| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0125/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/126 |
| Огноо | 2023-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул ,
Улсын яллагч Б.Төрболд,
Шүүгдэгч Я.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2323000940131 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрөг угсрагч, бетон армоторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн “Өндөр Хайрхан”-ны хэсэгт 2-200 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Сартуул овогт Ядамсүрэнгийн Баттулга, регистрийн дугаар ИА91081636.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах Музейн урд талын явган хүний зам дээр 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнийн 04:00 минутын үед хохирогч Б.Лхагва-Очиртой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүр, толгойн тус газарт гараараа болон чулуугаар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн байшингийн дотор болон гадна талд хохирогч Б.Ихбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос түүний дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Я.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах Музейн урд талын явган хүний зам дээр 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнийн 04:00 минутын үед хохирогч Б.Лхагва-Очиртой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүр, толгойн тус газарт гараараа болон чулуугаар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
- Шүүгдэгч Я.Баттулгын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Прокурорын надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан хохирогч нар ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгээ хэлсэн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 179-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Б.Лхагва-Очирын “...Би 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр орой 01-02 цагийн үед өөрийн найз болох Отгонбилэгийн хамт Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг “Кристал” баар орсон. Би бааран дотор Баттулга гэгчтэй таараад мэнд мэдээд л өнгөрсөн. Тэгээд цаг гаран хугацааны дараа баар хаах цаг болоод хүмүүс гарцгааж байсан. Отгонбилэг бид хоёр “Кристал” баарны зөөгч залуутай юм ярьж зогсож байгаад гарч ирэх үед Баттулга нь танихгүй 2 залуугийн хамт “Кристал” баарны гадаа 4 хүүхэнтэй маргалдаад зогсож байсан. Тэр үед Отгонбилэг бид хоёр наймаачин дэлгүүрийн урдуур гараад явж байтал Баттулга нь хоёр найзынхаа хамт Отгонбилэг бид хоёрын араас хүрээд ирсэн. Тэгснээ Баттулга нь Отгонбилэгийг чи хэзээ ийм болчихсон юм энэ тэр гээд маргалдаад байсан. Отгонбилэг, Баттулга нар тэврэлдэж маргалдаад газар унацгаасан. Тэгэхээр би болон Баттулгатай хамт явж байсан 2 залуу бид 3 Отгонбилэг, Баттулга нарыг салгасан. Баттулгыг хоёр найз нь аваад би Отгонбилэгийг аваад салцгаасан. Отгонбилэг бид хоёр 20-30 минут орчмын дараа таксинд суухаар таксины зогсоол руу явж байгаад ахиад Баттулга болон 2 найзтай нь “Кристал” баарны урдхан таарсан. Тэгсэн Баттулга хамт явж байсан 2 найзыгаа явуулчхаад Отгонбилэг бид хоёртой хамт үлдсэн. Отгонбилэг, Баттулга хоёр хоорондоо тэврэлдчихсэн юм яриад наймаачин дэлгүүрийн урдуур гараад театрын хажуугаар алхаад явж байсан. Би тухайн үед Отгонбилэгийг авч явах санаатай тэр хоёрын хойно 3-4 алхмын зайтай дагаад явж байсан. Тэгсэн музейн урд очих үед нь Баттулга намайг чи яагаад араас дагаад байгаа юм гэхээр нь би Отгонбилэгийг авч явах гээд байна бид хоёр явлаа гэж Баттулгад хэлсэн. Баттулга нь Отгонбилэгийг би аваад явна энэ тэр гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаад зогсож байх үед Баттулга хөлөөрөө миний гэдэс рүү 1 удаа өшиглөж унагасан. Би босож ирээд Баттулгыг яагаад байгаа юм гэж хэлэх үед Баттулга миний хамар руу гараараа 1 удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гоожоод би нүүрээ дараад хойшилсон. Тэгсэн Отгонбилэгийг очоод цохиж унагаад газар уначихсан байх үед нь өшиглөөд байсан. Отгонбилэгийг зодож байгаад буцаж ирээд намайг цохиод байсан. Тэгэхээр нь би одоо больчих гуйж байна гэж хэлсэн чинь Баттулга цааш очоод газраас чулуу аваад миний толгойн ар Дагз хэсэгт 1 удаа, зүүн хөмсөг хэсэгт 1 удаа, баруун чамархай хэсэгт 1 удаа, зүүн талын хацар хэсэг 1 удаа тус тус чулуугаар цохисон. Тэгээд чулуугаар цохисныхоо дараагаар ахиад намайг гараараа толгой хэсэгт 4-5 удаа цохисон. Баттулга нь Отгонбилэг бид хоёрыг ээлжлээд хэд хэдэн удаа цохиж зодож байгаад шууд яваад өгсөн. Тэгээд Отгонбилэг бид хоёр босоод зогсож байтал замд нэг машин таараад бид хоёр цагдаа дээр хүргүүлсэн. Отгонбилэг бид хоёрыг цагдаа дээр ирэх үед Баттулга цагдаа дээр ирээд би хүнд зодуулчихлаа гэж хэлээд байж байсан. Тэгснээ бид хоёртой зөрөөд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
- Гэрч Ю.Нандинцэцэгийн “...Манай эгчийн хүүхэд болох Б.Лхагва-Очир 2023 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 04:49 цагт над руу утсаар залгаад би хүнд зодуулчихлаа би цагдаагийн газарт ирсэн байна гэж хэлсэн. Үүнээс хойш 05:13 минутад дахиж залгаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах өрөөнд ирсэн байна гэж хэлэхээр нь би 05:20 минутад аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиход манай дүүгийн баруун, зүүн хөмсөгний дээд хэсэгт болон дагзны ар хэсэгт нь язарсан, баруун зүүн нүд хөхөрсөн, нүүр нь нэлэнхийдээ хавдчихсан сууж байсан. Би түүнээс юу болсон талаар тодруулж асуухад би Отгонбилэгтэй баарнаас гарахад тэнд байсан зүс таних залуу хойноос гарч ирээд Отгонбилэгтэй муудалцсан. Тэгээд явахгүй, салахгүй болохоор аваад явах гэсэн намайг цохиж зодсон. Тухайн асуудал Музейн замын хойд талд болсон гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
- Гэрч Д.Отгонбилэгийн “...2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад “Кристал” баар руу найз Лхагва-Очирын хамт орсон. Бид хоёр нэг, нэг пиво авч уучхаад баарнаас гарах гэж байхад 3 залуутай таарч мэнд мэдээд гарсан. Нэг мэдэхэд л газар унасан зодуулж байсан. Тэгээд хэн намайг зодоод байгаа юм бол гээд харахад Тулгаа байсан. Би түүнээс одоо намайг зодохоо больчих гэж гуйгаад салаад явсан. Тэгээд салаад явж байтал хойноос ирээд Музейн хойд талд явган хүний зам дээр дахиад Лхагва-Очир бид хоёрыг зодсон. Тулгаа нь бид хоёрыг зодчихоод явахаар нь цагдаагийн газарт очиж зодуулсан талаараа хэлэхэд эмнэлэгт үзүүлчхээд өглөө хүрээд ир гээд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч Т.Отгонбаярын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 000000256 дугаартай “...1. Б.Лхагва-Очирын биед: Тархи доргилт, хамар ясны хугарал, баруун, зүүн зовхи, дагз хэсэгт шарх, баруун, зүүн нүдэнд цус хуралт, цээжний зүүн урд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Тухайн гэмтлүүд нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой.
4. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Б.Лхагва-Очирын биед: Тархи доргилт, хамар ясны хугарал, баруун, зүүн зовхи, дагз хэсэгт шарх, баруун, зүүн нүдэнд цус хуралт, цээжний зүүн урд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/
Мөн 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн байшингийн дотор болон гадна талд хохирогч Б.Ихбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Б.Ихбаярын “...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Авто тээврийн төв дээр найз Мөнхтулгаар хүрүүлж 1 дэх өдөр хот явах автобусны билет бичүүлчхээд буцаад Мөнхтулгаар Өлзийт багт байрлах аавынхаа гэрт хүргүүлээд байж байтал Баттулга над руу залгаад манайд очъё гэж хэлээд удалгүй аавын гэрт орж ирсэн. Эхнэр бид хоёр найз Б.Баттулгын гэрт очихоор Баттулгатай хамт 17 цагийн үед аавынхаас явсан. Тэгээд Өлзийт багт байх Баттулгын байшинд очих үед Баттулгын эхнэр байсан өөр хүн байгаагүй. Хашаан дотор нь Баттулгын аав, ээж тусдаа гэрт байсан Баттулгын гэрт очоод бид 4 хөзөр тоглоод хоол унд идээд пиво уугаад байж байтал найз Менхтулга 22 цагийн үед эхнэртэйгээ хамт Баттулгын гэрт ирээд бид 6 хөзөр тоглонгоо пиво уусан. Нийтдээ 8 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво уусан. Тэгээд 00-01 цагийн үед хөзрөө тоглохоо болиод Мөнхтулга эхнэртэйгээ гараад гадаа үүдэн дээр юм яриад бид 4 дотор том өрөөнд нь юм яриад байж байсан. Би тэр үед Баттулгатай том өрөөнд нь миний бөгс том чиний бөгс жижиг гэх зэргээр тоглоом хийгээд ярьтал Баттулга гэнэт уурлаад ширээгээ авч шидээд над дээр хүрч ирээд миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед манай эхнэр болон Баттулгын эхнэр 2 салгах гээд хүчрэхгүй Баттулгын эхнэр нь Мөнхтулгыг дуудаж оруулж ирээд Мөнхтулга, Баттулгыг салгаад гэрээс нь аваад гарсан. Би Баттулгаас уучлалт гуйя гэж бодоод араас нь гарахад байшингийн үүдэн дээр тэр хоёр зогсож байхаар нь уучлаарай хөгшөөн гэж хэлээд очтол Баттулга нүүр лүү гараараа саваад нэг удаа цохисон. Тэр үед би газар уначихсан. Тэгтэл үргэлжлүүлээд хөлөөрөө зүүн талын нүд рүү нэг удаа өшиглөөд гараараа зүүн талын нүд рүү дахиад 2 удаа цохиод тэр үед Мөнхтулга арай гэж салгаад Б.Баттулгыг аваад явахаар нь би эхнэрийн хамт хашаанаас гараад явсан. Би Баттулгыг намайг байшинд болон гадаа зодож цохих үед нэг ч удаа хариу цохиогүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 125-127-р хуудас/,
Гэрч Б.Мэндсайханы “...Би нөхөр Б.Ихбаярын хамт Улаанбаатар хотоос Улиастай сумд ирээд 4 хонож байна. 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 17-13 цагийн үед манай нөхрийн найз Баттулгын гэрт нь нөхөр Б.Ихбаярын хамт очсон. Баттулга бид хоёрыг хадам аавын гэрээс ирж авсан. Би Улиастайнх биш учраас тухайн очсон газрын хаягийг нь мэдэхгүй байна. Гэрт нь очиход Баттулгын эхнэр нь байсан өөр хүн байгаагүй. Баттулгын гэрт очоод хоол унд идээд, пиво уугаад хөзөр тоглож байтал 22 цагийн үед Мөнхтулга эхнэртэйгээ ирээд бид 6 хөзөр тоглонгоо пиво уусан. Тэгээд 00-01 цагийн үед хөзөр тоглож дуусаад байшингийнх нь том өрөөнд нь суугаад пиво ууж байтал манай нөхөр Баттулгад тоглоомоор миний бөгс ч чинийхийг бодоход том юм аа гэж хэлтэл Баттулга гэнэт уурлаад ширээгээ авч шидээд Ихбаярыг хэд хэдэн удаа толгой руу нь гараараа цохиод хөлөөрөө нуруу руу нь өшиглөөд би салгах гэтэл хүчрэгдэхгүй байсан. Тэгтэл Мөнхтулга орж ирээд Баттулгыг салгаад аваад гэрээс нь гарсан. Дараа нь манай нөхөр за би найзаасаа уучлалт гуйчхаад ирье эр хүмүүс байна даа гэж хэлээд араас нь гарсан. Тэгтэл гараад удалгүй манай нөхөр ёооё ёооё гээд байхаар нь би гараад очтол байшингийн үүдэн дээр манай нөхөр газар хэвтчихсэн нүүрнээс нь цус гарчихсан Баттулга манай нөхрийг хөлөөрөө өшиглөх гараараа цохих зэргээр зодоод Мөнхтулга салгах гээд Баттулгыг барьж авсан байсан боловч хүчрэгдэхгүй зүтгэж очоод манай нөхрийг цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134-р хуудас/,
Гэрч Э.Мөнхтулгын “...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр орой 21 цаг орчмын үед над руу Я.Баттулга, Б.Ихбаяр нар залгаад Б.Ихбаяр удахгүй хот буцах гэж байна гэр бүлээрээ сууж байна. Та хоёр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр бид хоёр шинэ хороонд хамт явж байгаад Я.Баттулгын гэрт шууд очсон. Манай эхнэр бид хоёрыг очих үед Б.Ихбаяр эхнэртэйгээ, Я.Баттулга эхнэртэйгээ хамт байсан. Тэгээд хоол унд идэцгээгээд хөзөр тоглонгоо юм яриад 3-4 ширхэг 2.5 литрийн том пиво ууцгаасан. Тэгсэн манай эхнэр дотор нь муухайраад байхаар нь би эхнэртэйгээ хамт гадаа гарсан. Гадаа 10-20 минут орчим болоод байж байхад Я.Баттулгын эхнэр гарч ирээд намайг Я.Баттулга, Б.Ихбаяр хоёр зодолдоод байна ороорой гэж дуудсан. Тэгээд гэр лүү яваад ортол Я.Баттулга, Б.Ихбаяр нар хоёулаа цээж нүцгэлчихсэн маргалдаад тэврэлдээд зууралдаад байсан. Тэгэхээр нь би салгаад Я.Баттулгыг аваад гарсан. Баттулга бид 2 гэрийн гадаа гарч ирээд тамхи татаад байж байтал араас Б.Ихбаяр гарч ирээд чи яаж байгаа юм бэ? андаа гэж хэлсэн Я.Баттулга чи яасан их хүнийг хэл амаар доромжилдог юм гэж хэлээд Б.Ихбаярыг Я.Баттулга гараараа цохих шиг болсон. Б.Ихбаяр цаашаа тонгойгоод явчихсан. Я.Баттулга тухайн үед хөл гараа савчаад л байсан би тухайн үед Я.Баттулгыг бүсэлхийгээр нь тэвэрчихсэн салгах гээд байж байсан. Хаашаа нь хэрхэн цохисон болохыг би сайн мэдэхгүй байна. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138-р хуудас/
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч Т.Отгонбаярын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000000301 дугаартай “...1. Б.Ихбаярын биед: зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний доод хэсэгт, зүүн шанааны хэсэгт, хамрын үзүүр хэсэгт, дээд уруулын зүүн дээд хэсэгт зүүн далны доод хэсэгт, баруун тохойн хэсгүүдэд цус хуралт хаван, нүдний салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих үер үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Б.Ихбаярын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 143-145-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Я.Баттулгын холбогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Я.Баттулга нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лхагва-Очир, Б.Ихбаяр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь тэрээр мөрдөн байцаалтын шатанд “...ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Я.Баттулгыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Я.Баттулгын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Лхагва-Очир нь Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас түүний эмчилгээнд 1,603,300 /нэг сая зургаан зуун гурван мянга гурван зуу/ төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 39-р хуудас/
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Баттулга нь дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэхийлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Я.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Ядамсүрэнгийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Баттулгыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Баттулгад оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Баттулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Я.Баттулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Я.Баттулгаас 1,603,300 /нэг сая зургаан зуун гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ