| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0877/Э |
| Дугаар | 248 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 248
С.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч Э.Б, шүүгдэгч С.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаар магадлалтай, 1706019950149 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Г-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Г-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар хамтран гаргасан гомдолдоо “Шүүгдэгч С.Г нь гэм буруугийн асуудлаар маргаагүй, хохирогчид цаашид эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн билээ. С.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч Э.Б нь нотлох баримтаар 5,700,000 төгрөгийн эмчилгээний болон бусад зардал бүхий хохирол төлбөр нэхэмжилсэн ч шүүгдэгч, түүний ар гэр хохирогчид 10,000,000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгч нь хохирогч талаас “... 5,700,000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт байгаа юм байна, өөр зардал бусад баримт байгаа юу гэж асуухад хохирогчийн ээж X.А нь 2,000,000 төгрөгийн баримт байгаа боловч авчраагүй...” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд бий. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “...шүүгдэгчтэй хохиролд 10,000,000 сая төгрөг өгч авахаар тохирсон, шүүгдэгч С.Г 10,000,000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгчид хуульд заасан торгох ял оноохыг дэмжиж байна...” гэж хэлсэн нь ч шүүх хуралдааны тэмдэглэлд байдаг. Хохирогч анхан шатны шүүх хуралдааны дараа 50,000 төгрөг нэмж нэхэхэд нь өгсөн, давж заалдах шатны шүүх хуралдааны дараа 680,000 төгрөг хагалгаанд орох үед нь тус бүр төлсөн болно.
Анхан шатны шүүх нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Г-т хуульд заасан, тухайн зүйл хэсэгт хуулиар тогтоосон ял болох 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оноосон нь хууль зөрчөөгүй билээ. Хохирогчийн талаас 5,700,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч, хохирогч нар хоорондоо ярилцан тохирч 10,000,000 төгрөг өгч авалцахаар болж, шүүгдэгч 10,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснээс гадна анхан шатны шүүх цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг дурдаж шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх “...хэргийн нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн... ” гэж дүгнэлт хийсэн атлаа С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зөвхөн хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд тулгуурлан хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.
Учир нь давж заалдах шатны шүүхийн дүгнэлт доорх нөхцөл байдлаар няцаагдаж байна. Хохирогч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр С.Г-ийг ажилдаа гарахаар ирэхэд нь өөрт нь огт хамааралгүй асуудлаар түүнийг хоргоож, явах гэхэд нь дахин дахин зууралдсаар байсан байдаг. Түүний ийнхүү үйлдлийг таслан цааш явах гэж С.Г гараа халах үед цохигдсон гэж шүүгдэгч мэдүүлсэн. Хохирогчийн өөрийнх нь буруутай үйлдлээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүссэн байдаг. С.Г-ийн хувийн байдлын тухайд урьд нь ямар нэг хэрэгт орж байгаагүй, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрийг хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтаас давуулж, хохирогч талтай тохирсон хэмжээнд төлсөн, цаашид эмчилгээний зардал төлнө гэж хэлж илэрхийлсэн зэрэг нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байгаагаас гадна шүүгдэгчид тухайн зүйл хэсэгт заасан торгуулиас өөр ял оноох тохиолдолд хохирогч талд тусламж дэмжлэг үзүүлэх, эмчилгээний зардал өгөх боломж хомс болох талаар анхаарч үзсэнгүй.
Анхан шатны шүүх С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулсан байтал давж заалдах шатны шүүхээс ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шүүгдэгч С.Г-ийн зүгээс давж заалдах шүүх хуралдааны дараа хохирогчид нэмж 5,000,000 төгрөг төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх боломжтой. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо ял хөнгөдсөн гэх үндэслэлийг тодорхойлсон байна. Хэрэв анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Г-т оногдуулсан торгуулийн ял хөнгөдсөн гэж давж заалдах шатны шүүх үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж, торгох ялыг хорих ялаар солихоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрх хэмжээтэй байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч С.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Г- 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн хэв журам хамгаалах газрын хашаанд тус газрын Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтсийн банк хамгаалах гэрээт тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Билгүүнийг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан талаар шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Г-т 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид нэмж 5,000,000 төгрөг, нийтдээ 15,000,000 төгрөг төлснөөс гадна цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр шийтгэснийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН