Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/190

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2019/0296/Э/001/2020/0053

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Л.Оюунсувд,

Насанд хүрээгүй хохирогч М.У-ын  хууль ёсны төлөөлөгч Ж.М , түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт А/а  овогт Д-ийн  Б-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918004200307 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 11ий өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А/а  овогт Д-ийн  Б  /регистрийн дугаар:ОА66010115/, 1966 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ******* төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын группд байдаг, ам бүл **** , ***-ийн хамт ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим ******  дугаар багт байрлах ******-ын урд талын төв засмал зам дээр ******  маркийн ******  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигч М.Г-тэй  маргалдаж түлхэн унагаж эрүүл мэндэд нь тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Мөн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ******* дугаар багт байрлах “****” зочид буудлын эсрэг талын төв засмал зам дээр ******  маркийн ******  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3 дахь хэсэгт заасан Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”. Мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.У-ыг мөргөж эрүүл мэндэд гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуяд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 14-ний  өдөр “****”-аас зах орохоор явж байгаад захын урд талын явган хүний гарц дээр нэг согтуу хүн орж ирэхээр нь би зогссон. Гэтэл зам гарахгүй байсан болохоор нь явах гэхэд нөгөө хүн намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, миний машиныг өшиглөсөн учир би машинаасаа бууж ирээд та яагаад байгаа юм бэ гээд түлхэхэд тэр хүн газар унаад гэмтэл авсан. Хохирогч М.Г-д 278,800 төгрөг төлсөн.

Миний бие М.Г-ийн өвчний түүх, бичиг баримтыг эмнэлгээс авахаар 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эмнэлэг рүү явж байхад “****” зочид буудлын харалдаа явган хүний гарц руу дөхөж явахад нэг хүүхэд гарц руу чиглээд ирж байхыг би харж байсан, гэтэл 2 дугаар эгнээгээр О.Д-ний **** маркийн машин хохирогчийг мөргөхөд шидэгдсэн хохирогч миний машины зүүн хаалган дээр ирж унасан гэж ойлгосон.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М  мэдүүлэхдээ: “...Миний хувьд О.Д-ийг энэ хэрэгт хамааралтай, гэм буруутай гэж үзэж байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. О.Д нь амын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байсан бол шүүгдэгч Д.Б  гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой байсан. Манай охин О.Д-ний машинд мөргүүлээд сандраад гүйхэд хойноос нь машин гарч ирээд мөргөж байгаа дүрс камерт бичигдсэн. Тиймээс О.Д-ийг бас буруутай гэж үзэж байна. Охины маань бие тэнхрэхгүй байнга толгой нь өвдөж байгаа учраас Солонгос улс явж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзээд холбогдон гарах зардалтай холбоотой нотлох баримтыг гарган өгсөн.  Мөн охиноо асран ажилгүй байсан тул тухайн үеийн буюу 2019 оны 6 дугаар сарын 3-30-ны өдөр хүртэл 20 хоногийн цалин  болох 2,520,000 төгрөг, эмчилгээний зардал 10,000,000 гаруй төгрөг нэхэмжилж байна. Тухайн үеийн ханшаар нь бодож тооцно. гэв.  

 

Хоёр.Эрүүгийн 1918004200307 дугаартай хэргээс:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг[2],

Баримтыг хавтаст хэрэгт хавсаргах, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, [3]

 

Насанд хүрээгүй хохирогч М.У-ын  мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Би тэр өдөр хичээлээ тараад ****д байж байгаад таксинд суугаад гэр лүүгээ явсан таксинаас “****” зочид буудлын харалдаа буугаад ****аас хуучин ******* чиглэлийн замыг явган хүний гарцаар гарсан хуучин *****наас **** чиглэлийн замын явган хүний гарцаар гарах үед машин ирж байсан тэр машин зайтай харагдсан болохоор амжих байх гэж бодоод замаар гарах үед эхний цагаан өнгийн машинд мөргүүлээд миний гутал сугарч унаад гутлаа авъя гээд бодсон түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн байсан.” гэх мэдүүлэг[4],

 

Иргэний нэхэмжлэгч Ж.М ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Миний охин У  нь ****** аймагт өвөө, эмээ хоёртойгоо хамт амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эмээ нь над руу 15 цагийн орчим утсаар яриад У  машинд мөргүүлсэн байна гэж хэлээд уйлаад тодорхой хэлж мэдэхгүй байсан. Тэгээд би шууд Улаанбаатар хотоос эхнэр болон бага хүүхдийн хамт гарсан. 18 цагийн орчим *****д ирэхэд Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт миний охин унтаа байдалтай эмчилгээ хийлгэж байсан. ******д 3 хоног эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотод очоод Гэмтэл согог судлалын төвийн тархины тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлж гараад одоо дүүргийн эмнэлэгт хяналтад ороод гэрээр эмчилгээ хийлгэж байна. ...Гомдолтой байна. Охин одоогоор тархиндаа эмчилгээ хийлгээд байж байна. Ослоос шалтгаалсан  гэмтэл бол хойшид 5-10 жилийн дараа татаж унадаг, толгой нь өвддөг болох зэрэг хүндрэл гардаг талаар сонсож байна. Тэгэхээр  ирээдүйн эрүүл мэндийг бодож эмчилгээ оношлогоог гадаад улсад ядаж Солонгос улсад хийлгэх бодолтой байна.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Ү.М-ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 6-р сарын 3-ны өдрийн 15 цагийн орчимд Ж Ү ХХК-ийн эзэмшлийн ****  маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ****** дугаар багт байрлах “О” худалдааны төвөөс хайрцагтай тоор жимс худалдаж авсан, тэгээд машинаа жолоодоод Ус суваг”-ийн уулзвар руу буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо уруудсан тэгээд ус сувгийн уулзвар дээр дээр буцаад **** руу “Ж Ү ” компанийн байр руу очих зорилгоор буцаад тойрог руу эргэсэн тэгээд яг “****” зочид буудлын урд байрлах явган хүний гарцны орчимд 2 дугаар эгнээгээр явж байтал миний урд талд явж байсан цагаан өнгийн **** маркийн машин зөөлөн тормоз гишгэх шиг болсон тэгээд урагшаа хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн тэгсэн чинь замын зүүн талаас буюу “****” зочид буудлын эсрэг талаас зам хөндлөн явган хүний гарцаар гарч явсан хүүхдийг тэр машин баруун урд хэсгээс мөргөөд урагшаагаа 1 метр гаран яваад мөргөсөн эгнээндээ зогссон. Нөгөө хүүхэд **** маркийн машинд мөргүүлээд баруун тал руугаа үсрэхдээ нэгдүгээр эгнээгээр явж байсан саарал өнгийн ******  маркийн машины зүүн тал руу унасан. Тэгээд ******  маркийн машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд тэр хүүхдийг сугадаад **** маркийн машины арын суудал дээр суулгаад тойргийн зүг аваад явсан, энэ үед би машин дотроосоо хараад сууж байсан, тэгээд зам таглаад зогссон байсан **** болон ******  маркийн машинууд хөдлөхөд би араас нь хөдөлсөн.” гэх мэдүүлэг[6],

М.У-ын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...М.У-ын  биед гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуяд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хатуу гадарга дээр хүчтэй унах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 502 дугаартай дүгнэлт[7],

 

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Г-ын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 32 дугаартай ослын талаарх “...Жолооч Д овогтой Б  нь ****  маркийн ******  улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3-д “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж буюу зогсож, энэ дүрмийн 16.1,16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”. Мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан. Явган зорчигч 14 настай иргэн М  овогтой У  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт[8],

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 026 дугаартай “...****  маркийн ******  дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн эвдрэлгүй байсан, техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[9],

 

Шинжээч Х.Ганболдын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би хэргийн материалтай танилцаж камерийн бичлэгийг үзэж дүгнэлт гаргасан. Энэ баримтаар ****  улсын дугаартай **** маркийн машинд М.У  мөргүүлж гэмтсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Яагаад гэвэл камерийн бичлэгийг үзэхэд М.У  нь ****  улсын дугаартай машинд мөргүүлээд унаагүй, цааш хөдөлгөөнийг үргэлжлүүлэн алхсан дүрс харагдаж байна. Хэрэв мөргүүлсэн бол явган зорчигч чиглэлээ өөрчлөх юм уу зам дээр унасан байх боломжтой. Харин ******  улсын дугаартай ****  маркийн машинд М.У  нь мөргүүлэн зам дээр унаж байгаа нь дээрх гэмтлийг ******  улсын дугаартай ****  маркийн машин үүсгэсэн байх боломжтой гэж үзэж байна.” гэх мэдүүлэг[10],

 

Шинжээч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...М.У-ын  биед гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Би камерийн бичлэгийг үзлээ эхний цагаан өнгийн приус маркийн машинд мөргүүлээд М.У-ын  эрүүл мэндэд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин нэгдүгээр эгнээгээр явж байгаа саарал өнгийн ****  маркийн машинд мөргүүлж зам дээр унах үед М.У-ын  эрүүл мэндэд гавлын дагз ясны суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуяд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна.” гэх мэдүүлэг[11],

 

Д.Б ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15 цагийн орчим Цагдаагийн газрын үүднээс **** орохоор өөрийн эзэмшлийн ****  маркийн ******  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явж байтал “****” зочид буудлын явган хүний гарцын орчим цагаан өнгийн *****  маркийн **** улсын дугаартай машин явж байсан тэр үед эсрэг урсгалын замаар нэг хүүхэд зам хөндлөн гарч байсан, тэр хүүхдийг замын тусгаарлах хэсэг дээр зогсож байна гэж хараад явах үед тэр хүүхдийг миний урд 2 дугаар эгнээгээр явж байсан цагаан цагаан өнгийн приус 30 маркийн машин хаасан надад хүүхэд огт харагдаагүй тэгэхээр нь явган хүний гарцыг өнгөрч гарах гээд явж байх үед цагаан өнгийн **** маркийн машины баруун хамар дээрээс нөгөө хүүхэд маш хүчтэй орж ирээд миний машины зүүн талын толь хэсэгт мөргүүлээд зам дээр унасан.” гэх мэдүүлэг[12],

 

Хохирогч М.Г-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд ****** дугаар багийн нутаг дэвсгэрт найз нартайгаа ганц шил 0.75 граммын архи дөрвүүлээ хувааж уучхаад би гэр лүүгээ харих гээд Хаан банкны явган хүний гарцаар ***** зах талаасаа Хаан банк тал руугаа гарч байхад Алтны 4-н замын уулзвар талаас Б зах чиглэлд явж байсан ***** улсын дугаартай автомашин зам тавьж өгөхгүй миний хажуугаар өнгөрөхөд би баруун талын урд хаалга руу нь өвдөгөөрөө цохисон.Тэгэхэд нөгөө машин зогсохгүй яваад байхаар нь арын хэсэг рүү нь өвдөгөөрөө дахиад нэг цохиход уг автомашины жолооч машинаасаа бууж ирээд намайг заамдаж аваад арагшаагаа түлхээд унагаасан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гээд босож ирчхээд явах гэхэд явган хүний замаар гарч байсан нэг эгч миний араар гарахдаа хөөе толгойноос чинь цус гараад байна гэж хэлэхээр нь би толгойгоо дараад үзэхэд цус гарчихсан байсан. Тэгэхэд нөгөө жолооч ах намайг машиндаа суулгаад Буян захын урд байрлах авто зогсоол дээр очиж зогсоод намайг машинаасаа буулгаж ирээд намайг зодох гэхээр нь би зугтааж яваад Цагдаагийн газарт өөрийн биеэр орж болсон явдлыг хэлсэн.” гэх мэдүүлэг[13]

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн “...М.Г 38 настай эрэгтэй, зодуулсан. Толгойн зулайн ар хэсэгт 1.5 см орчим язарсан шархтай, оёдол тавив.” гэх тодорхойлолт[14]

 

М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...М.Г-ийн тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хатуу гадарга дээр хүчтэй унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 502 дугаартай дүгнэлт[15],

 

М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...М.Г-ийн тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Э.Отгончимэгийн 438 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 789 дугаартай дүгнэлт[16],

 

Д.Б ын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим өөрийн эзэмшлийн ****  маркийн ******  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод **** чиглэлээс ***** захын харалдаа авто зам дээр явж байтал явган хүний гарцын харалдаа нэг согтуу залуу миний машины баруун талын толины хэсэг рүү гуйваад ороод ирэхээр нь би шүргэчих байх гэж бодоод машинаа зогсоосон чинь нөгөө залуу миний машинаас нэг алхам хойшоо ухрахаар нь би урагшаагаа явах гээд хөдлөхөд уг залуу дахиад миний машин руу гуйваад машины баруун хойд хаалганд тулаад ирэхээр нь машинаа зогсоогоод хойд талын цонхоо онгойлгоод чи холдооч гэж хэлэхэд чи явган хүний зам хаадаг хэн юм бэ гээд над руу дайраад байхаар нь би бууж очоод нөгөө залууг заамдаж аваад татахад холдохгүй байхаар нь би цээж рүү нь түлхэхэд хойшоогоо бөгсөөрөө суугаад толгойгоороо газар уначхаад босож ирээд надтай надтай маргалдаад зогсож байтал бид хоёрын хажуугаар явж байсан эмэгтэй нөгөө залууд хандаж толгойноос чинь цус гарч байна гэж гэж хэлэхээр нь би толгойг нь харахад толгойн дагз хэсгээс нь цус гарч байхаар нь би машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явахад нөгөө залуу буух гээд хаалга онгойлгоод байхаар нь Буян захын авто машины зогсоол дээр очиж зогсоход нөгөө залуу машинаас буугаад зугтаагаад яваад өгсөн. М.Г-ийн биед учирсан эдгээр гэмтлүүдийг би учруулсан. Тухайн үед миний машинаас холдохгүй дайруулчих гээд байхаар нь би түлхэхэд хойшоогоо бөгсөөрөө суугаад толгойгоороо саваад газар унахдаа эдгээр гэмтлүүдийг авсан байх.” гэх мэдүүлэг[17],

 

Шүүгдэгч Д.Б ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[18] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Б од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим ******  дугаар багт байрлах Д з”-ын урд талын төв засмал зам дээр ****  маркийн ******  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигч М.Г-тэй  маргалдаж газар түлхэн унагаж эрүүл мэндэд нь тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан

мөн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ****** дугаар багт байрлах “****” зочид буудлын эсрэг талын төв засмал зам дээр ****  маркийн ******  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3 дахь хэсэгт заасан Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”. Мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.У-ийн мөргөж эрүүл мэндэд гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуяд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар: “Д.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.1, 16.2, 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэж үзэж байгаа боловч тус зам тээврийн ослыг гарахад О-рын Д нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хохирогчийг мөргөж, Д.Б од мөргүүлэх шалтгаан болсон юм. Зам тээврийн осол дээр гаргасан шинжээч дүгнэлтдээ О.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг зөрчин явган зорчигчид зам тавьж өгөөгүй, 3 дугаар зүйлийн 3.1а-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон байна. гэж дүгнэсэн. Хохирогч мэдүүлэгтээ эхний машинд мөргүүлээд гутлаа авах гэж байх үед машин мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна.гэж, мөн О.Д-ий мэдүүлэгтээ машинд шинээр үүссэн зураас нь хохирогчийг мөргөсний улмаас үүссэн байна.” гэж хэлж, хэргээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл прокуророос О.Д-ний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй хэмээн яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосон хууль зөрчсөн. Мөн энэ талаар хохирогчид мэдэгдээгүй. Надад уг тогтоолоо утсаар мэдэгдэж маргааш нь танилцахаар очиход хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Энэ байдал нь хэргийн оролцогчийн зүгээс тус тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: “Миний үйлчлүүлэгч Д.Б ын үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэл болон хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийн тухайд маргаж, мэтгэлцэх зүйлгүй бөгөөд хохирогч М.Г-д 300,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.У д 2,600,000 төгрөг нэхэмжилснээс өөрт оногдсон 1,300,000 төгрөгийг төлсөн. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд хохирлын хэмжээг үнэлсэн тохиолдолд нийт хохирол төлбөрийн 50 хувийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Үлдсэн хувийг иргэний хариуцагч О.Д-өөс гаргуулах нь шударга юм гэж үзэж байна. Энэ хэрэгт О.Д-ний оролцоо байдаг. О.Д гэм буруутай байхад О.Д-ний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Д.Б оос гаргуулах хохирлын хэмжээг шүүхийн тогтоолд нарийн тусгаж өгснөөр жолоочийн хариуцлагын даатгалаас гаргуулах боломжтой гэж үзэж байна. гэв.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд учирсан тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба насанд хүрээгүй хохирогч М.У-ын  эрүүл мэндэд учирсан гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуяд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.Б ын болгоомжгүй, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.”

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтууд болон хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Д-нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.3 дахь заалтад заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан эсхүл хүний амь нас хохироосон үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн объектив шинж хангагддаг бөгөөд О.Д-ний үйлдлийн улмаас явган зорчигч М.У-ийн эрүүл мэндэд гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч М.У  нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...амжих байх гэж бодоод явган хүний гарцаар гарах үед эхний цагаан өнгийн машинд мөргүүлээд миний гутал сугарч унаад гутлаа авах гэж байснаа санаж байна түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна.” гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт хэрэгт авагдсан:

Замын цагдаагийн шинжээч Х.Ганболдын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би хэргийн материалтай танилцаж камерийн бичлэгийг үзэж дүгнэлт гаргасан. Энэ баримтаар ****  улсын дугаартай приус-30 маркийн машинд М.У  мөргүүлж гэмтсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Яагаад гэвэл камерийн бичлэгийг үзэхэд М.У  нь ****  улсын дугаартай машинд мөргүүлээд унаагүй, цааш хөдөлгөөнийг үргэлжлүүлэн алхсан дүрс харагдаж байна. Хэрэв мөргүүлсэн бол явган зорчигч чиглэлээ өөрчлөх юм уу зам дээр унасан байх боломжтой. Харин ******  улсын дугаартай ****  маркийн машинд М.У  нь мөргүүлэн зам дээр унаж байгаа нь дээрх гэмтлийг ******  улсын дугаартай ****  маркийн машин үүсгэсэн байх боломжтой гэж үзэж байна.” гэх мэдүүлэг[19],

Шинжээч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...М.У-ын  биед гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Би камерийн бичлэгийг үзлээ эхний цагаан өнгийн приус маркийн машинд мөргүүлээд М.У-ын  эрүүл мэндэд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин нэгдүгээр эгнээгээр явж байгаа саарал өнгийн ****  маркийн машинд мөргүүлж зам дээр унах үед М.У-ын  эрүүл мэндэд гавлын дагз ясны суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна.” гэх мэдүүлэг[20],

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 027 дугаартай “... ***** регистртэй О-ын Д-ний жолоодож явсан ***** дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл нь ослын дараа эвдрэл гараагүй байна. Бүхээгний баруун гар крылоны будаг нь зурагдсан, хойд талын крыло хэсэгт халцарсан зэрэг нь ослын өмнө гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[21],

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зам тээврийн ослын талаарх камерт бичигдсэн насанд хүрээгүй хохирогч М.У  нь замын 2 дугаар эгнээнд О.Д-ний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдуур бүрэн өнгөрч улмаар Д.Б ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж шидэгдэн унаж байгаа бичлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж  байна.

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар хохирогчид мэдэгдээгүйгээс хохирогчийн хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Учир нь прокуророос хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй бөгөөд Д.Б од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийг шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “”хохирол” гэсний дараа “санаатай” гэж нэмэлт оруулжээ.

Дээрх хуулийн нэмэлт нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М  нь эмчилгээний зардал 1,631,097 төгрөг[22], гар утас, сурагчийн дүрэмт хувцасны  төлбөр 600,000 төгрөг[23], ажилгүй байсан хугацааны цалин 2,520,000 төгрөг[24], ирээдүйд Солонгос улсад нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх төлбөрт 9,928,000 төгрөг[25], нийт 14,679,097 төгрөгийг шүүгдэгч Д.Б , иргэний хариуцагч О.Д нараас, хохирогч М.Г нь эмчилгээтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй ба ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1,500,000 төгрөг[26]-ийг шүүгдэгч Д.Б оос тус тус нэхэмжилжээ.

Шүүгдэгч Д.Б , иргэний хариуцагч О.Д нараас нийт 14,679,097 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М д олгож, хохирогч М.Г-хийн ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1,500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М , хохирогч М.Г нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Б  2,524,000 төгрөг, иргэний хариуцагч Б.Д 1,300,000 төгрөгийг тус бүр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М д төлсөн байх тул дээрх төлбөрөөс нь хасаж тооцох нь зүйтэй.

Хохирогч М.Г нь эмчилгээтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Д.Б  нь эмчилгээний зардалд 278.800 төгрөгийг төлжээ.

Хохирогч М.Г нь ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх тодорхойлолтыг мөрдөн байцаалтад гаргаж өгсөн боловч нийгмийн даатгалын дэвтэр, ажилд авсан болон чөлөө олгосон ажлын газрын тушаал, шийдвэр зэрэг бичиг баримтууд байхгүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч М.У-ын  ирээдүйд Солонгос улсад нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх төлбөр 3,650 долларын ханшийг ****** ХХК-ийн тодорхойлолт[27]-ыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Монгол банкнаас зарласан 2,720 төгрөгийн ханш[28]-аар тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 2 жил хорих  ял  оногдуулах, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож 40 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 2 жил хорих  ял дээр нэмж нэгтгэн 2 жил 1 сар 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар: Шүүгдэгч хохирол төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан. Тиймээс нэхэмжлэх зүйлгүй байна. Ял, эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал алга. гэв.

Шүүгдэгч Д.Б ын өмгөөлөгч Л.Оюунсувд: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн, хохирлоо төлж насанд хүрээгүй хохирогчийн хохирлын үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Тиймээс шүүгдэгч Д.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.гэсэн саналыг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Д.Б од эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 Шүүгдэгч Д.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвар алдалтын группд байдаг хувийн байдалтай байна.

Шүүгдэгч Д.Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Д.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 7 сарын хорих  ял  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 нэг сарыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сар хорих ялаар  тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдаагүй тул  шүүгдэгч Д.Б ыг тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширэг бичлэгтэй CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч Д.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ***** дугаартай жолооны үнэмлэхийг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А/а  овогт Д-ийн  Б ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

 Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 нэг сарыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б од оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ***** дугаартай үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , иргэний хариуцагч О.Д нараас эмчилгээний зардал 1,631,097 төгрөг, гар утас, сурагчийн дүрэмт хувцасны  төлбөр 600,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2,520,000 төгрөг, ирээдүйд Солонгос улсад нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх төлбөрт 9,928,000 төгрөг, нийт 14,679,097 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М д олгож, шүүгдэгч Д.Б  2,524,000 төгрөг, иргэний хариуцагч Б.Д 1,300,000 төгрөгийг тус бүр төлсөн байх тул төлөх төлбөрөөс нь хасаж тооцож, хохирогч М.Г-ийн ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1,500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М , хохирогч М.Г нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг мэдэгдэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 3-7 тал

[2] Хавтаст хэргийн 8, 11, 17  тал

[3] Хавтаст хэргийн 9-10

[4] Хавтаст хэргийн 20 тал

[5] Хавтаст хэргийн 23-24 тал

[6] Хавтаст хэргийн 28 тал

[7] Хавтаст хэргийн 34-35 тал

[8] Хавтаст хэргийн 39 тал

[9]Хавтаст хэргийн 46-50 тал

[10] Хавтаст хэргийн 72 тал

[11] Хавтаст хэргийн 73 тал

[12] Хавтаст хэргийн 85-86 тал

[13] Хавтаст хэргийн 178-180

[14] Хаьтаст хэргийн 185 тал

[15] Хавтаст хэргийн 187-188, 194-195 тал

[16] Хавтаст хэргийн  194-195 тал

[17] Хавтаст хэргийн 205 тал

[18] Хавтаст хэргийн 95-101, 206 тал

[19] Хавтаст хэргийн 72 тал

[20] Хавтаст хэргийн 73 тал

[21]Хавтаст хэргийн 55-56 тал

[22] Хавтаст хэргийн 165-175 тал

[23] Хавтаст хэргийн 65-66  тал

[24] 2 дахь хавтаст хэргийн 151-154 тал

[25] 2 дахь хавтаст хэргийн 143-150 тал

[26] Хавтаст хэргийн 214 тал

[27] 2 дахь хавтаст хэргийн 143 тал

[28] 2 дахь хавтаст хэргийн 155 тал