Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00427

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02273 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2266 дугаар магадлалтай,

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Дд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,511,575 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х б” ХХК нь Г.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,511,575 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02273 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Г.Дгаас 15,511,575 /арван таван сая таван зуун арван нэгэн мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж “Х б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Д зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 15 дугаар гудамж, 261 тоот хаягт байрлах, Гэрчилгээний Г-000354504 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011509 дугаарт бүртгэлтэй, 61.75 м.кв талбай бүхий хувийн сууц, Гэрчилгээний Г-000304401 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2202004614 дугаарт бүртгэлтэй 344 м.кв талбай бүхий газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,508 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дгаас 235,508 /хоёр зуун гучин таван мянга таван зуун найман/ төгрөгийг гаргуулж “Х б” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2266 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 6910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Г.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Дд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,511,575 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.09.10-ны өдөр 181/ШШ2020/02273 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хангаж шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийг хариуцагч Г.Д миний бие эс зөвшөөрч 2020.10.09-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхээс хянан хэлэлцэж 2020.11.09-ний өдөр 2266 дугаар бүхий магадлалаар анхан шатны 181/ШШ2020/02273 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 2266 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зэлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсэж улмаар тус хуулийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг юм” хэмээн магадлалынхаа хянавал хэсэгтээ ийнхүү тайлбарлаж нэхэмжлэгч Х б ХХК нь хариуцагчаас зээлийн хүү болон үндсэн зээлийн үнэ эргүүлэн авах эрхтэй, хариуцагч Г.Д нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн үнийн дүнг иргэний хууль болон гэрээнд заасны дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй хэмээн тайлбарласан байна. Гэвч шүүхүүдээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн өр төлбөрт яг хэдийг төлөх нь гэрээний дагуу зохистой, нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргийн дагуу үнийн дүнгээ зөв тодорхойлон нэхэмжилж буй эсэх, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаар нэхэмжлээд буй үнийн дүн нь бүрэн тодорхой бодит нөхцөл байдал дээр тогтоогдож буй эсэхийг үнэлэн дүгнэхгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Тус хуулийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ... хэмээсэн хуулийн заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Тодруулбал нэхэмжлэгч талаас шүүхэд зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэргийг нэхэмжлэлийн хамтаар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч би дээрх нотлох баримтуудтай танилцаж холбогдох хариу тайлбараа гаргасан билээ. Хариуцагч талаас зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эсэх дээр огт маргаагүй бөгөөд хариуцагч миний бие 2014.12.12-ны өдрөөс 2017.06.15-ны өдөр хүртэл 39 удаагийн эргэн төлөлт хийж нийт 13,208,120 төгрөгийг Х б ХХК-д төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас илэрхий тодорхой харагдана. Тус баримтаар хариуцагч миний зээлийн төлөлт бүрээс хүү болон нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн өр төлбөрт хэд хэчнээн төгрөгийг суутгасан нь хүснэгтэн хэлбэртэй жагсаалтаар харуулсан байдаг. Талууд 2014.11.25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “...120 сарын хугацаатай ...жилийн ... 19,05 хувь” хүүтэй байхаар харилцан тохиролцсон юм. Гэрээнд заасан үүргийн дагуу cap бүр хүү болон үндсэн үнийн дүнг хэсэгчлэн төлдөг байсан. Зээлийн үндсэн үнийн дүнгээс төлбөр барагдуулж, үндсэн зээлийн үлдэгдэл үнэ буурвал зээлийн хүү үндсэн үнийн дүнгээ даган буурах байдлаар харилцан тохиролцсон билээ. /Зээлийн гэрээ-2.2/ Гэвч банк миний зээлийн эргэн төлөлт бүрээс хүүг буруу тооцож илүү авсан байдаг. Үндсэн зээлийн үлдэгдэл үнийн дүнгээс 1 жил /12 сар/-ын 19,05 хувийн хүүгээ тооцож cap бүрийн хүүг тооцоолж авах ёстой. Хэрэгт авагдсан Г.Дгийн дансны хуулганы баримтаас үзвэл 2014.11.27-ны өдөр нийт үндсэн зээлийн үлдэгдэл 16,800,000 төгрөг байсан тул 2014.12 дугаар сард зээлийн хүүнд (16,800,000*19,05/100)/12=266,700 төгрөг хүү авах ёстой. Би 2014.12.12-ны өдөр зээлийн анхны эргэн төлөлтөд 298,000 төгрөг төлсөн бөгөөд 2014.11.27-ны өдрөөс тус оны 12.12-ны өдөр хүртэл 15 хоног байх тул хагас сарын 266,700/2=133,350 төгрөгийн хүү төлж үлдэгдэл /298,000-133,350=164,650/төгрөгийг үндсэн зээлийн үнийн дүнгээс хасаж үлдэх дүнгээс дээрх бодсон зарчмаар cap бүр хүү тус тусдаа бодогдох байдлаар зээлийн эргэн төлөлт болон хүү харилцан адилгүйгээр үргэлж буурч байх ёстой. Тухайлбал 2015.01.15-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн үнийн дүнгийн үлдэгдэл (16,800,000-164,650=16,635,350) төгрөг үлдэгдэлтэй тул тус сарын хүү (16,635,350*19,05/100)/12=264,086) төгрөг байхаар байтал тус сард 2015.01.15-ны өдөр хүүг 295,165 төгрөг илүү 31,079 төгрөгийн хүү нэмж тооцож авсан бөгөөд нэг сарын үндсэн зээлийн үнийн дүнгээс хүүг илүү тооцож авснаар зээлийн хүү нь гэрээний нөхцөлөөс цаашид үргэлж зөрүүтэй буруу тооцоологдох болсон тул цаашид cap бүр хүүг буруу, илүү тооцож авч байсан юм. Ийнхүү нийт 39 удаагийн төлөлтөөс хүүндээ нийт 208,422 төгрөг илүү төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдлээс хасуулж тооцуулах талаар тайлбар удаа дараа гаргаж байгаа билээ. Зохигч шүүхэд гаргаж өгсөн баримтыг хэргийн оролцогчийн аль талаас гаргаж өгснөөс үл хамаарч шүүхэд мэтгэлцэхдээ иш татах, үндэслэн хариу тайлбар гаргах замаар мэтгэлцэх эрхтэй болохыг ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.8-д тусгасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч тал маргаад буй 208,422 төгрөгийн үнийн дүнг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй байна хэмээн буруу дүгнэсэн байна. Нэхэмжлэгч тал шүүхэд зээлийн гэрээг, хариуцагчийн зээл төлөлтийн бодит байдлыг тогтоон нотлохын тулд дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд тус баримтуудаас үзвэл зээлийн гэрээний 2.2 зааснаар 12 сарын хүү 19,05 хувь хүүтэй байхаар тохиролцсон бөгөөд хавсралтаар эргэн төлөлтийн талаар харилцан тохиролцсон боловч зээлийн дансны хуулгаас үзвэл банк зээлийн хүү буруу тооцоолон авснаас үүдэн миний төлсөн мөнгөнөөс зээлийн үндсэн үнийн дүнгийн үлдэгдлээс үргэлж дутуу мөнгийг хасаж, хүүг ямар байдлаар тооцоолон авсан, үнийн дүнгээс хасагдсан мөнгөн дүн нь гэрээний үндсэн нөхцөлтэй зөрж буй болох нь дээрх хоёр баримтуудыг ИХШХШтХ-ийн 40.1-д заасны дагуу шинжлэн судалсан бол илэрхий тодорхой байх байсан юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд зээлийн хүүг гэрээндээ заасны дагуу суутгаж авсан эсэхийг лавлан тогтоолгүй зөвхөн банкнаас гаргаж өгсөн баримтуудыг хөдөлбөргүй үнэн баримт мэт үзэж огт анализ дүгнэлт хийлгүй, тус баримт нь талуудын маргаад буй бодит байдалд нийцэх буй эсэхийг үнэлж дүгнэхгүй шийдвэрлээд буйд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.10-ны өдрийн 181/ШШ2020/02273 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 2266 дугаар бүхий магадлалд нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү төлсөн хүүний мөнгө болох 208,442 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Х б” ХХК нь Г.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,511,575 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасанд нийцсэн байна.  

8. Хэрэгт авагдсан баримтаар Г.Д нь “Х б” ХХК-тай 2014.11.25-ны өдөр зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 16,800,000 төгрөгийг хашаа байшин, амины сууц худалдан авах зориулалтаар, 120 сарын хугацаатай, жилийн 19,05 хувийн хүүтэй зээлж авч, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Сургуулийн 15-р гудамжны 261 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011509 дугаарт бүртгэлтэй, 61,75 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Г-2202004614 дугаарт бүртгэлтэй 344 м.кв талбай бүхий өмчлөлийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тохиролцсон нь тогтоогджээ. /хх-11-22/

9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

10. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн 16,800,000 төгрөгийг 2014.11.27-ны өдөр зээлдэгч Г.Дгийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд зээлдэгч нь уг гэрээний дагуу үндсэн зээлд 6,509,453.22 төгрөг, зээлийн хүүнд 6,697,884.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 781,97 төгрөг, нийт 13,208,120 төгрөгийг төлсөн боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

11. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Г.Дгаас 2020.04.08-ны өдрийн байдлаарх үндсэн зээл 10,290,546.78 төгрөг, хүү 5,221,028.86 төгрөг, нийт 15,511,575.64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ.

12. Түүнчлэн, хоёр шатны шүүх хариуцагч Г.Д нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Сургуулийн 15 дугаар гудамжны 261 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011509 дугаарт бүртгэлтэй, 61.75 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2202004614 дугаарт бүртгэлтэй 344 м.кв талбай бүхий газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалданагэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ. 

13. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02273 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2266 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.12.07-ны өдөр төлсөн 6,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД

                  ШҮҮГЧ                                                                     Г.БАНЗРАГЧ      

                                                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН