Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Ц.*******,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох 2323001130150 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* задгайд оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******ынхон овогт *******ийн *******,  регистрийн дугаар *******.

             Холбогдсон хэргийн талаар:

 Прокуророос шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Т.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.Түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх бөгөөд шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ц.******* 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд нийтийн тээврийн истана маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа тухайн тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Т.ийн LG брэндийн цэнхэр өнгөтэй дэлгэц нь мэдрэгчтэй андройд гар утсыг ашиглан өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн, шөнийн 04 цаг 17 минутад тухайн утсанд /түгжээгүй, кодгүй нэвтэрдэг/ суурилсан цахим банкинд хууль бусаар нэвтэрч Т.ийн арилжааны Капитрон банкны тоот данснаас өөрийн арилжааны Хаан банкны тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогчид нийт 1,130,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.  Тухайлбал:

- Тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р хуудас/,

- Гар утсанд үзлэг хийсэн “...2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ц.*******гоос хураан авсан эд мөрийн баримт болох хулгайд алдагдсан гэсэн LG X6 маркийн хөх цэнхэр өнгийн гар утасны дэлгэцийг нээж үзэхэд ямар нэгэн түгжээ байхгүй байв. Тус гар утасны цэсэнд байх хэрэглүүрт нэвтрэн ороход ямар нэгэн түгжээ байхгүй байв. Үзлэгийг үргэлжлүүлэн Капитрон банкны аппликейшин байгаа эсэхийг үзэхэд гар утсыг форматлаад бүх мэдээллийг устгасан гэв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.*******гийн ХААН банкны дипозит дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19-р хуудас/,

- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25-р хуудас/,

- Хохирогч Т.ийн “...Миний эзэмшлийн Капитрон банкны гэх данснаас 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 04 цаг 16 минутад 1,000,000 /нэг сая/ төгрөг миний зөвшөөрөлгүй авсан болохоор би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Тэр өдөр би Ховд аймгийн Дарви сумаас Говь-Алтай аймаг руу 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед гарсан. Говь-Алтай аймагт өдрийн 16 цагийн үед орсон юм. Говь-Алтай аймагт очиход би утсаараа дэлгүүрээс гүйлгээ хийж юм авсан. Миний утас байхгүйг би замдаа явж байхдаа мэдсэн. 2023 оны 07 дугаар авсан 27-ны шөнийн 02 цагийн үед Улиастай суманд орж ирсэн. Мөнгө данснаас минь гараад явсныг би 7 дугаар сарын 27-ны минь гараад явсныг би 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр олж мэдсэн. Өөрийн сим картаа сэргээгээд утсанд хийгээд үзтэл данснаас минь мөнгө гараад явсан байсан. Говь-Алтай аймгаас Завхан аймаг руу истана маркийн машинаар 5-7 хүнтэй хамт ирсэн яг хэдэн хүн байсныг санахгүй байна. Миний дансанд нийтдээ 1,160,000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөг байсан. Унааны мөнгө гэж ажлын газраас гаргаж өгдөг тэр нь 70,000 /далан мянга/ төгрөг үлдсэн мөнгө нь буюу 1,090,000 төгрөг нь миний өөрийн мөнгө байсан. Уг нь нууц үг байдаг гэхдээ амархан болгоод нууц үг хийхгүй интернэт банкруугаа ордог болгочихсон байсан. Миний гар утас нууц үг хийхгүй интернэт банкруугаа ордог болгочихсон байсан. Миний гар утас нууц үг хийхгүй зүгээр нээгддэг байгаа юм. Мэдэж байсан хүн байхгүй, тэр хүмүүсийг танихгүй байсан болохоор тэр талаар мэдэх хүн байхгүй. Би энэ хүнийг бол танихгүй өмнө нь харж байгаагүй. ...Нэг удаагийн гүйлгээгээр ******* ******* гэх хүний данс руу 1.000.000 /нэг сая/ төгрөг шилжүүлсэн байсан. Гэхдээ миний интернэт банк руу үг хийдэггүй болохоор бас асуудалтай байгаа юм. Мөнгөө олоод авбал гомдол санал, гээд байх юм байхгүй болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-38-р хуудас/,

- Гэрч Т.ын “...Миний төрсөн ах Т. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шөний 02 цагт Завхан аймагт ирээд над руу танихгүй дугаараас залгаж “би ирчихлээ, гар утсаа алдчихлаа” гэж ярихаар нь аймгийн төвийн баазын мал эмнэлгийн хажуугаас очиж авсан юм. Тэгээд гэрт ирээд манай ах утсаа сая Алтайгаас ирэхдээ машин дотор алдчихлаа гэж ярихаар нь би хүүхдийнхээ утас дээр ахынхаа жи мейлийг нээж өгсөн чинь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 04 цаг 12 минутад Ц.******* гэх хүний ХААН банкны гэсэн данс руу 1 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдчихсэн байхаар нь ахаас “та энэ гүйлгээг хийсэн юм уу” гэж асуусан чинь манай ах чи юу яриад байгаа юм бэ би энд чамтай хамт байгаа юм биш үү гэхээр нь нээрээ нээрээ өөр хүн авсан байна гэдгийг мэдээд цагдаад хандах гэсэн боловч тухайн үед аймгийн 100 жилийн ойн баяр болоод бид нар цагдаад очиж чадаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

- Гэрч Ш.ын “...Би өөрөө тээврийн жолоочийн ажил хийдэг. Би 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгаас Завхан аймгийн Улиастай сум руу хүмүүс зөөсөн. Би өөрийн эзэмшлийн Истана маркийн ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Нэлээд хэдэн хүмүүс надтай хамт Говь-Алтай аймгаас ирсэн. Би Говь-Алтай аймгийн харваач нарыг Завхан аймгийн 100 жилийн ойн баяр наадамд хүргэж ирсэн юм. Говь-Алтай аймгаас гарах гэж байтал Хөшөөтийн уурхайгаас ирлээ гээд Завхан аймагт амьдардаг нэг залуу ирсэн. Тэр залуу Говь-Алтай аймагт миний машинд суухдаа архи хэрэглэсэн байсан. Завхан аймгийн төвд ирээд машинаас буух үедээ архи нь гарчихсан эрүүл болсон байсан. Улиастай суманд ирээд миний гар утас алга болчихсон байна гэж хэлээд машин дотор эрж хайгаад олоогүй. Мөн утас руу гаа залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн хариу өгөөд байсан. Машины суудал болон ил харагдах хэсгүүдээр утсаа хайсан боловч гарч ирээгүй. Маргааш нь эгч нь над руу яриад миний дүүгийн утас алга болсон мөн данснаас нь гүйлгээ хийгээд 1,000,000 төгрөг гарсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байдаг ба тухайн эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулахыг ойлгоно. Өөрөөр хэлбэл  хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан байна.

Шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумаас Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд нийтийн тээврийн истана маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа тухайн тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Т.ийн LG брэндийн цэнхэр өнгөтэй дэлгэц нь мэдрэгчтэй андройд гар утсыг ашиглан өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн, шөнийн 04 цаг 17 минутад тухайн утсанд /түгжээгүй, кодгүй нэвтэрдэг/ суурилсан цахим банк хууль бусаар нэвтэрч Т.ийн арилжааны Капитрон банкны тоот данснаас өөрийн арилжааны Хаан банкны тоот дансанд 1,000,000 төгрөгийн шилжүүлэн авч, хохирогчид нийт 1,130,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг агуулж байна. Шүүгдэгч Ц.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна..

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд  шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.******* нь хохирогчид Т.т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Прокуророос шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ынхон овогт *******ийн г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 1 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил, 1 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 1 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 1 сарын хугацаанд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ