Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/353

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0349/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918005520408 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 17 дугаар байрны 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *** /РД: ***/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** нь 2019 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн *** тоотын гадна иргэн ***ыг сандлаар цохиж, нүд рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч ***ы “...бид амрах санаатай өрөө өрөөндөө ороод унтах гэж байхад *** эхнэрээ алгадаад авах шиг болохоор нь би *** болиочээ гэж хэлээд тэр хоёрын дундуур орсон. Тэгэхэд *** намайг мөргөөд газар унагаагаад миний толгой руу сандлаар цохиход сандал хагарсан. Тэгэхээр нь би дахиад *** болиочээ гээд хэлэхэд миний баруун нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Манай эхнэр орж ирээд бид хоёрыг салгаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

 

Гэрч *** “...*** *** хоёр маргалдаад байхаар нь манай нөхөр *** гараад явсан. Удалгүй хүчтэй чимээ гарахаар нь очиход ***ыг *** цохиж өшиглөхөөр нь би дундуур нь ороод салгаад цагдаад дуудлага өгсөн. *** *** 2 аль аль нь өндөр согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

Гэрч ***ын “...*** машиныхаа түлхүүрийг аваад хүүгээ дагуулаад гарч явна гэж хэлснээс болоод маргалдаад байж байхад өрөөнд *** орж ирээд *** болиочээ одоо унтаачээ гэхээр нь би зөрж гараад хүүхдээ дагуулаад гараад явсан. Тэгэхэд *** ***ыг нуруугаар нь тэврээд үлдсэн. Удалгүй Уянгаа надруу залгаад нөхрөө ирж аваачээ ***ыг зодчихлоо гээд хэлэхээр нь би Цагдаагийн газар руу дуудлага өгөөд ***ыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дүгээр сарын 31-ны өдрийн 656 дугаартай “...***ы биед баруун нүдний зовхи, хацар, баруун чих, хүзүү, цээжний зүүн дээд хэсэг, баруун дал, бүсэлхий нуруунд цус хуралт зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,

 

Шүүгдэгч ***ын “...***аас юу болсон талаар асуухад би эхнэр ***тай маргалдаад байхаар нь салгах санаатай очиход би хуванцар сандлаар толгой руу нь цохиод, баруун нүд рүү нь толгойгоороо мөргөөд хөхрүүлчихсэн гэсэн. Тэгэхэд нь ***ы эхнэр Уянга цагдаагийн газар руу дуудлага өгөөд намайг бариулаад явуулсан гэж хэлж байна лээ. Тэр бүгд нь үнэн юм шиг байна лээ. Миний духан дээр бага зэрэг хавдчихсан байна. ***ыг мөргөхөд хавдсан юм шиг байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгч хохирогч нар сайн дураар эвлэрсэн байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч торгох ял шийтгэж, сарын орлогынх нь хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***д эмчилгээний зардал 450,000 төгрөг өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                                     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД