Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 6

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Р.Батбаяр, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Иргэдийн төлөөлөгч Э.Сэргэлэнбаатар

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батхүү, К.Бауиржан, Т.Багахүү

Гэрч Г.Ганхуяг

            Шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж, Н.Батбаяр нарыг оролцуулан Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Дэд овогт Рэгдэлийн Дугардорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хошууд овогт Нацагдоржийн Батбаяр нарт холбогдох 201623010036 тоот хэргийг 2017 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1978 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 39 настай, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 38-р байрны 25 тоотод   оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, СЩ78033119 регистрийн дугаартай Хуучид овгийн Жанчивдоржийн Мөнхмандах.

           2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1979 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35-р байрны 20 тоотод оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар  шүүхийн 2007 оны 05 сарын 31-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3400000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, СЩ79051716 регистрийн дугаартай, Дэд овгийн Рэгдэлийн Дугардорж.

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 1988 оны 02 сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 29 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Метро хаус констракшн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7-р хороо 49 дүгээр байрны 07 тоотод оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, СЩ88022312 регистрийн дугаартай,  Хошууд овгийн Нацагдоржийн Батбаяр.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

             Шүүгдэгч Ж.Мөнхмандах нь 2013 оны 08 сарын 22-нд “Лутчулуу” ХХК-иас Мал  угаалгын  нэгдсэн ванн барихад  зориулж  21073800  төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын  захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын  ажлыг тендер  сонгон  шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар  хийж  гүйцэтгүүлэн  2013  оны  09   сарын  09-өөс  10-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэр 35-р байрны гадна Г.Ганхуягаас 1500000 төгрөгийн хээл хахуулийг өөрөө авсан,

            Мөн 2014 онд “Орон сууцны гадна фасад будах ажлын гэрээ”-г байгуулж, тендерийн ажил гүйцэтгэн, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт авсан “Метро хаус констракшн” ХХК-ийн захирал Н.Батбаяраас 1500000 төгрөгийг 2014 оны 11 сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Б.Чимэгтуяагийн Хаан Банкны 5946041605 тоот дугаартай дансаар дамжуулан хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахуульд авсан,

Шүүгдэгч Р.Дугардорж нь 2013 оны 08 сарын 22-нд “Лутчулуу” ХХК-иас Мал угаалгын нэгдсэн ванн барихад зориулж 21073800 төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын ажлыг тендер сонгон шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар хийж гүйцэтгүүлэн  2013 оны 08 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багийн нутаг дэвсгэр 48-р байрны гадна Г.Ганхуягаас 1000000 төгрөг мөн 2013 оны 09 сарын 09-өөс 10-ны хооронд 500000 төгрөгийг тус тус хээл хахуулийг өөрөө  авсан,

Шүүгдэгч Н.Батбаяр нь 2014 онд Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Орон сууцны гадна фасад будах ажлын” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч, гэрээ байгуулан, тендерийн ажил гүйцэтгэж, 2014 оны 11 сарын 03-ны өдөр 1500000 төгрөгийг Бор-Өндөр сумын засаг даргын орлогч Ж.Мөнхмандахад түүний эхнэр Б.Чимэгтуяагийн ХААН банкны дансаар дамжуулж хээл хахуульд өгсөн гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад Т О Д О Р Х О Й Л О Х нь:       

-Засаг даргын орлогч Ж.Мөнхмандах гэх гарын үсэг, тамгатай 2013 оны 08 сарын 22-ны өдрийн 436 дугаартай “Лут чулуу” ХХК-д хандсан албан бичиг, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 164-167/

- Засаг даргын орлогч Ж.Мөнхмандах гэх гарын үсэгтэй “Мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо” гэх баримт /1-р хх-ийн 62/, Бор-Өндөр сумын 2014 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжих тендер шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 80-84, 101-109/

-Гэрч Чулуунбаатарын Бадармаагийн 2016 оны 06 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхөр 2013 онд тодорхой эрхэлсэн ажилгүй байсан. Уулын баяжуулах үйлдвэрт нэвтрэгчээр ажиллаж байсан. Нөхөр маань 6 сарын хугацаанд үйлдвэр зогсоод ажилгүй байсан. 2013 оны 07, 08 сарын үед гэртээ  ирээд “Би Мөнхмандахтай ажлын өрөөнд нь очиж уулзахад  Дархан сумын нутагт мал угаалгын ванн хийх ажил байна, чи тэр ажлыг аваад хийх үү гэж асууж байна. Тэгэхээр нь хийе гээд хэлчихлээ” гэж хэлсэн. Намайг Мөнхмандахын өрөөнд сууж байхад 6 дугаар багийн засаг дарга Дугардорж орж ирээд надаар ванн хийлгэх ажлыг хийвэл зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд өөрийн таньдаг хүмүүстэй 08 сард ванн хийсэн. Мал угаалгын ванн барих ажлын хөлс манай нөхрийн 5946013327 тоот данс руу 2 хуваагдаж орж ирсэн гэсэн. “Лут чулуу” ХХК мөнгийг нь шилжүүлсэн бөгөөд 21 сая төгрөг шилжүүлсэн. 10 сая төгрөг нь эхлээд орж ирсэн. Тэр шилжиж ирсэн мөнгөнөөс Дугардорж, Мөнхмандах 2-т өгнө гэж хэлээд гэрээсээ аваад гарч байхыг би сайн мэднэ. Нөхөр маань Дугардорж гадаа мөнгө авах гээд ирчихсэн байна гээд мөнгө авч гараад өгч байсныг санаж байна. Түүнд 1.5 сая төгрөг өгсөн талаар нөхөр маань ярьж байсан. Дугардорж нь манай гэрийн гадаа ирээд нөхөр рүү залгаад дуудахаар нь нөхөр маань мөнгө авч гараад өгч байсан. Дараа нь Мөнхмандахад бас мөнгө өгнө гээд 1.5 сая төгрөгийг гэрээсээ авч гараад өгч байсан. Би аваачиж өгөхөд хамт байгаагүй ч тухайн үед мөнгө өгөх гэж байгаагаа хэлж байсан. Нөхөр маань “Лут чулуу” ХХК-иас шилжиж орж ирсэн мөнгөнөөс тус бүр 1.5 сая төгрөгийг Дугардорж, Мөнхмандах хоёрт өгсөн” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 203-205/

-Гэрч Ганболдын Ганхуягийн 2016 оны 06 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2013 оны 08 сард засаг даргын орлогч Мөнхмандахтай уулзахаар санаандгүй орсон. Тэр үед 6 дугаар багийн засаг дарга Дугардорж хамт сууж байсан бөгөөд тэр хоёр “Дархан сумын нутагт мал угаалгын ванн барих ажлын талаар яриад сууж байсан. Тэр хоёр “Дархан суманд 10 хоногийн хугацаатай мал угаалгын ванн барих ажлыг хийх хэрэгтэй байна, чи хийж чадах уу, ажлын урьдчилгаанд 10 сая төгрөг өгнө, ажлаа хийсний дараа 11 сая төгрөг нийт 21 сая төгрөг өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би ажилгүй байсан учраас ажил олдож байгаа дээр хийчихье гэж бодоод тэр хоёрт “би наад ажлыг чинь хиймээр байна” гэж хэлэхэд Дугардорж нь “ би наад ажлыг чинь чамд өгч болно, харин чи надад орж ирэх мөнгөнөөсөө 2 сая төгрөгийг өгөөрэй” гэж хэлсэн. Харин Мөнхмандах нь “харин надад 1.5 сая төгрөг өгөөрэй” гэхээр нь “за за тэгвэл наад ажлыг чинь аваад хийе, би өөрөө хамт хийх хүмүүсээ олоод хийгээд өгье, та хоёрт хүссэн мөнгийг чинь өгье” гэж хэлээд Дугардоржид 2 сая төгрөг, Мөнхмандахад 1.5 сая төгрөг өгөхөөр болсон. Би энэ талаар ярихад “чи ажилгүй байгаа юм чинь наад ажлаа хийчих” гэж хэлсэн. Дараа нь Дугардоржтой уулзахад “Мал угаалгын ванн барих ажлын төсвийг ажлын зурагтай нь хамт өгөөд миний дансны дугаарыг авч яваад 2013 оны 08 сарын 23-ны өдөр 10 сая төгрөгийг миний Хаан банкны 5946013327 тоот данс руу шилжүүлсэн байсан. Дугардорж манай гэрийн гадаа ирчихээд “Лут чулуу” ХХК-иас шилжүүлсэн мөнгөнөөс 1 сая төгрөгийг өгчих гэхээр нь 1 сая төгрөгийг гаргаж өгсөн. 2013 оны 08 сарын 28-ны өдрөөс 2013 оны 09 сарын 08-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд ванн барих ажлыг хийсэн. Ажлаа дуусаад сумандаа ирсэний дараа 2013 оны 09 сарын 09-ний өдөр миний данс руу “Лут чулуу” ХХК-иас 11073800 төгрөг шилжиж орж ирсэн. 2013 оны 09 сарын 09, 10-ны өдрүүдийн аль нэгэнд Дугардорж манай гэрийн гадаа анх авахаар тохирсон байсан 2 сая төгрөгний үлдэгдэл 1 сая төгрөгийг авахаар ирээд над руу утсаар ярьсан. Би банкнаас мөнгө аваад гэртээ хадгалчихсан байсан болохоор 500000 төгрөг авч гараад Дугардоржид өгсөн. 2 сая төгрөг авна гэж хэлсэн биз дээ гэж Дугардорж хэлэхээр нь “эхний санхүүжилтээс чамд 1 сая төгрөг өгсөн шүү дээ, чамд дахиж 1 сая төгрөг өгч чадахгүй, надад тэгж их ашиг гарсангүй, Мөнхмандахад бас мөнгө өгнө, чи энэ мөнгийг авчих” гээд 500000 төгрөг өгсөн. Тухайн өдрөө Бор-Өндөр сумын 1-р баг 35-р байранд гэрийнх нь гадаа очиж утас руу нь ярьж дуудаад гараад ирэхээр нь 1.5 сая төгрөгийг өгсөн. Мөнгө өгч байхад үзсэн харсан хүн байхгүй. Дугардорж, Мөнхмандах хоёрт мөнгө өгөх гэж байгааг би эхнэртээ хэлж байсан. Мөнхмандахад би дансны дугаараа хэлж байгаагүй. Дугардоржид дансны дугаараа өгсөн. Мөнхмандах, Дугардорж хоёр “чамд ажил олж өглөө шүү, шагналыг нь өгөөрэй” гэж хэлсэн. Дугардорж анх 2 сая төгрөг, Мөнхмандах 1.5 сая төгрөг авна гэдгээ хэлээд би түүнийг нь зөвшөөрөөд ажил хийж мөнгө олоод хэлснийхээ дагуу мөнгийг нь өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-207/

-Гэрч Хурцбаатарын Тунгалагбадамын 2016 оны 06 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2013 оны 10 сард ажилдаа ороход Чинбат даргыг халчихсан, намайг орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан байсан. Тэр үед Дугардорж манай байгууллагаас удаа дараа мөнгө нэхэж байгаад “мал угаалгын нэгдсэн ванн барих” ажлыг санхүүжүүлнэ гээд мөнгө шилжүүлж авсан байсан. Сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхмандахын гарын үсэгтэй “21073800  төгрөгийг гүйцэтгэгч компаний данс руу шилжүүлнэ үү” гэх утга бүхий албан бичгийг манай компани руу өгөөд 21 сая төгрөгийг авсан байсан. Манай компани уг мөнгийг зээл хэлбэрээр олгоогүй, хандив тусламжаар олгосон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 211-212/

-Гэрч Доржжүгдэрийн Тайвангийн 2016 оны 06 сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2013 онд сум хөгжүүлэх сангаас зээл олгох орон тооны бус зөвлөлийн гишүүнээр орж ажилласан. Ц.Баярмаагийн төслийг анхаараад өгөөрэй гээд засаг даргын орлогч Мөнхмандах надад хэлж байсан. Би түүнд “би ганцаараа шалгаруулахгүй болохоор сайн мэдэхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 218-219/

-Гэрч Мангаагийн Мөнхцэцэгийн 2016 оны 06 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Хандив тусламж авах асуудлыг Төсвийн тухай хуулиар зохицуулдаг. Хандив тусламжийг мөнгөн хэлбэрээр өгвөл төсвийг дансандаа тушааж орлогод авч, тайлан тооцоондоо тусгадаг. Хэрвээ биет хэлбэрээр хандив өгвөл үндсэн хөрөнгө юм уу бараа материалын жагсаалтад тусгадаг. Төсвийн дансанд тушаасан хандивын орлогыг төсвийн хөрөнгө гэж үзэж хуулийн дагуу зарцуулах ёстой. 2014 оын 05 сард Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна фасад будах ажлын тендер зарлагдаж тендерт “Метро хаус констакшн” ХХК шалгарч 2014 оны 05 сарын 28-ны өдөр ЗДТГ-ын дарга Б.Алтансүхтэй гэрээ байгуулсан. Гэрээний нийт дүн 58.677.000 төгрөг байсан. Би тухайн үед байхгүй байсан бөгөөд баримтаас үзэхэд 2014.06.02-ны өдөр 17600000 төгрөг, 2014.09.01-ний өдөр 7000000 төгрөг, 2014.10.01-ний өдөр 4200000 төгрөг, 2014.10.31-ний өдөр 10000000 төгрөг, 2014.12.25-ны өдөр 4000000 төгрөг, 2014.12.26-ны өдөр 7000000 төгрөг буюу нийт 49800000 төгрөг шилжиж одоогийн байдлаар санхүүжилт ороогүйгээс 8877000 төгрөгний үлдэгдэлтэй байна. Сумын ЗДТГ-ын архивт санхүүжилт олгосон төлбөрийн хүсэлтүүд хадгалагдаж байгаа боловч гүйцэтгэлийн баримтууд байхгүй байна. Яагаад байхгүй байгаа талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 220-222/

-Гэрч Төмөрийн Эрдэнэзаяагийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн мөрдөн байцаалтад өгсөн  “Би тухайн үед фассадын ажлыг хүлээж авах комисст орж ажилласан нь үнэн. Надаас гадна Мэндбаяр, Гантөмөр, Гэрэлтуяа гэх хүмүүс байсан санагдаж байна. Бид нар 35, 36, 45 дугаар байрыг тойрч үзээд дараа нь хуралдсан бөгөөд зарим ажил нь дутуу байсан болохоор гүйцэтгэлийг нь 80 хувиар хүлээж авна гээд маргаан үүсч эхэлсэн. Миний одоо санахад гүйцэтгэгч Батбаяр гэдэг хүн нь “би ирэх хавар ирээд засаад өгье, надад мөнгө нь хэрэгтэй байна шүү дээ, хүлээгээд авчих” гээд гуйгаад байсан. Би тэр үеэр ажилтай болоод гараад яваад өгсөн. Намайг байхгүй хойгуур тухайн ажлын гүйцэтгэлийг 100 хувиар хүлээж авахаар болсон байсан. Батбаяр нь намайг хүлээж авсан актанд гарын үсэг зурж өгөөч гээд яваад байсан санагдаж байна. Гэхдээ би гарын үсэг зурж өгснөө санахгүй байна. Батбаяр дахиж ирээгүй, байрныхаа засварыг гүйцээж өгөөгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 208-209/

-Гэрч Нямсүрэнгийн Отгонбилэгийн 2016 оны 06 сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2013 оны 08 сарын 07-ны өдрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ИНХ-ын хуралдаанаар тодорхой тооны асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Үүний нэг нь мал угаалгын ванн барих асуудал байсан. Манай багийн малчид хуралдаан дээр мал угаалгын ванн барих ажлыг 100 хувийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн. Гэхдээ яг ямар компаний санхүүжилтээр мал угаалгын ванн барих ажлыг хийхийг хуралдаан дээр огт яриагүй. Миний бие хурал болсны дараа хөдөө мал дээр байдаг болохоор явсаны дараа хуралдааны тэмдэглэл гарсан байгаа тогтоолоо гаргаарай гээд ирэхэд 6-р багийн засаг дарга Дугардорж нь “Лут чулуу” ХХК-иас мал угаалгын ванн барих ажилд дэмжлэг авах боллоо гэж хэлж тогтоолд гарын үсэг зуруулсан. Багийн ИНХ нь аж ахуй нэгж байгууллагаас санхүүгийн дэмжлэг авах талаар үүрэг болгосон тогтоол, шийдвэр гаргах эрх байхгүй. Мал угаалгын ванн барих тухай тогтоолтой гарын үсэг зурах гэхэд “Лут чулуу” ХХК-иас ванн барих ажлын дэмжлэг туслалцаа авч ажиллахыг үүрэг болгосугай гэсэн байсан. Би энэ юу болж байна вэ гэж Дугардоржоос асуухад  “мал угаалгын ванн барих ажлыг Лут чулуу ХХК санхүүжүүлэхээр болсон юм” гэж надад хэлсэн. Ингээд би тогтоолд гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 224-225/

-2013 оны 08 сарын 08-ны өдрийн 02 дугаартай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6-р багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол /2-р хх-ийн 231/

-Гэрч Жамцын Даваагийн 2016 оны 06 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Лут чулуу” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 2-р багийн нутагт мал угаалгын ванн барьсан байсныг 2014 оны 08 сард мэдсэн. “Лут чулуу” ХХК нь Дархан сумын Засаг даргын тамгын газарт мал угаалгын ванн барихаар хүсэлт тавьсан зүйл огт байхгүй. Ямар ч зөвшөөрөлгүй ванн барьсан. Ванн барьсан газарт газар эзэмших гэрчилгээ олгогдоогүй, хүлээж авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-247/

-Гэрч Ариунболдын Халиуны 2016 оны 07 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Лут чулуу” ХХК-д нягтлан бодогчоор 2013 оны 08 сарын 14-нд орсон. Захирал маань дансны дугаар өгөөд энэ мөнгийг шилжүүл гээд 10 сая төгрөгийг тоолж өгсөн. ХААН банкны салбар дээр очоод захирлын өгсөн дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь буюу 2013 оны 09 сард захирал 11073800 төгрөг өгөөд шилжүүл гэж хэлсэн. Би уг мөнгийг малын ванн барих ажлын хандив гэж хэлж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 249/

-Гэрч Пүрэвийн Чинбатын 2016 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг уурхай хариуцсан орлогч даргаар томилогдсоны дараа Р.Дугардорж нь 2013 оны 06 сард “Лут чулуу” ХХК-ийн уурхай дээр ирээд 6-р багийн малчдад зориулсан мал угаалгын ванн барих шаардлагатай байна, хөрөнгө мөнгийг нь шийдээд өгөөч гэсэн. Би түүнийг уурхай хариуцсан захиралтай уулзуулсан. Хэд хоногийн дараа Дугардорж “мал угаалгын ванн”-ы гэх план зураг барьчихсан, 20 гаруй сая төгрөгний төсөв тооцоо барьчихсан уурхай дээр ирэхэд нь захиралтай уулзуулахад “төсөв, план” зургаа өгөхөд төв оффисийн нягтлан руу утсаар яриад Дугардоржийн өгсөн бичгүүдийн дагуу мөнгийг нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 01/

Гэрч Ганбатын Бат-Эрдэнийн 2016 оны 08 сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Метро хаус констракшин ХХК-ийг манай найз Н.Батбаяр үүсгэн байгуулсан бөгөөд түүний хүсэлтээр тухайн компанид хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар тохиролцож гүйцэтгэх захирлаар нь томилогдсон. Н.Батбаяр ерөнхий захирлаар ажилладаг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын орлогч Мандах /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг хүн надаас мөнгө нэхээд байна, би түүнд мөнгө өгсөн гэж Батбаяр надад хэд хэдэн удаа хэлж байсан. Н.Батбаяр надад Мөнхмандахын мөнгө нэхэж бичсэн мессэжийг хүртэл үзүүлж байсан. Мөнхмандах нь Н.Батбаярын гар утас руу “эр хүний замын хүзүү урт шүү, чи надтай уулзахгүй хол явахыг чинь харнаа, чи хэзээ мөнгө өгөх юм бэ, хурдан мөнгөө өг л дөө” гэх утгатай мөнгө нэхсэн, дарамталсан мессэж бичсэн байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 05/

-Гэрч Мөнхийн Өлзиймөнхийн 2016 оны 08 сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Ж.Мөнхмандах нь 2013 онд 3.5 сая төгрөгийг төлбөр авагч Аюушийн дансанд төлж байгаагүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 06/

-Гэрч Баатарчулууны Чимэгтуяагийн 2016 оны 08 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би ёстой санахгүй байна. Цэнд-Аюуш, Батбаяр гэдэг хүмүүсээс тус бүр 1500000 төгрөгийг миний данс руу хийсэн байна. Би энэ хүмүүсийг ёстой танихгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 15/,

-Б.Чимэгтуяагийн ХААН банкны дансны хуулга /3-р хх-ийн 17-20/

-Ж.Мөнхмандахын 2016 оны 08 сарын 18-ны өдрийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “... Мал угаалгын ванн барих ажлыг би зохион байгуулаагүй. Энэ угаасаа Бор-Өндөр сумын 6-р багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гарч, багийн дарга Дугардорж нь “Лутчулуу” ХХК-тай уулзаж хандив авахаар тохиролцсон байгаа. Миний хувьд тэр компанитай огт уулзаж үзээгүй. “Лутчулуу” ХХК-иас өгч буй хандивыг орон нутгийн дансанд хийх ёстой гэсэн хуулийн заалт байдгийг мэдээгүй, би хариуцсан мэргэжилтэн нь биш болохоор дансаар дамжуулах ёстой байсан гэдгийг мэдээгүй. Би Ганхуягаас 1.5 сая төгрөгийг 2013 оны 08 билүү 09 сард зээлж авсан. Мөнгийг нь буцааж өгөөгүй байгаа. Би түүнээс “үхрийн фермийн аж ахуй эрхлэхээр мөнгө хөөцөлдөж байгаа, мөнгөө бүтэхээр чамд өгнө” гэж хэлж 1.5 сая төгрөгийг Ганхуягаас зээлж авсан. Төсөл бичсэн зүйл байхгүй, хэрэгжүүлээгүй. Надад барилгын материалын тооцоо, төсөв гаргах эрх байхгүй. Би төсөвчин биш. Дугардорж нь надтай уулзаад “Лутчулуу” ХХК-иас мал угаалгын ванн барих ажилд зарцуулагдах барилгын материалын тооцоогоо өг гээд байна, яаж тооцоо хийхийг мэдэхгүй байна гэж хэлэхэд нь түүнд “наадахыг чинь мэргэжлийн төсөвчин хийх ёстой шүү дээ гэхэд “төсөвчнөөр хийлгэх мөнгө байхгүй, тэгээд ч удах байх” гэхээр нь би компьютер дээр тооцоо хийж хэвлэж гаргаад Дугардоржид өгсөн. Ганхуягийг мал угаалгын ванн барих ажлын гүйцэтгэгчээр Дугардорж сонгосон байх” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 121-124/

-Р.Дугардоржийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гарч “мал угаалгын ванн барих” асуудлыг зохицуулж шийдвэрлэхийг багийн засаг дарга надад үүрэг болгосон. Энэхүү тогтоолд Ванн барих ажлын санхүүжилтийг “Лут чулуу” ХХК-иас гаргуулахыг даалгасан байсан. Би “Лутчулуу” ХХК-ийн Монгол талын захирал П.Чинбаттай уулзаад малчдаас мал угаалгын ванн бариулах талаар хүсэлт гаргасан. Тэрээр “би төвөөс асууж байгаад шийдвэрлье” гэж хэлээд явсан бөгөөд хэд хоногийн дараа мал угаалгын ванн барих асуудлыг манай компаниас санхүүжүүлэхээр болсон, ванн барих ажлын төсвийг зурагтайгаа өгөөрэй гэж надад хэлсэн. Надад “мал угаалгын ванн”-ы зураг төсөв бэлэн байсан учраас орлогч дарга Мөнхмандахад танилцуулсан. Ванн барьж дууссан. Ванн барих зөвшөөрлийг Дархан сумын эрх бүхий байгууллага албан тушаалтнаас аваагүй. “Лут чулуу” ХХК-иас 21 сая төгрөгийг олгосон. Ганхуягаас нэг ч төгрөг аваагүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 131-132/

-Р.Дугардоржийн 2016 оны 08 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би “мал угаалгын нэгдсэн ванн барих” ажлын санхүүжилтийн хандивыг авах зорилгоор “Лутчулуу” ХХК-ний уурхайн орлогч дарга Чинбаттай уулзаж, хандив тусламжийн талаар ярьж байсан. Мөн Мөнхмандах над руу яриад санхүүжилтээ авахгүй ажил зогсоод байна гэхээр  нь үлдэгдэл санхүүжилтээ өгөөч гэж “Лутчулуу” ХХК-ний төв оффис руу утсаар ярьж байсан. “Лутчулуу” ХХК-ний уурхай хариуцсан орлогч дарга Чинбат нь манай компаниас мал угаалгын ванн барих ажлын санхүүжилтийг олгохоор болсон байна, “хийгдэх ажлынхаа төсвийг өг” гэж хэлэхээр нь энэ талаар Ж.Мөнхмандахад хэлэхэд ойлголоо гэж хэлээд дараа нь “мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо” гэх баримтыг надад өгсөн. Би түүнийг нь Чинбатад өгсөн. Ж.Мөнхмандах нь Ганхуягийг гүйцэтгэгчээр сонгосон. Би Улаанбаатар хотын компаниар бариулъя гэсэн санал хэлсэн боловч тоогоогүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 133-135/

-Ганболдын Ганхуягийн 2016 оны 09 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нарт “Лутчулуу” ХХК-иас орж ирсэн мөнгөнөөс мөнгө өгсөн. Надад худал мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн зөв шүү дээ. Тэднийг гэмт хэрэгт холбогдуулж гүтгээгүй. Мөнхмандахад мөнгө зээлсэн зүйл байхгүй. Мөнхмандах нэг удаа надад “үхрийн фермийн аж ахуй” эрхлэх сонирхолтой байгаа талаараа ярьж байсан. Гэхдээ тэрэндээ зориулж надаас мөнгө аваагүй. Мал угаалгын нэгдсэн ванн барих ажлыг чамд өглөө шүү, бид нарт харин мөнгө өгөөрэй гэхэд нь өгөхөөр тохироод ажлыг нь хийгээд “Лутчулуу” ХХК-иас орж ирсэн мөнгөнөөс тэр 2-т тус бүр 1.5 сая төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 142/

- ХААН, ХАС банкуудаас мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тухай тогтоолын дагуу гаргуулж авсан Г.Ганхуяг болон бусад хүмүүсийн дансны хуулга, Н.Батбаяр, Ё.Цэнд-Аюуш нарын 1500000 төгрөгийг Ж.Мөнхмандахын эхнэр Б.Чимэгтуяагийн данс руу шилжүүлсэн тухай орлогын мэдүүлгийн хуулбар хувь” /3-р хх-ийн 18/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч Б.Эрдэнэ-Очирын гаргасан 2016 оны 11 сарын 24-ний өдрийн №6865 тоот “1.Баатарчулуун овогтой Чимэгтуяагийн ХААН банкны 5946041605 тоот данс руу 2014.11.03-ны өдөр "Батбаяр-с” гэх утгаар шилжүүлсэн 1500000 төгрөгийн орлогын мэдүүлэгт "Харилцагч" гэсний хойно зурагдсан гарын үсэг Н.Батбаярын гарын үсгийн загвартай тохирч байна. 2.Гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 130-136/

-Нацагдоржийн Батбаярын 2016 оны 08 сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “Манай компанийг ажлаа гүйцэтгээд явж байхад Мөнхмандахаас удаа дараа мөнгө нэхэж авч байсан. 2014 оны 07 сард Мөнхмандах ирээд танай компаний эхний санхүүжилтийг өгчихсөн байгаа, нутгийн захиргаанаас тендерийн ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж байгууллагуудаас баяр наадамтай холбогдуулж хандив авч байгаа, чи мөнгө өг, наадмын үйл ажиллагааны санхүүжилт хүрэхгүй байна” гэж хэлсэн. Би түүнийг мөнгө нэхээд дарамтлаад байсан болохоор 1 сая төгрөгийг наадмын үеэр өрөөнд нь аваачиж өгсөн. 2014 оны 06 сард орсон эхний санхүүжилтээс хойш 3 сарын дараа дараагийн санхүүжилт болох 7 сая төгрөг манай компаний дансанд орж ирсэн. Би 3 сарын хугацаанд байнга мөнгөө нэхээд Мөнхмандах, засаг дарга Ганхуяг нартай олон удаа уулзаж байсан. Гэрээний дагуу ажил гүйцэтгүүлэхээр ажилчид аваад ажлуулчихсан, цалингаа тавих, материал худалдаж авах гээд олон асуудал байсан болохоор миний хувьд санхүүжилтээ авах нь шүдний өвчин болчихоод байсан юм. 2014 оны 09 сард 7 сая төгрөг орж ирсний дараанаас Мөнхмандах надруу утсаар яриад “Би мөнгөний чинь асуудлыг зохицуулж өглөө шүү дээ, чи мөнгө өг л дөө, 1 саяыг өгчих” гэж удаа дараа мөнгө нэхдэг байсан. Би түүнд “манай компанид 7-хон сая төгрөг өгчихөөд 1 сая төгрөгийг нь авах гээд байх юм” гэж уурлаж байсан бөгөөд мөнгө нэхээд болохгүй болохоор нь дансаар нь мөнгийг нь өгчихөөд АТГ-т хандая гэж бодоод түүнээс дансны дугаар асуухад Оюун гэсэн нэр орсон хүний дансны дугаар өгсөн бөгөөд би тэр хүний данс руу “нэхээд байсан хахууль чинь” гэх утгаар Хаан банкны Сөүл бизнес центрт байрлах салбараас 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлсэн баримтаа өөртөө хадгалж байгаад алга болгочихсон болохоор АТГ-т хандаж чадаагүй. Манай компаний хувьд тендерийн гүйцэтгэлийн ажлыг 2014 оны 09 сард хийж дуусгачихаад хүлээлгэж өгөөд мөнгөө авах гэтэл Ж.Мөнхмандах нь гэрээнд заагдаагүй ажил хий гээд шахаад байсан. Тэрээр “Хэрвээ өөр байр будаж өгөхгүй бол мөнгийг чинь өгөхгүй, хүлээж авахгүй” гэж хэлж ер л байнга мөнгө нэхдэг байсан. Би түүнд за дүү нь мөнгө өгнөө гэж хэлж байгаад мөнгөө авсныхаа дараа мөнгийг нь өгөөгүй явчихсан юм. Би түүнд дахиж мөнгө төгрөг өгөөгүй. Мөнхмандахад мөнгө өгсөн талаар “Метро хаус констракшн” ХХК-ний хувьцаа эзэмшигч Г.Бат-Эрдэнэ гэдэг залуу мэдэж байгаа. Мөнхмандахыг надаас мөнгө нэхдэг байсан талаар түүнд хэлж байсан. Бид хоёр хамтарч ажиллаж байсан болохоор санхүүжилтээс орж ирсэн мөнгөө ямар ямар зүйлд зарцуулснаа ярилцдаг байсан. Ж.Мөнхмандах нь байнга ирж мөнгө нэхэж “танай компаний санхүүжилтийг олгохгүй шүү, би танай компаний асуудлыг шийдэж өгч байгаа биз дээ” гэж хэлж дарамталдаг байсан. Тиймээс хэлсэн мөнгө төгрөгийг нь өгөөд байвал санхүүжилтээ авахын байна гэж ойлгоод мөнгө өгдөг байсан. Харин сүүлийн санхүүжилтээ авахдаа мөнгө өгнө гэж хэлээд мөнгө орсны дараа өгөөгүй зугтаачихсан. Ер нь бол Ж.Мөнхмандах, засаг дарга Ганхуяг нарын зүгээс “Мөнгө өгөхгүй бол танай мөнгийг шилжүүлэхгүй, хэрвээ мөнгө өгөхгүй бол өөр ажил хийж өг" гэж хэлж байнга л мөнгө нэхэж дарамталж байгаад надаас мөнгө авсан. Миний хувьд тендерт шалгарах зорилгоор мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 158-159/

-Нацагдоржийн Батбаярын 2016 оны 10 сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Манай компаний хувьд фасад будах ажлыг 2014 оны 06 сарын сүүлээс эхлээд 2014 оны 10 сар гэхэд хүлээлгэж өгөх гээд явж байсан санагдаж байна. Бор-Өндөр сумын 1, 2-р багт байрладаг 35, 36, 45 дугаар байрны гадна фасад будах ажлыг хийсэн. Би таныг баримт үзүүлэхээс өмнө хэдэн төгрөг шилжүүлсэнээ санахгүй байсан юм. Тиймээ би баримтыг үзээд 1.500.000 төгрөгийг Мөнхмандахын эхнэр рүү нь шилжүүлсэн гэдгээ санасан. Надад Мөнхмандахад өгч байсан өөр мөнгө төгрөг байхгүй. Би Мөнхмандах болон өөр хэн нэгэнд тендерт шалгаруулаад өгөөч гэж гуйж байсан зүйл байхгүй. 1.500.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сард Бор-Өндөр сумаас тендерийн ажлын санхүүжилтээс орж ирсэн мөнгөнөөс өгсөн юм. Миний бие Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 162-164/

- Орон сууцны фасад будах ажлын дугаар №ХАА-14/09 гэрээ, төлбөрийн хүсэлт болон “Метро хаус констракшн” ХХК-ний нэхэмжлэх, “Метро хаус констракшн” ХХК-ний улсын бүртгэлийн 9011383089 дугаартай гэрчилгээ” /2-р хх-ийн 30-43/

- “Метро хаус констракшн” ХХК-ний ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 149-151/

Шүүгдэгч Ж.Мөнхмандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2013 онд 6-р багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан байсан. Р.Дугардорж манай өрөөнд орж ирээд мал угаалгын ванн барих ажлын санхүүжилтыг “Лут чулуу” ХХК-иас гаргуулахаар болсон. Төсөв хийгээд өг гэж хэлсэн. Би төсөвчин биш, хийж чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл Р.Дугардорж төсөвчнөөр төсөв хийлгэх мөнгө байхгүй мөн цаг хугацаа ч алга хийгээд өг гэсэн. Тэгэхээр нь би 21073800 төгрөгний төсөв хийж өгсөн. Уг төсвийг тухайн компани нь 100%, 50%, 30% ч юм уу яаж орж ирэхийг нь би мэдэхгүй. Яагаад тендер шалгаруулаагүй юм бэ гэхээр тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Тэгээд сонгон шалгаруулаагүй. Г.Ганхуяг хийх ажил байна уу гэхээр нь би засаг дарга Р.Дугардоржтой уулз гээд явуулсан. Г.Ганхуягаас би 1500000 төгрөгийг зээлж авсан. Тус сумын байрны гадна фасад будах ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар би ажилласан нь үнэн. Гэхдээ би ганцаараа сонгон шалгаруулах эрх байхгүй. Уг хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй. Хамгийн бага үнийн санал гаргасан “Метро хаус констракшн” ХХК шалгарсан. Н.Батбаяраас 1500000 төгрөгийг тендерт шалгаруулсан гэж аваагүй. Миний аав эмчилгээнд явсан байсан. Мөнгө төгрөгний асуудал их байсан. Тэгээд Н.Батбаяраас туслаач гэж гуйж мөнгө авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Р.Дугардоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие Г.Ганхуягаас 1500000 төгрөгийг авсан нь үнэн. 2013 онд манай багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээд малчид мал угаалгын ванн барих асуудлыг шийдвэрлэ гэсэн үүргийг надад өгсөн. Би Улаанбаатар хотын компаниар хийлгэсэн нь дээр гэж Ж.Мөнхмандах даргад хэлж байсан. Тэгтэл Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр зогссон байгаа. Орон нутгийн хүмүүсээр хийлгэсэн нь дээр гэж хэлж байсан. Ванн барих ажлын төсвийг Ж.Мөнхмандах дарга хийж өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие “Метро хаус констракшн” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.  Ж.Мөнхмандах даргад тендерт шалгаруулаад өгөөч гэж гуйж байсан удаа байхгүй. Ж.Мөнхмандах аавын бие өвдөөд байна.  Мөнгө төгрөг байвал туслаач гэж гуйсан. Ж.Мөнхмандах бид нар хар багийн найзууд цуг тоглож өссөн. Би Ж.Мөнхмандахын эхнэрийн дансанд нь 1500000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Ж.Мөнхмандахад өөр мөнгө төгрөг нэг ч удаа өгч байгаагүй. Тухайн үед санхүүжилт маш удаашралттай орж ирж байсан. Яг хэдэн удаа яаж яаж орж ирсэн гэдгийг санахгүй байна. 1500000 төгрөгийг тусламжаар аавынх нь эмчилгээнд өгсөн. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            1-рт.Шүүгдэгч Ж.Мөнхмандах нь 2013 оны 08 сарын 22-нд “Лутчулуу” ХХК-иас мал  угаалгын  нэгдсэн ванн барихад  зориулж  21073800  төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын  захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын  ажлыг тендер  сонгон  шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар  хийж  гүйцэтгүүлэн  2013  оны  09   сарын  09-өөс  10-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэр 35-р байрны гадна Г.Ганхуягаас 1500000 төгрөгийн хээл хахуулийг өөрөө авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Шүүгдэгч Ж.Мөнхмандахын 2013 оны 08 сарын 22-ны өдөр 436 дугаартай албан бичгийг үйлдэж, гарын үсэг зурж, тамга дараад “Лут чулуу” ХХК-д хүргүүлж, мал  угаалгын  нэгдсэн ванн барихад  зориулж  21073800  төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулсан үйлдэл, мөн мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо гэх төсвийг өөрөө хийж буй үйлдэл, “Лут чулуу” ХХК-иас 2013 оны 09 сарын 09-ний өдөр орж ирсэн санхүүжилт болох 11073800 төгрөгөөс 1500000 төгрөгийг Г.Ганхуягаас авч буй үйлдэл, энэ талаар гэрч Г.Ганхуяг, Ч.Бадармаа, Х.Тунгалагбадам, М.Мөнхцэцэг, Н.Отгонбилэг мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

2-рт.Шүүгдэгч Ж.Мөнхмандах нь 2014 онд “Орон сууцны гадна фасад будах ажлын гэрээ”-г байгуулж, тендерийн ажил гүйцэтгэн, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт авсан “Метро хаус констракшн” ХХК-ийн захирал Н.Батбаяраас 1500000 төгрөгийг 2014 оны 11 сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Б.Чимэгтуяагийн ХААН банкны 5946041605 тоот дугаартай дансаар дамжуулан хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахуульд авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ж.Мөнхмандах нь Бор-Өндөр сумын 2014 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжих тендер шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд Ж.Мөнхмандах нь уг тендерт “Метро хаус конштракшн” ХХК-ийг шалгарсаныг мэдсээр байж “би мөнгөний чинь асуудлыг шийдэж өглөө шүү, 1 сая төгрөг өг л дөө” гэж удаа дараа мөнгө авахаар шаардаж байсан үйлдэл, “хэрвээ өөр байр будаж өгөхгүй бол мөнгийг чинь өгөхгүй, ажлыг чинь хүлээж авахгүй шүү” гэж мөнгө авахаар шаардаж байсан нөхцөл байдал, мөнгө авахаар шаардаж эхнэр Б.Чимэгтуяагийн дансны дугаарыг өгсөн нөхцөл байдал, Н.Батбаярын “орж ирсэн санхүүжилтээс 1 сая төгрөгийг нь өгвөл дараагийн санхүүжилт орж ирэх юм байна гэж бодсон гэх” мэдүүлгээр хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.

Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ж.Мөнхмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Дугардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Мөнхмандахын өмгөөлөгч Ж.Батхүүгээс “…шүүгдэгч Ж.Мөнхмандах нь Н.Батбаяраас хээл хахуульд 1500000 төгрөгийг аваагүй, эцгийнхээ эмчилгээний төлбөрт тусламжаар авсан, шүүгдэгч Ж.Мөнхмандахын үйлдэлд хясан боогдуулж хээл хахууль авсан зүйл байхгүй, Н.Батбаяраас хээл хахууль авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Мөнхмандахад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх, шүүгдэгч Н.Батбаярын өмгөөлөгч Т.Багахүүгийн “...шүүгдэгч Н.Батбаяр нь Ж.Мөнхмандахад хээл хахууль өгөөгүй, Ж.Мөнхмандахын эцгийнх нь эмчилгээний зардалд тусламж болгох гэж 1500000 төгрөгийг шилжүүлсэн тул Н.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал шүүгдэгч Ж.Мөнхмандах нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө болон бусдаар дамжуулж, хясан боогдуулж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Р.Дугардоржийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Н.Батбаярыг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч Ч.Бадармаа /2-р хх-ийн 203-205/, Г.Ганхуяг /2-р хх-ийн 206-207/, Х.Тунгалагбадам /2-р хх-ийн 211-212/, М.Мөнхцэцэг 2-р хх-ийн /221-222/, Н.Отгонбилэг /2-р хх-ийн 224-225/, Ж.Даваа /2-р хх-ийн 246-247/, А.Халиун /2-р хх-ийн 249/, П.Чинбат /3-р хх-ийн 01/, Г.Бат-Эрдэнэ /3-р хх-ийн 05/, М.Өлзиймөнх /3-р хх-ийн 06/, Б.Чимэгтуяа /3-р хх-ийн 15/ нарын мэдүүлэг, Ж.Мөнхмандахын гарын үсэгтэй 2013 оны 08 сарын 22-ны өдрийн 436 тоот албан бичиг /2-р хх-ийн 167/, шүүгдэгч Р.Дугардоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, яллагдагч Г.Ганхуягийн мэдүүлэг, Г.Ганхуяг, Б.Чимэгтуяа нарын банкны дансны хуулга, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн №6865 шинжээчийн дүгнэлт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6-р багийн 2013 оны Иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл, мал угаалгын ванн барих ажлын төсөв, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нар нь албан тушаалтны хувьд өөрт олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатайгаар огт биелүүлээгүй, албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал шүүгдэгч Ж.Мөнхмандах өөрт олгогдсон эрхийг хэтрүүлж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа өөрөө гарын үсэг зурж, тамга дарж 2013 оны 08 сарын 22-ны өдөр 436 дугаартай албан бичгээр 21073800 төгрөгний хандив авахаар “Лут чулуу” ХХК-д уг албан бичгийг хүргүүлж, санхүүжилтийг орж ирсний дараа Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нар нь уг санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан мөн “Лутчулуу” ХХК-иас Мал  угаалгын нэгдсэн ванн барихад  зориулж  21073800  төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын  захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын ажлыг тендер сонгон  шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар  хийж  гүйцэтгүүлсэн үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт  заасны дагуу төсөвт төвлөрүүлж, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах үүргийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Р.Дугардоржийн “хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулна уу” гэснийг шүүх хүлээн авч, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзээд ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Харин шүүгдэгч нарын хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдэнд хуульд заасан ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсныг дурдаж байна. 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шүүгдэгч Н.Батбаярыг уг хуульд хамруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2013 оны 08-р сарын 22-ны өдрийн 436 дугаартай Засаг даргын орлогч Ж.Мөнхмандах гэх гарын үсэг, тамга бүхий “Лут чулуу” ХХК-д хандсан албан бичиг 1 хуудас /2-р ХХ-ийн 167/, Засаг Даргын орлогч Ж.Мөнхмандах гэх бичиглэл бүхий  “Мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо”-г 1 хуудас /1-р ХХ-ийн 62/ тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч  Ж.Мөнхмандах, Н.Батбаяр  нарын  бичиг  баримт  шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Р.Дугардоржийн Е1035010 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Дугардоржид буцаан олгож, энэ  хэрэгт  битүүмжлэгдсэн  шүүгдэгч Ж.Мөнхмандахын   өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 38 дугаар байрны 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000478 дугаартай орон сууц, шүүгдэгч Р.Дугардоржийн өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000439 дугаартай орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, уг эд  хөрөнгийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Ж.Мөнхмандахын цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Р.Дугардорж, Н.Батбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж, Н.Батбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Р.Дугардоржид оногдуулсан  хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж, хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж, шүүгдэгч Р.Дугардоржид  Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан  төрийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 3000000 төгрөгийг шүүгдэгч Ж.Мөнхмандахаас, 1500000 төгрөгийг шүүгдэгч Р.Дугардоржоос гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасны дагуу улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн

290.3, 294-299, 301, 303, 304 дүгээр зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

            1.Шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандахыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө болон бусдаар дамжуулж, хясан боогдуулж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Дэд овогт Рэгдэлийн Дугардоржийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Хошууд овогт Нацагдоржийн Батбаярыг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандахыг 500000 /таван зуун мянган/ төгрөгний эд хөрөнгийг хурааж, 6 /зургаан/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэд овогт Рэгдэлийн Дугардоржийг төрийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хошууд овогт Нацагдоржийн Батбаярыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Мөнхмандахад оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Р.Дугардоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Н.Батбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

  1. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хошууд овогт Нацагдоржийн Батбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 5.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахаас 3000000 /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч Р.Дугардоржоос 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахын цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Р.Дугардорж, Н.Батбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж, Н.Батбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Дугардоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8.Шүүгдэгч Р.Дугардоржид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан  төрийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2013 оны 08-р сарын 22-ны өдрийн 436 дугаартай Засаг даргын орлогч Ж.Мөнхмандах гэх гарын үсэг, тамга бүхий “Лут чулуу” ХХК-д хандсан албан бичиг 1 хуудас /2-р ХХ-ийн 167/, Засаг Даргын орлогч Ж.Мөнхмандах гэх бичиглэл бүхий  “Мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо”-г 1 хуудас /1-р ХХ-ийн 62/ тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч  Ж.Мөнхмандах, Н.Батбаяр  нарын  бичиг  баримт  шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Р.Дугардоржийн Е1035010 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Дугардоржид буцаан олгож, энэ  хэрэгт  битүүмжлэгдсэн  шүүгдэгч Ж.Мөнхмандахын   өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 38 дугаар байрны 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000478 дугаартай орон сууц, шүүгдэгч Р.Дугардоржийн өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000439 дугаартай орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, уг эд  хөрөнгийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Р.Дугардорж, Н.Батбаяр нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

             11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 12.Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 13.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Мөнхмандахад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Р.Дугардорж, Н.Батбаяр нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Т.БОЛОРМАА

   ШҮҮГЧИД                                       Р.БАТБАЯР

                                                                М.ЭНХМАНДАХ