Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/418

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч М.Ариунболд,

иргэний хариуцагч Э.Чинбат,

гэрч Ц.Энхтүвшин, Ё.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А З.Дт холбогдох эрүүгийн 2134004290302 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баяндэлгэр суманд 1986 оны 06 дугаар сарын 19-нд өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг дарга ажилтай байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Баяндэлгэр сум, Байдлаг 1 дүгээр баг, 15-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлтгүй, бие эрүүл, А З.Д. 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч З.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч З.Д:

...2021 онд сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой тохиохтой холбогдуулан зураг төсөл гаргасан байсан. Тухайн үед Чинбат гэх хүнтэй тохиолдлоор танилцсан. Хэрэгт холбогдсон шалтгаан гэвэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр хэлэлцсэн асуудлыг би тоот болгон гаргасан дээр энэ хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан. Сумын Засаг даргын бүрэн эрх үүргийн хэмжээнд захирамж гарч албан ёсоор тушаал шийдвэр болох ёстой. Сумын хурлын тэргүүлэгчдээс гаргасан тэмдэглэлийг үндэслэж олборлох явцад тоот гаргаж өгсөн хэрэгт холбогдсон. Энэ нь миний гаргасан шийдвэр биш. Тухайн тодорхойлолтыг шийдвэр биш гэж үзэж байна... гэж,

 

Иргэний хариуцагч Э.Чинбат:

...2021 оны 10 сарын 17-ны өдөр Баяндэлгэр суман дээр очсон. Д гэх хүнтэй танилцсан. Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой болохтой холбоотой “Миний нутаг” шүлгийг чулуун дээр сийлүүлнэ гэж ярьсан. Гол зүйл нь “Миний нутаг” шүлэг хийлгэх санал тавьсан. Чулуу нь байхад хийхэд татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Бид нар чулууг нь тээвэрлэж авч явсан. Тэр чулуу нь манай хашаанд хөдөлгөөгүй байгаа. Миний нутаг шүлэг сийлэгдэж хийгдээгүй. Цагдаагийн газраас битүүмжилсэн байгаа... гэж,

 

Гэрч Ц.Энхтүвшин:

...Би цаг хугацаан дээр алдаж магадгүй. 2 жилийн өмнөх асуудал. Тухайн үед сумын 100 жилийн ой 1 жилийн дараагаар болох гэж байсан. Сумын өнгө төрхийг өөрчлөх алдартай цуутай хүмүүсийнхээ хөшөө дурсгалыг янзлах, сайжруулах Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн алдар цуутай Д.Нацагдоржоор манай сум бахархдаг. Ийм учраас Засаг даргын зүгээс Нацагдоржийн хөшөөг янзлахаар, өмнөх хөшөөг нь авсан зураг өмнөх шүүх хурал дээр үзүүлж байсан санагдаж байна. Хөшөөг янзалж араар нь чулуугаар хана босгоод “Миний нутаг” гэх шүлэг бичих шаардлагатай байна. Ийм учраас хананд хэрэглэх чулууны хэрэг гарсан гэх үүднээс тухайн үед тэргүүлэгчдээ дуудаж, нийт 5 тэргүүлэгчтэй, 3 тэргүүлэгч ирж нийт 60 хувийн бүрдэлтэй хуралдаж ашигт малтмал болох боржин чулуунаас чулуун хана босгох хөшөө хийхэд болохгүй зүйл байхгүй гэж бид нар хуралдаж шийдэлд хүрсэн. Энэ нь сүүлдээ буруу шийдвэр гарч, эрх мэдлээ илүү ашигласан гэх зүйл болоод ирсэн байна... гэж,

 

Гэрч Ё.Батхуяг:

...2021 оны 10 сарын 18-ны өдөр буюу 1 эх өдөр байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурал зарлаж хуралдаад хурлын дарга Энхтүвшин, тэргүүлэгч Пионор, Гүндэгмаа нар гэх 3 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Би хурлын нарийн бичгийн даргаар оролцож хурлын тэмдэглэл хөтөлсөн. Хуралдаанаар Баяндэлгэр сумын нутаг Хустай гэх газраас цөөн тооны боржин чулуу авч Д.Нацагдоржийн хөшөөний ар талд боржин чулуун самбар хэрэгтэй, самбар дээр “Миний нутаг” шүлгийг нутгийг нутагтаа алдаршуулах самбар хийх зорилготой чулуу авах гэж байна. Үүнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч зөвшөөрөл өгнө ү гэх асуудал хэлэлцсэн. Тухайн үед сумын талбайд засвар хийхээр янзалж байсан. Асуудлыг хэлэлцэх явцад тэргүүлэгчдийн хэлсэн үг нь нэгэнт сум орны төв талбайд нутгийнхаа чулуугаар нутгийнхаа алдартай хөшөөний ард боржин чулуу авахад болохгүй зүйл байхгүй. Дараа нь хүмүүс асуухад нутгийнхаа чулуугаар хийсэн гэж ам бардам хэлнэ гэж ярилцаж байсан. Яг боржин чулууны компаниар захиалж хийлгэвэл асар өндөр үнэтэй гарах гээд байна. Тийм учраас нутгийнхаа чулуугаар хийх гэсэн хоёр асуудал ярилцсан. Тэргүүлэгчид энэ асуудлыг дэмжиж байсан. Би төрийн албан хаагч нарийн бичгийн даргын хувьд тэргүүлэгчдэд сануулсан. Ашигт малтмалын тухай асуудал нь Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэгдэх ёстой. Тийм учраас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоол гаргаж болохгүй гэж хэлсэн. Тухайн хурлаас хуралдааны тэмдэглэл гарч, хуралдаанаар тогтоол гарсан. Ийм л зүйл болсон... гэж тус тус мэдүүлжээ.

 

 

Үйл баримт  

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Дийг Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цээцээ Импекс” ХХК-ий захирал Э.Чинбатад давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хустайн ар” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулж, байгаль орчинд 8.588.272 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх прокуророос ирүүлсэн шүүгдэгч З.Дт холбогдох эрүүгийн 2134004290302 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 411 дугаартай захирамжаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзсэн.

 

Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах” гэсэн,

6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх” гэсэн заалт юм.

Үүнд:

Шүүх нэмж мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгүүлэхдээ уг нь шүүгдэгч З.Дийг Засаг даргаар ажиллаж байхдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчсөн, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан “Цээцээ Импекс” ХХК-ий захирал Э.Чинбатад давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгийг үйлдэж, шалган нэвтрүүлэх товчоонд хүргүүлсэн үйл баримт байгаа эсэхийг, 

  эсхүл Засаг дарга З.Д нь Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны “Д.Нацагдоржийн талбайн тохижилтонд ашиглах Боржин чулууг сумын удирдлагын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж, ашиглах чулууны хэмжээг нарийн тодорхойлон төрийн албан хаагчид, нутгийн иргэдийн хяналтан дор авч ашиглах чиглэл өгөхөөр тогтов” гэсэн тэмдэглэлийг үндэслэн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдэж, шалган нэвтрүүлэх товчоонд хүргүүлсэн үйл баримт байгаа эсэхийг,

  мөн Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл нь “Д.Нацагдоржийн талбайн тохижилтонд ашиглах Боржин чулууг сумын удирдлагын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж, ашиглах чулууны хэмжээг нарийн тодорхойлон төрийн албан хаагчид, нутгийн иргэдийн хяналтан дор авч ашиглах чиглэл өгөхөөр тогтов” гэсэн агуулгатай байна.

Улмаар Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох талаар хэлэлцэж шийдвэрлэх, төрийн албан хаагчид, нутгийн иргэдийн хяналт доор авч ашиглах талаар чиглэл өгөх эрх хэмжээ олгогдсон эсэхийг,

 

Түүнээс гадна 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Засаг дарга, иргэний хариуцагч “Цээцээ импекс” ХХК-ий захирал Э.Чинбат нарын хооронд Авлигын гэмт хэргийн шинж байгаа эсэхийг, мөн “Цээцээ Импекс” ХХК нь зөвшөөрөлгүйгээр Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон эсэхийг тус тус тодруулж шалгуулах,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулах нь тус тус зүйтэй гэж үзсэн.

 

  Гэтэл даалгасан хугацаанд нэмэлтээр иргэний хариуцагч Э.Чинбат, Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид гэх гэрч Ц.Энхтүвшин, Д.Пионер, Д.Гүндэгмаа болон нарийн бичгийн дарга Ё.Батхуяг, гэрч Дарьбазар нараас тус тус дахин нэг удаа мэдүүлэг авах, иргэний хариуцагч Э.Чинбат, шүүгдэгч З.Д нарын дансны хуулга, дансны мэдээлэл зэргийг холбогдох байгууллагуудаас гаргуулан авах зэрэг ажиллагаануудыг хийж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийхийг даалгасан шүүгчийн захирамжийн заалтууд хангагдаагүй бөгөөд нэмж мөрдөн шалгах ажиллагаагаар захирамжийн 2, 3 дахь заалт бүрэн хийгдээгүй, 1, 5 дахь заалт огт хийгдээгүй болохыг, мөн хуульд заасан яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа хийгдээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Гэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч З.Дт холбогдох 2 хавтас эрүүгийн хэргийн хүрээнд явагдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2134004290302 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-17 дугаар хуудас/,

Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 21 дүгээр хуудас/,

Цээцээ-Импекс ХХК-ийн Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг даргын тамгын газарт хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх-ийн 22-27 дугаар хуудас/,

Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийж, дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 121-126 дугаар хуудас/,

   Геологийн төв лабораторийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ПГ 2022/0040 дугаартай ...Цайвар саарал өнгөтэй, нэг төрлийн, жигд бус мөхлөгт, цул нягт текстуртай, 24 ширхэг чулуун / 1,0 м х 1,6 м 2,0 х 1,5 м хэмжээтэй / дээжнээс төлөөлүүлэн дээж сонгон - петрографийн шинжилгээ хийж танай тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна. Шинжилгээнд авсан чулуун дээж нь петрографийн шинжилгээгээр гипидиоморфлог структуртай, цул нягт текстуртай, 0.25-5,0 мм хэмжээтэй, зөв бус, изометрлэг хэлбэртэй кварц, хавтгай хэлбэртэй калишпат, призмлэг хэлбэртэй плагиоклаз, бага зэргийн гялтгануурын ялтас, хуудсууд мөн ганц нэг дайвар эрдсийн мөхлөгүүдээс тогтсон хүчиллэг найрлагатай интрузив чулуу боржин чулуу байна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд энэхүү боржин чулуу нь өнгөлгөөний чулууны ангилалд багтана. Боржин чулуу нь байгаль дээр үүсдэг болно... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 149 дүгээр хуудас/,

“Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/19 дугаартай ...Боржин чулуу олборлож эвдсэн талбай нь 3 хэсэг газар байх бөгөөд нийт эвдэгдсэн талбайн хэмжээ нь 1559.9м2 байна. Олборлолтын улмаас эвдэгдсэн 1559.9м2 буюу 0.16га талбайгаас байгаль орчинд учирсан хохирлын нийт үнэлгээ нь 8.588.272 төгрөг болж байна. Тухайн газар нь урьд өмнө эрүүл газар байсан байна. Урьд өмнө эрүүл газар байсан нь тухайн талбайн эвдрэлийн шинэ хар хүрэн шороо хөрснөөс харах боломжтой байна. Нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 618.568 төгрөг болж байна. Тухайн талбай нь аль нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарахгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 187-223 дугаар хуудас/,

“Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/57 дугаартай ...Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжлэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт Цээцээ Импекс ХХК-ийн хашаанд байрлах 24 ширхэг боржин чулууны зах зээлийн үнэлгээг 2021 оны 10 дугаар сарын байдлаар үнэлэхэд тус үнэлгээ нь 3.036.000 төгрөг болж байна. Чулууны хэмжилтийн зургийг хавсаргав. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... талаарх дүгнэлт /2-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Худалдаа хөгжлийн банканд данс эзэмшигч Э.Чинбатын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 84-102 дугаар хуудас/,

Төрийн банканд данс эзэмшигч З.Дийн дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 84-102 дугаар хуудас/,

Хаан банканд данс эзэмшигч З.Дийн дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 84-102 дугаар хуудас/,

Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийж, дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 121-126 дугаар хуудас/,

гэрч Ц.Энхтүвшингийн ...Тухайн өдөр Баяндэлгэр сумын засаг дарга Д надад хүсэлт гаргаад манай сумын их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг барих ажилд хөшөөний арын ханад 2 метрийн өндөртэй 5 метрийн урттай хоёр ханыг нутгийн чулуугаар хийлгэж шүлгийг нь бичмээр байна тэгээд тэр чулууг бэлдээд өгөх компани байна энэ асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлээч ээ гэхлээр нь би иргэдийн хурлын тэргүүлэгчдийг яаралтайгаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 9 цаг 45 минутад хуралдаж сумын засаг даргын хүсэлтийн дагуу орон нутгаас боржин чулуу бэлдүүлж, мэргэжлийн байгууллагаар засаж янзлуулж Д.Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой 11 дүгээр сарын 17-нд болохоос нь өмнө хөшөөг бэлэн болгох нь зүйтэй гэж хурлын тэмдэглэл гаргасан. Тухайн өдрийн хурлын тэмдэглэлд ямар нэгэн кампани бол нэр дурдагдаагүй засаг дарга ч бас ямар нэгэн компани аж ахуйн нэгжийн нэр хэлээгүй хурлын тэмдэглэлд мэргэжлийн байгууллагаар боржин чулуу олборлуулж орон хөгжилд хэрэглэх нь зүйтэй гэж тусгасан. Би Цээцээ импекс ххк-г мэдэхгүй манай суманд ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, ямар нэгэн гэрээ байгуулаагүй. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ИТХ-н тэргүүлэгчид сумын засаг даргаас гаргасан хүсэлтийг хэлэлцэж байхад" Цээцээ импекс" ххк нь манай Галуут 2 дугаар багийн нутаг Хустайн ам гэдэг газар 10 дугаар сарын 17-нд ирсэн байсан тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө манай сумын иргэн Дарьбазар гэдэг иргэн цахим орчинд мэдээлэл тавьсан байхлаар сумын засаг дарга Д, байгаль хамгаалагч Ч.Өлзий малчин Д.Дарьбазар нарын хамт Хустай ам гэдэг газар очиход Цээцээ импекс ххк-ний нэг газар ухдаг экскаватор нэг цагаан пронтер байсан тэгээд 6 хүний бүрэлдэхүүнтэй боржин чулуу олборлож байсан тэгэхлээр нь ажлыг нь зогсоогоод байж байтал тухайн компанийн захирал гээд нэг хүн ирсэн / би одоо нэрийг нь сайн санахгүй байна / тэгэхлээр нь тэр захиралд нь танай компани хэний зөвшөөрлөөр энд ирж боржин чулуу олборлож байгаам гэсэн чинь нэг компани ч билүү албан газар ч билүү нэг дээд л газрын нэр хэлсэн тэгэхлээр нь тэр чинь хамаагүй одоо наад ажлаа зогсоогоод буу гэдэг шаардлага тавьсан тэгээд бид явсан. Хурлын тэмдэглэлд нэр заагдаагүй байгаа энэ нь бидний алдаа байх гэж бодож байна сумын дарга надад нэг компанийн нэр хэлж байсан тэр компанийг одоо би санахгүй байна. Тухайн компаниас ирсэн хүсэлтийг надад одоо болтол өгөөгүй ямар бичиг байгааг нь би мэдэхгүй байна надад амаар бол орон нутгаас боржин чулуу олборлуулж Д.Нацагдоржийн хөшөөний бүтээн байгуулалтад ашигламаар байна тэр ажлыг аль нэг компаниар байгаа хийлгэмээр байна гэж хэлсэн байхаа би сайн санахгүй байна.

2021 оны 10 дугаар сарын 22-ны сумын засаг дарга Д надад хэлэхдээ би тухайн газар очиж үзсэн тэгээд нөхөн сэргээлт хийсэн байна. Цээцээ импекс компани нь одоо эндээс буух гэж байна гэрээ ачиж байна гэж хэлсэн. Тухайн газар нутаг нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй малын бэлчээрийн газар. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг орон нутгийн хэрэгцээнд ашиглах эрх нь засаг даргад байгаа байх гэж бодсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,

гэрч Ё.Батхуягийн ...2021 оны 10 дугаар сарын 18-нд өглөө 09 цаг өнгөрч байхад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Энхтүвшин утсаар тэргүүлэгчдийг дуудаж цуглуулаад Төв аймгийн Баяндэлгэр суманд байгуулагдаж байгаа их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний ард байрлах боржин чулуугаар хана хийж ажлын талаар хэлэлцээд орон нутгийн нөөц бололцоог ашиглаад Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг" Хустайн ар гэдэг газраас бага хэмжээний боржин чулуу олборлох шаардлагатай байна энэ асуудлыг зөвшилцөх гэж та бүхнийг цуглуулсан гэж танилцуулсан. Өмнө нь сумын засаг дарга Д сумын хурлын даргад Хустайн араас боржин чулуу олборлож хана хиймээр гэж хэлсэн гэсэн тэгээд тэргүүлэгчид хуралдаад орон нутгийн ашиг сонирхолд байна нутгийн чулуугаар хөшөөний хана босгох нь зүгээр юм байна гээд бүгд дэмжээд сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тэмдэглэл гарсан тухайн тэмдэглэлд нутгийн чулууг Нацагдоржийн хөшөөг хийж гүйцэтгэж байгаа компаниар хийж Хустайн араас боржин чулууг олборлуулж хөшөөний арын хана хийх нь зүйтэй гэсэн тэмдэглэл гаргасан. Хустай араас ямар компани ямар хэмжээтэй боржин чулууг олборлосон талаар би мэдэхгүй миний үндсэн чиг үүргээс өөр асуудал тул би орлоогүй. Ямар нэгэн албан албан бичиг бол байгаагүй иргэдийн хурлын даргын танилцуулсан боржин чулуу олборлуулах талаар л хэлэлцсэн би тэмдэглэл хөтөлсөн. Миний бүртгэлд бол тухайн компанитай холбоотой ямар нэгэн хүсэлт бичиг бол ирээгүй бүртгээгүй иргэдийн хурлын дарга Энхтүвшинд өгсөн байх гэж бодож байна, өглөө 9 цаг 30 минутын үед Энхтүвшин дарга гэнэт л сумын хурлын тэргүүлэгчийг шуурхай хуралдуулахгүй бол болохгүй байна гээл хуралдуулсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

гэрч Э.Чинбатын ...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Хустайн ар гэдэг газар очиж нэг гэр бариад 6 ажилчнаа нэг триомер, нэг эксковатортай буулгаад 10 дугаар сарын 18-ны өдрөөс боржин чулуу олборлох ажлаа эхлүүлсэн. Тэгээд нутгийн хүмүүс ирээд хэл ам хийгээд байхаар нь манайх ажлаа зогсоосон тэгээд тэр өдөртөө гаргаж бэлдсэн байсан чулуугаа дундуур нь хуваагаад Улаанбаатар хотруу нийтдээ 24 ширхэг чулууг 8-н хово машинд ачиж буулгасан. Ямар нэгэн зөвшөөрөл бол аваагүй Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг дарга Дтэй амаар тохиролцсон зүйл бол байгаа их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний ажилд боржин чулуугаар хийх ажлыг чинь хийж өгье, тэгээд цаашид хамтарч ажиллая гэж тохиролцоод “Хустайн ар” гэдэг газар очиж бууж боржин чулууг олборлож тээвэрлэж Улаанбаатар хотод авчирч буулгасан. Гэрээ байгуулсан юм бол байхгүй засаг дарга Дтэй амаар тохиолцсон. Тэр нь юу вэ гэвэл суманд нь хийгдэж байгаа бүтээн байгуулалтад хэрэгтэй байгаа зүйлийг нь хийж өгөөд цаашид хамтарч ажиллах, үйлдвэр байгуулах бодолтой очиж уулзсан. Манай Цээцээ импекс ХХК нь барилгын материалын чиглэлээр бутлан ангилах үйлдвэрлэл явуулдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,

гэрч Ц.Энхтүвшингийн дахин өгсөн ...Уг компанийн хүмүүсийг огт танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Би энэ компанийн талаар огт мэдэхгүй. Болохгүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон сумын Засаг даргын зүгээс хууль тогтоомжийн хүрээнд боржин чулуу олборлох эрх олгогдоогүй. Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд зааснаар аймаг нийслэлийн Засаг дарга сум дүүргийн, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авч, ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Сумын Засаг дарга Д хүсэлт тавьсны дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдсан. Хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэнэ гэж хэлэлцэж, хурлаас албан ёсны тогтоол гараагүй. Тогтоол гарсан бол буруудах байсан байна. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Баяндэлгэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Тийм асуудал огт байхгүй. Сумын засаг дарга Дийн хувьд их зохиолч Нацагдоржийн 115 жилийн ой, Сум байгуулагдсаны 100 жилийн ойтой холбогдуулан хурлаараа хэлэлцүүлж өгөөч гэж санал тавьсан. Цээцээ импекс ХХК-г огт мэдэхгүй. Түүнээс надад нөлөөлсөн асуудал огт байхгүй. Их зохиолч Нацагдоржийн хөшөө нь сумын төвд байрладаг. Боржин чулуу ашиглах шаардлагатай. Учир нь хөшөөний ар талд боржин чулуу ашиглаж 2 хана барих шаардлагатай байгаа юмаа. Хөшөөний ар хэсэг одоог хүртэл хийгдээгүй байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/,

гэрч Д.Пионерийн ...Манай сумын хувьд их зохиолч Нацагдоржийн төрсөн нутаг байгаа юмаа. Бид сумандаа Нацагдоржийн хөшөөтэй цэцэрлэг байгуулж байгаа. Уг хөшөөнд боржин чулуу шаардлагатай байсан. Одоо хугацааг нь санахгүй байна. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай сумын Засаг дарга 3.Д ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нацагдоржийн хөшөөний арын хананд 2 метрийн өндөртэй, 5 метрийн урттай 2 ханыг нутгийн чулуугаар хийлгэж, Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг уг хананд сийлмээр байна. Уг ажлыг хийх компанийг олчихлоо. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдсан. Хуралдаанаар Засаг дарга 3.Дийн хүсэлтийн талаар яригдсан бөгөөд хуулиараа Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх асуудал байсан тул Засаг дарга 3.Дийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсон. Иймд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гараагүй. Уг компанийн хүмүүсийг огт танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Уулзаж байгаагүй. Уг компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй. Эрхгүй. Сумын ИТХ болон сумын Засаг даргад хууль тогтоомжийн хүрээнд эрх олгогдоогүй. Харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд зааснаар сумын ИТХ нь аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд саналаа уламжилж, аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэдэг. Сумын Засаг дарга Д хүсэлт тавьсны дагуу ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдсан. Хурлаас албан ёсны тогтоол гараагүй. Тийм асуудал огт байхгүй. “Цээцээ Импекс” ХХ-ийг огт мэдэхгүй. Түүнээс надад нөлөөлсөн асуудал огт байхгүй. Их зохиолч Нацагдоржийн хөшөө нь сумын төвд байрладаг. Боржин чулуу ашиглах шаардлагатай. Хөшөөний арын хэсэг одоог хүртэл хийгдээгүй байгаа. Тус компанийн хувьд гэрээ байгуулаагүй. Манай суманд ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Уг компанитай холбоотой ямар ч асуудал яригдаагүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Сумын үе үеийн Засаг дарга нар Нацагдоржийн хөшөөг байгуулах, уг ажлыг сайжруулах чин хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэ ажлыг одоогийн Засаг дарга Д хэрэгжүүлэх гэж их хичээн ажиллаж байгаа. Хөшөөний ажлын гүйцэтгэлийн 80, 90 хувь нь хийгдсэн. Мөн энэ ажил нь сум байгуулагдсаны 100 жилийн ой, Нацагдоржийн 115 жилийн ой угтсан ажлуудын нэг нь байгаа юмаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 дугаар хуудас/,

хохирогч Г.Ганбаярын ...Би Төв аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлөн иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байна. Эрх үүрэгтэй танилцлаа. Танилцсан эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дийн буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,

иргэний хариуцагч Э.Чинбатын ...2020, 2021 онд цар тахал гарсантай холбогдуулан БНХАУ-аас авчирдаг байсан бараа материал болох боржин чулуу хомсодсон. Манай улсын хувьд нийт газар нутгийн 70 хувь нь боржин чулуу. Тэгээд нөхцөл байдлаас хамаараад, өөрийн улсын боржин чулууг ашиглах нь манай эдийн засагт нэмэртэй болов уу гэж бодсон. Тэгээд Төв аймгийн Баяндэлгэр суманд очиход боржин чулуу элбэгтэй газар байсан учраас тус сумын Засаг дарга Дтэй уулзсан. Намайг очиход Д.Нацагдоржийн талбайн тохижилтын ажил хийгдэж байсан. Сумын засаг дарга Дийн хувьд Д.Нацагдоржийн 100 жилийн ойд зориулан Д.Нацагдоржийн хөшөөний ар талаар 2 ширхэг хана босгож "Миний нутаг" шүлгийг нь бичүүлмээр байна гэсэн. Би Засаг дарга Дт чулуу нь байгаа бол хийхэд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн. Тэгээд Засаг дарга Д албан бичиг хийж өгсөн юмаа. Түүнээс манай компанид ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Сумын Засаг дарга Д нь сумаа хөгжүүлж, түүхэн хүний бүтээн байгуулалтынхаа ажлыг хийлгэхийн тулд албан бичгээр зөвшөөрөл өгсөн. Би бодохдоо Сумын Засаг дарга Дийг өөрийн сум орон нутагтаа хийж байгаа бүтээн байгуулалтын ажилд зөвшөөрөл олгодог, хууль ёсны ажил юм байна гэж ойлгосон. Боржин чулуу хайж явах үедээ Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дтэй уулзсан. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Сумын Засаг дарга 3.Дтэй 1 удаа уулзсан. Үүнээс хойш дахин уулзаагүй. Дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Учирсан хохирлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247-248 дугаар хуудас/,

яллагдагч З.Дийн ...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой бүрэн уншиж танилцлаа. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... /2-р хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

иргэний хариуцагч Э.Чинбатын нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн ...Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга 3.Д санал тавьсан. Саналын дагуу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус газарт байрлаж буусан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үдээс өмнө Засаг дарга Д зөвшөөрөл олгосон албан бичиг өгсөн. Уг албан бичгийн дагуу ил байсан боржин чулууг авсан. Миний хувьд Баяндэлгэр сумын Нацагдоржийн хөшөөний "Миний нутаг" шүлгийг чулуун дээр сийлж хийх нь ямар ч шаардлага байхгүй. Би Төв аймгийн хүн бишээ. Би Нацагдорж гэдэг зохиолчийг Баяндэлгэр сумынх гэдгийг анх удаа Дээс сонссон. Тухайн жил нь Нацагдорж зохиолчийн 100 жилийн ойг угтсан ажил байсан учраас Баяндэлгэр сумын Засаг дарга 3.Д санал тавьсан. Намайг яаралтай хийж өгөөч гээд байсан юмаа. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Засаг дарга Дтэй утсаар ярьсан. 2021 оны 10 дугаар сарын 17-ний өдөр тус газарт байрлаж буусан. 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн үдээс өмнө Засаг дарга Д зөвшөөрөл олгосон албан бичиг өгсөн. Тухайн өдрөө уг албан бичгийн дагуу ил байсан боржин чулууг авсан. Миний хувьд боржин чулуу зөвшөөрөлгүй авах шаардлага байхгүй. Тийм асуудал огт байхгүй. Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дт албан тушаалтай нь холбогдуулан нөлөөлсөн асуудал байхгүй. Сумын Засаг даргын өөрийнх нь хүсэлт, албан бичгээр дээрх ажлыг хийсэн. Сумын Засаг даргад нөлөөлөх шаардлага ч байхгүй. Миний арилжааны банкны дансны хуулгаас тодорхой харагдана. Сумын Засаг даргад мөнгө өгөх шаардлага байхгүй. Би өөрийн дураар очоод, их зохиолчийн хөшөөг хийх гээд байж байна гэж байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,

гэрч Ц.Энхтүвшингийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн ...Би мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.  Мөрдөн шалгах ажиллагааны үед би болсон асуудлыг үнэн зөвөөр өгсөн. Харин шүүх хуралдааны үед хүмүүс тал талаас юм асуугаад байсан учраас сандраад буруу зөрүү мэдүүлэг өгсөн. Тухайн үед миний сахар ихдээд 15, 16 хүрсэн байсан. Эрүүл мэндийн хувьд бие тааруу байсан. Тэглээч би гэрчээр мэдүүлэг өгснөөс хойш жилийн дараа шүүх хуралдаанд гэрчээр оролцсон. Анх удаа шүүх хуралдаанд оролцсон учраас их сандарсан. Уг компанийн хүмүүсийг огт танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Биш. Аймгийн ИХТ шийддэг асуудал байгаа юмаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд тодорхой заасан байдаг. Тухайн үед манай сумын Засаг дарга Д хүсэлт тавьсны дагуу ИТХ-ын тэргүүлэгчид хуралдсан. Хурлын тэмдэглэл бол хүчин төгөлдөр шийдвэр биш байна. Миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал олгосон асуудал байхгүй. “Цээцээ Импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг танихгүй. Сумын засаг дарга Дт хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөөгүй. Би шүүх хуралдааны үед тийм их зүйл яриагүй. Би сандарсандаа буруу зөрүү зүйл их ярьсан байна. Үгүй огт үзээгүй. Сүүлд би компанийн нэрийг нь мэдсэн. Тийм асуудал огт байхгүй. Сумын ИТХ-ын дарга. Бишээ. Хэзээ эхэлснийг нь мэдэхгүй. Хараагүй. Хурал хийсэн өдөр боржин чулуу олборлож байна гэдгийг иргэдээс мэдсэн. Хурлын маргааш очих үед мэдсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,

гэрч Д.Пионерийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн ...Танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Биш хуулиараа аймгийн ИТХ шийддэг асуудал байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд аймгийн ИТХ шийддэг тодорхой заасан байдаг. Хурлын тэмдэглэл бол хүчин төгөлдөр шийдвэр биш. Аймгийн ИТХ-аас тогтоол гарах ёстой. Тийм асуудал байхгүй. Миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал олгосон асуудал байхгүй. Сумын засаг дарга Д хуралд суугаагүй. Сумын засаг дарга Дт хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөөгүй. Хууль бус асуудлыг дэмжсэн зүйл байхгүй. Хурлаар үүрэг чиглэл өгдөг ч асуудал байхгүй. Хүчин төгөлдөр тогтоол гарах ёстой. Огт үзээгүй. Ямар компани гэдгийг мэдэхгүй. Сүүлд би компанийн нэрийг нь мэдсэн. Тийм асуудал огт байхгүй. Тухайн үед сумын ИТХ-ын тэргүүлэгч байсан. Одоо больсон. Бишээ. Цээцээ Импекс ХХК-ийн зүгээс боржин чулуу хэзээ эхэлснийг нь мэдэхгүй хараагүй. Би шүүх хуралдааны үед тогтоол гаргаагүй. Бидний гаргасан хурлын тэмдэглэл хүчин төгөлдөр биш гэдгийг хэлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,

гэрч Д.Гүндэгмаагийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн ...Манай сумын Засаг дарга 3.Д сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Нацагдоржийн хөшөөний ар талд боржин чулуугаар хана босгож, Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг уг хананд монгол бичгээр сийлмээр байна. Мөн улс аймгийн аваргуудын зургийг уг хананд байршуулмаар байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдсан. Хуралдаанд дарга Энхтүвшин, тэргүүлэгч Пионер бид 2, нарийн бичгийн дарга Батхуяг оролцсон. Би уг хуралдаанд Түгээмэл ашигт малтмалыг хуулиараа аймгийн хурал шийддэг. Аймгаас шийдэх юм бол өөр тийш нь зарцуулахгүй, хяналт тавих талаар өөрийн саналыг хэлж, тэргүүлэгч Пионерын саналыг дэмжсэн талаараа хэлсэн. Хуулиараа Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх асуудал байсан тул манай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гараагүй. Сумын Засаг дарга 3.Дийн хүсэлтийг бид шийдээгүй. Би огт мэдэхгүй. Огт яригдаагүй. Эрхгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд зааснаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл аймгийн ИТХ-аас тогтоол гарна. Биш ээ. Хурлаас албан ёсны тогтоол гараагүй. Сумын Засаг дарга Дийн хүсэлтийг хурлаараа хэлэлцсэн. Тийм асуудал огт байхгүй. Би мэдэхгүй байна. Сумын Засаг дарга Дээс өөрөөс нь асуусан дээр байхаа. Бид сумын Засаг дарга Дт үүрэг чиглэл өгөөгүй. Их зохиолч Нацагдоржийн хөшөө нь сумын төвд байрладаг. Би энэ талаар мэдэхгүй. Уг компанитай холбоотой ямар ч асуудал яригдаагүй. Манай хурлын тэмдэглэл бол хүчин төгөлдөр шийдвэр биш. Аймгийн ИТХ-аас тогтоол гарах ёстой. Тогтоол нь хүчин төгөлдөр шийдвэр болно. Тийм асуудал байхгүй. Миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал олгосон асуудал байхгүй. Сумын Засаг дарга Дт хурлын тэмдэглэлээр бид үүрэг чиглэл өгөөгүй. Сум шийдэхгүй. Аймгаас шийдсэн тохиолдолд хяналтаа сайн тавьж, нөхөн сэргээлт дээр нь анхаарах хэрэгтэй шүү гэж хэлсэн. Дэмжсэн гэж ойлгож болохгүй. Тухайн үед Сумын ИТХ-ын тэргүүлэгч байсан. Одоо больсон. Бишээ. Мэдэхгүй. Хараагүй... /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,

гэрч Ё.Батхуягийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн ...Эрхгүй. Миний хувьд сумын ИХТ-ын нарийн бичгийн даргын албыг хашдаг. Нарийн бичгийн даргын хувьд хуралдаанд ямар нэгэн санал гаргадаггүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд зааснаар аймаг, нийслэлийн ИТХ шийднэ. Бишээ. Тухайн үед сумын ИТХ яаралтай хуралдаж, тэргүүлэгчид ярилцаж хурлын тэмдэглэл гарсан.  Хуралдаанаар аймгийн ИТХ шийдвэрлэнэ гэж хэлэлцэж, хурлаас албан ёсны тогтоол гараагүй. Тийм асуудал огт байхгүй. Хуралдаанд сумын Засаг дарга Д оролцоогүй. “Цээцээ Импекс” ХХК-ийг мэдсэн. Өмнө нь огт мэдээгүй. Хурлын тэмдэглэл бол хүчин төгөлдөр шийдвэр биш. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд зааснаар аймаг, нийслэлийн ИТХ шийднэ. Сумын Засаг дарга Дт хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөөгүй. Албажсан тогтоол гараагүй учраас тэгж бодохгүй байна. Үгүй огт үзээгүй. Биш. “Цээцээ Импекс” ХХК хэзээ ирсэн. Хэзээ боржин чулуу авч эхэлснийг нь мэдэхгүй. Хараагүй. Хурал болсон өдрийн маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Энхтүвшин даргаас дуулсан. Би газар дээр нь очоогүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,

гэрч Д.Дарьбазарын ...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай сумын “Хустайн ам” гэх газарт шороо бужигнаад байхаар нь сонирхоод очтол гэр барьсан машин техник тоног төхөөрөмжтэй залуус чулуу ухаж байсан. Би ямар учиртай газар ухаж байгаа талаар асуухад аймаг, сумын удирдлагууд мэдэж байгаа зөвшөөрөлтэй гэсэн. Би манай хүүгийн өвөлжөө ойролцоо байдаг. Малаа бэлчээдэг газар ухаж болохгүй гэж хэлсэн. Мөн өөрийн гар утсаараа зургийг авч, өөрийн фасебүүк хаяганд зургийг тавьсан. Тэгээд сумын засаг дарга Дт хэлэхэд учрыг нь олно гэж хэлсэн. Ийм зүйл болсон. Одоо харвал танихгүй. Компанийн нэрийг дарга нь гэх залуу хэлсэн. Одоо мартсан байна. Газар ухсан хүмүүс өмнөх өдөр нь ирсэн байх гэж бодож байна. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ухсан. Би өөрийн гар утсаар зургийн авч өөрийн фасебүүк хаягаар зургийг нь тавьсан. Миний фасебүүкнээс тодорхой харагдана. Би ерөөсөө сумын засаг дарга Дт хэлсэн. Өөр хүмүүст хэлээгүй. Сумын ИТХ-ын дарга Энхтүвшин, байгаль хамгаалагч Өлзий, сумын засаг дарга Д нар очсон. Шороо босоод бужигнаад байхаар нь сонирхоод очсон. Намайг очиход дөнгөж газраа ухаж байсан. Би юу болж байна энэ ажлаа зогсоо гэж хэлээд явсан. Сумын удирдлага уг хүмүүстэй уулзсан. Уг хүмүүс дахин газар ухаагүй. Ажил нь зогссон. Уг хүмүүс сум орон нутгийн удирдлага чинь мэдэж байгаа. Бас аймаг мэдэж байгаа. Зөвшөөрөлтэй гэсэн. Түүнээс ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй... /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч З.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 79-83, 2-р хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 304 дугаартай яллах дүгнэлт болон гэм буруугийн дүгнэлтэдээ:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-17 дугаар хуудас/, Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/, Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 21 дүгээр хуудас/, Цээцээ-Импекс ХХК-ийн Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг даргын тамгын газарт хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх-ийн 22-27 дугаар хуудас/, Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийж, дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 121-126 дугаар хуудас/, Геологийн төв лабораторийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ПГ 2022/0040 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 149 дүгээр хуудас/, “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/19 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 187-223 дугаар хуудас/, “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/57 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 35-37 дугаар хуудас/, Худалдаа хөгжлийн банканд данс эзэмшигч Э.Чинбатын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 84-102 дугаар хуудас/, Төрийн банканд данс эзэмшигч З.Дийн дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 84-102 дугаар хуудас/, Хаан банканд данс эзэмшигч З.Дийн дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 84-102 дугаар хуудас/, Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийж, дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 121-126 дугаар хуудас/ болон гэрч Ц.Энхтүвшин /1-р хх-ийн 35-37, 139, 2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/, гэрч Ё.Батхуяг /1-р хх-ийн 39-40, 2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/, гэрч Э.Чинбат /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Д.Пионер /1-р хх-ийн 141-142, 2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/, хохирогч Г.Ганбаяр /1-р хх-ийн 241-242 дугаар хуудас/, иргэний хариуцагч Э.Чинбат /1-р хх-ийн 247-248, 2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/, яллагдагч З.Д /2-р хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Д.Гүндэгмаа /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/, гэрч Д.Дарьбазар /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар гэм буруутайд тооцуулахаар яллах талын нотлох баримтаа,  

 

Шүүгдэгч З.Дийн өмгөөлөгч М.Ариунболд гэм буруугийн дүгнэлтэдээ:

...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-17 дугаар хуудас/,

   Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,

   Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 21 дүгээр хуудас/,

   Гэрч Ц.Энхтшүвшингийн мэдүүлэг /1-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,

   Гэрч Ё.Батхуягийн мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

   Гэрч Д.Пионерийн мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 дугаар хуудас/,

   Гэрч Э.Чинбатын мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,

   Иргэний хариуцагч Э.Чинбатын Баяндэлгэр сумын Засаг даргатай ямар нэгэн гэрээ байгуулсан уу? гэхэд гэрээ байгуулсан зүйл байхгүй амаар ярьж тохиролцсон суманд хийгдэж байгаа хэрэгтэй байгаа зүйлийг нь хийж өгөөд хамтран ажиллах үйлдвэр байгуулах талаар амаар ярилцсан зүйл байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247-248 дугаар хуудас/,

   Гэрч Д.Гүндэгмаагийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,

   Геологийн төв лабораторийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ПГ 2022/0040 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 149 дүгээр хуудас/,

   “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/19 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 187-223 дугаар хуудас/,

   “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/57 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,

   Ашигт малтмал газрын тосны газар 2021 оны 12 сарын 08-ны өдөр дүгнэлт хүргүүлэх тухай Төв аймгийн Засаг дарга Мөнхбаатар танаа, Төв аймгийн Баяндэлгэр суманд Цээцээ импекс компани түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл өгсөн ХА41000249 гэх дугаартай 57 гектор талбай, өөрөөр хэлбэл Цээцээ импэкс компани хайгуулын хүсэлт өгч байсан. Ашигт малтмалын газраас бүртгэж авсан гэх / 1-р хх-ийн 89тал/

Өмнөх шүүх хуралдаанд бусад нотлох баримтыг шинжлэн судлуулсан тул шинжлэн судлуулснаар тооцуулна.

Өмгөөлөгчийн зүгээс гаргаж байсан хүсэлтийг хангаж байгаагүй гэх баримтуудыг шинжлэн судлуулна. Эдгээр нотлох баримтуудаар гэмт хэргийн шинжгүй тул гэм буруугүйд тооцуулахаар цагаатгах талын нотлох баримтаа тус тус болгосон.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнх:

...Шүүгдэгч З.Д нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж хийж болохгүй үйлдэл хийж улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Цээцээ импекс ХХК компанийн захирал Чинбатад давуу байдал бий болгосны улмаас боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг Хустайн ар гэх газарт 2021 оны 10 сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоногийн олборлолт явуулж байгаль орчинд 8,588,271 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.Дийг хууль болон түүнээс олгогдоогүй хийх ёсгүй үйлдэл хийж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар З.Д нь аймгийн Засаг дарга Мөнхбаатарын Б/89 дугаартай захирамжаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. Энэ нь Төрийн албаны тухай хуульд зааснаар сумын Засаг дарга нь Улс төрийн албан тушаалтан бөгөөд Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийтийн алба тушаалтанд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъект мөн юм. Яллах дүгнэлтэд дурдагдсан Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг Хустай ар гэх газраас олборлолт явуулаад байгаа тэр зөвшөөрлийг Засаг даргаар ажиллаж байсан Засаг дарга З.Д нь албан бичгээр өгөөд байгаа энэ асуудал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэх хуулийн заалтын зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт алба тушаалын байдал гэдэгт эрх нөлөө бүхий хамаарна, урвуулан ашиглах гэдэгт албан үүрэг, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийн хийх мөн хийхгүй байх өөрөөр хуулиар олгогдоогүй зүйлсийг хийхгүй байхыг тус тус хуульчилсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт гэрч Батхуягийн Энхтүвшин даргын хурлын тэргүүлэгчдийг шуурхай хуралдуул гэх шийдвэр, Пионорын бид нарын хэрэгт авагдсан хурлын шийдвэр нь албан ёсны шийдвэр биш. Өөрөөр хэлбэл хурлаас тогтоол гардаг. Энэ асуудал манай сумын эрх хэмжээний асуудал учраас бид нар тогтоол гаргаагүй тэмдэглэл үйлдсэн. Гэрч Гүндэгмаагийн мэдүүлэг нь хурлын тэмдэглэл албан ёсны шийдвэр биш юм. Засаг дарга З.Дийн хүсэлтийн дагуу тухайн өдөр 2021 оны 10 сарын 18-ны өдөр хуралдсан. Тэр шийдвэр нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдүүлэх хуулиар олгогдсон бөгөөд энэ биш юм аа гэх талаар бүх гэрч нар мэдүүлсэн. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл байна. Геологийн төв лабораторийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 225 дугаартай шинжээчийн дүгнэлт байна. Мөн Цээцээ импексийн боржин чулуу авсан аваад байгаа нь байгаль орчинд ямар хохирол учруулсан бэ гэх шинжээчийн дүгнэлтээр 9,206,840 төгрөг болсон шинжээчийн дүгнэлтүүд, мөн эд зүйл бичиг баримт хураан авсан Төв аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч Саруулмөнхийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх тул Шүүгдэгч З.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан 9,206,840 төгрөгийг иргэний хариуцагч Чинбат 2022 оны 07 сарын 01-ний өдөр бүрэн төлсөн, хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байна. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 24 ширхэг боржин чулуу битүүмжилсэн байгааг дурдаж дүгнэлтээ гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Иргэний хариуцагч Э.Чинбат:

...Гэм буруу дээр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд:

...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг миний үйлчлүүлэгч З.Д үйлдсэн гэж буруутгаж байна. Хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зоригоор өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж бусдад давуу байдал үүсгэж боржин чулуу олборлох зөвшөөрөл олгосон гэж үзэж байна. Гэтэл тухайн зөвшөөрөл олгосон гэх эрх зүйн акт, эрх зүйн баримт бичиг ямар нэгэн байдлаар гадагшаа чиглэсэн Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох хайх зөвшөөрөл олгодог энэ эрх хэмжээг хэрэгжүүлсэн зүйл байхгүй байна. Тийм учраас гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Тухайн албан тоотыг хандаж гаргасан толгой нь шалган нэвтрүүлэх товчоонд хандсан. Шалган нэвтрүүлэх товчоо гэдэг нь авто замын сүлжээнд байгаа шалгах нэвтрүүлэх товчоонд хандаж боржин чулуу олгох зөвшөөрөл гэж байгаа. Олгох олборлох хоёр нь Монгол улсын хэл зүй болон хууль зүйн шинжлэх ухааны хувьд хоёр ялгаатай зүйл. Олгох гэдэг нь нэгэнт байгаа чулууг олгож байна гэсэн үг. Гэтэл энэ албан тоот 2021 оны 10 сарын 10-ны өдөр гарсан байдаг. Цээцээ импекс компанийн зүгээс мэдүүлэгт, мөн шүүх хуралдааны мэдүүлэг, улсын яллагчийн яллах дүгнэлтэд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс нүүж очсон. Өөрөөр хэлбэл өмнөх өдөр нь очсон гэж яллах дүгнэлтэд тусгадаг. Гэмт хэрэг үйлдэж олборлох үйл явцыг 8 хоног үргэлжлүүлсэн гэдэг. Цээцээ импекс компанийн зүгээс тал өдөр ажилласан гэдэг. энэ албан тоот өгч байгаа бичиг, энэнээс өмнө очиж байгаа энэ хоёр цаг хугацааны хувьд зөрүүтэй байна.

Хоёрдугаарт, яллах дүгнэлтэд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж байгаа. Хавтаст хэрэгт хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх талаар ямар нэгэн баримт, мэдээлэл, мэдүүлэг, мөн хувьдаа ямар нэгэн мөнгө төгрөг авсан, хувьдаа ямар нэгэн эд хөрөнгө хүлээж авсан эсхүл хувьдаа боржин чулуу буулгаж ашигласан гэх ямар ч баримт байхгүй. Хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх сэдэл, үйл фактыг тогтоогоогүй байж улсын яллагчийн зүгээс хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж байгаа нь тухайн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Цээцээ импекс гэх компанид давуу байдал үүсгэх гэх байдал бий болгосон гэж байна. Яг ямар давуу байдал бий болгосон бэ? Ямар ч давуу байдал бий болгоогүй. Цээцээ импекс гэх компанийг чулуу олборло гэх зөвшөөрөл ерөөсөө өгөөгүй. Харин чулуу олгоё гэсэн. Тухайн чулууг олгож чулуугаар Д.Нацагдоржийн хөшөөг янзлах. Төрийн өөрийнх нь чиг үүрэг иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчинд амьдрах чиг үүргээ хэрэгжүүлэх зорилготойгоор боржин чулууг олгож, чулуугаар ямар нэгэн байдлаар хөшөөг хийе гэсэн. Тэр чулууг хаанаас яаж, хэрхэн авч олборлох, авах тухай зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Цээцээ импекс компани хайгуулын лиценз эзэмшдэг энэ чиглэлээр олон үйл ажиллагаа явуулдаг. Мөн ашигт малтмалын газар болон Аймгийн Засаг даргатай холбогдуулж зөвшөөрөл авах тухай хүсэлтүүдээ өгсөн. Тэрнийх нь дагуу хариунууд, дүгнэлт нь гарсан байна. Гэтэл ямар нэгэн байдлаар хайгуулын зөвшөөрөл ашиглалтын зөвшөөрөл авахаас өмнө тухайн талбай дээр очиж үйл ажиллагаа явуулж байгаа нь тухайн компанийн өөрсдийн гаргасан шийдвэр гэж миний зүгээс үзэж байна. Албан тоотын тухайд З.Д нь өөрөө дур мэдэн дангаараа ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тухайн үед мөрдөгдөж байсан нэгжийн удирдлагын тухай хуулийн дагуу тэргүүлэгчид нь орон тооны албан ёсны хурлын чиг үүрэг хэрэгжүүлэх эрхгүй байгууллага. Хурлын тэргүүлэгчдээс өгсөн чиглэлийг Засаг дарга биелүүлэх үүрэгтэй. Хурлын шийдвэр гарч Засаг дарга нь шийдвэрийг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлсэн болохоос биш хувьдаа ямар нэгэн ашиг хонжоо олох зорилгоор санаатайгаар бусдад давуу байдал бий болгож энэ албан тоотыг өгсөн зүйл байхгүй. Албан тоот өгсөн цаг хугацаа, Цээцээ импекс компани тухайн талбай дээр ирсэн цаг хугацаа хоёрын зөрүүгээр энэ харагддаг. Ямар нэгэн байдлаар албан тоотоо эхэлж авчхаад дараа нь Улаанбаатар хотоос очоогүй. Цаг хугацааны хувьд сэдэл, санаа зорилгын хувьд зөрүүтэй байна. Тийм учраас миний үйлчлүүлэгч З.Д нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Тийм учраас улсын яллагчаас оногдуулж байгаа яллах дүгнэлт буруутгаж байгаа гэмт хэрэгт холбогдолгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч З.Д:

...Миний гаргасан үйлдэл сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдээс гаргасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орж тухайн жилийн хийсэн ажлын тайлангаа тавьж цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх үүргийг олгож явдаг. Тийм учраас би тэргүүлэгч байна уу, сумын хуралдаанд ч байна уу төлөөлөгчийн хувиар хүсэлт гаргадаг. Энэхүү хүсэлтийг гаргаж чулуу олборлуулж сум орон нутгийнхаа бүтээн байгуулалт тэр тусам Монгол улсын Дэлхийд алдартай Дашдоржийн Нацагдоржийн зохиолчийн хөшөө дурсгалыг бататгаж миний нутаг зууны манлай шүлгийг гаргаж ирж тавих эсэх асуудлыг ярилцаж би дан ганцаараа шийдвэр гаргаагүй.Би хамтын шийдвэрт үндэслэж албан тоотыг гаргаж өгсний хувьд гэм буруутай гээд яллагдаж байгаа нь харамсалтай байна. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх шатанд ажиллаж байгаа ямар ч албан хаагч улс төрийнх ч бай, төрийн жинхэнэ ч бай төрийн үйлчилгээ ч бай процедурын алдаа гаргахыг байя гэхгүй. Хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж энэхүү ажлыг хийсэн гэж улсын яллагч хэлж байна. Хувийн сонирхол гэхээр өөр асуудал байх гэж бодож байна. Нийтийн эрх ашгийн төлөө энэхүү ажлыг хийснээр ингээд яллагдаж байгаа нь харамсалтай гэж үзэж байна. Монгол улсын залуу боловсон хүчний бодлого гадагш урссан. Төрийн албанд зоригтой орж ирж ажиллаж байгаа залуучуудаа энэ мэтчилэн яллаад байх юм бол төрийн албанд цаашид хэн ажиллах вэ? төрийн албаны залгамж халаа, үнэт зүйлс нь хаана үлдэх вэ гэх асуудлыг үнэн зөвөөр шүүж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

  Шүүх 2 хавтас эрүүгийн хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлгүүд, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийн эх сурвалжийг магадлах аргаар шалгаад дараах дүгнэлтэд хүрлээ.

 

Шүүгдэгч З.Дийн хувьд улсын яллагчийн яллаж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчсөн, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цээцээ Импекс” ХХК-ий захирал Э.Чинбатад давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хустайн ар” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулж, байгаль орчинд 8.588.272 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтаас гадна   

 

шүүгдэгч З.Д нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны “Д.Нацагдоржийн талбайн тохижилтонд ашиглах Боржин чулууг сумын удирдлагын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж, ашиглах чулууны хэмжээг нарийн тодорхойлон төрийн албан хаагчид, нутгийн иргэдийн хяналтан дор авч ашиглах чиглэл өгөхөөр тогтов” гэсэн тэмдэглэлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдэж, шалган нэвтрүүлэх товчоонд хүргүүлсэн гэх зөрүүтэй өөр үйл баримтууд тогтоогдсон нь энэ хэргийн тухайд үйл баримтын эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Дийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэг Авлигын гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэхүү бүлэгт хамааруулсан гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй ба нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд төгссөн гэмт хэрэг гэж үзэхээр заасан.  

 

Үүнтэй холбоотойгоор улсын яллагч шүүгдэгч З.Дийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлийг гарахаас өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хариуцагч “Цээцээ Импекс” ХХК-ий захирал Э.Чинбаттай утсаар холбогдож “Хустай ар” гэх газраас Боржин чулуу олборлох талаар амаар зөвшөөрөл олгосон, улмаар 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 8 хоног Боржин чулуу олборлож хохирол, хор уршиг учруулсан нь гэмт хэрэг юм гэж яллаж, мэтгэлцдэг.

 

Тодруулбал шүүгдэгч З.Дийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлийг гарахаас өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хариуцагч “Цээцээ Импекс” ХХК-ий захирал Э.Чинбаттай утсаар холбогдож “Хустай ар” гэх газраас Боржин чулуу олборлох талаар амаар зөвшөөрөл олгож улмаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдсэн гэж иргэний хариуцагч Э.Чинбат, гэрч Ц.Энхтүвшин, Ё.Батхуяг, Д.Пионер, Д.Гүндэгмаа  нарын мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичиг зэргийг нотолгооны эх сурвалжаа болгоод байгаа боловч тухайн гэрч, иргэний хариуцагч Э.Чинбатын мэдүүлгийн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан ба мэдүүлэг өгөгч гэрч, иргэний хариуцагч Э.Чинбатын мэдүүлгийн эх сурвалжийг хавтаст хэргийн материал дотор авагдсан шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын утасны ярианы жагсаалтуудаар З.Д, Э.Чинбат нарыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хоорондоо холбогдсон болохыг давхар нотлогдоно гэж байгаа хэдий ч уг утасны ярианы жагсаалтууд тухайн цаг хугацаанд шүүгдэгч болон иргэний хариуцагч нар хоорондоо холбогдсоныг зааж чадаагүй,

мөн Ц.Энхтүвшин, Д.Пионер, Д.Гүндэгмаа, нарийн бичгийн дарга Ё.Батхуяг нарын мэдүүлэг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны “чиглэл өгөх тухай” тэмдэглэлийнхээ агуулгатай зөрүүтэй,

түүнээс гадна давуу байдал үүссэн гэх “Цээцээ Импекс” ХХК-ий захирал Э.Чинбатыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 8 хоног Боржин чулуу олборлож хохирол, хор уршиг учруулсан нь гэж яллаад байгаа боловч “Цээцээ Импекс” ХХК-ий захирал Э.Чинбатыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 8 хоног Боржин чулуу олборлосон гэх үйл баримтыг гэрч Д.Дарьбазарын мэдүүлэг, түүний гар утсанд хийсэн тэмдэглэл зэрэг нь үгүйсгэсэн.

 

Харин гэрч Д.Дарьбазарын мэдүүлэг, түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 45 минутад эхэлж, 10 цаг 10 минутад дууссан хуралдааны “чиглэл өгөх тухай” тэмдэглэлийг, түүнийг үндэслэн гаргасан Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийн зэргийн эх сурвалжийг зааж байгаа бөгөөд ялангуяа шүүгдэгч З.Дийн Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны “Д.Нацагдоржийн талбайн тохижилтонд ашиглах Боржин чулууг сумын удирдлагын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж, ашиглах чулууны хэмжээг нарийн тодорхойлон төрийн албан хаагчид, нутгийн иргэдийн хяналтан дор авч ашиглах чиглэл өгөхөөр тогтов” гэсэн тэмдэглэлийг үндэслэн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдэж, шалган нэвтрүүлэх товчоонд хүргүүлсэн гэх үйл баримтыг эрүүгийн 2134004290302 дугаартай 2 хавтаст хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтуудаар хэрхэн яаж няцааж байгаа талаар эх сурвалжаа зааж нотолж чадаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.” гэж,

мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж хуулиар түүний эрх, үүргийг тодорхойлж өгсөн.

 

Гэтэл прокурор нь дээрх эрх, үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд яллах чиг үүргийг хэрэгжүүлж оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.” гэж заасныг дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэснээр шүүгдэгч З.Дийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цээцээ Импекс” ХХК-ий захирал Э.Чинбатад давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хустайн ар” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулж, байгаль орчинд 8.588.272 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” буюу хэргийн бодит байдлыг тогтоох замаар гэмт хэргийн шинжийн объектив талын гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг хугацаа, хэн үйлдсэн, сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг заавал тогтоосон байх ёстой.  

 

Ингэж тогтоохдоо улсын яллагч Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 дугаар албан бичиг, гэрч, иргэний хариуцагч Э.Чинбат, гэрч Ц.Энхтүвшин, Д.Пионер, Д.Гүндэгмаа, нарийн бичгийн дарга Ё.Батхуяг, гэрч Д.Дарьбазар нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн 24 ширхэг Боржин чулуу зэрэг нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар харьцуулж, үүссэн гэх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны “чиглэл өгөхөөр тогтов” гэсэн тэмдэглэлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдэж, шалган нэвтрүүлэх товчоонд хүргүүлсэн гэх үйл баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

 

Улмаар шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

 

Шүүх энэ үүргийнхээ хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжлэх учиртай.

 

Эцэст нь дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан шүүгдэгч З.Дийнь хувьд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны “Д.Нацагдоржийн талбайн тохижилтонд ашиглах Боржин чулууг сумын удирдлагын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж, ашиглах чулууны хэмжээг нарийн тодорхойлон төрийн албан хаагчид, нутгийн иргэдийн хяналтан дор авч ашиглах чиглэл өгөхөөр тогтов” гэсэн тэмдэглэлийг үндэслэн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот “тус сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Хустайн ар” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 18-наас 2021 оны 11 дүгээр сарын 05-нийг хүртэл Боржин чулуу олгох зөвшөөрөл олгосон тухай” албан бичгийг үйлдэж, шалган нэвтрүүлэх товчоонд хүргүүлсэн гэх өөр нөхцөл байдал бий болсон эргэлзээтэй үйл баримт тогтоогдлоо.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч З.Дт холбогдох эрүүгийн 2134004290302 дугаартай хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Дийн гэм буруутай үйл баримтыг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох уг үүссэн эргэлзээтэй гэх үйл баримтыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдээгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх агуулга Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон.

 

Хохирол, хор уршиг

Шүүх шүүгдэгч З.Дт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасны дагуу иргэний хариуцагчаар татагдсан “Цээцээ Импекс” ХХК нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хор уршиг гэм буруугүйгээр учруулсан тул байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой 8.588.272 /найман сая таван зуун наян найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг төлөх үүрэгтэй ба энэ үүргийнхээ хүрээнд байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийг 8.588.272 /найман сая таван зуун наян найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг 9.206.840 /есөн сая хоёр зуун зургаан мянга найман зуун дөч/ төгрөг болгон нэмэгдүүлж төлснийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2134004290302 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.036.000 /гурван сая гучин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг Боржин чулууг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “Цээцээ Импекс” ХХК-ий хашаанд байгаа 24 ширхэг Боржин чулууг хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулсан иргэний хариуцагч Э.Чинбатаас гаргуулан Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэхийг,

мөн хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, цагаатгагдсан этгээд А З.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2., 36.1, 36.2,

36.9., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А З.Дт холбогдох эрүүгийн 2134004290302 дугаартай хэргийг “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэж буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Цагаатгагдсан этгээд А З.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

3. Иргэний нэхэмжлэгчийн байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой 8.588.272 /найман сая таван зуун наян найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг иргэний хариуцагч Э.Чинбат төлсөн болохыг дурдсугай.  

 

4. Эрүүгийн 2134004290302 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 ширхэг Боржин чулууг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “Цээцээ Импекс” ХХК-ий хашаанд байгаа 3.036.000 /гурван сая гучин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг Боржин чулууг хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулсан иргэний хариуцагч Э.Чинбатаас гаргуулан Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн 2134004290302 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, цагаатгагдсан этгээд А З.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН