| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00229/И |
| Дугаар | 229 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, .................................. тоотод байрлах ТХӨ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, ........................................ тоотод оршин суух, Ах сум овогт Ш.О /РД: /-д холбогдох
4 134 768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хандаа,
хариуцагч Ш.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Ш.О нь ТХӨ ХХК-ийн Тайхар баарыг нэг сарын түрээс 500 000 төгрөг, ашиглалтын зардлыг сар бүр төлөх нөхцөлтэйгөөр эд хогшил, барилгыг хүлээлцэн өгч, аман хэлэлцээ хийж 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал түрээслэсэн. Ш.Огээс түрээсийн төлбөрт 800 000 төгрөгийг авч дулааны төлбөрт төлсөн. Анх түрээслэхэд нь зарим эд хогшил дутуу гэдгийг хэлж байсан. Тухайн үедээ бичгээр гэрээ хийгээгүй. Одоо Ш.Огээс 2019 оны 11, 12, 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх дулааны төлбөр, түүний алданги 2 256 768 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх усны төлбөр 258 000 төгрөг, 2019
оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хогны төлбөр 120 000 төгрөг, нийт 4 134 768 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ТХӨ ХХК-ийн Тайхар баарыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсэлсэн нь үнэн. Гэхдээ энэ талаар аман хэлцэл хийсэн бөгөөд төлбөрийн талаар шууд тохирсон зүйл байхгүй. Тухайн объект үйл ажиллагаа шууд явуулах боломжгүй, эд хогшил дутуу, засвартай, зарим төхөөрөмж нь ажиллахгүй байсан. Би хувиасаа 450 000 төгрөг гарган хэрэгцээт эд зүйлийг худалдан авч, гадна орчны хог ачуулах, дотоод цэвэрлэгээ зэргийг өөрийн биеэр хийсэн. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Н.Хандаа утсаар ярьж 800 000 төгрөгийн дулааны төлбөр төлөх хэрэгтэй, яаралтай шилжүүл гэсний дагуу Дулааны станц ТӨХК-ийн данс руу шилжүүлсэн. Тухайн баар үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжгүй, үйлчлүүлэгч орж ирдэггүй тул 11, 12 дугаар саруудад бараг ажиллагаагүй. 2020 оны 01 дүгээр сард үйл ажиллагаа огт явуулаагүй. Гэхдээ би усны төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТХӨ ХХК нь хариуцагч Ш.Од холбогдуулан 2019 оны 11, 12, 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх дулааны төлбөр, түүний алданги 2 256 768 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх усны төлбөр 258 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хогны төлбөр 120 000 төгрөг, нийт 4 134 768 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь үйл ажиллагаа явуулах боломжгүй үйлчилгээний зориулалттай барилгыг өгсөн, мөн өөрийн зүгээс зардал их гаргасан, сард төлөх түрээсийн төлбөрийг тохиролцоогүй тул одоо төлөх төлбөр байхгүй гэж маргасан.
ТХӨ ХХК-ийн үйлчилгээний зориулалттай барилгыг Ш.О нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн зориулалтаар ашигласан, хариуцагч нь дулааны төлбөрт 800 000 төгрөгийг төлсөн гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилгыг тодорхой хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор нь шилжүүлсэн, хүлээн авсан зохигчийн тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна. Гэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн шаардлагыг хангасан гэрээг талууд байгуулаагүй, зөвхөн аман хэлбэрээр тохиролцжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж байгуулсан хэлцэл нь байгуулагдсан цагаас хүчин төгөлдөр бус байхыг заасан. Өөрөөр хэлбэл, талууд үйлчилгээний зориулалттай барилгыг тодорхой хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор шилжүүлэх, ашиглахаар түрээсийн гэрээ байгуулсан боловч хуульд зааснаар бичгээр гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир тэдгээрийн хоорондын тохиролцоо хүчин төгөлдөр бус болжээ.
Мөн нэхэмжлэгч нь 1 сарын 500 000 төгрөгийн түрээсийн төлбөр авахаар тохиролцсон гэж тайлбарласан боловч энэ нь баримтаар нотлогдоогүй.
Нэгэнт талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй байгаа учир Ш.Огийн тухайн үйлчилгээний зориулалттай барилгыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн зориулалтаар ашиглах явцад үүссэн зардлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд дараах байдлаар шийдвэрлэв:
- 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх дулааны төлбөр, түүний алданги 2 256 768 төгрөг нэхэмжилсэн байгаа боловч хэрэгт авагдсан Налайхын дулааны станц ТӨХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаар дээрх хугацааны дулааны төлбөр нь 1 361 380 төгрөг, алданги нь 120 397.2 төгрөг, нийт 1 481 777.2 төгрөг болжээ. Үүнээс хариуцагчийн дулааны төлбөрт төлсөн 800 000 төгрөгийг хасч, үлдэх 681 777.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж байна.
- 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх усны төлбөр 258 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр зөвшөөрсөн тул энэ дагуу гаргуулах нь зүйтэй.
- 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хогны төлбөр 120 000 төгрөг нэхэмжилсэн байгаа боловч энэ хэмжээний төлбөр үүссэн болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд баримтаар нотлоогүй учир хэрэгсэхгүй болгов.
Өгсөн дүгнэлтийн хүрээнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу дулааны төлбөр 681 777.2 төгрөг, усны төлбөр 258 000 төгрөг, нийт 939 777.2 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
үүргийн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэх эрхгүй гэж түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг, илүү нэхэмжилсэн, мөн урьд төлсөн төлөлтийг хасч тооцон дулааны төлбөр 1 574 990.8 төгрөг, баримтаар нотлогдоогүй хогны төлбөр 120 000 төгрөг, нийт 3 194 990.8 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 82 130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 27 104 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
нэхэмжлэлийн шаардлагаас 3 194 990.8 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 82 130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 27 104 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ