Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0381

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.У,

Шүүгдэгч П.М, /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт П-ын М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000445 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш овогт П-ын М, /регистрийн дугаар: ..................... /, .......... оны ........ дүгээр сарын ........ -ны өдөр ............  аймгийн ............ суманд төрсөн, эмэгтэй, ........ настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ................ хот, ............дүүргийн ........... дугаар хороо,....... дугаар байрны .................. авагч ажилтай, ам бүл ........, ..................ийн хамт ................. хот .............. дүүргийн .......... дугаар хороолол, .............. тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч П.М нь цахим хэрэгсэл ашиглаж ..............гэх фэйсбүүк хаягаар 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд бараа захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Б-ын Хаан банкны ............ тоот дансаар насан хүрээгүй Б.С-аас 321,000 төгрөгийг,

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Г.Б-ын Хаан банкны .......... тоот дансаар иргэн Т.Э-аас 190,000 төгрөгийг,

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Г.Б-ын Хаан банкны ******* тоот дансаар иргэн Я.О-өөс 61,000 төгрөгийг,

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Г.Б-ын Хаан банкны ******* тоот дансаар иргэн М.Ө-аас 85,500 төгрөгийг,

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Г.Б-ын Хаан банкны .............. тоот дансаар иргэн Б.Н-ээс 199,000 төгрөгийг,

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Г.Б-ын Хаан банкны ................. тоот дансаар иргэн Т.Б-ээс 54,000 төгрөгийг,

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Г.Б-ын Хаан банкны ..................... тоот дансаар иргэн О.Б-ээс 24,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 931,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч П.М-ийг цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.М нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд цахим хэрэгсэл ашиглаж, бараа захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.С, Т.Э, Я.Оюунтөгс, М.Ө, Б.Н, Т.Б, О.Б нараас нийт 931,500 төгрөгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй. Хохирлыг нөхөн төлж прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн.” гэв.

 

Эрүүгийн 2018000000445 дугаартай хэргээс:

 

Г-ын Б-ын Хаан банкны ............. дугаарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл[1],

 

Хохирогч Б.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ................... цахим хаягтай онлайн дэлгүүрээс нимгэн хөнжил, бууз баншны сав, давс сахрын сав 1 ком, төмөр тавиур 1 ширхэг нийт 199,000 төгрөгийн бараа захиалсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд бараа болон мөнгөө авч чадаагүй. Фэйсбүүк чат бичихээр миний чатыг харчхаад хариу бичдэггүй. Мөн .............. дугаарын утас руу залгахаар холбогдохгүй байсан. гэх мэдүүлэг[2],

 

Б.Нийн дансны хуулга[3],

 

Хохирогч Т.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ...............  цахим хаягтай онлайн дэлгүүрээс цахимаар холбогдож 4 нимгэн хөнжил, хүүхдийн куртик захиалж 54,000 төгрөгийг Б гэх хүний Хаан банкны ................. дугаартай данс руу шилжүүлсэн. Захиалга өгснөөс хойш сарын дараа фэйсбүүк чатаар холбогдоход маргааш, нөгөөдөр, дараа 7 хоногт бараа ирнэ гээд дандаа хойшлуулдаг байсан. ................  гэсэн дугаар өгсөн боловч энэ дугаар нь ерөөсөө холбогдохгүй байсан. гэх мэдүүлэг[4],

 

Хохирогч Т.Э хэрэг бүртгэлтэд  2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр .................. цахим хаягтай онлайн дэлгүүрээс цахимаар холбогдож 2 зузаан хөнжил, нимгэн хөнжил 7 ширхэг, 1 даашинз, 2 хөнжлийн даавуу захиалж 135,000 төгрөг, 11,000 төгрөг, 44,000 төгрөг нийт 190,000 төгрөг шилжүүлээд 110,000 төгрөгийн бараа авсан. Одоо 80,000 төгрөгийн бараа авах ёстой боловч бараа болон мөнгөө авч чадаагүй. Мөнгө шилжүүлсэн .................. дугаарын данс Б гэх хүний нэр дээр байсан. гэх мэдүүлэг[5],

 

Т.Эн-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга[6],

 

Хохирогч Я.О-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ............... цахим хаягтай онлайн дэлгүүрээс цахимаар холбогдож 1 ширхэг зузаан хөнжил, 2 ширхэг хөнжлийн даавуу захиалж нийт 61,000 төгрөгийг нөхрийнхөө .................дугаарын данснаас шилжүүлсэн бөгөөд бараагаа авч чадаагүй. .............. гэсэн дугаар өгсөн боловч энэ дугаар нь холбогдох боломжгүй гээд холбогдож чадаагүй. Мөн фэйсбүүк чатаар харьцдаг байсан ба тухайн үед бараа буугаагүй байна, хүлээж байгаарай гэж хойшлуулсаар байгаад 2 сар гаран болсон. гэх мэдүүлэг[7],

 

Хохирогч М.Ө-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Daimond Daimond цахим хаягтай онлайн дэлгүүрээс цахимаар холбогдож 1 ширхэг куртик 26,500 төгрөгөөр, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өөр 4 ком хайруулын таваг авахаар 39,999 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1 ширхэг биеийн тамирын хослол авахаар 16,000 төгрөг буюу нийт 82,500 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ................ дугаарын данснаас Б-ын ............. дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээ хийж шилжүүлсэн боловч бараагаа авч чадаагүй. Бараагаа асуухаар бараа урдаас ирж байгаа, Замын-Үүд дээр байгаа гэх мэтээр худал хэлж итгэл төрүүлдэг байсан. ..............  гэсэн дугаар өгсөн боловч холбогдож чадаагүй. Мөн фэйсбүүк чатаар харьцдаг байсан ба тухайн үед бараа буугаагүй байна, хүлээж байгаарай гэж хойшлуулсаар байгаад 2 сар гаран болсон. гэх мэдүүлэг[8],

 

Насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...............  цахим хаягаар Дархан зарын групп дээр тавьсан зарын дагуу 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 20,000 төгрөг, 108,000 төгрөг, 83,000 төгрөг, 23,000 төгрөг, 35,000 төгрөг, 20,000 төгрөг, 32,000 төгрөг нийт 7 удаагийн гүйлгээгээр 321,000 төгрөгийг 11 ширхэг нимгэн хөнжил, 2 куртик, фудволк 4 ширхэг, усанд хийж уудаг цайр 3 ширхгийг захиалж авахаар Хаан банкны..........  дугаарын данснаас Б-ын .. ..................... дугаарын данс руу шилжүүлсэн боловч бараагаа авч чадахгүй 3 сар орчим болсон. ........... гэсэн дугаар өгсөн боловч холбогдох боломжгүй гээд байсан. Фэйсбүүкээр чатаар харьцахаар гар утсаа хаясан, маргааш явуулъя, бараа ирсэн гэрт байгаа маргааш явуулъя гэж удаа дараа худлаа хэлдэг байсан. . цахим хаягтай онлайн дэлгүүрийг ажиллуулдаг гэх хүнтэй уулзаж байсан. Дархан захын өмдний 106 дугаар лангуун дээр зогсдог. Өөрийгөө Б гэж танилцуулсан ба 25 настай, онигор нүдтэй, махлаг эгч байсан. гэх мэдүүлэг[9],

 

Хохирогч О.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ......................  цахим хаягтай онлайн дэлгүүрээс цахимаар холбогдож 2 ширхэг нимгэн хөнжил захиалж 24,000 төгрөгийг ......................  дугаарын Б гэсэн нэртэй Хаан банкны данс руу шилжүүлсэн. Бараа захиалга авахдаа 14-20 хоногийн дотор ирнэ гэсэн боловч бараа ирэхгүй сар гаран болсон. Цахим хаяг руу нь чат бичихээр удахгүй ирнэ ээ гэсэн хариу бичиж байгаад сүүлдээ хариу бичихээ болиод тэр чигтээ таг болсон.гэх мэдүүлэг[10],

 

Гэрч Г.Б-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 02 дугаар сарын сүүлээр манай хажуугийн 106 тоот өмдний лангуун дээр М гэх эмэгтэй худалдагчаар ажиллаж эхэлсэн. Тэр үед М-тэй танилцсан. М нь 2020 оны 03 дугаар сард надаас дансанд чинь мөнгө хийгээд авъя гэсэн. Тэр үед хэдэн төгрөг хийж байсныг санахгүй байна. Өөрийгөө данс байхгүй, мэдээлэл ирдэггүй гээд байдаг юм. М нь ТАОБАО сайтаас бараа захиалж зардаг гэж надад ойлгуулсан, түүнээс хойш миний дансыг байнга ашигладаг байсан. Над руу шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга дээр утасны дугаараа бичсэн байдаг. Хамгийн ихдээ 1,000,000 төгрөг багадаа 10,000 төгрөг орж ирдэг. М миний интернет банкаар хүн рүү мөнгө шилжүүлдэг байсан. Сүүлд дансны хуулгаа харахад П гэх хүн рүү ихэвчлэн мөнгө явуулдаг байсан юм билээ. М нь 28 настай, Эрдэнэтийнх гэж өөрийгөө танилцуулсан. Дарханд 16 давхарт байр түрээсэлж П гэх хүнтэй хамт амьдардаг гэж ярьж байсан. ................  гэсэн дугаар барьж байсан боловч одоо холбогдохоо больсон. Одоо ..................  дугаар дээр байж магадгүй. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр хэсэг хүмүүс зах дээр ирээд М-ээс нэг бол мөнгөө авъя нэг бол бараагаа авъя гэж хэл ам хийсэн. Хэл ам хийгээд байхаар нь лангууных нь эзэн******* ,******* нар чи одоо хүмүүсийг барааг олж ир гэсэн. Тэр үед М миний захиалсан бараанууд ирсэн гэж хэлээд 08 сарын сүүлээр бараагаа авч ирнэ гэж яваад ирээгүй. М нь ................. гэсэн нэртэй модны зурагтай цахим хаягтай. М нь 2020 оны 03 дугаар сараас хойш 2020 оны 08 дугаар сарыг хүртэл миний дансаар 3 сая гаран төгрөгийн орлого, зарлага хийсэн.гэх мэдүүлэг[11],

 

Гэрч М.П-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2020 оны 04 сард М-тэй танилцаж 5 дугаар сараас эхлэн үерхсэн ба М нь 2020 6 дугаар сарын 10-ны өдрөөс 16 давхрын 7 давхарт 62 тоот байранд хажуу өрөө сарын 150.000 төгрөгөөр түрээслээд намайг хамт амьдраач гэж хэлсэн. Би уг байранд нь ирэн очин байдаг. 2020 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын 20-ны өдөр хүрэл хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд Улаанбаатарын автобусны дайвраар өмд, цамц, гутал, цүнх, гар утас, хөнжил, гэр ахуйн бараа зэрэг зүйл ирдэг байсан. Хүмүүсээс бараа захиалахдаа мөнгөө шилжүүлж авдаг байсан болохоор би төлбөр тооцоо авдаггүй байсан. 2020 оны 8 дугаар сарын эхэн үеэс эхлээд бараа ирэхээ больсон. Бараа яагаад ирэхгүй байна гэж асуухаар мөнгө дутуу байна, мөнгөө гүйцэд шилжүүлэхээр бараа ирнэ гэж хэлдэг байсан. Бараа захиалсан хүмүүс бараагаа асуухаар миний утасны дугаарыг өгчихдөг байсан. М нь ...............  гэсэн дугаарын утас барьдаг байсан, одоо утас нь холбогдохгүй байгаа.
М миний картыг аваад явдаг байсан. Хэнээс хэдэн төгрөг шилжүүлж байгааг нь би мэддэггүй байсан. Гэртээ хоол хүнс авах, түрээсийн мөнгөө М төлдөг байсан. Би тухайн үед ажил хийдэггүй байсан болохоор мөнгөгүй байдаг байсан. Би Мтэй 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн харьцаагаа тасалсан.
гэх мэдүүлэг[12],

 

П.М-ийн хэрэг бүртгэлтэд гэрчээр 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дархан захын өмдний лангуун дээр худалдагчаар ажилд ороод 2020 оны 07 дугаар сарыг дуустал ажилласан. 2020 оны 04 дүгээр сараас онлайн шоп буюу цахим дэлгүүр ажиллуулж 2020 оны 07 дугаар сар хүртэл хүмүүсээс захиалга авч захиалгыг БНХАУ-ын Таобао сайтаас захиалж өгдөг байсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сард П  гэдэг залуутай танилцаад 06 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. Би өөрөө дансгүй болохоор П-ийн Хаан банкны ...............  дугаарын дансыг ашиглан хүмүүсээс захиалга авч бараагаа захиалдаг байсан. П эрхэлсэн ажилгүй болохоор хамт амьдарч байх хугацаандаа байр, хоолны мөнгийг би төлдөг байсан. Төлөхдөө хүмүүсийн бараа захиалсан мөнгөнөөс бага багаар авч байгаад олон хүний захиалгын мөнгөнөөс авсан. П өөрийн данснаасаа надад мэдэгдэхгүйгээр мөнгө авч архи уудаг, ээж рүүгээ мөнгө явуулдаг байсан. Мөнгө өгч бараа захиалаад бараагаа аваагүй арав орчим хүн байгаа. Ээж бид хоёр 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 20-ны хооронд нийт 30 гаруй хүний 2 сая орчим төгрөгийн хохирлыг барагдуулсан. Би .................  гэсэн хаягаа ашиглахгүй байгаа.  Би анх хэн нэгнийг хуураагүй цахимаар бараа зарж байсан. Сүүлд мөнгөний хэрэг гараад ийм асуудал гаргасан. Би бусдаас авсан мөнгөөрөө түрээсийн байрны төлбөр болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан. П болсон асуудлын талаар мэдэхгүй. Миний буруутай үйлдлээс болж ийм зүйл болсон. гэх мэдүүлэг[13] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. гэв.

Шүүгдэгч П.М-ийг өмгөөлүүлэх эрхээр хангасан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлж, өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч П.М-ийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь цахим хэрэгсэл ашиглах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч П.М нь цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч П.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.М нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч П.Мийг цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын сонсгосон ялын хүрээнд шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт П-ын М-ийг цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.М-д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 7-19 тал

[2] Хавтаст хэргийн 21-22 тал

[3] Хавтаст хэргийн 23 тал

[4] Хавтаст хэргийн 25-26 тал

[5] Хавтаст хэргийн 28-29 тал

[6] Хавтаст хэргийн 30-32 тал

[7] Хавтаст хэргийн 34-35 тал

[8] Хавтаст хэргийн 37-38 тал

[9] Хавтаст хэргийн 41 тал

[10] Хавтаст хэргийн 43-44 тал

[11] Хавтаст хэргийн 54-55 тал

[12] Хавтаст хэргийн 58-59 тал

[13] Хавтаст хэргийн 55-56, 64-65 тал