Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/399

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0382/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Д,

Шүүгдэгч А.Ц, Б.С, тэдний өмгөөлөгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Б-н С, Б овогт А-ийн Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000428 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц овогт Б-н С, /регистрийн дугаар: .................. /, ...........  оны ..........  дугаар сарын .............-ний өдөр .......... аймгийн .............  суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......  сургуулийн ......дүгээр курсийн оюутан, ам бүл ..., .............. хамт ........... аймгийн ...........  сум, .......... багийн ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Монгол Улсын иргэн, Б овогт А-ийн Ц, /регистрийн дугаар:................, ........... оны .......... дугаар сарын ..........-ны өдөр ........... аймгийн ..............  суманд төрсөн, ...........  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... .............. сургуулийн ........... их сургуулийн .........-ийн ............. дугаар курсийн оюутан, ам бүл ........., ............ хамт ............  аймаг, .............  сум, ....................  баг .................  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч А.Ц, Б.С нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 3,7054 грамм өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу сургуулийнхаа дотуур байранд бүртгүүлэхээр Б.С, М бид 3 хамт явахаар тохирсон байсан. Тэгээд С-тэй уулзаад Эрдэнэтийн хорооллоос хамт явж түүсэн. Тэгээд бид хоёр түүж бэлтгээд 2020 оны 08 дугаар сарын 24-ний орой вагонд сууж яваад Дарханд 1 цаг зогсоход нь бэлтгэсэн зүйлээ хэрэглэсэн. Хэрэглэчхээд явж байгаад цагдаатай таарч баригдсан.”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...Би өмнө нь тэнд ургадаг гэдгийг 10 дугаар ангид байхдаа Б гэж найзаасаа сонсож байсан. Хамгийн анх Facebook-с мэдэж авсан. Тэгээд сонирхоод хот руу явдаг өдрөө очиж түүж аваад орой нь вагоноор явж байхдаа Дарханд зогсоход нь хэрэглэсэн.”  гэв.

 

Эрүүгийн 2018000000428 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй гэрч Ү.М-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: ...Би Улаанбаатар хотод Их засаг их сургуулийн 1 дүгээр курст орохоор болсон юм. Мөн манай найз Ц, С нар Их засаг ир сургуульд сурдаг. Тэгээд бид гурав Улаанбаатар хот орж дотуур байрандаа орохоор 2020 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цаг 50 минутын вагонд суусан. Тэгээд би вагонд ороод унтаад явж байтал С Дарханд ирсэн байна гэхээр нь боссон. Гадагшаа гаръя гэж хэлэхээр нь гарахад Ц, С хоёр төмөр замын хашааны харанхуй руу яваад орохоор нь тамхи татах гэж байгаа юм байна гэж бодоод дагаад орсон. Тэгээд Ц жижиг савнаас ороосон 4 ширхэг тамхи шиг хэлбэртэй зүйл гаргаж ирээд хоёр ширхгийг аваад нөгөө хоёрыг нь савандаа хийгээд Ц цүнхэндээ хийсэн. Тэгээд Ц, С хоёр нөгөө тамхи шиг зүйлээ сороод байсан. Түүнээс би 4-5 удаа сорсон. Тэгээд вагон хөдлөх гээд дуугараад байхаар нь нөгөө тамхи шиг зүйлээ хаяад харанхуйгаас гараад явж байтал цагдаа нар тааралдсан. Тэгээд бид гурвыг цагдаа дээр авчирсан. гэх мэдүүлэг[1],

 

Б.С-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, яллагдагчаар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би өмнө нь хар тамхины төрлийн ургамал нэг удаа хэрэглэж байсан. Тэгээд манай найзын гэр болох хорооллын эцэс рүү явах замын дагуу автобусны буудлын ар талд байх жалганд хар тамхины төрлийн ургамал ургаж байхыг би харсан юм. Тэгээд *******, Ц бид гурав Улаанбаатар хот руу явж сургуулийн дотуур байранд орохоор явахаар болсон. Тэгээд 2020 оны 08 дугаар сарны 24-ний өглөө Ц бид хоёр нөгөө өмнө ургаж байхыг харсан жалганаас хар тамхины төрлийн ургамлаас түүж авсан. Түүсэн өвсөө Дамба бид хоёр чүдэнзний цаасыг нимгэн хуулж аваад ороож аваад саванд хийсэн. Тэгээд орой 21 цаг 30 минутын вагонд суугаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч  байхад Дархан-Уул аймагт ирсэн. Дарханд ирэхээр нь Ц, ******* бид гурав  вагоноос буугаад дэлгүүрээс ус ундаа авчхаад төмөр замын хашааны хайсан дотор орж нөгөө бэлтгэсэн өвсөө хэрэглэж байтал цагдаа нар ирсэн. Би өмнө нь интернетээс бичлэг үзэж  байсан. Тэгж мэддэг болоод сонирхоод хэрэглэж үзэх гээд түүж авч хэрэглэсэн. Намайг энэ гэмт хэргийг үйлдэхэд татан оролцуулсан хүн байхгүй. гэх мэдүүлэг[2],

 

А.Ц-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, яллагдагчаар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би ............. их сургуулийн ..............ийн ........... дугаар курст сурдаг бөгөөд найз С, ******* нартай цуг Улаанбаатар хот руу явахаар болсон. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 24-ний орой 21 цаг 50 минутын вагонд суугаад Улаанбаатар явсан. Тэгээд шөнө Дархан өртөө дээр ирээд С, ******* бид гурав вагоноос буугаад дэлгүүр орж ус ундаа авсан. Тэгээд өмнө нь бэлдсэн байсан хар тамхины төрлийн өвсөө сорохоор төмөр замын хашааны харанхуй руу ороод 2 ширхэг ороосон байсан өвсөө гурвуулаа хуваагаад тойруулж татсан. Тэгээд вагон хөдлөх болоод дуугараад байхаар нь нөгөө татаж байсан өвчөө хаяад харанхуйгаас гараад явж байтал цагдаа нар ирээд бариад авсан. Тэгээд цагдаагийн газар ирсэн. Улаанбаатар хот руу явах өглөө буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өглөө С-тэй уулзаад өмнө нь С хар тамхины ургамал ургасан байсан гэх газар руу явъя гээд хорооллын эцэст очиход эзэнгүй хашаа байсан. Тэгээд би тэр эзэнгүй хашааны хажууд зогсож байхад С яваад өвсөө түүгээд ирсэн. Тэгээд бид хоёр түүсэн өвсөө шүдэнзний хайрцгийг нимгэн хуулж аваад өвсөө хийгээд тамхи шиг ороогоод 4 ширхэг болгосон. Тэгээд миний тамхи хийдэг жижиг төмөр хайрцаг дотор хийгээд намайг цүнхэндээ хийчих гэхээр нь би цүнхэндээ хийсэн. Би өмнө нь интернет орчноос мансууруулах төрлийн өвс байдаг талаар мэдээд сонирхоод хэрэглэж үзэх гээд түүж авч хэрэглэсэн. Намайг энэ гэмт хэргийг үйлдэхэд татан оролцуулсан хүн байхгүй. гэх мэдүүлэг[3],

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4],

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай ...А-ийн Ц-ыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 1 дүгээр давхарт байрлан ариун цэврийн өрөөнд оруулж 10 төрлийн /LSD, MOP, ORI, МET, THC, KET, TML, MDMA, COC, AMP/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест ашиглах талаар тайлбарлан тестийн битүүмжлэлийг ..............  регистрийн дугаартай А-ийн Ц-д харуулан Самсунг  маркийн гар утсаар бичлэг хийн тестийн уутыг задалж зориулалтын саванд шээсний дээж авч тестийг зааврын дагуу ашиглаж үр дүнг хүлээв. ...THC хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байв.тэмдэглэл[5],

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай ...Б-н С-г Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 1 дүгээр давхарт байрлан ариун цэврийн өрөөнд оруулж 10 төрлийн /LSD, MOP, ORI, МET, THC, KET, TML, MDMA, COC, AMP/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест ашиглах талаар тайлбарлан тестийн битүүмжлэлийг ...................  регистрийн дугаартай А-ийн Ц-д харуулан Самсунг  маркийн гар утсаар бичлэг хийн тестийн уутыг задалж зориулалтын саванд шээсний дээж авч тестийг зааврын дагуу ашиглаж үр дүнг хүлээв. ...THC хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байв.тэмдэглэл[6],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4874 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж, тэнцэж байна. А.Ц ....................  2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[7],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4873 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж, тэнцэж байна. Б.С .............. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[8],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4875 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ALTOIDS” гэсэн бичиглэлтэй төмөр хайрцагт хийсэн бор өнгийн цаасан боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. Ирүүлсэн хоёр ширхэг бор өнгийн цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн жин нь 3,7054 гр байна. гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[9],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №83/20 дугаартай ...Б овогт С нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Б.С нь сэтгэцийн хувьд эрүүл учир мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай. Хэрэг хариуцах чадвартай болно.  гэх магадалгаа[10],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №84/20 дугаартай ...А овогтой Ц нь сэтгэцийн хувьд эрүүл болно. А.Ц нь сэтгэцийн хувьд эрүүл учир мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай. Хэрэг хариуцах чадвартай болно.  гэх магадалгаа[11],

 

Б.С, А.Ц нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[12],

 

Шүүгдэгч А.Ц, Б.С нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13] болон хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч А.Ц, Б.С нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Ц, Б.С нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 3,7054 грамм өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц, Б.С нар нь бүлэглэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 3,7054 грамм өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах  саналтай байна гэв.

Шүүгдэгч А.Ц, Б.С болон тэдний өмгөөлөгч З.Энхтуяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь хүнийг донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэх үйлчлэлтэй Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг хэлнэ.

Бэлтгэх гэдэг нь байгальд ургадаг ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн, гар аргаар боловсруулж, өөрчилж бэлэн бүтээгдэхүүн болгосон идэвхтэй үйлдлийг,

Хадгалах гэдэг нь уг түүхий эдийг санаатайгаар, хууль бусаар орон байр, тусгай зориулалтын байр, саванд агуулах, биедээ авч явахыг тус тус  ойлгоно.

Дээрх бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодист хамаарах бөгөөд Монгол Улс “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлийн эсрэг Нэгдсэн Үндэсний  байгууллагын конвенцэд 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэгдэн орсныг соёрхон баталжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Ц, Б.С нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч нарыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Ц, Б.С нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Ц, Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Э дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хоёулаа Их засаг их сургуульд суралцдаг, цаашид засарч хүмүүжих боломжтой байх тул амьдралд хөл тавьж байгаа өсвөр насан дээр нь хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг бөгөөд шүүгдэгч А.Ц, Б.С нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч А.Ц, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч А.Ц, Б.С нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”

7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Ц, Б.С нарын өсвөр насны, их сургуульд суралцаж байгаа хувийн байдал, нас, бие, сэтгэхүйн онцлогийг харгалзан нийгэмд өөрсдийн байр суурийг эзлэх, боловсрол эзэмших, нийгэмших, үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг ухамсарлах боломжийг олгож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх үзлээ.

 

Иймд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Ц, Б.С нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Ц, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ALTOIDS гэсэн бичигтэй төмөр хайрцагтай дотроо 2 ширхэг бор өнгийн цаасанд ороосон өвч мэт /3,7054 гр/ ногоон өнгөтэй зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б-н С, Б овогт А-ийн Ц нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Ц, Б.С нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Ц, Б.С нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч үүргийн биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, Б.С нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ц, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ALTOIDS гэсэн бичигтэй төмөр хайрцагтай дотроо хоёр ширхэг бор өнгийн цаасанд ороосон өвч мэт /3,7054гр/ ногоон өнгөтэй зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

[1] Хавтаст хэргийн 5-6 тал

[2] Хавтаст хэргийн 3, 82-83 тал

[3] Хавтаст хэргийн 7-8, 74-75 тал

[4] Хавтаст хэргийн 9-11, 16-21тал

[5] Хавтаст хэргийн 13 тал

[6] Хавтаст хэргийн 14 тал

[7] Хавтаст хэргийн 27-29 тал

[8] Хавтаст хэргийн 33-35 тал

[9] Хавтаст хэргийн 44-47 тал

[10] Хавтаст хэргийн 51 тал

[11] Хавтаст хэргийн 54 тал

[12] Хавтаст хэргийн 58-60, 61-63 тал

[13] Хавтаст хэргийн 106-107 тал