Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00426

 

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00898 дугаар шийдвэр,   

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар магадлалтай,

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М.Доржнамжирмаад холбогдох,

Зээлийн төлбөр 1,550,249.06 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгө болон дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч М.Доржнамжирмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,550,249.06 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгө болон дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...2017 онд гэрээ байгуулж кредит карт авсан ба уг зээлээ 2018 онд төлж барагдуулан, зээлийн гэрээг дуусгавар болгосон” гэсэн тайлбар гарган маргасан байна.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00898 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2., 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Доржнамжирмаагаас 1,438,173 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112,075.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,754 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Доржнамжирмаагаас 37,961 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.        

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00898 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2., 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Доржнамжирмаагаас 1,438,173 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112,075.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2., 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч М.Доржнамжирмаагаас 1,200,999 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 349,250 төгрөг, хариуцагч сайн дураараа шийдвэрийг биелүүлээгүй бол эд хөрөнгө болон дансны орлогоос албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,754 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Доржнамжирмаагаас 33,374 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.07-ны өдрийн 142/ШШ2020/00898 дугаар шийдвэртэй, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 105 дугаартай магадлалтай “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Доржнамжирмаад холбогдох “Зээлийн төлбөр 1,550,249.06 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелуүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгө болон дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэхүү иргэний хэргийг хянасан Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 105 дугаартай магадлалыг хэрэглэвэл зохих ёсгүй хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан Кредит карт эзэмших гэрээ нь Иргэний хуулийн 445-448 дугаар зүйл, мөн хуулийн 451-453 дугаар зүйлүүдийг тус тус баримтлан байгуулагдсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлан талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд хамааруулан хууль зүйн дүгнэлт гарган хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол зохицуулалт нь Иргэний хуулийн 445-448 дугаар зүйл бөгөөд хариуцагч нь дээрх хуулийн зохицуулалтаар карт эзэмшиж, ашиглаж харин Худалдаа хөгжлийн банк нь 445 дугаар зүйлийн 445.1-д зааснаар хариуцагчийн өмнөөс төлбөр тооцоо хийх үүргийг хүлээсэн Иргэний хуульд тусгайлан заасан харилцаа байсан атал давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянасан атлаа хуульд заасан дээрх зохицуулалтанд дүгнэлт гаргалгүй орхигдуулж талуудын хооронд үүссэн эрх, үүргийг дан ганц 451-453 дугаар зүйлд зааснаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүйгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд болоогүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхин, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч М.Доржнамжирмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,550,249.06 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгө болон дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...2017 онд гэрээ байгуулж кредит карт авсан ба уг зээлээ 2018 онд төлж барагдуулан, зээлийн гэрээг дуусгавар болгосон” гэсэн тайлбар гарган маргасан байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагчаас 1,438,173 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112,075.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагчаас 1,200,999 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 349,250 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч сайн дураар шийдвэрийг биелүүлээгүй бол эд хөрөнгө болон дансны орлогоос албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ. 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол зохицуулалт нь Иргэний хуулийн 445-448 дугаар зүйл бөгөөд хариуцагч нь хуулийн энэ зохицуулалтаар карт эзэмшиж, ашиглаж, харин Худалдаа хөгжлийн банк нь мөн хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д зааснаар хариуцагчийн өмнөөс төлбөр тооцоо хийх үүргийг хүлээсэн, Иргэний хуульд тусгайлан заасан харилцаа байсан атал давж заалдах шатны шүүх ...дээрх зохицуулалтад дүгнэлт хийлгүй, талуудын хооронд үүссэн эрх, үүргийг дан ганц 451-453 дугаар зүйлд зааснаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасанд нийцсэн байна.

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр тус тус заасан.

11. Хариуцагч М.Доржнамжирмаа нь 2017.11.27-ны өдөр нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай “Кредит карт эзэмших гэрээ” байгуулж, 1,000,000 төгрөгийн зээлийн эрхийг 24 сарын хугацаатай, бэлэн мөнгө шилжүүлгийн гүйлгээнд сарын 3.0 хувийн, худалдан авалтын гүйлгээнд сарын 2.0 хувийн хүүтэй зээлж авсан байх ба гэрээний хугацаанд зээл, зээлийн хүүд нийтдээ 231,688.45 төгрөгийг төлсөн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй,  гэрээний хугацаа 2019.11.27-ны өдөр дууссан байна. 

12. Давж заалдах шатны шүүхийн ...анхан шатны шүүх хариуцагч М.Доржнамжирмаагаас зээлийн төлбөрт 1,438,173 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ ...хугацааг 541 хоногоор тооцсон нь үндэслэл муутай болсон гэж дүгнэн, хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 879,852,89 төгрөг, зээлийн хүүд 321,146 төгрөг, нийт 1,200,999 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна. Учир нь, нэхэмжлэгч нь зээлийн хугацаа хэтрэлтийн шимтгэлийг 2019.11.30-ны өдөр хүртэл тооцсон, иймд шүүх зээлийн хүүгийн хугацааг 2018.11.27-ны өдрөөс 2019.11.27-ны өдөр хүртэл буюу 365 хоногоор тооцсон нь үндэслэлтэй болжээ.

13. Харин шүүхүүд хариуцагчийг эрэн сурвалжлах, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдох зардал нэхэмжилсэн шаардлагад хуулийг оновчтой хэрэглээгүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00898 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг “1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч М.Доржнамжирмаагаас 1,200,999 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 349,250 төгрөг гаргуулах, хариуцагч сайн дураараа шийдвэрийг биелүүлээгүй бол эд хөрөнгө болон дансны орлогоос албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,754 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Доржнамжирмаагаас 33,374 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.18-ны өдөр төлсөн 17,400 төгрөг, 2020.09.23-ны өдөр төлсөн 22,360 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                                   ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                          Б.МӨНХТУЯА

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Д.ЦОЛМОН