Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0167

 

 

 

                                                                                                   

 

 

                                            

С.Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0960 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: С.М

Хариуцагч: У ТӨХК

Гуравдагч этгээд: Г.З

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

Хэргийн индекс: 128/2024/0479/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0960 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 32 дугаар зүйлийн 32.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мын У ТӨХК-д холбогдуулан гаргасан “У ТӨХК-иас Г.Зд олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХХХ дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулахыг У ТӨХК-д даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эдээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг бүрэн ойлгоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүйн дээр шүүхийн шийдвэрийн үндэслэлээ У ТӨХК-ийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн ХХХ дугаартай Г.Зд олгосон Техникийн нөхцөлд одоо тэжээгдэж байгаа айл өрхүүдийг шинээр баригдах дэд өртөөнөөс үргэлжлүүлэн тэжээх гэсэн агуулгатай зохицуулалтууд байхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2020 оноос хойш одоог хүртэл тог цахилгаанаар хангагдаж чадахгүй байна.

2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8, 9 гэж дугаарласан дүгнэлтэд дурдсан “...Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар хэрэглэгч нь түгээх зохицуулалттай эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэйг заасан хэдий ч У ТӨХК-с 2019 онд Г.Згийн нэр дээр олгосон ХХХ дугаартай тоот техникийн нөхцөлд өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулан дахин шинэ техникийн нөхцөл олгох боломжгүй байна., ...Иргэний хуулийн 106.3-т ....зааснаар иргэний шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж үзэхээр байна” гэжээ. Шүүх хэргийг тун хангалтгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй гэж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Учир нь

1. Улсын дээд шүүх 2018.03.01-ний өдрийн 001/ХТ2018/00330 тогтоолоор Иргэн С.Мыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд АТП-ХХХ дэд өртөө, түүнийг тэжээж буй 10 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас цахилгаанаар хангагдах хууль ёсны эзэмшигч гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн нэг үндэслэл нь 2015.04.16-ны өдрийн 0632/2015 тоот техникийн нөхцөл олгохдоо трансформаторыг шинэчлэхдээ өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг холбох үүрэгтэй гэж заасан байхад хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Л.М, С.М, Л. н нарын цахилгааны холболтыг тасалсан хууль бус үйлдэл болно гэж дүгнэсэн хүчин төгөлдөр улсын дээд шүүхийн шийдвэр байна.

2. У ТӨХК Г.Зд Б.Оийн цахилгааны дэд өртөөг шилжүүлэн өгөх техникийн нөхцөл шинээр олгохдоо улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох тусгай шаардлагыг оруулаагүйгээс иргэн С.Мын хууль болон шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан эрх ноцтой зөрчигдсөн.

3. Өөрөөр хэлбэл 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр танайхаас Б.Од болон д ХХК-д 0632/2015 дугаартай техникийн нөхцөл олгохдоо тус техникийн нөхцөлийн 8-р зүйлийн Е-д “АТП-ын 0,4 кв талаас одоо тэжээгдэж байгаа айл өрхүүдийг шинээр баригдах дэд өртөөнөөс тэжээх” гэж заасан байсан. 2019.12.23-ны өдөр Г.Зд техникийн нөхцөл олгохдоо энэхүү тусгай заалтыг хассан.

4. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.З, У ТӨХК-ийг хариуцагчаар татан Техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах, цахилгаан хэрэглээг хязгаарлахгүй байхыг даалгах шаардлага гаргасан бөгөөд 2024.03.26-ны өдөр хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанаар “...” ТӨХК-ийг бусдад техникийн нөхцөл олгохдоо хууль тогтоомж зөрчсөн, түүний гаргасан алдаанаас үр дагавар үүсэж хохирч байна гээд уг үр дагаврыг арилгуулахыг хүсэж байх ба энэ нь У ТӨХК-ийн шийдвэр үйл ажиллагаанд гаргаж буй гомдол гэж үзэхээр байна. У ТӨХК-ийн шийдвэр, үйл ажиллагаа буруутай эсэхийг иргэний хэргийн шүүх дүгнэх боломжгүй байна., Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т захиргааны байгууллага гэж “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа” гэж заасны дагуу У ТӨХК нь захиргааны байгууллагад хамаарах тул нэхэмжлэгч нь У ТӨХК- ийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 15/05824819 дугаартай Г.Зд олгосон техникийн нөхцөлд “Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах” үүргийг нэмж оруулахыг С.Мын эзэмшлийн амины орон сууцыг цахилгаан эрчим хүчээр хангахыг тус тус У ТӨХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхээр байна. У ТӨХК-ийн шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг, өөрөөр хэлбэл У ТӨХК-с Г.Зд шилжүүлсэн техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангахыг үргэлжлүүлсэн заалт оруулаагүй нь хууль ёсны эсэхийг шийдвэрлэхгүйгээр Г.Зд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

5. Техникийн нөхцөлийн шинэ эзэмшигч Г.З нь иргэний шүүхэд гаргасан тайлбартаа: “...би техникийн нөхцөлийг шинээр авсан, миний хувьд С.Мын цахилгааныг дэд өртөөнд холбох үүрэг хүлээгээгүй” гэж маргадаг юм. Хариуцагч У ТӨХК-иас өөр эх үүсвэр санал болгосон ч энэ нь нэхэмжлэгчийн хувьд 2018 оны шүүхийн шийдвэр одоог хүртэл биелээгүй гэх гомдол, дахин шинэ айлд мөнгө төлөх эдийн засгийн хохиролтой, гуравдагч этгээд Г.Згийн нэмж айл залгах хүчин чадал хүрэхгүй гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024.10.14-ний өдөр хариуцагч байгууллагаас ирсэн баримтад С.Мын хэрэглэгчийн бүртгэл маргаан бүхий КТП-д одоог хүртэл бүртгэлтэй, одоогийн хүчин чадалд ороод явж байгааг бүрэн илэрхийлж байна.

6. Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч ажилтны буруугаас хууль зөрчиж алдаатай техникийн нөхцөл олгосноо хүлээн зөвшөөрдөг.

7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 гэж дугаарласан: “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/1727 дугаар албан бичгээр “...Г.З нь өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах зөвшөөрлийн бичгээ өгсөн тохиолдолд хүсэлтийг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна. Мөн Баянбулагийн аманд байрлах иргэн С.Мын байршилд ойр байх УБЦТС ТӨХК-ийн эзэмшлийн дэд станц, шугам тоноглолоос холбогдох боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэх хариуг Эрчим хүчний зохицуулах хороонд, хувийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эд тус тус хүргүүлснээс үзэхэд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх зөвхөн хариу өгсөн байдлыг шийдвэрлэсэн байна гэж шийдвэрлэж байгаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Учир нь 2018 оны Улсын дээд шүүхийн 330 дугаартай тогтоолоор Техникийн нөхцөлд оруулж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалсан заалтыг шүүх үндэслэл болгон шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

8. Гэтэл Б.О шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хувийн өс хонзонгийн байдлаар өөрийн танил Г.Зд өөрийн эзэмшил газар дээрх КТП-г техникийн нөхцөлөөр халхавч хийж шилжүүлсэн бөгөөд У ТӨХК нь шилжүүлэн олгосон техникийн нөхцөл олгохдоо Монгол улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг Хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй., Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүрэгтэй, 16.3.5. Цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, 30 дугаар зүйлийн 30.1.10. Түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах, Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журмын 6.1.1. газрын маргаантай болон гэрчилгээ баталгаажсан кадастрын зураг, хүсэлт, бусад бичиг баримтын эзэмшигчийн нэр зөрсөн тохиолдолд техникийн нөхцөл олгохгүй байх, Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмын 3.7.3., Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.3.1. газрын маргаантай, газрын эрхийн гэрчилгээ, баталгаажсан кадастрын зураг, хүсэлт, бусад баримт бичгийн эзэмшигчийн нэр зөрүүтэй;, Захиргааны ерөнхий хуулийн 24 Нөхцөл байдлыг тогтоох, 25 нотлох баримт цуглуулах, 26, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, алдаатай шийдвэрээ засаж дахин шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль байдлыг шүүх тогтоох учиртай.

9. Тодруулбал хариуцагч У ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүрэгтэй, 16.3.5. Цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах үүрэг хүлээсэн байгууллага юм. Өөрийн тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүргээ өөрөөс гарч байгаа тусгай зөвшөөрөл, эрх үүрэг хүлээлгэж байгаа /техникийн нөхцөл/ баримт, захиргааны актаараа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, хуульд заасан үүргээ биелүүлж явах үүрэгтэй.

10. Нэхэмжлэгч С.Мын цахилгаан хэрэглээгээр хангагдаж чадахгүй байгаа хууль ёсны эрх ашиг нь 2014 оноос хойш одоог хүртэл зөрчигдөж, эрх нь сэргэхгүй байгааг дурдаж байна.

11. Энд Г.Згийн өөрийн КТП-д нэмж айл өрх холбох эрхийг болон гарсан зардлаа баримтаар тогтоогдож байгаа 29 айлаас хуваан шаардах эрхийг огт хөндөөгүй юм.

12. Гуравдагч этгээд Г.З нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа цахилгааны КТП шинээр барьсан гэх тайлбар огт үндэслэлгүй бөгөөд шинээр авсан бол шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээсэн П.Оээс маргаан бүхий КТП шилжүүлэн авах ямар ч шаардлагагүй байсныг шүүх анхаарч үзээсэй.

13. АТП-ХХХ дэд өртөө, түүнийг тэжээж буй 10 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамд Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00330 тогтоолоор үүрэг ногдуулсан байдаг.

2.3. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 128/ШШ2025/0960 шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Маас “У ТӨХК-иас Г.Зд олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХХХ дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулахыг У ТӨХК-д даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/00330 дугаар тогтоолоор “иргэн С.Мыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд АТП-ХХХ дэд өртөө, түүнийг тэжээж буй 10 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас цахилгаанаар хангагдах хууль ёсны эзэмшигч гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Г.Зд Б.Оийн цахилгааны дэд өртөөг шилжүүлэн өгөх Техникийн нөхцөл шинээр олгохдоо Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох тусгай шаардлагыг оруулаагүйгээс С.Мын хууль болон шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан эрх ноцтой зөрчигдөөд байна...” гэж тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх “...Г.З нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цахилгааныг дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг этгээд биш, өөрөө хэрэглэгч байх тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар хэрэглэгч нь түгээх, зохицуулалттай эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэйг заасан хэдий ч У ТӨХК-иас 2019 онд Г.Згийн нэр дээр олгосон ХХХ тоот техникийн нөхцөлд өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулан дахин шинэ техникийн нөхцөл олгох боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч трансформаторт холбогдож У ТӨХК-тай гэрээ байгуулж цахилгаанаар хангагдаж байсан нь түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй гэдгийг иргэний шүүхээр тогтоосон байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, мөн Иргэний хуулийн 106.3-т энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчдэд нэгэн адил хамааралтай гэж зааснаар иргэний шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж үзэхээр байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон зарим үйл баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй  байна.

5. У ТӨХК-ийн тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлж буй эрчим хүч түгээх, дамжуулах, хангах зэрэг үйл ажиллагааг нь нийтээр заавал хэрэглэдэг үйлчилгээ байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан захиргааны байгууллага болохын хувьд хариуцагчаар татаж, захиргааны хэрэг үүсгэсэн атлаа Эрчим хүчний хуульд заасан чиг үүрэг, хяналтаа хэрэгжүүлсэн эсэхэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх ёстой байтал анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтуудыг хэрэглэхгүйгээр “уг асуудлыг зөвхөн хэрэглэгч болон трансформатор эзэмшигч нарын хоорондын иргэний эрх зүйн маргаан” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

6. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүрэгтэй”, 16.3-т “Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэгтэй: 16.3.1.тухайн нутаг дэвсгэрт энэ хуульд заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн шугам, тоног төхөөрөмжийг цахилгаан, дулаан түгээх шугам, тоног төхөөрөмжид холбох; 16.3.2.энэ хуулийн 9.1.13.-т заасан холболтын журмыг боловсруулах, батлуулах, мөрдөх; ...16.3.5.цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах; ... 16.3.7.энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын журмын шаардлага хангасан хэрэглэгчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 17.3-т заасан гэрээг байгуулж, тухайн хэрэглэгчийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох;” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хариуцагч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгч, иргэн, аж ахуйн нэгжийг түгээх сүлжээнд холбох, хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, холболтын журмыг мөрдөх, түүнд хяналт тавих эрх, үүргийг хүлээсэн байна.

7. Уг хуульд заасан эрх, чиг үүргийн хүрээнд “хувийн эзэмшлийн цахилгаан дамжуулах тоног төхөөрөмж”-ийг бусдад нэр шилжүүлэн, өмнө нь олгосон Техникийн нөхцөлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч Техникийн нөхцөл шинэчилж олгохдоо уг тоног төхөөрөмжид холбогдон цахилгаанаар хангагдаж байсан айл өрхийн цахилгааныг дур мэдэн таслахгүй байх, үргэлжлүүлэн хангах талаар хяналт хэрэгжүүлж, үүрэг өгөх чиг үүрэгтэй гэж үзэхээр байна.  

8. Гэтэл хариуцагч “... Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт “түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах” гэж заасны дагуу иргэн Г.З нь өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах хүсэлтийг манай компанид гаргасан тохиолдолд С.Мын хүсэлтийг хангах боломжтой...” гэж тайлбарласан нь Эрчим хүчний тухай хуулийн цахилгаанаар хангагдах эрхийг зөрчсөн байна. 

9. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй. ... 30.1.10.түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах; 30.1.11.өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах;” Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 289 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний “Холболтын журам”-ын 5.8-д “Техникийн нөхцөл олгосон өдрөөс хойш тухайн шугам сүлжээнд өөрчлөлт /хүчин чадлыг ихэсгэх, багасгах, хэтийн төлөвийн схемээр өөрчлөгдөх, татан буугдах гэх мэт/ орвол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь захиалагч /иргэн, хуулийн этгээд/ буюу зураг төслийн байгууллагад мэдэгдэж техникийн нөхцөлийг тодотгож байх үүрэгтэй”, 5.12-т “Иргэн өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжид хэрэглэгч холбуулахдаа түгээх сүлжээний найдвартай тасралтгүй ажиллагаатай холбоотой эрх бүхий байгууллагаас тавих шаардлагыг биелүүлнэ” гэж заажээ.

10. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Хариуцагч ... өөрийн тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүргээ өөрөөс гарч байгаа тусгай зөвшөөрөл, эрх үүрэг хүлээлгэж байгаа /техникийн нөхцөл/ баримт, захиргааны актаараа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, хуульд заасан үүргээ биелүүлж явах үүрэгтэй...” гэх гомдлыг хангах үндэслэлтэй.

11. Харин гуравдагч этгээд буюу өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмжид засвар хийх, сайжруулах зэргээр зардал гаргасан тохиолдолд холбогдсон айл өрхүүдээс хуваан гаргуулах талаар харилцан тохиролцох, тохиролцоогүй тохиолдолд зохих журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй, ийнхүү тохиролцоогүй, эсвэл ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр цахилгааныг шууд салгаж, эрчим хүчээр хангагдах эрхийг зөрчих эрхгүй бөгөөд энэ талаар хариуцагч хяналт тавих үүрэгтэй байна.

12. Гуравдагч этгээд тухайн тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрэхгүй, өөр айлуудыг холбосон гэх боловч хэрэгт авагдсан АТП-ХХХ дэд станцаас тэжээгддэг хэрэглэгчийн нэрсийн жагсаалтаар (2 дугаар хавтас, 57-60 дугаар хуудас) нэхэмжлэгч болон 29 айл холбоотой байгаа болох нь тогтоогдож байх тул дээрх тайлбар үндэслэлгүй байна. 

13. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, 16.3.1, 16.3.2, 16.3.5, 16.3.7, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.10, 30.1.11-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, У ТӨХК-ний Г.Зд олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХХХ дугаар Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд өмнөх цахилгаанаар хангагдаж байсан С.Мынхыг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулахыг У ТӨХК-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Маас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БААТАРХҮҮ

 

                         ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ