Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2018/0019

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2018/0019

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн иргэн Н.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ЗДд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн Н.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хишигжаргал, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дугармаа, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хишигжаргал, түүний өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар Төв бетон зуурмаг компанитай хамтарсан гэрээ байгуулсан. Шинэ орон сууцны ажил дээр хамтран ажилласан. Н.О өөрийн ээжээр тэтгэврийн зээл авхуулж бетоны компани болон Зуунмод сумын олон нийтийн дандсанд 8 000 000 төгрөгийг тушаасан. 32 дугаартай захирамжийн 000632801 гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай 500 метр квардрад газрыг олгосон. 2016 онд төр засаг солигдож 2017 оны 02 сарын 20 -ны өдрийн А/110 дугаартай захирамж гарсанаар Зуунмод сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон байдаг. Энэ үйлдэл нь Газрын тухай хуулийг зөрчиж гаргасан. Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж гарсан захирамж гэж үзэж байна. Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталж төлөвлөгөөнд маргаан бүхийг газрыг оруулсан байдаг. Энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Төв аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/437 тушаалаар эзэмшүүлсэн иргэдээс 10 иргэн нь газраа өмчлүүлсэн байдаг. Биеийн тамир спорт хороо нь гуравдагч этгээдээр оролцож байгаа энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч Т ЗД Ж.Батжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зуунмод сумын Засаг дарга Ж.Цэндсүрэн нь аймгийн Засаг даргын 2008 оны 311 дүгээр захирамжаар Биеийн тамир спорт хороонд 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн аймгийн стадионы урд хэсэгт байршилтай газарт 8 айлын барилгын суурь болон хашааг хийж гүйцэтгэхээр "Төв бетон зуурмаг" ХХКомпанитай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, хийж гүйцэтгүүлэн 2015 оны 12 дугаар сарын 14-нд ашиглалтад хүлээн авчээ. Уг газар дээр иргэн Н.О нь Зуунмод сумтай 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан хашаа болон барилгын суурийн үнэнд Төв бетон зуурмаг ХХКомпаны болон захиралын хувийн дансанд 7,0 сая төгрөг төлжээ.

Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаартай захиармжаар Зуунмод сумын 2015, 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй дахин төлөвлөлт хийгдээгүй, Бие тамир спортын хороон-ы байгууллагын эзэмшлийн газар дээр Газрын тухай хуулийн 33.1.2 заалтыг зөрчин "2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн" гэсэн үндэслэлээр нэр бүхий 9 иргэнд буюу иргэн Н.Од 500 метр квадрат газар эзэмшүүлжээ. Харин 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар захирамж нь "Ширээт тормоон тайж" ХХКомпанид шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмшүүлэх тухай захирамж болгон өөрчлөн гаргасан байна. 2016 оны Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот тогтоолоор баталсан Зуунмод сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд "Стадионы урд дахин төлөвлөлт" хийх гэж тусгасан боловч дахин төлөвлөлтийн зураглал хийгдээгүй, иргэдэд эзэмшүүлэхээр заагаагүй, Биеийн тамир спорт хорооны эзэмшлийн газар дээр 2015 онд хашаа, байшингийн суурийг хууль бусаар барьж иргэдэд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2-р заалтыг зөрчсөн үйлдэл юм. Зуунмод сумын Засаг даргын А/32 тоот захирамж нь хууль зөрчсөн байх тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас явуулсан энэ үйл ажиллагаа нь эхнээсээ хууль зөрчсөн. Ийм учраас явцын дунд энэ нөхцөл байдал нь илэрсэн болохоор иргэдэд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. Тус газрыг бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газартай давхцуулж олгосон, энэ газар нь огт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байдаг. Иргэдийн зүгээс газрыг худалдаж авсан гэж хэлдэг боловч төсвийн дансанд огт мөнгө ороогүй. Аймгийн Засаг даргын захирамж нь Зуунмод сумын Засаг даргын буруу шийдвэрийг зөвтгөсөн. Хууль зөрчсөн ажлыг залруулсан захирамж гаргасан учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна Газрын тухай хуулийн хүрээнд газар олгогдсон байсан бол төрөөс иргэнд газрыг нөхөж олгож болно. Газар эзэмших эрх нь хүчингүй болгосон иргэд хуулийн дагуу өргөдлөө өгөөд, төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар авах, мөн төсөл сонгон шалгаруулалтанд ороод газар авах эрх нь боломжтой байгаа. Маргаан бүхий газрыг төлөвлөгөөнд тусгахаас нь өмнө гэрээ байгуулсан байсан. Т ЗДас Биеийн тамир спорт хороонд газар олгосон, Сумын Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэр нь анхнаасаа хууль зөрчсөн

            Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Биеийн тамир спортын газрын 9058915-н эзэмшиж байгаа газрын байршилд 123952 м2 талбайг 2008 оны 06 дугаар сарын 17-нд кадастрын зураглал хийгдэж спорт хүүхэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх спортын байгууламж барихаар төлөвлөгдсөн. Иргэдэд байгууллагын газраас зөвшөөрөлгүй олсон болно. Газрын тухай хуулийн 43.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хариуцагч тал бидэнтэй зөвшилцөлгүй шийдвэр гаргасан. Биеийн тамир, спортын тухай хуулийн 26.4 дэх хэсэгт зааснаар нийтийн биеийн тамирын газрыг өөрчлөхдөө заавал тухайн байгууллагатай заавал зөвшилцсөний үндсэн дээр өөрчилнө гэж заасан байдаг өөр тайлбар байхгүй

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хавтас хэрэгт хуульд заасан журмын авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэж дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

            Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжаар ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газрыг шууд эзэмшүүлсэн... гэх үндэслэлээр иргэн Н.О нарын 10 иргэнд газар эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ би газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлж байна уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэхийн урд талд байрлах цэвэр дулаанд холбогдох боломжтой газрыг иргэдэд хашаа, байшингийн суурь үнэ 7.800.000 төгрөгөөр, газрыг үнэгүй эзэмшүүлэхээр хүсэлт авч байсан учир холбогдох материалаа бүрдүүлэн өгсөний дагуу байшингийн суурь болон хашааны үнэ болох 7.000.000 төгрөг, цахилгаан шугам сүлжээний үнэ 800.000 төгрөг, гэрчилгээний үнэ, тэмдэгтийн хураамж төлсөн. А/110 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.3.7, 23.1.7 23.4.2, 23.4.3, 27 дугаар зүйл 27.1, 27.3, 34 дүгээр зүйл 34.1, 34.6-т заасан заалтыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 4.2.6 , 4.2.7, Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйл 4.2.3, Монгол улсын Үндсэн хуулийн 2.2 дахь хэсэгт зааснаар хүний эрхийг хангах, тэгш байдлыг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Мөн хуулийн 19.1-т Хүний эрх.эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах ёстой. Хуульд зааснаар аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээний газарт, сумын Засаг даргын захирамж гаргаж иргэдэд газар эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байсан гэж тайлбарлан маргаж байна.

            Маргааны үйл баримтуудыг авч үзвэл:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2-д заасныг үндэслэн Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг батлагдсан төлөвлөгөөний 4 дэх хэсгийн зохион байгуулах ажлын хүрээнд, Стадионы баруун урд талд, Нацагдорж 5-р багт 0, 1, 2 гудамжинд гудамж төсөл хэрэгжүүлэх зорилгоор дахин төлөвлөлт хийж газар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн[1][1] байна.

Энэхүү 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга 5-р багт Жишиг хотхон байгуулах төслийг дэмжиж, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар[2][2] тус төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулахыг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Үүний үндсэн дээр захиалагч Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбат, гүйцэтгэгч Төв бетон зуурмаг ХХК-ийн захирал З.Төмөрчөдөр нар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 09 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний 1.2.1-д гүйцэтгэгч тал зураг төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг барьж гүйцэтгэнэ, 1.3.3-д гүйцэтгэгч нь захиалагчийн төлөвлөсөн газарт зураг төсвийн дагуу 25х20м харьцаатай хашааг барьж, иргэдэд хашааг 3.500.000 төгрөг, 9,8х10м харьцаатай барилгын суурийг 3.500.000 төгрөгөөр чанартай хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх, 1.3.4-д захиалагч төслийн гүйцэтгэлийг хүлээн авсны дараа эзэмшигч иргэдтэй худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг гүйцэтгэгчийн Худалдаа хөгжлийн банкны 499236156 тоот дансанд төвлөрүүлж төслийн хөрөнгө оруулалтыг нөхөн барагдуулна гэж тус заажээ.

Мөн нэхэмжлэгч Н.О нарын нэр бүхий иргэдтэй Хамтран ажиллах гэрээний нэмэлт гэх нэртэй гэрээг байгуулж, худалдан авагч тал нь гүйцэтгэгчид төлбөр тооцоог бүрэн барагдуулсны талаар мэдээлэл хүлээн авсны дараа захиалагч захирамж гарган газрын гэрчилгээг худалдан авагч талд олгохоор тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Н.О нь байшингийн суурь болон хашааны үнэ болох 7.000.000 төгрөгийг Төв бетон зуурмаг ХХК-д, цахилгаан шугам сүлжээний үнэ 800.000 төгрөгийг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын төрийн санд, гэрчилгээний үнэ, тэмдэгтийн хураамжийг захиргааны байгууллагад тус тус төлж, тухайн хөрөнгийн өмчлөгч болсон байна.

Түүнчлэн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний 3 дахь хэсгийн зохион байгуулах ажлын хүрээнд гэсэн хэсгийн 12-д Нацагдорж 5-р багт, стадионы урд хэсэгт дахин төлөвлөлтөөр газар эзэмшүүлэхээр[3][3] төлөвлөгдсөний дагуу Зуунмод сумын Засаг дарга нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар тус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн, Хамтран ажиллах гэрээний нэмэлт, төлбөр төлсөн баримт, мэдээлэл зэргийг үндэслэн Н.О нарын нэр бүхий 10 иргэнд нийт 4784 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж [4][4], нэхэмжлэгч Н.Од 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 500 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч иргэн төрийн захиргааны байгууллагаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, тухайн газрыг эзэмших гэрээг байгуулсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэсэнд нийцсэн гэж үзэхээр буюу нэхэмжлэгч иргэний хувьд хууль бусаар газар эзэмшигч болсон гэж үзэх үндэслэлгүй, харин газрыг болон газар дээрх барилгын суурийг шударгаар эзэмшиж, өмчлөх эрхтэй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн үнэ бүхий хөрөнгө өмчлөх, газар эзэмших ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад маргаан бүхий актаар ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг шууд эзэмшүүлсэн ... гэх үндэслэл дурьдаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүнэ гэж заасанд болон 21.4-т Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүнэ гэж заасан газрын харилцаанд хэрэгжүүлэх бүрэн эрхийн талаарх асуудлыг үндэслэл болгоогүй шууд иргэн Н.О нарт газар эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн[5][5] нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, газар эзэмших ашиг сонирхолыг хөндөсөн үндэслэлгүй шийдвэр болсон нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Хариуцагчийн тайлбарт тухайн маргаан бүхий газар нь аймгийн төвийн дэд бүтэц бүхий А зэрэглэлийн газар тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, шүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ ... гэж зааснаар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх эрх хэмжээний газар болно, мөн зүйлийн 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж зааснаар тэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь сумын Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж тайлбарлах боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Түүнчлэн хариуцагч аймгийн Засаг даргаас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийг гаргахдаа энэхүү сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх эрх хэмжээний талаар ямар нэгэн дүгнэлт хийж, энэхүү үндэслэлээр актыг гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчид мэдэгдэж түүнд тайлбар санал гаргах боломж олгоогүй байх тул маргаж буй актыг хууль зүйн үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

2. Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ Т ЗД Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 дүгээр захирамжаар Зуунмод сумын 5-р багийн нутаг дэвсгэрт стадионы 123952 мкв газрыг Биеийн тамир спортын хороонд спорт цогцолборын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ[6][6].

Мөн Т ЗД 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжаар ...2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Усны аж ахуйн хэсгийн дахин төлөвлөлттэй холбогдуулан Унагалдайн андууд цэцэрлэгийн авто зам барихтай холбогдож газраа чөлөөлөх айл өрхөд хашаа, байшин барих газар нөхөн олгох жишиг гудамж байгуулах зорилгоор Биеийн тамир спортын хорооны эзэмшлийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулан иргэдэд 12319 мкв газар олгож, 111633 мкв газрыг Биеийн тамир спортын хороонд эзэмшүүлэх-ээр шийдвэрлээд,[7][7] дараа нь аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар[8][8] дээр дурьдсан аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгож, Биеийн тамир спортын хорооны эзэмшлийн 123952 мкв газрын байршилд тодотгол хийж, урд хэсгийг хасч, баруун зүүн талд нэмж кадастрын зураглалд өөрчлөлт оруулан, хэмжээг багасгалгүй биеийн тамир спорт цогцолборын зориулалтаар 123952 мкв газрыг Биеийн тамир спортын хороонд эзэмшүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд Биеийн тамир спортын хороонд анх 2008 онд эзэмшүүлсэн газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/244 дүгээр захирамж хүчин төгөлдөр байна.

Гэтэл дээрх захирамжийг батлагдан гарсны дараа Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Зуунмод сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний 3 дахь хэсгийн зохион байгуулах ажлын хүрээнд гэсэн хэсгийн 12-д Нацагдорж 5-р багт стадионы урд газар дахин төлөвлөлт, техникийн нөхцөл дахин төлөвлөлт гэж төлөвлөгдсөн зэргээс үзэхэд тухайн маргаан бүхий газар аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нар хэн хэн нь газар зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, энэхүү газар зохион байгуулах эрх хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрх алинд нь байгаа эсэх асуудал нь захиргааны байгууллагуудын эрх хэмжээ асуудал болох нь тодорхойлогдож байх тул тухайн захиргааны байгууллагууд нь эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үл ойлголцлын байдлаас гарсан шийдвэрүүд, тэдгээрийг зөвтгөх гэсэн дээрх шийдвэр нь нэхэмжлэгчийн газар эзэмших ашиг сонирхолыг шууд хөндөх үндэслэл болох ёсгүй юм.

Өөрөөр хэлбэл, маргаж буй тухайн нэгж талбар дээр аймгийн Засаг даргын захирамж, мөн сумын Засаг даргын захирамжаар аль аль нь газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн, түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нь засаг захиргааны байгууллагуудын тухайн асуудалд холбогдох эрх хэмжээний харьяалал давхацсан шийдвэрүүд гарч байсан, асуудалд ямар үндэслэлээр хэн нь бүрэн эрх хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй зэргээс гарсан үр дагавар нь маргаан бүхий актын гарсан шалтгаан болж, улмаар нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолыг хөндсөн болох нь тогтоогдож байна.

Иймд дээрхээс дүгнэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэж, нэхэмжлэгч иргэний газар эзэмших ашиг сонирхол нь хариуцагч Засаг даргын гаргасан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн улмаас зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин хариуцагч аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэх, төрийн захиргааны байгууллагаас гаргаж буй актуудыг хуульд нийцүүлэн зөвтгөх шаардллагатай гэж үзвэл тус асуудалд холбогдох ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, бусад этгээдэд ямар нэгэн хохирол учруулж болзошгүй асуудлыг нэг мөр шийдвэрлэх эрх нь түүний бүрэн эрхэд хамаарах эрхийн асуудал бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр нь Засаг даргын холбогдох асуудлыг шийдвэрлэхэд харшлахгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 24 дугаар зүйлийн 24.1, 26 дугаар зүйл 26.1 Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн дугаар зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, 27 дугаар зүйл 27.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Н.Од холбогдох хэсэг /Сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Од газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон хэсэг/-ийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгосугай.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ            Б.ХАЖИДМАА

 

 

 

 

 


 

 

[1][1] Хэргийн 92, 93 дах хуудас ар талын хуудас

[2][2] Хэргийн 89-р хуудас

[3][3] Хэргийн 96, 101 дэх хуудасны ар талын хуудас,

[4][4] Хэргийн 85-р хуудас, захирамж, хавсралтын хамт

[5][5] Хэргийн 138-142 дугаар хуудас,

[6][6] Хэргийн 109-р хуудас

[7][7] Хэргийн 105-106-р хуудас

[8][8] Хэргийн 107-108-р хуудас