Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 942

 

“Б Л К” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00728 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Б Л К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ж”  ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 600 000 юань буюу 559 200 000 төгрөг, барьцааны мөнгө 500 000 юань буюу 174 750 000 төгрөг, нийт 733 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, Л.Лх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч К.Жархынбек нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Л К” ХХК-ийн захирал Б.Н нь Хятад улсын иргэн Ф Л Ж-тэй эртний найзууд бөгөөд 2011 онд Ф Л Ж- нь надаас 1 000 000 юаниар хүнд машин механизм, тоног төхөөрөмж худалдан авч байсан. Надад 1 000 000 юанийг хэсэгчилж өгөөд сүүлд 600 000 юанийн өртэй болсон. Мөн надад "600 000 юанийг чинь компаниудаас өрөө авсныхаа дараа чамд мөнгө өгнө" гэж хэлээд надтай гэрээ байгуулсан. 2015 онд миний санхүүгийн байдал хүнд болж, Ф Л Ж-ээс мөнгөө авахаар түүнтэй уулзаж, 2015 оны 05 дугаар сард надад өртэй гэдгийг гэрчилсэн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулж авсан боловч тэр Хятад улс руу яваад ирээгүй. 2016 оны 05 сард би Хятад улсын Нанжин хотод түүнийг хайж очиход ажилчдынхаа цалинг тавьж өгч чадалгүй Хятад улсын хуулиар итгэлцэл эвдсэн гэх зүйл ангиар шүүхээс ял авч бүтэн жилийн хугацаанд шоронд, дараа нь 6 сарын хугацаанд гэрийн хорионд байсан. Тухайн үед нь би Нанжин хотод очиж, Ф Л Ж-тэй уулзахад "Би Монголд очиж өөрийнхөө авлагыг авч чадахгүй болчихоод байна. Чи тэр мөнгийг очиж аваад өөрийнхөө өрийг барагдуулчих" би чамд итгэмжлэл өгье гээд итгэмжлэл хийж намайг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Би уг итгэмжлэлээ авч Монгол улсад ирж, Ф Л Ж-д өглөгтэй компаниудын нэг болох “Ж” ХХК-ийн захиралтай уулзахад надад энэ хоёр компанийн хооронд өр төлбөрийн асуудал байгаа нь үнэн. Гэхдээ чиний өмнө н.Б- гэдэг хүн гүйцэтгэх захирал гээд бас ирж уулзсан. Би Ф Л Ж-д өгөх ёстой 2 100 000 юанийн оронд 7 байрны худалдах худалдан авах гэрээ хийсэн. Чи Б-ыг цагдаагийн байгууллагад өгч түүнд байгаа итгэмжлэлийг хуурамч гэдгийг нотлоод ир тэгээд чамд өгөх ёстой 7 байраа өгье гэж хэлсэн. Ингээд би Хятадад очиж итгэмжлэл хийлгэж авч “Б Л К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон хүсэлт гаргаж н.Мөнхбат, н.Б- нарын хийсэн залилангийн шинж чанартай хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж, Нийслэлийн прокурорын газарт өргөдөл гаргаж явсан. н.Б- гэх хүн 7 байрыг худалдах худалдан авах гэрээ хийж авсан атлаа нэр дээр нь өмчлөгчийн гэрчилгээ гаргаагүй учраас хууль бусаар авсан гэдэг нь тогтоогдохгүй, хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэлд 2 шаардлага дурдагдсан байгаа бөгөөд эхний гүйцэтгэсэн ажлын хөлс 559 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд бидний зүгээс тодорхой ажил хийсэн болох нь хариуцагч байгууллагын эзэмшлийн 5099880073 тоот дансаар 2014 оны 7 дугаар сарын 09, 31-ний өдрүүдэд заслын ажлын урьдчилгаа гэх гүйлгээний утгатай мөнгө орж ирснээр нотлогдоно. Өмнө дурдсанчлан 6 дугаар сард уулзалт хийж, 7 дугаар сард төлбөрөө төлнө гэж амласныхаа дагуу тодорхой хэсгийг урьдчилгаа хэлбэрээр төлсөн байгаа. 2014 оны 7 дугаар сард төлбөр хийгдсэнээр Иргэний хуулийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин тоологдож бид хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай асуудал байхгүй. Хэрэв биднийг гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгээгүй гэж байгаа бол Иргэний хуулийн 249.1-д заасны дагуу гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой гомдол гаргах боломжтой байсан. Хариуцагч хариу тайлбартаа дутуу хийсэн зураг төслийн ажилд 1 800 000 000 төгрөгийг нэхэмжлэх гэсэн боловч нэхэмжлэгч компанийн захирлууд нь Монгол улсад ирэхгүй байгаа гэх шалтгааныг дурдсан байдаг. Барьцааны тухайд гэрээгээр 1 000 000 юанийг өгөхөөр тохиролцсон. 500 000 юанийг өгсөн. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцаагаар хангагдах зүйл дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болохоор заасан. Иймд Иргэний хуулийн 160.3-т зааснаар буцаан шаардах эрх үүссэн тул барьцааны дагуу шилжүүлсэн 500 000 юань буюу 174 750 000 төгрөгийг ажлын хөлс 559 200 000 төгрөг, нийт 733 950 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ж”  ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 3 сард нэхэмжлэгч компани болон хариуцагч компани хоёрын хооронд барилга барих гэрээ байгуулагдсан. Гэхдээ гэрээ байгуулагдсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч компани биелүүлээгүй, ямар ч барилга барих үйл ажиллагаа явуулах эрхгүй компани байсан тул тухайн үед гэрээгээ цуцлаад ярилцаад, манай компани өөр компаниар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн. Энэ нь нэхэмжлэгч талын хүсэлтээр авагдсан барилгын ил, далд ажлын акт, улсын комисс хүлээж авсан баримтуудаар нотлогдоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 100 000 юаниас 500 000 юанийг хасч, ажлын хөлсөнд 1 600 000 юанийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч тал 500 000 юанийн барьцааны эрх гэж тайлбарлаж байна. Баталгаанд 1 000 000 юанийг өгнө гэж гэрээнд дурдсан байгаа. Харин үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэглэх гэж тухайн үед ийм зохицуулалт оруулсан байх гэж харж байна. Иргэний хуулийн 75.2.1 буюу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаа тоологдох хугацааг гэрээний 2 дугаар зүйлд 2013 оны 9 сарын 30-ны өдрөөс эхэлж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаж, 2 гэрч асуусан. Гэрч асуух ажиллагаанд би байлцсан. Гэрчүүд тухайн үйл явцыг мэдэх ямар этгээдүүд гэдгээ нотлоогүй, тэр нь тодорхойгүй. Хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг үнэлэх чухал ажиллагаа байдаг. Энэ ажиллагаатай холбоотой Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид мэдээллийн эх сурвалжийг шалгах гэсэн чухал зүйл байгаа. Гэрч хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоох нь мэдээллийн эх сурвалжийн чанарыг шалгах арга. Өөрөөр хэлбэл тухайн компанид гэрчийг ажиллаж байсан гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чаддаггүй. Хөдөлмөрийн гэрээ байхгүй. Нэхэмжлэгч байгууллагатай ямар нэгэн хамааралтай болох нь тогтоогддоггүй. Дараагийн гэрч нь "ажилчдын байр барьсан. Ажил хийхээ больсон гээд ажилчдын байраа нураагаад яваад өгсөн" гэх мэдүүлэг өгсөн. Ажил хийсэн талаар нэг ч өгүүлбэр хэлээгүй. Ажил гүйцэтгэж байсан эсэх нь эргэлзээтэй. Хэдэн төгрөгийн авлагатай вэ гэхэд "3 000 000 төгрөгийн авлагатай" гэж хэлсэн. Гэрч тухайн барилгын хажууд байгаагүй. Мэдээллийнхээ эх сурвалжийг нотолж чадаагүй. 500 000 юанийн хувьд өгсөн авсан гэсэн нотариатаар хуулбар үнэнийг гэрчлүүлсэн баримт байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийн эх сурвалжийг шалгах, нотлох баримтыг үнэлэх асуудалд, бичмэл нотлох баримт байгаа тохиолдолд нотлох баримтын хувьд засварын асуудал, тод бус дарагдсан тамга, дугаар, огнооны зөрүү байна. Шүүх энэ нотлох баримтыг эргэлзээгүй, зөв бодит талаас нь үнэлэх ёстой. 1 дүгээр хавтас, 10 дугаар талд Хятад хэл дээрх баримтын эх хувийг хуулбарлан авч ирсэн. Энэ баримт дээр компанийн нэр харагдахгүй байгаа. Компанийн тамга дээр компанийн регистрийн дугаар байх ёстой. Ямар үндэслэлээр 500 000 юанийг нэхэмжлээд байгаа нь ч тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Л К”  ХХК-ийн гаргасан, хариуцагч “Ж”  ХХК-иас 2 100 000 юань буюу 773 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 829 800 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... 2014 оны 6 дугаар сард “Б Л К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ф Л Ж  “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л Б болон одоогийн гүйцэтгэх захирал А.Мөнхбат нар уулзалт хийж, Барилга барих гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1 600 000 юань болсон талаар тооцоо нийлсэн байдаг. Ажлын хөлс 1 600 000 юань болон барьцаанд олгосон 500 000 юанийг 2014 оны 07 дугаар сард багтааж өгөх талаар хариуцагч талаас амлаж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дагуу “Ж” ХХК-иас Хаан банкны 5099880073 тоот дансаар заслын ажлын урьдчилгаа төлбөрт 2014 оны 7 дугаар сарын 09, 31-ний өдрүүдэд нийт 40 000 000 төгрөг олгосон байдаг ба уг үйл баримт гэрч Лию Шиаобинг-ийн мэдүүлэг /2014 оны 06 дугаар сард “Вонжоү” гэх хоолны газарт уулзаад 2014 оны 7 дугаар сарын 15-наас 30-ны хооронд “Ж”  ХХК-ийн хууль ёсны захирал болох Лию Баолинг төлнө гэсэн, 2 100 000 юань өгнө гэж тохирсон гэх/-ээр тогтоогдож, цаг хугацааны хувьд ч таарч байгаа болно. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт "гүйцэтгэлийн ажлын тайлангуудаа манай компанид гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн дутуу хийсэн, зураг төслийн дагуу хийгдээгүй ажлын төлбөрт 1 800 000 000 төгрөгийг нэхэмжлэх гэсэн боловч" гэх зэргээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх хариуцагчийн гэрээ цуцлагдаж, өөр этгээдээр барилгын ажлыг гүйцэтгүүлсэн нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, барилгын ил, далд ажлын актаар тогтоогдож байна гэж үзсэн нь нотлох баримтад үндэслээгүй, хариуцагчийн тайлбарын эсрэг дүгнэлт юм. Хариуцагчийн гэрээ цуцлагдсан гэх тайлбар нь огт үндэслэлгүй бөгөөд гэрээ цуцлагдсан талаар үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн гаргаж өгсөн тайлбараар нэхэмжлэгч барилгын ажил гүйцэтгэсэн нь тогтоогдож байгаа, нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэж байсан болон тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүс Монголд байхгүйн улмаас хийсэн ажлын хэмжээг тодорхойлох, түүний нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй байгаатай холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шинжээч томилуулж, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон үнэлгээг барилга дээр үзлэг хийлгэх замаар тогтоолгох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/Ш32017/20313 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй байхаар шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлт гаргаснаар манай компанийн гүйцэтгэсэн ажлыг хэмжээ болон үнэлгээ тодорхой болохоос гадна хариуцагчийн бусад этгээдээр ажил гүйцэтгүүлсэн эсэх, гүйцэтгүүлсэн бол манай компанийн хийсэн ажлаас ялгаатай эсэх эсхүл бусад этгээдээр огт ажил хийлгүүлээгүй болохыг тогтоолгох боломжтой байсан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эргэлзээгүйгээр нотлох боломжийг хязгаарласан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3995 дугаар албан бичгээр гомдлыг буцааж, шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болж буй "Ө а" ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэсэн гэх үйл баримттай холбоотойгоор “Ж ХХК болон “Ө а” ХХК-иудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг гэрээний хоёрдугаар зүйлд зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажил гүйцэтгэхээр талууд тохиролцсон байх ба цаг хугацаа болон гүйцэтгэх ажил нь манай компанийн гүйцэтгэсэн ажлаас ялгаатай байсан. Тиймээс "Ө а" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г-ийг гэрчээр асуулгаж, уг гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэсэн бол “Б Л К” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлаас ялгаатай эсэхийг тодруулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ уг хүсэлтийг тодорхой бус үндэслэлээр хангахаас татгалзаж, нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх боломжгүй болгосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "нэхэмжлэгч огт ажил гүйцэтгээгүй, гэрээ цуцлагдсан" гэх мэдүүлэг нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 30 000 000 төгрөг, 7 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 урьдчилгаа төлбөр болгон нэхэмжлэгчид олгосон баримтаар үгүйсгэгдэж байгаа ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу ажлын үр дүн буюу барилгын ажлыг гүйцэтгэснийг гэрч Л Ш-ийн цахилгаан шатнаас бусад бүх ажлыг гүйцэтгэсэн, 2 100 000 юань өгнө гэж тохирсон гэх мэдүүлэг, гэрч Т.Отгонбаярын анх 2013 оны 4 дүгээр сард карказ, дүүргэлтийн өрлөг нь дутуу байсан, 2014 оны 6 дугаар сард цэвэр бохир усны шугам орсон, дулаан орсон, цахилгааны монтажууд хийгдсэн байсан, лифт тавигдаагүй, бусад зүйлс нь хийгдсэн байсан, байгаа материалаар ажил хийдэг байсан, материалгүй болохоор ажил зогсдог гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс ажлын хөлс шаардах эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбар болон тэргүүлэх төсөвчин Х.Ганпүрэвийн ажлын гүйцэтгэлийн тооцоогоор нэхэмжлэгч ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогддог. Хариуцагчаас барьцааны гэрээ байгуулагдсан эсэхтэй холбоотойгоор маргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, мөнгө олгосон баримтанд 500 000 юанийг хэзээ буцааж авах талаар тусгаагүй хэдий ч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасны дагуу барьцааны мөнгийг хариу төлбөргүйгээр олгоогүй тул хэдийд ч шаардах эрхтэй. 2014 оны 7 дугаар сард багтааж олгох талаар талууд тохиролцсон болохыг гэрчүүд мэдүүлсэн байхад үүнийг үнэлээгүй байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасны дагуу хөдлөх хөрөнгө болох 500 000 юанийг барьцаанд өгсөн ба барьцааны эрх дуусгавар болсон тохиолдолд барьцааг буцаан шаардах эрхтэй. 4 жилийн хугацаанд /2014-2018 он/ гомдлын шаардлага гаргаж байгаагүй, ажлын үр дүн буюу орон сууцны барилгыг байнгын ашиглалтад улсын комисс хүлээн авч, иргэдийн өмчлөлд шилжсэн зэрэг үндэслэлээр барьцаагаар хангагдах эрх дуусгавар болсон болно. Нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, Барилга барих гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1 600 000 юань барьцаанд олгосон 500 000 юанийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлээ бичгээр гаргаж өгч шүүх хүлээн авсан. Уг нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, 14 хоногийн дотор буюу 12 дугаар сарын 28-ны өдөр хариу тайлбар ирүүлэх эрхтэй байсан боловч хариу тайлбар огт өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу манай компанийн гаргасан нэхэмжлэлийн барьцаанд олгосон 500 000 юанийг төлөхийг зөвшөөрсөн үйлдэл юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101 /ШШ2018/00728 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугар зүйлийн 116.2 дах хэсэгт  заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Б Л К” ХХК нь хариуцагч “Ж”  ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 1 600 000 юань буюу 559 200 000 төгрөг, барьцааны 500 000 юань буюу 174 750 000 төгрөг, нийт 733 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Барилга барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Б Л К” ХХК нь гэрээнд заасан 19 төрлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх, “Ж”  ХХК нь ажлын хөлсийг гэрээнд заасан үнэлгээгээр тооцон ажлын хөлсийг төлөхөөр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрөө гаргах үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт  тус тус зааснаар нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд  хүсэлт гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч “ ...”Ө а” ХХК ямар ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлаас ялгаатай эсэхийг тодруулах зорилгоор “Ө а” ХХК-ийн захирал Б.Г-ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах...”  гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан, уг хүсэлтийг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчжээ. /2 дах хх-ийн 77,  86-92/

 

Нэхэмжлэгч нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2014 оны 6 сар хүртэл барилгын ажил гүйцэтгэсэн гэж, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь ажлаа бүрэн дуусгаагүй, хаяж явсан тул “Ө а” ХХК-иар барилгын бүх ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэж  тус тус маргаж байгаа тохиолдолд “Ө а” ХХК-ийн захирал Б.Г-ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах нь ач холбогдолтой байж болохоор байна.

 

Хүсэлт гаргасан тал Т.Болормааг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан, харин Б.Г-г гэрчээр оролцуулах хүсэлтээс татгалзсан болон түүний хүсэлтийг шүүх бүрэн хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээ дэмжиж байгаа, эсхүл түүнээс татгалзсан аль нь болохыг шүүх хуралдаан дээр тодруулаагүй тул анхан шатны шүүхийн энэ талаарх ажилллагаа үндэслэлгүй болжээ.

Харин шүүх шинжилгээ хийхтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлтийг, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн татвар, санхүү, төрийн сангийн хэлтсээс нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг тус тус хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчиж, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулснаас нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.