| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 66/2021/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/183 |
| Огноо | 2021-07-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0175/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч Т.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт Т-ын С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Дархан Зиг” ХХК-д автын засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум ....... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Т-ын С- /РД: /,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.С- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 01 сарын 27-ны өдөр ***** улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч Л.Б-ы автомашиныг засварлах явцдаа “...таны машины яндан шамбийж эвдэрсэн байна, би зүгээр яндангаар солиод өгье” гэж хуурч нүүрсэн янданг нь авч, энгийн яндангаар сольж, нүүрсэн янданг авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Б-ы “...би 2021 оны 01 сарын үед Дархан-Уул аймаг орж өөрийн эзэмшлийн унаж байгаа ***** улсын дугаартай Приус-20 маркийн цагаан өнгийн машинаа Дархан-Уул аймгийн захын урд хэсэг байдаг Зиг Заг нэртэй засварын газар орж баруун талын цапны шаариг, босоо тэнцүүлэгч солиулсан, засварын газраас машинаа аваад гарах гэтэл миний машиныг засаж байсан хүү “ахаа, таны машины яндан шамбийж эвдэрсэн байна, би зүгээр яндангаар сольж өгөх үү” гэхээр нь чамд зүгээр яндан байгаа юм уу гэсэн чинь би саяхан Приус-20 машинтай явж байгаад онхолдож машинаа задалж байгаа юм, тэрний яндан байгаа гэхээр нь би “чи тэгээд яндангаа хэдэн төгрөгөөр өгөх юм бэ” гэсэн чинь танд зүгээр солиод өгнө гэхээр нь би баярлаад тэг тэг гээд солиулсан чинь нэг яндан гэрээсээ аваад ирнэ гэж яваад 20-30 минутын дараа яндангаа авчирлаа гээд машинтай яваад нэг их удаагүй нэг яндан авчраад тавиад өгсөн, тэгээд сольж аваад би машинаа унаад гарсан, тэр үедээ би намайг тэр хүү залилж байна гэж бодоогүй явсан, тэгтэл 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр авто тээврийн үзлэг манай суманд ирээд би машинаа оруулсан чинь үзэж байсан авто тээврийн мэргэжлийн хүн нь та машины яндангаа сольсон байна, таны машины зөөлөн яндан алга болсон байна гэхээр нь би намайг залилсан талаар мэдэж авсан, би одоо болтол машинаа үзлэгт оруулж чадаагүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 17/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн “...Л.Б-ы эзэмшлийн 2009 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота Приус-20” маркийн ***** улсын дугаартай суудлын автомашины нүүрсэн яндан 1 ширхэг, эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 2,000,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/,
Яллагдагч Т. Б- “...Мөнгөний хэрэг гараад өөрт байсан хужаа яндангаа орги яндангаар солиод тавьчихсан юмаа. ...600,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчид эвдэрхий янданг нь сайн яндангаар үнэгүй сольж өгье гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурч, тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хятад улсад үйлдвэрлэсэн хуурамч яндангаар сольж, ашиг хонжоо олсон, нүүрсэн янданг бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Т.С- хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бага хэмжээнээс дээш буюу 2 сая төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл” бүрэн хангагдсан байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч “...би хохирол төлбөрөө бүрэн авсан, С-эс 2 сая төгрөгийг өөрийн дансаар авсан” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр нүүрсэн яндангийн үнийг 2,000,000 төгрөг гэж тогтоосон байх ба шүүгдэгч, хохирогч хэн аль нь яндангийн үнэлгээний талаар маргаагүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчид улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж болохоор” заасан ба шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, 3-11 бага насны 5 хүүхэдтэй /хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбарууд/, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж амьжиргаагаа залгуулдаг зэрэг байдлыг харгалзан оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Т-ын С- хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД