Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 336

 

“Ч-А” ХХК-ийннэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан хийж, “Ч-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0135 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0304 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0135 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус үндэслэн ... Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 захирамжийн дагуу сонгон шалгаруулалтанд оролцож 1 дүгээр байранд шалгарсан 540*165 харьцаатай м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч “Ч-А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0304 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэг. Шүүхээс хэргийн үйл баримтыг буруу үнэлж, дүгнэлт өгсөн тухайд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Засаг даргын нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдохгүй байна, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөхөөргүй байна гэж дүгнэсэн байдаг.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамжийн дагуу сонгон шалгаруулалтанд 2 байрлал дээр оролцож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн байрны дунд байрлах нийтийн эзэмшлийн талбайд өгсөн санал 1 дүгээр байранд шалгарсан талаар 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4/1147 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанаас мэдэгдэж, тухайн газрын хамаарал бүхий оршин суугч, СӨХ-ноос гараж, тоглоомын талбай барихтай холбоотой санал, зөвшөөрөл, судалгааг авч тус газарт ирүүлнэ үү гэсний дагуу нэхэмжлэгч талаас бүх оршин суугчдаас үнийн санал, гараж барих зөвшөөрөл авч хүргүүлсэн.

Нэхэмжлэгч талаас газар эзэмшихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанаас шаардсан бүхий л баримт, материалыг бүрэн бүрдүүлж хүргүүлсэн ч тус газрын эзэмшүүлэх шийдвэр гаргасан эсэх хариуг нэхэмжлэгчид огт өгөөгүй, 2016 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбар ирүүлсний дагуу олж мэдсэн. Гэтэл Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын наймдугаар зүйлд Засаг даргын шийдвэрийн дагуу хариу мэдэгдэх ажиллагааг тусгайлан зохицуулж өгсөн. Тус журмын дагуу Засаг дарга 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/365 тоот газар эзэмшүүлэх захирамж гаргаад “Ч-А” ХХК-д мэдэгдэх үүрэгтэй байсан ч огт мэдэгдээгүй.

Ямар шалтгаан, нөхцөл байдлын улмаас Засаг дарга захирамжаа мэдэгдээгүй болохыг тодруулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасны дагуу шүүхээс тайлбар ирүүлэхийг хүссэн, хариуцагч тодорхой тайлбар огт гаргаагүй. Анхан шатны шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад “Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж гарсан гэдгийг мэдэгдээгүй, ямар учраас мэдэгдээгүй гэдгийг мэдэхгүй, тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болсон” мэтээр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргасан ч зохих журмын дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хуулийн дагуу ажиллаагүй буюу хууль бус эс үйлдэхүй гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс эс үйлдэхүй байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Засаг даргын дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас 2012-2016 оны хооронд нөхцөл байдал өөрчлөгдөж, нэхэмжлэгч газрыг эзэмшиж боломжгүй болсон. Тухайлбал, тус газарт 2013-2014 онд Нийслэл Засаг даргын харьяа агентлаг буюу Байгаль орчны газраас баталгаажуулан 27 сая төгрөгийн тохижилтын ажлыг “Хөгжлийн шинэ гарц” ТББ-аар гүйцэтгэсэн, одоо тоглоомын талбай байгаа гэдгийг үзлэг бусад баримтаар нотлогдоно.

Хоёр. Шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлийг үндэслэн газар эзэмших хүсэлт, газрын хэмжээ, байршлыг харуулсан тойм зураг зэргийг үндэслэн тухайн газар эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу хандаагүй, нэгэнт газар эзэмшүүлэх шийдвэр гарсан байхад өөр газарт дүйцүүлэн олгох асуудал байхгүй гэж дүгнэсэн байна. Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч өөрт нь эрх үүссэн эсэхийг мэдээгүй байж ямар арга замаар шүүхийн тайлбарлаад байгаа шиг хүсэлт, бусад баримтыг Засаг даргад хүргүүлэх вэ, эрх хэрэгжүүлэхийн тулд ядаж газар эзэмших эрхтэй гэдгээ мэдсэн байх ёстой шүү дээ.

Бодит байдал дээр энэхүү байр хоорондын нийтийн эзэмшлийн талбайд доороо гараж, дээр нь тоглоомын талбай барих зориулалтаар газар эзэмшүүлэх харилцааг тусгайлан хууль, дүрэм, журмаар зохицуулж байгаагүй. Гэвч Нийслэлийн Засаг даргаас 2011-2012 онуудад хэд хэдэн удаа төсөл сонгон шалгаруулалт зарлаж газар эзэмшүүлсэн байгаа. Харин 2015 оны 10 дугаар сард Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 175 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг баталж зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүхээс тухайн үед хуулиар нарийвчилсан зохицуулалт байхгүй харилцааг Засаг дарга төсөл сонгон шалгаруулалт зарлан шийдвэрлэдэг байсан, мөн зохих журмын дагуу газар эзэмшүүлсэн гэдгээ мэдэгдээгүй нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн дагуу шаардлага тавьж, газар эзэмшигчийн үүргийг шаардах нь шударга ёсонд нийцэхгүй.

Гурав. Шүүхээс нэхэмжлэгч талын яагаад нэхэмжлэлийн шаардлага нь тухайн газрыг бус өөр газар эзэмших хүсэлтэй байгаа гэдгийг огт харгалзаж үзээгүй.  Тухайн газар хоосон, дээр нь ямар эд хөрөнгө бий болоогүй байхад газар нь төрийн өмч, нийтийн эзэмшлийн талбай байсан. Гэтэл одоо газар дээр тоглоомын талбай бий болсон. Энэхүү тоглоомын талбай нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу оршин суугчдын дундын өмч юм. Хувийн, төрийн, олон нийтийн, дундын өмч байхаас үл хамаараад Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиар өмчлөх эрх хамгаалагдана. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуулийн 147, 148, 149 дүгээр зүйлд заасны дагуу тус тоглоомын талбай дундын өмч бөгөөд СӨХ-ноос хамгаалах үүрэгтэй.

Шүүхээс дээрх нөхцөл байдлыг огт харгалзан үзэлгүйгээр Засаг даргын шийдвэр хүчинтэй, газар эзэмших эрхтэй гэж үзэж байгаа нь шүүхийн бодит практик, бусад хууль тогтоомжоор газар эзэмших эрх, өмчлөх эрхийн хоорондын ялгаа, эрх зүйн хамгаалалт бодитоор үнэлж, дүгнэх ёстой. Ийм нөхцөл байдал үүсгэсэн Засаг даргад зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах ёстой гэж бид үзэж байна.

Дөрөв. Шүүхээс шийдэл гаргахаас татгалзсан нь үндэслэлгүй тухайд:

Анхан шатны шүүхээс ч, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгээгүй Нийслэлийн Засаг даргын тодорхой хууль бус эс үйлдэхүй байсан, үүний улмаас газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд бэрхшээл учирсан, одоо эзэмших боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тэгвэл захиргааны байгууллага, албан тушаалтан хууль бус эс үйлдэхүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч энэ талаар шийдэл огт гаргахгүй байх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн тогтоох, хамгаалах үүргээс шүүх татгалзаж байна.

2015 оноос эхлэн нийтийн эзэмшлийн талбайд доороо гараж бүхий тоглоомын талбай барих харилцааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоол гаргаж, журмаар зохицуулсан. Энэ журмын дагуу нэхэмжлэгч талд урьд эзэмшиж байсан газартай нь дүйцүүлэн дахин эзэмшүүлэхийг даалгах боломж шүүхэд байгаа. Гэтэл энэхүү хууль зүйн боломж, гаргалгааг шүүх ашиглахгүй орхигдуулж байгаад гомдолтой байна. Тиймээс хяналтын шатны шүүхээс дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуулийг буруу, зөрүүтэй хэрэглэж байгаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ч-А” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 дүгээр захирамжийн дагуу сонгон шалгаруулалтанд оролцож 1 дүгээр байранд шалгарсан 540*165 харьцаатай м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/365 дугаар захирамжийг бидэнд зохих журмын дагуу мэдэгдээгүй, ...тухайн газар дээр одоо тоглоомын талбай бий болсон...” гэж маргажээ. 

Нийслэлийн Засаг даргын “Орон сууцны хороолол орчмын гаражуудыг журамлах тухай” 2011 оны 397 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга нь 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай” А/54 дүгээр захирамж гарган, нийт 8 байршил бүхий газарт төсөл сонгон шалгаруулалт зарлаж явуулсан байна.  

“Ч-А” ХХК нь 2 байршлын төсөл сонгон шалгаруулалтанд оролцсоноос Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр байрны зүүн талд баригдах, дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараж байгуулах төсөл нь 244 оноогоор 1 дүгээр байрт шалгарч, улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/365 дугаар захирамжаар тус компанид “дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараж байгуулах” зориулалтаар 0.15 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасантай нийцсэн байна.

 Учир нь, нэхэмжлэгч “Ч-А” ХХК нь Нийслэлийн газрын албанаас хүргүүлсэн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” 4/1147 тоот албан бичгийг хүлээн авсан, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Шинээр ажил эхлүүлэхгүй байх тухай” 07 дугаар тогтоолын талаар мэдэж байсан гэсэн атлаа түүнд газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/365 дугаар захирамж гарсныг огт мэдээгүй, хариуцагч зохих журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж маргаж буй нь ойлгомжгүй, сонгон шалгаруулалтанд оролцож шалгарсан эрхийнхээ дагуу шаардах боломжтой байжээ.

Мөн  нэхэмжлэгч  хуулийн  этгээд  нь  тус  компанийн  гараж  барихаар  төсөлд

шалгарсан газар дээр 2013 онд Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын захиалгаар “Хөгжлийн шинэ гарц” ТББ-аас тохижилтын ажил хийгдсэнийг мэдсэн буюу тухайн байршилд тус компани төсөл хэрэгжүүлэх боломжгүй болж, үүний улмаас өөр байршилд газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргад гаргаж байгаагүй нь тогтоогдсон тул хариуцагчийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.  

Түүнчлэн “Ч-А” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/365 дугаар захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байх бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын  дагуу дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол барих сонгон шалгаруулалт зарлагдаагүй байхад нэхэмжлэгчээс 540*165 харьцаатай м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газар эзэмшүүлэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, энэ талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлт зөв байна. 

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0135 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0304 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        М.БАТСУУРЬ

                          ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА