Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0738

 

Иргэн М.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 741 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн М.*******ын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 741 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль (1992 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтуудыг баримтлан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан *******гийн *******ын “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүйн сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг биелүүлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад даалгах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.******* давж заалдах гомдолдоо: “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бол 30 хоног харгалзан үзэхээр зохицуулалт байна. Энэ нь ******* мэтийн албан хаагчдыг дарамт шахалтаас үүдэлтэй ажлаас чөлөөлөх өргөдлөө хүчинд автан гаргахаас урьдчилан сэргийлсэн ажилтны эрхийг хамгаалсан зохицуулалт билээ. Гэрч С.******* би *******т шахалт дарамт үзүүлж өргөдөл гаргуулаагүй гэдэг боловч *******ын Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн сайдад удаа дараа гомдол гаргаж байснаар дарамтад орсон гэдэг нь харагддаг.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчимд “захирах захирагдах ёс” гээд заасан байдаг Гэтэл бид сайдын тушаалыг биелүүлэхгүй гэдэг хэрэв биелүүлэхгүй байгаа бол шалтгаанаа тайлбарлан мэдэгдэх ёстой болов уу Нөгөө нэг асуудал Сайдын тушаал хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоногийн дотор гомдол гаргаж хүчингүй болгуулах асуудлыг тавих боломжтой. Гэтэл ийм алхмуудыг хийлгүй Сайдын А/117 дугаар тушаал хүчин төгөлдөр болчихсон. Нэгэнт хүчин төгөлдөр эрх зүйн үр дагавар бий болгосон акт үйлчилж байгаа түүний үйлчлэлийг хангах асуудал л үлдээд байна.

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ” ... ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг ... Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно” гэсэн хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан сайдын шийдвэрийг биелүүлэхгүй байх жишгийг шүүх хууль зөрчин байж тогтоох гэж оролдож байгаа нь ойлгомжгүй зүйл юм. Шүүх М.******* нь нотлох баримтуудыг тал бүрээс нь судалгүйгээр хэт нэг талыг баримтлан шүүхийн шийдвэрийг гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн 741 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн б/575 дугаар тушаалаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн телекамерын жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоолгохоор ажлаас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэжээ.  

Хариуцагчаас цагдаагийн ахлах ахлагч М.*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах хүсэлтээ өөрөө гаргасан гэсэн, тухайн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан боловч цугларсан баримтаас түүнийг цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоолгох тухай хүсэлтээ сайн дураар гаргасан гэдэг нь эргэлзээтэй байна.

Тодруулбал, М.*******ын эх Х.******* өөрийн хүүг хувь тэнцүүлэн цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгөх талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргад 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр[1], М.******* өөрөө 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр[2] гаргаж байсан боловч тэдгээрийг үгүйсгэсэн буюу цэргийн байнгын тэтгэвэрт гаргах тухай өөрийн ээжийн хүсэлтийг түр хойшлуулах, өөрөө ажлаа хийх хүсэлттэй байгаа талаараа 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өргөдлөө[3] мөн гаргаж байжээ.

Ийнхүү М.******* нь цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоолгох хүсэлттэй байгаа эсэх нь тодорхойгүй байхад хариуцагч албан тушаалтан энэ талаар тодруулалгүй Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 02-ны дөрийн 2б/2348 дугаар албан бичгийн дагуу Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны дөрийн А/117 дугаар тушаалд хамрагдаагүй алба хаагчдын тоонд оруулж, М.*******ын хүсэлтүүдээс зөвхөн тэтгэвэр тогтоолгохоор гаргасан хүсэлтийг нь үндэслэн түүнийг цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоосон нь буруу байна.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн б/575 дугаар тушаал дээрх байдлаар хуульд нийцээгүй боловч нэхэмжлэгчээс тухайн захиргааны актыг хүчингүй болгохоор шаардаагүй, зөвхөн тухайн тушаалыг “холбогдох эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан тул шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр уг актыг илт хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжүүдийг агуулаагүй бөгөөд хариуцагч байгууллагаас тушаалын хуулбарыг гаргаж өгөхдөө гарын үсэг зураагүй хувь дээр эрх бүхий этгээд “хуулбар үнэн” тэмдэг дарж ирүүлснийг тухайн актад гарын үсэг зурагдаагүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр түүнийг илт хууль бус гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Цагдаагийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 /Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө тус тус хариуцна/, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 /Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнана/, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим ..., ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно” гэх заалтуудаас үзвэл Засгийн газрын агентлаг, түүний бүтцийн байгууллагын хувьд Цагдаагийн ерөнхий газар түүний харьяа алба, хэлтсүүд нь үйл ажиллагаагаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцахаар, Хууль зүйн сайд үүнтэй холбогдуулж цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг эдэлж байсан бөгөөд уг эрхийнхээ хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг гаргаж цагдаагийн ахлах ахлагч М.*******ын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг нэг жилээр сунгахаар шийдвэрлэжээ.

 Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Хууль зүйн сайдын хуульд нийцсэн тушаалыг түүний харьяа агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа нэгж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга шууд биелүүлэх үүрэгтэй байтал биелүүлэлгүй татгалзсан байгаа нь хууль бус байна.

Иймд нэхэмжлэгчийн “Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг хариуцагч Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга биелүүлэхийг даалгах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх дээрх асуудлаар буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн б/575 дугаар тушаалаар М.*******т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд бодит байдалд тухайн тэтгэмж олгогдоогүй, шүүхийн шийдвэрээр М.*******ын нэхэмжлэлийг хангаж Хууль зүйн сайдын тушаалыг биелүүлэхийг хариуцагчид даалгасан тохиолдолд тухайн тусламж олгогдохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 741 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ын “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хангаж, “Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг биелүүлэхийг, мөн М.*******ын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан 2 сар 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх 1.997.322 /нэг сая есөн зуун ерэн долоон мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад тус тус даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР