Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 332

 

О.Эад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргйн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор О.Эад холбогдох эрүүгийн 1902008430352 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

................., 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Global English education” төвд англи хэлний багш ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 102 дугаар байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /РД:.............../;

О.Э нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 14 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 102 дугаар байрны 5 давхарт байрлах өөрийн эзэмшлийн агуулахад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .................ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгаласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Эыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Эад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Э нь “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв”-д 2019 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ны хооронд “F-21 Шизофренийн хэв шинжийн эмгэг” оношоор хэвтэн эмчлүүлсэн 7344 дугаартай өвчний түүх нотлох баримтаар авагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хасаж, үлдсэн ялыг эдлүүлнэ” гэж заасан байх тул О.Эад оногдуулсан 1 жилийн хорих ялаас 1 сар буюу 30 хоногийг хасаж 11 сар хорих ял болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн буруу зүйлээ засаж залруулахын тулд зөв зүйл хиймээр байна. Иймд хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “О.Эын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг маш их. О.Эад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгыг хангаж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан гэж давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйл нь шүүхийн шийдвэрээр авагддаг албадлагын арга хэмжээ. Хавтас хэрэгт авагдсан баримтуудад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан баримт байхгүй. Зөвхөн 2019 оны 10 дугаар сарын 25-наас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд шизофрен хэв шинж, эмгэг гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн баримт байгаа. Үүнийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

О.Э нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 14 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 102 дугаар байрны 5 давхарт байрлах өөрийн эзэмшлийн агуулахад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь:

шүүгдэгч О.Эын яллагдагчаар өгсөн “...өөрт учирсан нойргүйдэл болон сониуч зангаасаа болоод тэр танихгүй хүний санал болгосон ургамлыг авсан юм. Надад уг өвсийг өгсөн хүнийг огт танихгүй. ...” /хх 41-42/ гэх мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн “...О.Эын заасан хэсгийг шалгаж үзлэг хийхэд 5 давхарт лифтний дэргэд байрлах жижиг агуулах мэт өрөөг нээж үзэхэд элдэв зүйл хураасан жижиг өрөө байх ба О.Э өрөөн дотроос шилэн савтай өвс мэт зүйл, доод хэсэгтээ шарласан шингэнтэй хуванцар сав, төмөр таваг мэт зүйл, цаасан гадартай дугуй хэлбэртэй шүүлтүүр, саарал өнгийн бохирын шланк зэрэг зүйлсийг сайн дураараа гаргаж өгснийг хураан авав. ...” /хх 4-5/ гэх тэмдэглэл,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5808 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 1 гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэсэн хаягтай дээрээ шүүлтүүртэй төмөр таваг мэт зүйлтэй дотроо гуурстай хуванцар сав, 3 гэсэн хаягтай саарал өнгийн шланк зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байсан. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. 1 гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 629 грамм, цэвэр жин нь 14 грамм байна. ...” /хх 25-26/ гэх дүгнэлт,

гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 11-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч О.Эыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч О.Эын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс О.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Г.Энхтүвшин “...О.Э нь “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв”-д 2019 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ны хооронд “F-21 Шизофренийн хэв шинжийн эмгэг” оношоор хэвтэн эмчлүүлсэн 7344 дугаартай өвчний түүх нотлох баримтаар авагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хасаж, үлдсэн ялыг эдлүүлнэ” гэж заасан байх тул О.Эад оногдуулсан 1 жилийн хорих ялаас 1 сар буюу 30 хоногийг хасаж 11 сар хорих ял болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1337 дугаартай “...О.Э нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-нд “Ds:F21 Шизофренийн хэв шинжит эмгэг” оношоор хэвтэн эмчлүүлсэн тухай 7344 дугаартай өвчний түүх байна. Одоо О.Э нь “Шизофренийн хэв шинжит эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. ...Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. О.Эад мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. ...” /хх 28-34/ гэх дүгнэлт байх бөгөөд шүүгдэгч О.Э нь дээрх дүгнэлт гарахаас өмнө өөрийн сайн дураар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх ба О.Эад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр гараагүй тул түүний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хоногийг түүний эдлэх ялаас хасах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан зохицуулалтад нийцжээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

 

 

 ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

 

                                     ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ