгэлийн байгууллага болон шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгвөл зохих асуудалд үнэлэлт, дүгнэлт огт өгөлгүйгээр, холбоотой маргаан байхгүй байхад бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзсэнээс үүдэн банкны болон олон нийтийн дараах эрх ашиг хөндөгдөх эрсдэлтэй гэдгийг шүүхээс огт харгалзаж үзээгүй. Банк хуулиар хүлээлгэсэн үүргийг мөрдөж ажиллаагүйгээс үүдэж А б тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрсдэлтэй талаар, Банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болсноос үүдэж олон нийтийн эрх ашиг хөндөх эрсдэл гэх мэт. Тодруулбал Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Банк төлөөлөн удирдах зөвлөлтэй байна" гэж заасан байх бөгөөд уг шаардлагыг хангаагүй тохиолдолд дараах нөхцөл байдал үүсэхээр байгааг харгалзан үзнэ үү.
Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт "Банк нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас дараах арга хэмжээг авна" гээд 48 дугаар зүйлийн 48.1.17 дахь хэсэгт "энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан үндэслэлээр банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох" гэж заасны дагуу банкны банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болох эрсдэлтэй төдийгүй банкны зөвшөөрөл хүчингүй болох тохиолдолд 350 гаруй ажилтан ажилгүй болж, 19 салбар, 5 тооцооны төв татан буугдаж, 113,124 харилцагч, 33,055 хадгаламж эзэмшигч, 70,000 гаруй зээлдэгчдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Мөн Монгол Улсын банк санхүүгийн салбар дахь нэг банк татан буугдахад санхүүгийн салбарт итгэлийн хямрал үүсгэх, иргэд аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хүнд байдалд оруулах, эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх зэрэг олон талын сөрөг нөлөө үзүүлж болзошгүй билээ. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
4. Гуравдагч этгээд “У и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.3-д "..."Д с н" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг, "А б" ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаартай хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг үндэслэн тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Энхтуяагийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг, хувьцааны эрхийн асуудалтай холбоотой эрүүгийн хэрэг маргаан зохих байгууллагад шалгагдаж байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д тус тус заасан хориглосон үйлдлийг хийхгүй гэж бүртгэл хийхээс татгалзсан хариуцагчийн шийдвэрүүд хуулийн үндэслэлтэй ..." гэжээ. "А б" ХХК-ийн нэхэмжлэлтэй тус захиргааны маргаан нь улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан захиргааны актыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай тул маргаан бүхий захиргааны акт гаргасан цаг хугацаанд оршин байсан үйл явдалд тулгуурлах нь зүйтэй. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас "А б" ХХК-ийн дүрмийн өөрчлөлт /хаягийн өөрчлөлт/, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс 2025 оны 1 дүгээр улиралд амаар татгалзаж байсан ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/4357 дугаар "хариу хүргүүлэх тухай" албан бичгээр бүртгэхээс татгалзсан байдаг. Гэтэл "Д с н" ХХК-иас 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "А б" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурал болон хурлаас гаргасан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд сонгосон шийдвэрүүд, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус хурал болон хурлаас гаргасан "А б" ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан /хаягийн өөрчлөлт/ шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон шийдвэр, хаяг өөрчилсөн дүрмийн шинэчилсэн, өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт гарах үед “А б" ХХК-ийн найруулгыг баталсан шийдвэртэй холбоотой иргэний хэрэг маргаан үүсээгүй байсан. Гэтэл уг иргэний маргаантай холбоотойгоор маргаан бүхий захиргааны актыг зөвтгөсөн нь үндэслэлгүй болжээ.
4.2. Хэдийгээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Д с н" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "А б" ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаартай хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг үндэслэн тус компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгч Н.Энхтуяагийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг хянагдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзсэн байгаа боловч уг захиргааны хэрэг нь "А б" ХХК- ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгтэй хамааралгүй юм. Учир нь Улсын бүртгэгч Н.Э холбогдох захиргааны хэрэг нь “А б” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлтэй буюу "А б" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой маргаан юм. Харин дээрх маргаан нь "А б" ХХК-ийнн хаяг, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн өөрчлөлтийг бүртгэх эсэх маргаантай агуулгын хувьд болон хууль зүйн үр дагаврын хувьд ч холбогдохгүй байна. Гэтэл анхан шатны шүүх, хариуцагчийг "А б" ХХК-ийн хаяг, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж байгаа үндэслэлээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасныг баримтлан улсын бүртгэгч Н.Э холбогдох захиргааны хэрэгтэй холбон тайлбарлаж байгааг зөвтгөсөн нь үндэслэлгүй юм. Мөн шүүхийн шийдвэрт "... хувьцааны эрхийн асуудалтай холбоотой эрүүгийн хэрэг маргаан" гэж дурдсан. Гэтэл талуудын тайлбар, захиргааны байгууллагын үндэслэж байгаа эрүүгийн хэрэг нь "А б" ХХК-тай хамааралгүй хэрэг юм. Тус эрүүгийн хэрэг нь Монголбанкаас "А б" ХХК-д томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч нарт холбогдох "Д с н" ХХК-ийн гомдолтой хэрэг юм. Өөрөөр хэлбэл тус эрүүгийн хэрэгт "А б" ХХК нь хамааралгүй буюу хохирогч, сэжигтэн, холбогдогчийн зэрэг эрүүгийн хэргийн оролцогчийн хувиар тус хэрэгт хамааралгүй юм. Тиймээс хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь "А б" ХХК-ийн дүрмийн өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүртгэлийг бүртгэхээс татгалзаж байгаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.4-д заасан захиргааны үйл ажиллагааны үр нөлөөтэй байх зарчимтай нийцэхгүй байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ
4. Хариуцагч болон гуравдагч этгээд “Д с н” ХХК нарын зүгээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “У и” ХХК-ийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “А б” ХХК-иас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/1982 тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “А б” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/4357 тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “А б” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4/10564 тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож “А б” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.
2.2. Гуравдагч этгээд “У и” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн бол гуравдагч этгээд “Д с н” ХХК-ийн зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
2.3. Анхан шатны шүүх “... “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг, “А б” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/22/04 дугаартай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг үндэслэн тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Энхтуяагийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг, хувьцааны эрхийн асуудалтай холбоотой эрүүгийн хэрэг маргаан зохих байгууллагад шалгагдаж байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д тус тус заасан хориглосон үйлдлийг хийхгүй гэж бүртгэл хийхээс татгалзсан хариуцагчийн шийдвэрүүд хуулийн үндэслэлтэй ...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2.4. Учир нь, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “.энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гээд 20.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, 20.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж тус тус заасан.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “А б” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох тухай 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭ/23/09 дүгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр П.М, ХЭ/23/10 дугаар тогтоолоор Д.Т, ХЭ/23/11 дүгээр тогтоолоор Н.Ц нарыг,
Харин “А б” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнийг сонгох тухай 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭ/23/12 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Ш.Баярсайханыг, ХЭ/23/18 дугаар тогтоолоор С.Хосбаярыг, ХЭ/23/13 дугаар тогтоолоор С.С, ХЭ/23/15 дугаар тогтоолоор Д.Ч, ХЭ/23/14 дүгээр тогтоолоор Я.Н, ХЭ/23/16 дугаар тогтоолоор Б.А нарыг,
Мөн “А б” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга сонгох тухай 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ТУЗ/23/35 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар П.М тус тус сонгосон бол 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭ/23/08 дугаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолоор банкны төв байрны хаягийг өөрчилж “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** тоот барилгын 14 давхрын **** тоот хаяг байна” гэж тус компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Нэхэмжлэгч “А б” ХХК-иас дээрх тогтоолуудыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” Б-ГЗ/146 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргад хандсан боловч тус газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/1982, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/4357 дугаар албан бичгүүдээр дээрх тогтоолуудыг бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн байна.
2.6. Түүнчлэн “Д с н” ХХК-иас “А б” ХХК, Монгол банкинд холбогдуулан иргэний хэргийн шүүхэд “2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан Х/03, Х/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16529 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШЗ2025/32751 дүгээр захирамжаар дээр дурдсан “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авсан болох нь холбогдох бусад хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.
2.7. Тухайн тохиолдолд “Д с н” ХХК-ний нэхэмжлэлтэй, “А б” ХХК, Монгол банкинд тус тус холбогдох Чингэлтэй дүүргийн иргэний хэрэг, “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй улсын бүртгэгч Н.Э холбогдох “2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2024/8475 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн зэрэг үйл баримтууд байгаа үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллага дээрх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14-д зааснаар бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... улсын бүртгэгч Н.Э холбогдох дээр түдгэлзүүлсэн захиргааны хэрэг нь "Д с н" ХХК-ийн нэхэмжлэлтэй хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэнтэй холбоотой маргаан бөгөөд хаягийн бүртгэл болон төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийн бүртгэлтэй ямар нэг байдлаар холбоотой биш ...” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
2.8. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А б” ХХК, Монгол банкинд тус тус холбогдох иргэний хэргийн маргааны хувьд, нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхээр хүсэлт гаргасан хаягийн өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн болон ердийн гишүүдийг сонгосон “хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭ/23/07, ХЭ/23/08, ХЭ/23/09, ХЭ/23/10, ХЭ/23/11, ХЭ/23/12, ХЭ/23/13, ХЭ/23/14, ХЭ/23/15, ХЭ/23/16, ХЭ/23/18 дугаар бүхий тогтоолуудыг хүчингүй болгуулахаар иргэний шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргаж байгаа тохиолдолд дээрх хуулиар хориглосон зохицуулалтад хамаарч байх тул улсын бүртгэлийн байгууллага “А б” ХХК-ийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн тус хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар холбогдох бүртгэлүүдийг хийхээс татгалзсаныг буруутгах боломжгүй.
2.9. Нөгөө талаас улсын бүртгэлийн байгууллагаас 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/1982 дугаар албан бичгээр “А б” ХХК-ийн хаягийн өөрчлөлт, Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шалтгаан нь зөвхөн прокурорын зөвшөөрөл бус Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйл, 20.1.10-д заасныг тус тус үндэслэн татгалзсан байхад прокурорын зөвшөөрлийн талаар “Нийслэлийн прокурорын газраас тодруулга авсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн бүртгэл хийх хууль зүйн үндэслэлгүй.
2.10. Нийслэлийн прокурорын газрын 1226 дугаар прокурорын зөвшөөрлөөр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хөрөнгө болох “А б” ХХК-ийн хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтын хүрээнд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэх агуулгаар гарсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... хариуцагч нь прокуророос ирүүлсэн зөвшөөрлийн дагуу зөвхөн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнд л тодорхой төрлийн хориг тавих ёстой ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын бүргэгч Н.Э холбогдох захиргааны хэрэг хянагдаж түдгэлзсэн байгаа боловч уг захиргааны хэрэг нь “А б ХХК”-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хамааралгүй ...” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, М.С, гуравдагч этгээд “У и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ ц.сайхантуяа
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА