Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0675/З |
Дугаар | 128/ШШ2019/0243 |
Огноо | 2019-04-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2019/0243
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ж ХХК /РД:*******/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах
Ж ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1043 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хороо, Х орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч үйл ажиллагаа эхлүүлсэн. Тухайн үед төсөл хэрэгжүүлж эхлэхэд төсөл хэрэгжүүлэх газар буюу Сонгинохайрхан дүүргийн тухайн бүс нутгийг Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын шинэ төв болгон хөгжүүлэхээр төлөвлөн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байсан. Манай компанийн зүгээс хотын шинэ төв болохтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөг боловсруулан зураг төслийг хийлгэсэн. Гэвч Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын шинэ төв байгуулах шийдвэрээ өөрчлөн төсөл хэрэгжүүлэх зогсоосон юм.
Ж ХХК-ийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх байршилд газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотын шинэ төв баригдахаа больсонтой холбогдуулан зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөг өөрчлөн батлуулах Нийслэлийн харьяа байгууллагуудад удаа дараа хандаж ирсэн боловч өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй байна.
Нийслэлийн удирдлагын зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, удаа дараа гаргасан шийдвэрээ өөрчилж ирсэн байдал нь манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөж ирсэн.
Манай компани төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш зураг төсөл боловсруулах, холбогдох зөвшөөрөл баримт бичгийн бүрдэл хангах, газар чөлөөлөх, газар чөлөөлсөн айлуудын байр хөлслөх зардал, ажиллах хүчний зардал зэрэг төсөлд зориулан маш их хэмжээний зардал гаргаад байна.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр А/650 дугаар захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Уг захирамж нь бодит байдалд нийцээгүй, Ж ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр А/650 дугаар захирамжийг хүчингүй болгож манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг сэргээж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: 2013 онд Ж ХХК нь Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Холбогдох дүрэм журамд зааснаар нийслэлээс батламж авч айл өрхүүдтэй хэлцэл хийж зөвшилцөлд хүрэх ёстой байсан. Үүний дагуу 500 орчим айл өрхтэй зөвшилцөлд хүрч энэ нь айл өрхүүдийн 80 хувийг хангаж, журамд зааснаар төсөл хэрэгжүүлэх эрх нээгдсэн. Улмаар айл өрхүүдтэй газар чөлөөлөх гэрээ байгуулах ажиллагаа хийгдсэн. Хавтаст хэрэгт гэрээ байгуулж, газар чөлөөлсөн айлуудын гэрээг өгсөн. Уг гэрээнүүдийг 2014 оноос 2016 оны хооронд байгуулсан. 23 айл газраа чөлөөлсөн. Орон сууц ашиглалтад орохоор гэрээ байгуулсан 500 өрх үе шаттайгаар газар чөлөөлөх ёстой. Өрхүүдтэй тохиролцоонд хүрнэ гэдэг төвөгтэй байсан. Хүн нэг бүртэй уулзаж гэрээний нөхцлийг танилцуулна. Мөн Нийслэлээс хоёр тал болон гурван талт гэрээний нөхцлийг танилцуулж санал авах зэрэг ажил хийгдэж 2014 онд гэрээ байгуулагдсан. Гэрээнд өөрчлөлт орж дахин байгуулагдаж явсаар байгаад 2017 он болсон. Энэ хугацаанд Архитектур төлөвлөлтийн даалгавар 2014 оны 11 дүгээр сард гарсан. Барилгын тухай хуульд холбогдох норм дүрмээр бол Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсны дараа барилгын ажлын техникийн нөхцлүүд, зураг батлуулах, зургийн магадлал дүгнэлт хийлгэх зэрэг холбогдох зөвшөөрлүүд гарах дараалалтай байдаг. Энэ бүхэн батлагдсаны дараа барилгын ажил гүйцэтгэх гэрчилгээ олгодог. Гэтэл техникийн нөхцөл авахын тулд дулаан, цахилгаан, ус хангамж зэрэг асуудлууд байгаа. Тухайн бүсэд дэд бүтцийн төвүүд 2015 онд баригдаж эхлээд 2016 онд ашиглалтад орсон. Нийслэлээс 2015 онд ашиглалтад орсон гэж санхүүгийн хүснэгттэй тооцооллын баримт өгсөн боловч яг дэд төвүүд хэзээ улсын комисст хүлээлгэж өгсөн, эсхүл ашиглах нөхцөл бололцоо нь хэзээ бүрдсэн нь тодорхойгүй. Дэд төвүүд ашиглалтад орсны дараа барилга орон сууц дээр техникийн нөхцөл гарах ёстой. 2014 оны 11 дүгээр сард Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч 2016 онд дэд төвүүд ашиглалтад орсон. 2016 онд Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль болсон. Анх 2013 онд төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад орж байхад Улаанбаатар хотын шинэ төвийн шав тавих ёслолын ажиллагаа болж зураг төсөл нь гарч Нийслэлийн удирдлагын байр бүхэлдээ Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдана. Тиймээс орчин нөхцөлд тохирсон барилга байгууламж барих ёстой гэсэн асуудал талуудын хооронд яригдсан. Энэ хүрээнд Ж ХХК Сингапурын компаниар зураг төслийн ажлыг хийлгэж М ХХК-иар судалгаа хийлгэсэн.
Хавтаст хэрэгт Ө ХХК-ийн хийсэн 2014 оны зураг байгаа. Сингапурын компанид захиалга өгч хийсэн гэрээ англи хэл дээр байсан тул хэрэгт өгөөгүй. Сингапурын компани хийсэн зураг төслийг орчин үеийн шийдэлд нийцүүлж дараа нь Ө ХХК-тай хоёр удаа гэрээ байгуулж зураг төсөл хийсэн. Ө ХХК-ийн хийсэн зураг төсөл нь жижиг хэмжээтэй. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгуулахын тулд М ХХК-ийн судалгаан дээр үндэслэж орчин үеийн өнгө төрхтэй, нийслэлийн шинэ төвтэй уялдуулж барилгын зураг төслийг гаргасан. Үүнтэй зэрэгцээд Ө ХХК нь орон сууцны барилгыг өөрчлөх, шинэчлэх, Архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд дахин янзлах хэрэгтэй зураг төслийг хийсэн. 2016 онд бидэнд байсан итгэл үнэмшлээр Улаанбаатар хотын шинэ төвтэй уялдуулж иргэдийн амьжиргааны түвшин, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаа, нийт барилгажих талбайн хэмжээ боломжит нөхцлүүд зэрэг бүх зүйлийн судалгааг М ХХК хийж тайлангаа ирүүлсэн. Хүн ам, үйлдвэржилт, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний зэрэг иж бүрэн дахин төлөвлөлттэй холбоотой судалгаа хийж өгсөн. Үүн дээр үндэслээд шинэ төвтэй уялдуулж орон сууцны хороолол бусад үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой барилга байгууламж баригдах асуудал байсан.
Гэтэл 2016 оны сонгуулиар эрх барих нам, нийслэлийн удирдлагууд солигдсон. Ингээд Улаанбаатар хотын шинэ төвийг Х дүүрэгт байгуулахаар болж шав тавьж барилгын ажил явагдаад 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэж нийтэд зарласан. Тэгэхээр бидний судалгаа хийж зураг төсөл хийлгэсэн бүх төсөөлөл, төлөвлөгөө 2016 онд байхгүй болсон. Бид дахин орчин нөхцөлтэй уялдуулж шинэ ерөнхий төлөвлөгөөг Нийслэлд өгч хоёр дахь Архитектур төлөвлөлтийн даалгавар 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гарсан. Гэхдээ 2017 оны 5 дугаар сард Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 3 байршлын 53.6 га газрыг 5 байршилд хувааж зураг төсөл хийгдэж байсан нийт талбарын дугаараар нь чөлөөлөгдсөн айлуудын байршил тухайн бодит нөхцөл байдал дээр юу болж байгааг харгалзаж үзэлгүйгээр 5 хэсэгт хуваах захирамж гаргаж өөрчилсөн. 2017 онд Ж ХХК Төрийн орон сууцны корпорацтай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр зээл авсан. Үүнтэй холбоотойгоор 2017 онд барилгын суурийн ажил хийгдэж байсан. Төрийн орон сууцны корпорацитай гэрээ хийж зээл авсан байсан. 2017 оны 5 дугаар сард захирамж гарсны дараа нийслэлийн удирдлагууд болон ТОСК-той холбоотой хүсэлт саналыг ТОСК-оор дамжуулах болон өөрсдөө Нийслэлийн удирдлагуудад хүргэсэн. Нийслэлийн Засаг дарга 2017 оны 5 дугаар сард гаргасан захирамжаа хүчингүй болгосон. Үүний дараа 2 дахь Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан. Хоёр дахь Архитектур төлөвлөлтийн даалгавартай уялдуулан барилгын бүх бэлтгэл ажлыг дахин хийх хэрэгцээ шаардлага үүссэн. Ингээд бэлтгэл ажил гэх зэрэг бүх зүйлийг хийж байтал өвөл болсон тул барилга угсралтын ажил хийгдэх боломжгүй болсон. 2018 онд Ж ХХК ажлаа эхлүүлэх гээд 2018 оны эхний 6 сард гаргасан 24 000 000 төгрөгийн зардлын баримтыг шүүхэд өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 3 дахь Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан. Гэтэл Барилгын тухай хуульд зааснаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж зураг төсөл, техникийн нөхцөл, барилгын зураг төслийн магадлал хийлгэх, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах ажил явдаг. Архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлөгдөөд байсан тул Ж ХХК барилгын ажлаа эхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ж ХХК газар чөлөөлсөн айлуудын түрээсийн болон нүүлгэлтийн зардалтай холбоотой 500 гаруй сая төгрөгийн санхүүгийн баримтыг хэрэгт өгсөн. Иргэн бүрийн данс руу тодорхой дүнгээр мөнгө шилжүүлж байсан. Ж ХХК нь энэ төсөл дээр 2013 онд 36 600 000 төгрөг, 2014 онд 319 200 000 төгрөг, 2015 онд 3.7 тэр бум төгрөг, 2016 онд 828 600 000 төгрөг, 2017 онд 866 300 000 төгрөг, 2018 онд 24 400 000 төгрөг нийт 5.7 тэр бум төгрөгийн зардал гарсан. Улаанбаатар хотын шинэ төвтэй холбоотой Нийслэлээс гаргаж өгч байгаа Архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь өөрчлөгдсөн. Үүнийг Нийслэл манай хүсэлтээр хийсэн гэж тайлбарлаж байгаа. Манайхаас шинэ төвтэй холбоотой хүсэлт гаргаж байсан гэхээр бидний ярьж байгаа үйл баримтууд тогтоогдоно. Нөгөө талаас гурван талт гэрээгээр нийслэлийн Засаг дарга болон түүний оролцогч нар нь төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн. Энэ эрх үүргээ хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/650 дугаар захирамж гарсан. Захиргааны ерөнхий хуульд заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Мөн хамгийн гол маргаан бүхий хэлэлцэх асуудал нь захирамжийн хууль зүйн үндэслэл. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг үндэслэл болгож Ж ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Уг журам хэрэгт нотлох баримтаар авагдсан. Журмын 5 дугаар зүйлийн 5.2-д Төсөл хэрэгжүүлэгч нь Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална гэж заасан. Архитектур төлөвлөлтийн даалгавар 3 удаа өөрчлөгдсөн. Газар чөлөөлөх ажил 2016 он хүртэл үргэлжилсэн. Нийслэлийн өөрийнх нь үүрэг болсон дэд станцууд 2016 онд ашиглалтад орсон. Улмаар сонгууль болж сонгуультай холбоотойгоор гарсан шийдвэр тушаалыг үндэслэж шинэ төвтэй холбоотойгоор Ж ХХК ерөнхий төлөвлөгөөгөө өөрчлүүлэх тухай хүсэлт хүргүүлсэн. 2017, 2018 онд дахин Архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчилсөн. Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй бол Ж ХХК барилга угсралтын ажил эхлүүлэх ямар ч боломжгүй. Тэгэхээр журмын 5 дугаар зүйлийн 5.2-т заасан 6 сарын хугацаа нь Нийслэлийн Засаг дарга түүний эрх бүхий байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үндсэн дээр өөрсдийнх нь зөвшөөрөл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ба Архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой асуудал болон гэрээний дагуу хүлээсэн дэд станцтай холбоотой асуудлуудаар эхний 6 сарын дотор барилгын ажил хийгээгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Тэнд тодорхой барилгын ажил хийгдэж эхэлсэн. Хоёр барилгын суурь тавигдсан. 6 айлын амины орон сууцын барилга баригдсан. Үүнийг хариуцагч үгүйсгэхгүй байх. ТОСК-той байгуулсан гэрээний үндсэн дээр зарим барилгы суурийн ажил хийгдсэн. ТОСК-той асуудал шийдэгдсэн. Засаг дарга захирамждаа үйл ажиллагааны болон техникийн ноцтой зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдож байна гэсэн. Гэтэл мэргэжлийн ямар байгууллагын дүгнэлтээр нотолсон нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай хурлын тэмдэглэл байгаа. Энэ хурлаар Ж ХХК-тай холбоотой асуудлыг ярихдаа. Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хорооны нутаг дэвсгэрт Б2, В, Г1 байршилд байгаа төслүүдийг цуцлах уу? цуцалъя гээд цуцалсан. Гэтэл журмаа баримтлах ёстой. Журамд зааснаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдох ёстой. Тэгэхээр Засаг даргын захирамжийн үндэслэл нь хэн нэгэн хөндлөнгийн байгууллагын тогтоосон дүгнэлт байхгүй. Хамаарал бүхий этгээдүүд хуралдаж энэ асуудлыг шийдэж байгаа тул мэргэжлийн байгууллага гэж үзэхгүй. Энэ бүх нөхцөл байдлыг үндэслэж 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамж гарсан нь Захиргааны ерөнхий хууль болоод захирамжийн үндэслэл болсон журмыг зөрчсөн байна. Мөн Нийслэлээс гаргасан 2014 оны журмыг тайлбарладаг. Энэ журам хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн тул хэрэглэх боломжгүй. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Гэр хорооллын дэд бүтцийн газарт ирүүлсэн албан тоотыг хариуцагч тал нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байна гэдгийг тодорхойлж албан бичиг буцааж хүргүүлсэн байдаг. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй. Гэтэл Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 3 удаа өөрчилсөн. Ж ХХК-ийн эрх ашгийг хөндөж байгаа хурлын тэмдэглэл нь үндэслэлтэй эсэх нь ойлгомжгүй. Захирамжийн үндэслэл болсон журмын 5.2 дахь заалтыг тайлбараараа үгүйсгэсэн. Нөгөө талаар Ж ХХК энэ төслийг хэрэгжүүлэх гэж багагүй хэмжээний зардал гаргасан. Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь энэ хэргийг шийдвэрлэх хурлын явцад яригдаж энэ талаар хурлын шийдвэрт тусгагдах ёстой гэж үзэж байна. Иймд энэ бүхнийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 1.3 сая иргэдийн 40 орчим хувь нь тохилог орон сууцанд тав тухтай амьдарч байгаа бол үлдсэн 60 гаруй хувь нь инженерийн шугам сүлжээний хүртээмжгүй гэр хороололд аж төрж байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй агаар орчны бохирдол, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, авто замын хүрэлцээгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчин, нийслэл хотын хөгжилд сөрөг үр дагавар урган гарч байна. Эдгээр нөхцөл байдлаас ангижрахын тулд иргэд, төр болон хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дээд зэргээр хангах зарчмыг гол болгож дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны Журам батлах тухай 3/31 дүгээр тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай 23 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-аар зохицуулж ирсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.1-д заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хорооны нутаг дэвсгэр, Х орчмын 130 га талбайг сонгон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр баталсан.
Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.1-д заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох журмын дагуу зохион байгуулж, Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хороо Х орчмын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд Ж ХХК-ийг эхний ээлжинд шалгаруулан улмаар нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1043 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.
Төслийн хэмжээнд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 53.6 га газарт 3992 өрхийн 62 блок орон сууц, 720 хүүхдийн цэцэрлэг, 500 хүүхдийн бага сургууль, 960 хүүхдийн дунд сургууль барихаар төлөвлөгдсөн бөгөөд нийт 705 нэгж талбараас 23 нэгж талбарын газрыг чөлөөлсөн, эхний ээлжийн 213 айлын 1 блок барилга угсралтын суурийн ажлаас өөр ажил хийгдээгүй байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хороо, Х орчмын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, 2015 онд нийслэлийн төсвөөс 2,807,544,130 /хоёр тэрбум найман зуун долоон сая таван зуун дөчин дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулан дараах ажлууд хийгдсэн. Үүнд:
10/04 кВ-ийн хуваарилах байгууламж 1 ком /16 гаргалгаатай/;
2*630 кВа хүчин чадалтай ХТП - 4 ком /12 гаргалгаатай/;
АББЛУ 3*240мм-ийн кабель 3,78 км цахилгааны барилга угсралтын ажил;
4 яндантай сувагчлал 130м урт, 6 яндантай сувагчлал 1350м урт, 8 яндантай сувагчлал 50м урт холбооны барилга угсралтын ажил;
11 худгийг томруулж стандартын М худгаар солих ажил тус тус хийгдсэн.
Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.20, 4.11-д заасны дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, нийслэлийн Засаг дарга түүнийг төлөөлж манай байгууллагатай гурван талт гэрээ байгуулах, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.22-т Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 4.1-д заасны дагуу Төсөл хэрэгжүүлэх газрыг чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, төсөл хэрэгжүүлэх газар, нэгж талбарыг төсөлд тусгагдсан зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.
Гэвч Ж ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 5 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гурван талт гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн 23 иргэний түр суурьшуулах түрээсийн зардлыг сүүлийн 1,6 жилийн хугацаанд олгоогүй хохироосон.
Иймд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хорооны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар төслийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн Ж ХХК-ийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай шийдвэр гарсан.
Дээр дурдсан үйл ажиллагааны зөрчил болон Хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хороо, Х орчмын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын дагуу явагдсан нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг-т Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсний дагуу засаг захиргаа, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий одоогийн Их тойруу, шинэ төв болох Яармаг гэсэн хотын 2 төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн дүүргийн чанартай 6 дэд төвтэй байхаар тусгагдсан.
Яармаг хотын шинэ төв нь Төр захиргааны байгууллага, эдийн засаг, бизнес, банк санхүү, мэдээлэл технологи, спорт, соёл шинжлэх ухаан болон олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулах хотын чанартай төв байна. Харин Баянхошуу дэд төв нь төлөвлөлтийн баруун хойд бүсийн хүн амд үйлчлэх ажил хэрэг, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, амралт зугаалга, орон сууц бүхий дүүргийн чанартай дэд төв байх юм.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр Х орчимд шилжүүлэн барих төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 37 дугаар тогтоолоор цуцлагдсан тул тухайн байршилд орлогод нийцсэн түрээсийн орон сууц барих төслийг Нийслэлийн орон сууцны корпораци ОНӨААТҮГ хариуцан хэрэгжүүлэхээр зохион байгуулан ажиллаж байгаа болно.
Мөн Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хороо, Х орчмын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайн 53.6 га газарт төсөл хэрэгжүүлэгчээр Ж ХХК шалгаран 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, Ж ХХК хамтран ТОСК-999 хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Ж ХХК-иас хүсэлт ирүүлэн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн МЗХ2017/18-28 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Ж ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин хүсэлт ирүүлэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн МЗХ2018/09-49 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар дахин шинээр батлуулсан.
Иймд нэхэмжлэгчийн хотын шинэ төв байгуулах шийдвэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг өөрчлөн батлуулахаар нийслэлийн харьяа байгууллагад удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй гэдэг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг буруулах зорилгоор Х орчмын гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох зорилгоор тендер зарлаж Ж ХХК шалгарсан. Ж ХХК шалгарсан нь тэнд дэд төв байна уу, Улаанбаатар хотын захиргаа байна уу гэдэгтэй огт хамааралгүй. Бид тендер зарлахдаа Х орчмыг хөгжүүлнэ гэж гаргасан. Улаанбаатар хотын захиргаа хаана баригдахтай энэ төсөл хамааралгүй. Ж ХХК-ийг шалгаруулсан баримтад хотын захиргаа тэнд байна гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй.
Ж ХХК-тай ижил тухайн байршилд Х ХХК шалгараад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Улсын хөрөнгө үргүй зарагдаж байгаа тул олон компани оруулж энэ ажлыг хурдан дуусгах ёстой. Х нь Улаанбаатар хотын хувьд захын хороолол боловч Сонгинохайрхан дүүргийн хувьд төвийн байршилд ордог. Нийслэл үүргээ биелүүлж хөрөнгө мөнгө гаргаж өгсөн одоо төсөл хэрэгжүүлэгч нь үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьж хугацаа өгч байсан. Тэгээд энэ захирамж гарсан. Дан ганц нийслэлийн санаачлагаар энэ захирамж гараагүй. Иргэдийн хүсэлтээр, хяналтын хорооны хурлаар орж шийдвэрлэсэн. Бид өөр нөхцлийг нь хүртэл хүлээн зөвшөөрсөн. Өөр газар барилга барьж байна үүнд иргэдийг оруулна гэж иргэдийг хуурсан. Гэтэл тэр нь Үндсэн Хуулийн Цэцийн барилга барьж аль эрт ашиглалтад орсон байсан. Тэр байранд нэг ч иргэн оруулаагүй. Иймд нэхэмжлэгч компани энэ ажлыг хийж чадахгүй юм байна гэж дүгнээд гэрээг цуцалсан. Дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг хурдан шалгаруулахгүй бол барилга барих улирал хугацаатай, мөн энэ нь нийгмийн хариуцлагын төсөл тул хандах компани маш цөөхөн байна. Өмнө нь сонгон шалгаруулалт зарлахад 2 компани оролцсон боловч шалгараагүй. Дахин зарлах гэсэн боловч шүүхээс түдгэлзүүлсэн. Газраа чөлөөлж хохирсон айлуудын талыг нийслэлээс түрээсийн төлбөрийг шийдэж дамжин өнгөрөх түр байранд оруулсан. Төсөл хэрэгжүүлэгч талаас түрээсийн байраар хангаагүй. Түрээсийн төлбөр өгөөгүй. Иргэд орох оронгүй болж айлын хашаанд, түрээсийн гэр барьж зарим нь барилгын талбай дээр буусан байсан. 2019 оны 3 дугаар сараас эхэлж түр байранд оруулж байна. 2019 оны 9 дүгээр сард үлдсэн айлыг байранд оруулахаар төлөвлөж байна.
Захирамжид дурдагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад олон нөхцөл байгаа. Үүнд 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажил эхлүүлээгүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналтын хорооны саналыг үндэслэнэ гэсэн нөхцлүүдээс дөрвийг нь хангасан байна. Яагаад 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй гэж үзсэн гэхээр Ж ХХК-д харьяалалтай Б2, В, Г1 гэсэн нийт 3 нэгж талбар байдаг. Барилгын суурь тавьсан гэх ажил нь Б2 блок дээр буюу эдгээр 23 өрхийн чөлөөлсөн газар дээр 2015 оны 10 дугаар сард шав тавьсан. Түүнээс хойш ямар ч ажил хийгээгүй. Техникийн нөхцөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчилсөн зэрэг нь энэ барилгатай ямар ч хамааралгүй. Энэ барилгын зөвшөөрөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцлүүд нь бүгд 2015 онд гаргасан.
2014 оны 9 дүгээр сараас зөвшөөрлүүд нь олгогдож 2015 онд бүгд олгогдсон байсан. Удаа дараа Архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлөх тухай хүсэлтийн дагуу Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилсөн. Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/277 дугаар албан бичгээр 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор барилгын ажлаа эхлүүл, хэрэв эхлүүлээгүй бол цуцална гэсэн мэдэгдэл манайд албан бичгээр ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгвөл бид ажлаа хийнэ гэсэн. Бид Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай ярилцаж олгогдохгүй байсан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 3 талт уулзалт хийж байж олгосон боловч барилгын ажлаа хийгээгүй.
Газар чөлөөлсөн Б2 талбай дээр Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан. 2017 оны захирамжаар нэгж талбар өөрчилсөн зүйл байхгүй. Зөвхөн нэгж талбарын эргэлтийн цэг координатуудыг тодорхой болгосон. Өмнө нь хил хязгаар тогтоосон тогтоолыг тодорхой болгож нарийвчлан гаргасан болохоос Ж ХХК-ийн талбайгаас нэмж хасч, өөрчлөөгүй. Нээлттэй дахин төлөвлөлт гэх шинэ бодлогын хүрээнд жижиг болгоё гэж хийсэн боловч хассан зүйл байхгүй. Эргэлтийн цэгүүдийг тодорхойлсон. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Ж ХХК-ийн өөрийнх нь хийсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх саналыг Ж ХХК удаа дараа гаргадаг. Үндэслэл нь 16 давхрыг 9 давхар болгосон. Дараа нь 7 давхар, дараа нь 5 давхар болгох санал гаргасан. Нийслэл ийм барилга барь гэж шаардаагүй. Ж ХХК ийм барилга барья гэж иргэдэд танилцуулсан төслийн дагуу боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан.
Ж ХХК-ийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр А/650 дугаар захирамжийг гаргасан. Ж ХХК гурван талт гэрээгээр барилга барьж ашиглалтад оруулж, газар чөлөөлсөн иргэдийг оруулах ёстой. Нөгөөтэйгүүр газар чөлөөлсөн өрхийг тогтсон графикийн дагуу түрээсийн зардлыг олгох ёстой. Энэ төлөвлөгөө 2016 онд тасарсан, түрээсийн төлбөрөө төлөөгүй байсныг бид шаардаж байж, мөнгө байхгүй болохоор Е мартын хүнсний талон газраа чөлөөлсөн иргэдийн 70 хувьд нь байрны түрээсийн төлбөрт олгуулсан. Түүнээс хойш мөн л газраа чөлөөлсөн иргэдийн байрны түрээсийн төлбөр төлөөгүй. Ж ХХК-тай гэрээ цуцлахаас өмнө иргэд болон бусад байгууллагуудаас 300 гаруй өргөдөл гомдол манай байгууллагад ирсэн. Эдгээр 23 өрхөөс гадна гэрээ хийсэн бусад өрхөөс барилгын ажил явагдахгүй байна гэж хандаж байсан. Гурван талт гэрээ хийсэн бүх өрхийн үл хөдлөх хөрөнгө битүүмжлэгдэж манай байгууллагад хадгалагдаж байдаг. Барьцаанд тавих, зарж борлуулах, нэмж байшин барих, засвар хийх ч эрхгүй эдгээр өрхүүдийн эрхийг хөндөж байгаа. Иймээс бид гэрээг цуцалсан. Хяналтын хорооны бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллагууд мөн иргэдийн төлөөлөл орсон хөндлөнгийн хяналтын байгууллага байдаг. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар Хяналтын хороо байгуулагдсан. Хяналтын хорооны 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Ж ХХК-ийн асуудлыг хэлэлцэж цуцлахаар шийдвэрлэсэн. Дулааны зуух Г1 талбар дээр 2016 онд баригдаж дууссан. Энэ зуух нь Г1, В, Б1 талбаруудыг хангах ёстой. Б2 талбар нь замын эсрэг талд Х төв шугамаас дулаанаа авах техникийн нөхцөлтэй. Г1 талбай дээр ТОСК-тай манайхаас зөвшөөрөл авалгүй төсөл хэрэгжүүлнэ гэж иргэдийг хуурсан. Б2 талбар дээр 23 өрх газар чөлөөлсөн. Энд барилга барих боломж өнөөдрийг хүртэл байсан. Гэтэл ... Г1 талбар дээр барилгын ажил эхлүүлье, Б2 талбар дээрх 16 давхар барилгыг 9 давхар болгож хажууд нь өөр барилга барья, 7 давхар, 5 давхар болгоё гэдэг. Төлөвлөгөөний дагуу Г1, В талбар дээр 5, 7 давхрууд баригдана. Энэ барилгуудаа эхэл гэхээр газар чөлөөлсөн Б2 талбар дээр эхэлнэ гэдэг. Бид түүнийг нь зөвшөөрч Архитектур төлөвлөлтийн даалгавраар барилгын давхрыг багасгаж 9 давхар болгосон боловч бас л бариагүй.
Хяналтын хорооны бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон тул Хяналтын хорооны дүгнэлт нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэж болно. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хороог тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна гэж заасан. Хяналтын хороонд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Газрын алба болон бусад газрын төлөөллүүд, мөн иргэд орсон мэргэжлийн байгууллага тул дүгнэлт гаргах бүрэн эрхтэй хуулиар байгуулагдсан байгууллага.
Гурван талт гэрээний үндсэн дээр түүний биелэлтээр хангагдах ёстой үйл ажиллагаа явуулаагүй, барилга бариагүй, иргэдийг орон сууцаар хангаагүй, түрээсийн зардлыг цаг хугацаанд нь олгоогүй зэрэг үйл ажиллагааны зөрчил гаргасан нь албан бичиг болон иргэдийн өргөдөл, гомдлоор тогтоогдож байгаа. Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлагыг заасан. Мөн журмын 5.2 дугаар зүйлд барилгын ажлаа хийгээгүй, зөрчил гаргасан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцлах эрхийг Засаг даргад олгосны дагуу захирамж гаргасан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан үндэслэлээр нэхэмжлэгч Ж ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хороо, Х орчмын ГХДТ-2013/1 багцын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 дүгээр тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим байршлыг тогтоосны дотор Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Х орчмын 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулахаар тогтоосон байна. Мөн уг тогтоолоор нийслэлийн Засаг даргад тодорхой ажлуудыг, тухайлбал тухайн байршлуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг 2013 оны 4 дүгээр сард багтаан иргэдийн оролцоотойгоор боловсруулж батлуулж, ажлыг эхлүүлэхийг, мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам, Гэр хорооллыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журам-ыг боловсруулж, 2 дугаар сарын 15-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахыг даалгасан[1] байна.
Энэ дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын агаар, орчны бохирдол, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, авто замын хүрэлцээгүй байдлаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдөж буй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд иргэд, төр болон хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг хангах зарчим баримтлан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д нийцүүлэн журамлаж, уг журамд Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулан баталж[2], гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагааг зохицуулж иржээ.
Уг журмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин төлөвлөх гэр хорооллын байршлыг тогтоож, тогтоосон байршилд төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах ажлын хэсэг хэрэгжүүлэх ажлын танилцуулга, ажлын даалгавар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөл, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо бүхий урилга гаргаж, төсөл хэрэгжүүлэхийг сонирхсон хуулийн этгээд сонгон шалгаруулалтад оролцож, тухайн байршлын газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчээс дэмжих эсэх санал авч, тэдгээртэй харилцан тохиролцож худалдах, худалдан авах тохиролцоо, төлбөр, газар чөлөөлөхтэй холбоотой зардал, орон сууцаар солих тохиолдолд орон сууцны хэмжээ, ашиглалтад орох хугацаа, түр суурьшуулах зардал зэргийг тусгасан хоёр талт гэрээ байгуулах бөгөөд нийт нэгж талбарын 75-аас доошгүй хувийн өмчлөгч, эзэмшигчтэй ийнхүү тохиролцсон тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж, батламжилж, гурван талт гэрээ байгуулах эрх олгохоор байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 07/29 дүгээр тогтоолоор тогтоосон байршил болох Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хорооны нутаг дэвсгэр Х орчим ГХДТ-2013/1 багцын * дугаар хороонд байрлах Б2, В, Г1 талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр дээрх журмаар нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулж явуулсан сонгон шалгаруулалтад Ж ХХК шалгарч, нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1043 дугаар захирамжаар Ж ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, төсөл хэрэгжүүлэгч, төсөлд хамрагдах иргэн, Гэр хорооллын хөгжлийн газар хооронд гурван талт гэрээ байгуулж, журмын хэрэгжилтийг хангуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт даалгасан[3] байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 2.2-т төслийн удирдах хороо нь сонгосон талбайд улс, нийслэлийн төсвөөр хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц, ... зэрэг барилга байгууламжийн жагсаалтыг гарган, хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх, ... төслийн явцад хяналт тавих, барилгажилтын үр дүнг үнэлэх, уг үнэлгээ, төсөл хэрэгжүүлэгчийн саналыг харгалзан төсөл хэрэгжүүлэгчийг бусад хэсэгчилсэн талбайд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх шийдвэр гаргах-аар, 2.3-т Гэр хорооллын хөгжлийн газар нь төслийн удирдах хорооны ажлын албаны хувьд энэ чиг үүргийг хэрэгжүүлэх-ээр, 4.11-д төсөл хэрэгжүүлэгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээ байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх-ээр, 4.14-т гурван талт гэрээг нийслэлийн Засаг дарга, түүнийг төлөөлж нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулах-аар, 4.19-д Нийслэлийн Засаг дарга инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлэх-ээр, 4.20-д төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилтыг хариуцах-аар, 4.22-т төсөл хэрэгжүүлэгч нь газар чөлөөлөх зардлыг хариуцах-аар, 4.25-д төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болон техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан шийдвэрийг хүчингүй болгох-оор, 5.1-д Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох ажлыг эрхлэн зохион байгуулах-аар тус тус зохицуулжээ.
Улмаар 2015 онд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдаж, уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ыг баталж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд мөн оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бүртгүүлсэн байдаг.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар гэр хороололд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны зохистой харьцааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.7-д төсөл хэрэгжүүлэх үе шат, тухайн үе шатуудад хийгдэх ажиллагааг журамласан, тухайлбал, 14.7.1-д төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох, сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах, иргэдийн төлөөллийн байгууллага байгуулах төслийн бэлтгэл үе шатыг, 14.7.2-т газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах, уг төлөвлөгөөнд өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн саналыг тусгах, төлөвлөгөөг хянаж Засаг дарга төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах, Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах төслийн төлөвлөлт, шийвэр гаргуулах үе шатыг, 14.7.3-т хяналтын хороог байгуулах, нөхөх олговор олгох, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэн шилжүүлэх, сонгосон талбайг чөлөөлөх, харилцан тохиролцоогүй 20 хувийн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцох, тохиролцоогүй тохиолдолд хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах, зураг төсөл боловсруулах, батлуулах, зураг төсөл, даалгавар, зөвшөөрлийн дагуу барилга байгууламжийг барих хэрэгжүүлэх үе шатыг, 14.7.4-т батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барилга байгууламжийг цогцолбороор нь гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг шинэчлэн бүртгүүлэх, төслийн хэрэгжилтийн тайлан, санхүүгийн тооцоог гаргаж, гэрээний биелэлтийг дүгнэн, Хняалтын хороогоор хэлэлцүүлж үнэлгээ дүгнэлт гаргуулж төслийг дуусгавар болгох хэрэгжүүлж дуусах үе шатыг тус тус нарийвчлан зохицуулсан.
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, 22.1.7, 22.1.11-д төсөлд оролцогч иргэн нь төслийн үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл авах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, төслийн хугацаанд түр суурьших газар, байр, сууцаар хангагдах, хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах эрх эдлэх-ээр, 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.5, 23.1.6-д төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, зураг төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг дарга, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх, төслийн хэрэгжилтийн талаар оролцогч талуудад тайлагнах, хяналтын хороогоор хэлэлцүүлэх чиг үүрэгтэй байх-аар, 24 дүгээр зүйлийн 24.2-т гурван талт гэрээнд төслийн хугацаа, баригдах орон сууц, барилга байгууламжийн мэдээлэл, газар чөлөөлөх нөхцөл, түүний хугацаа, түр суурьшуулах төлөвлөгөө, гэрээ цуцлах нөхцлийг заах-аар, 26 дугаар зүйлийн 26.1-д төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан ... нийслэлийн Засаг дарга байгуулах-аар, 26.4-т хяналтын хороо нь төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол саналыг хэлэлцэх эрх эдлэх-ээр тус тус заажээ.
Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын 5.2-т төсөл хэрэгжүүлэгч нь ... 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ... гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хяналтын хорооны саналыг үндэслэн нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах-аар байна.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/180 дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж, иргэдээс ирүүлсэн санал, гомдол хүсэлтийг судлах, нөхөх олговрын хэмжээг тогтоох, үнэлгээ хийх чиг үүрэг бүхий Хяналтын хороог дарга /Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч/, гишүүд /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Газрын албаны дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, мөн төсөл хэрэгжүүлэх талбай тус бүрт иргэдийн төлөөлөл /тохиролцсоноор//, нарийн бичгийн дарга /Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга/ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулсан байна.
Энэ Хяналтын хороо төслийн хэрэгжилтэд хяналт тавих, иргэдээс ирүүлсэн санал гомдлыг судлан шийдвэрлэх чиг үүргийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй зарим аж ахуйн нэгжийн асуудлыг тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хорооны нутаг дэвсгэр Х орчим ГХДТ-2013/1 багцын * дугаар хорооны Б2, В, Г хэсэгчилсэн талбайд Ж ХХК-ийн төслийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн[4] байна. Хяналтын хорооны хуралдаанд төсөлд хамрагдсан иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд төсөл хэрэгжүүлэх хугацаанд барилгын бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй учир газар чөлөөлсөн 23 өрхийн 17 өрх нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах санал өгсөн талаар тэмдэглэлд тусгагдсан байдаг.
Ийнхүү Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Хяналтын хорооны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/5 дугаар шийдвэрээр[5] төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хорооны нутаг дэвсгэр Х орчим ГХДТ-2013/1 багцын * дугаар хорооны нутаг дахь Б2, В, Г хэсэгчилсэн талбайд Ж ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар санал оруулсан нь, мөн Хяналтын хорооны энэ саналын дагуу нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжаар Ж ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар шийдвэрлэсэн нь уг захирамжид баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2 дахь заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй гэж шүүх дараах үндэслэлээр дүгнэлээ.
Ж ХХК нь төсөл хэрэгжүүлэхээр шалгарсны дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн Баянгол урбан сити хэмээх төслийн зах зээлийн судалгааг М ХХК-иар 2014 оны 5 дугаар сард хийлгэж, Ө ХХК-иар Б хэмээх төслийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийлгэж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан байна.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Ж ХХК нь 53.6 га газарт 3992 өрхийн 62 блок орон сууц, 720 хүүхдийн цэцэрлэг, 500 хүүхдийн бага сургууль, 960 хүүхдийн дунд сургууль барихаар төлөвлөгдсөн гэх ба 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ДТ 14/88 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар Б2 хэсэгчилсэн талбайн зарим хэсэгт 4.3 га газарт 18 блок 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгууд барихаар төлөвлөгдөж[6], 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр МЗХ2017/18-28 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар Г1 хэсэгчилсэн талбайд 10.75 га газарт 50 блок 4 давхар орон сууц, 2 блок 5, 9 давхар үйлчилгээ, 1 блок 5 давхар цэцэрлэг, 3 блок 1 давхар амины сууцны барилга барихаар төлөвлөгджээ.[7]
Улмаар 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн МЗХ2018/09-49 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар Г1, Б2 хэсэгчилсэн талбайд дээрх 2 архитектур төлөвлөлтийн даалгаварт төлөвлөгдсөн 10.9 га газарт баригдах барилгуудын давхар болон блокын тоонд өөрчлөлт оруулж батлуулсан, тухайлбал 2014 оны ДТ 14/88 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар Б2 хэсэгчилсэн талбайд 18 блок 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар байсныг 8 блок болгож, 2017 оны МЗХ2017/18-28 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар Г1 талбайд 50 блок 4 давхар орон сууц барихаар байсныг 46 блок 5 давхар болгож, 1 блок 5 давхар цэцэрлэг байсныг 1 блок 2 давхар болгож, 3 блок 1 давхар амины сууцыг 4 блок 2 давхар болгож тус тус өөрчилж, харин 2 блок 5, 9 давхар үйлчилгээний барилгыг хэвээр батлуулсан байна.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.г, 23 дугаар зүйлийн 23.1.5-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь зураг, төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, түүний дагуу барилга байгууламж барих үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй тул төсөл хэрэгжүүлэх талбайд хэсэгчлэн архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж байсан нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамааралтай гэж дүгнэх боломжгүй юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-д заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/70 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн *, * дугаар хорооны Х орчмын гэр хороололд дахин төлөвлөлтийн талбайд барих инженерийн шугам сүлжээний угсралтын ажил, төсөв-ийг баталсан, үүнд Ж ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх Б2 талбайд цахилгааны барилга угсралтын 2.4 тэрбум төгрөгийн, Б2, В, Г1 талбайд холбооны барилга угсралтын болон худаг солих 388 сая төгрөгийн, нийт 2.8 тэрбум төгрөгийн ажил нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэхээр батлагдаж[8] хийгдэн 2016 онд ашиглалтад оржээ. Өөрөөр хэлбэл Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-д заасан инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлэх үүргээ Нийслэлийн Засаг дарга буюу захиргааны байгууллагаас биелүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөний байршилд шинэ зохион байгуулалт хийсэн, үүнд нэхэмжлэгч Ж ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх 3 талбайг координатын хувьд 5 хэсэгт хуваасан[9], мөн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/711 дүгээр захирамжаар дахин төлөвлөлтийн талбайн хилийн заагийг дахин батлахдаа Ж ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх талбайг 3 хэсэгт хэвээр баталсан[10] байх бөгөөд эдгээр шийдвэрүүдээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд болон Ж ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээний хувьд өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын тайлбарласанчлан төслийг хэрэгжүүлэхэд саад болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК болон газраа чөлөөлөхөөр зөвшөөрсөн иргэн хооронд хийгдсэн хоёр талт гэрээгээр гэрээ хэрэгжиж дуусах хугацаа, газар чөлөөлсөн хугацаанд түр суурьшуулахтай холбоотой зардлыг хэрхэхийг зааж, хоёр талт гэрээ нь гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болж, гурван талт гэрээний хавсралт байхаар заасан, тухайлбал, иргэн С.М-тай 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2015/003 дугаартай хоёр талт гэрээ[11]-ний 2.2.1-д 2016 оны 9 дүгээр сарын 30-нд газраар сольж буй байрыг ашиглалтад оруулахаар, иргэн Б.Т-тай 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 2013/190 дугаартай хоёр талт гэрээ[12]-ний 2.6-д түр суурьшуулах зардалд 6 сар тутамд 4.200.000 төгрөгийг газар чөлөөлсөн өрхөд төсөл хэрэгжүүлэгч төлөхөөр заажээ.
Төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК нь төсөлд хамрагдах нийт 705 нэгж талбараас Б2 талбайд 23 нэгж талбарын газрыг гурван талт гэрээний дагуу чөлөөлүүлсэн, 1 блок барилга угсралтын суурийн ажил, амины сууцны барилгын ажил эхлүүлснээс өөрөөр дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, барилга угсралтын өөр ажил хийгдээгүйн дээр газраа чөлөөлсөн өрхүүдэд түр суурьших байрны түрээсийн зардлыг хугацаанд нь төлөөгүй зэргээр гэрээгээр хүлээсэн орон сууц барьж ашиглалтад оруулах, түр суурьшихтай холбоотой зардлыг хариуцах үүргээ зөрчсөн нь, үүнээс үүдэн төсөлд хамрагдсан иргэдийн шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тогтоогдож байна.
Тухайлбал, Ж ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс газраа чөлөөлсөн иргэд хохирч байгаа талаар 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр газраа чөлөөлсөн 23 өрхийн төлөөлөл хуралдаж[13] өргөх бичиг гаргасан, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр газраа чөлөөлсөн 23 өрхийн иргэд хуралдаж, газраа чөлөөлсөн иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг Гэр хорооллын дэд бүтцийн газарт шаардсан, энэ талаар гаргасан тэдгээрийн гомдлыг шийдвэрлэхээр Гэр хорооллын хөгжлийн газраас удаа дараа, тухайлбал 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/816 тоотоор иргэдээс гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар хүсэлт ирүүлсэн байна. Төслийн хоёр талт гэрээнд заасан иргэдийг түр суурьшуулах зардлыг төсөл хэрэгжүүлэгч бүрэн хариуцахаар тохиролцсоны дагуу төсөлд хамрагдсан иргэдтэй хамтарсан уулзалт зохион байгуулж 2016 оны 10 дугаар сард багтаан түрээсийн нөхөн олговрыг олгохоор тохиролцсон боловч олгогдоогүй байх тул иргэдийн түр суурьших зардлыг шийдвэрлэх талаар, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээний 3 тал уулзалт хийж газраа чөлөөлсөн иргэдэд түр суурьшуулах түрээсийн төлбөрийг төлөх, гэрээний дагуу орон сууцыг барих асуудлыг хэлэлцсэн, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 02/871 тоотоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн ажлын даалгавар, техникийн нөхцөл, түрээсийн төлбөрийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл хүсэж, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 03/277 тоотоор нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар төслийн талаар хэлэлцэн 4 дүгээр сарын 20-ны дотор барилгын ажлаа эхлүүлэх хугацаатай үүрэг өгснийг мэдэгдсэн[14] зэрэг баримтуудаар тогтоогджээ.
Төсөл хэрэгжих талбайн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нь гэрээний нэг тал болохын хувьд гэрээгээр, тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн хувьд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, 22.1.7-д зааснаар гэрээний үүргийн биелэлтийг болон төслийн хугацаанд түр суурьшихтай холбоотой зардлыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь нийслэл Улаанбаатар хотын шинэ төвийг тухайн байршилд байгуулахаар нийслэлийн төр захиргааны байгууллагын байрны шав тавьж байсан ч байршлыг өөрчилсөнөөс хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасан өндөр барилга барих боломжгүйд хүргэсэн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан ч шийдвэрлэж өгөөгүй, архитектур төлөвлөлтийн даалгаврыг 3 удаа баталсан зэргээр захиргааны байгууллагын буруутай үйлдлээс төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж тайлбарладаг ч эдгээр нөхцөл байдал нь төслийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж, үүнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээргүй байна.
Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг-ийг баталж, үүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсний дагуу засаг захиргаа, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий одоогийн Их тойруу, шинэ төв болох Яармаг гэсэн хотын 2 төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн дүүргийн чанартай 6 дэд төвтэй байхаар тусгагдсан, Яармаг нь төр захиргааны байгууллага, эдийн засаг, бизнес, банк санхүү, мэдээлэл технологи, спорт, соёл шинжлэх ухаан болон олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулах хотын чанартай шинэ төв, Баянхошуу нь төлөвлөлтийн баруун хойд бүсийн хүн амд үйлчлэх ажил хэрэг, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, амралт зугаалга, орон сууц бүхий дүүргийн чанартай дэд төв байхаар батлагджээ.
Нийслэлийн хотын захиргааны цогцолборыг Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр Х орчимд 9 га газарт барихаар 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шав тавьж, уг төслийн барилгын ажил гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, хэлэлцээр хийх ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын А/98 дугаар захирамжаар байгуулж байсан ч энэ ажил Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан гаргасан 2016 оны 37 дугаартай концессын гэрээ шинээр байгуулахгүй байх зохицуулалттай тогтоолоор хэрэгжихээргүй болж, Н ХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/138 тоотоор ирүүлсэн тодруулгад дурдсанаар тухайн байршилд буюу * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А хэсэгчилсэн талбайд түрээсийн орон сууц хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.
Тодруулбал хотын захиргааны цогцолбор барихаар шав тавьсан, одоо түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлж буй гэх * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А хэсэгчилсэн талбайн төлөвлөлт Ж ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх * дугаар хорооны нутаг дэвсгэр Б2, В, Г1 талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамааралгүй, энэ нөхцөл байдлаас үүдэж тус компанийн төсөл хэрэгжүүлэх талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт ороогүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Улаанбаатар хотын шинэ төв байгуулахаар шав тавьсан ч хотын шинэ төв баригдахаа больсонтой холбогдуулан зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөг өөрчлөн батлуулахаар Нийслэлийн харьяа байгууллагуудад удаа дараа хандаж ирсэн боловч өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй гэж тайлбарладаг ч энэ нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.
Хэдийгээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор баталсан журамд нэмэлт өөрчлөлт оруулсан 2014 оны 23 дугаар тогтоол захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй ч уг журмыг хэрэгжүүлж байсан захиргааны байгууллагын шийдвэрүүдийг тухайлбал, нэхэмжлэгч компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан, гурван талт гэрээ байгуулсан, гэрээний үүргийн гүйцэтгэлийг төсөл хэрэгжүүлэгчээс шаардаж байсан Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Хяналтын хорооны үйл ажиллагааг, төсөл хэрэгжүүлэгчийн гурав болон хоёр талт гэрээ байгуулсан, газар чөлөөлүүлсэн, тодорхой зардал гаргасан үйл ажиллагааг үгүйсгэх, төсөл хэрэгжүүлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх, газраа чөлөөлсөн иргэдийн төслийн гүйцэтгэлийг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн *, *, * дугаар хорооны нутаг дэвсгэр Х орчим ГХДТ-2013/1 багцын * дугаар хорооны нутаг дахь Б2, В, Г хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрх авсан Ж ХХК нь хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн батлагдсан зураг, төсөл, төлөвлөгөөний дагуу барилга байгууламж барих үйл ажиллагааг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх, газраа чөлөөлсөн иргэдийг төсөл хэрэгжих хугацаанд түр суурьшуулах зардлыг хариуцах үүргээ биелүүлээгүй, барилгын ажлыг эхлүүлээгүй үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамж хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжаар төсөлд хамрагдаж, гурван талт гэрээний оролцогч болж, газраа чөлөөлсөн иргэдэд шууд чиглэсэн эерэг, сөрөг үр дагавар үүсгээгүй, нөгөөтэйгүүр хариуцагч захиргааны байгууллага шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл болгож тэдгээр иргэдийн эрх, ашиг сонирхлыг тайлбарлаж байгаа, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүй байх үүднээс төсөлд хамрагдсан иргэдийг болон тэдгээрийн төлөөллийн байгууллагыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах зайлшгүй шаардлагагүй гэж шүүх үзсэнийг дурьдах нь зүйтэй.
Ж ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 10-нд Гэр хорооллын хөгжлийн газарт хандаж төслийн хамрагдах газар болох 53.6 га газрын хэмжээг багасгаж, зөвхөн газар чөлөөлсөн хэсгүүдэд богино хугацаанд хэрэгжих эдийн засгийн үр ашигтай төлөвлөлтийг боловсруулан ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, ... ажиллах агуулгатай хүсэлт гаргасан байсан бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянахад гэрээний талууд цаашид хэрхэн хамтран ажиллах эсэх нь хамааралгүй гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн, харин дахин төлөвлөн гэр хорооллыг барилгажуулах төсөл нь тухайн нутаг дэвсгэрийн захиргааны байгууллага, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч этгээдийн хоорондын сайн дурын гэрээний үндсэн дээр хэрэгжих үйл ажиллагаа тул сонгосон талбайн тодорхой хэсэгчилсэн талбайд талууд цаашид хэрхэн хамтран ажиллах эсэхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.4, 14 дүгээр зүйлийн 14.7.1.г, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2 дахь заалтыг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА