| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0847/з |
| Дугаар | 221/МА2026/0163 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0163
Ч.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Одмаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Б.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б
Нэхэмжлэгч: Ч.Н
Хариуцагч: Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Б.Л, Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30/00034 дүгээр актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, өндөр насны тэтгэврийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, тус өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн олгуулах, цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2026/0075 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г
Хариуцагч Б.Л
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0847/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Нгээс Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Б.Л, Б.М нарт холбогдуулан “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30/00034 дүгээр актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, өндөр насны тэтгэврийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, тус өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн олгуулах, цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2026/0075 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасныг баримтлан Ч.Н-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх нь хэрэгт хавсаргасан нотлох баримтыг бүрэн бодитой үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн тул уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 2.19-д заасан “операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн” дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалтын “8131-13 нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэрт хамаарна. Харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага буюу шатахуун түгээх газрын “түгээгч” болон “нефть хангамжийн операторчин” ажил, мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлийн жагсаалтад ороогүй байхад нэхэмжлэгч Ч.Н-гийн ажиллаж байсан “нефть хангамжийн операторчин” буюу шатахуун түгээх станцын түгээгч нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилладаг ангилалд хамаарахаар жагсаалтад оруулсан гэж үзэх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн (1994 оны) 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн (2023 оны) 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасны дагуу хүнд, хортой нөхцөлөөр хөнгөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх Ч.Нд үүссэн болох нь нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Нефть хангамийн операторчин гэх ажил мэргэжил нь “Шатахуун түгээх станцын түгээгч” гэх ажил мэргэжил мөн бөгөөд ажил мэргэжлийн нэршлийг өөр өөрөөр нэрлэсэн хэлбэр юм гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд нефть хангамжийн операторчин ажил мэргэжлийн чиг үүрэг нь нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах, аюулгүй ажиллагааг хангах, нефть хангамжийн системийн ажиллагааг хянах, засвар үйлчилгээ хийх байдаг ба ажлын орчин нь нефть бааз, агуулах, түгээх төв, нефть боловсруулах үйлдвэр зэрэг өргөн хүрээний байгууллагууд юм.
Харин шатахуун түгээх станцын түгээгч ажил мэргэжлийн чиг үүрэг нь тээврийн хэрэгсэлд шатахуун түгээх, төлбөр тооцоо хийх, хэрэглэгчидтэй харилцах, ШТС-ын тоног төхөөрөмжийг ажиллуулах, аюулгүй ажиллагааг хангаж байдаг ба ажлын орчин нь шатахуун түгээх станц (ШТС) юм.
3.3. “Нефть хангамжийн операторчин” болон “шатахуун түгээх станцын түгээгч” мэргэжлүүд нь ҮАМАТ-08-д тусдаа ангилал, кодтой, өөр өөр үүрэг, чиг үүрэгтэй мэргэжлүүд юм. Тиймээс эдгээрийг ижил мэргэжил гэж үзэхгүйг шүүх дүгнээгүй. Ч.Н-д тэтгэвэр зогсоохоос өмнө иргэнд мэдэгдсэн, тэтгэврийг зогсоосны дараа иргэн гомдол гаргаж, уг гомдлыг захиргааны байгууллага хянан шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй болно.
Шүүх хуралдааны явцад анхан шатны шүүхийн шүүгч өмнө нь ижил төстэй нөхцөл байдал бүхий маргаануудыг шүүхээр хянан шийдвэрлэхдээ иргэний талд шийдвэрлэж ирсэн талаар дурдсан болно. Энэхүү мэдэгдэл нь өмнө шийдвэрлэгдсэн ижил төрлийн хэргүүдийг тухайн маргаанд заавал баримтлах эх сурвалж мэтээр буруу үнэлж, маргаантай захиргааны актыг гаргах үеийн бодит нөхцөл байдал, хуульд заасан үндэслэлийг орхигдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн ноцтой алдаа болсон тул уг шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0075 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.Н-гээс Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Б.Л, Б.М нарт холбогдуулан “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30/00034 дүгээр актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, өндөр насны тэтгэврийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, тус өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн олгуулах, цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгах” шаардлага гаргасан.
2.1. Ингэхдээ “... миний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасны дагуу хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, гэтэл 2025 онд шалгаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5.1.4-т заасныг хангахгүй гэж үзээд, тэтгэвэр олголтыг зогсоож, олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр шаардсан нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн, үндэслэл бүхий шийдвэр биш” хэмээн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
2.2. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “... улсын байцаагч акт гаргахдаа нөхцөл байдлыг тогтоож, тайлбар санал гаргах боломжийг нэхэмжлэгчид олгосон, тэтгэврийг зогсоохоос өмнө түүнд мэдэгдсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалт, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан жагсаалтад “Шатахуун түгээх станцын түгээгч” гэх ажил мэргэжил байхгүй, ҮАМАТ-08-д зааснаар “нефть хангамжийн операторчин” болон “шатахуун түгээх станцын түгээгч” нь тусдаа ангилал код, өөр чиг үүрэгтэй мэргэжлүүд, бодит байдалд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй” гэж тайлбарлаж маргажээ.
4. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын тухайд;
4.1. Ч.Н 1971 онд төрсөн бөгөөд нефть бүтээгдэхүүний гадаад дотоод худалдаа, шатахуун түгээх станцын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “О б” ХХК /РД:/-д 2012 оны 3 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл нефть хангамжийн операторчин /шатахуун түгээгч/-оор 10 жил 8 сар 8 хоног ажиллажээ.
4.2. Энэ хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцуулан, хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан түүний хүсэлтийг Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс судлаад, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоон, олгож эхэлсэн.
4.3. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04/1091 дүгээр албан бичгээр харьяа газруудад хүргүүлсэн зөвлөмжид “ ... жагсаалтын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дахь хэсгийн 195-д заасан 8131-13 кодтой “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүн жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж байгууллага (шатахуун түгээх станц)-ын “түгээгч”, “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжилд хамаарахгүй” гэж дурдан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг мэдэгдсэний дагуу Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газар нь 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Ч.Нн өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосон байна.
4.4. Улмаар 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сарыг дуусталх хугацаанд илүү тооцож олгосон гэх 26,737,562 төгрөгийг Ч.Нгээр буцаан төлүүлэх тухай улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30/00034 дүгээр актыг хариуцагч нар үйлджээ.
Ингэхдээ үндэслэлийг “... хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тооцох 2012-2022 онуудад түгээгч, нефть хангамжийн операторчин ажил мэргэжлээр тэтгэвэр тогтоолгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан /хуучин/ жагсаалтад тусгагдаагүй ажил мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулсан зөрчил илрэв” гэж тодорхойлжээ.
5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д заасан нефть боловсруулах үйлдвэр нь Монгол Улсад байхгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь нефтийн бүтээгдэхүүнтэй харьцдаг болох нь нийтэд илэрхий үйл баримт байхад хариуцагч жагсаалтын нэршлийг явцууруулж тайлбарласан, Ч.Н-н хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасны дагуу хортой нөхцөлөөр хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн болох нь тогтоогдсон” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
6. Нэхэмжлэгчийн 10 жил 8 сарын турш ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн “нефть хангамжийн операторчин /түгээгч/”-ийн ажил мэргэжил нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталдаг “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д хамаарах хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл мөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
7. Цаг хугацааны хувьд Ч.Н-д өндөр насны тэтгэвэр тогтоох үед Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалт, түүнд нийцүүлж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт” хүчин төгөлдөр үйлчилж, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохтой холбоотой харилцааг зохицуулж байсан.
8. Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр байхгүй гэдэг нь бодитой энэ нөхцөлд шатахуун түгээх станцын нефтийн бүтээгдэхүүнтэй харьцдаг ажил мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцож, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хуулийн нөхцөлд хамаарна гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн харгалзах зохицуулалтад захиргааны хэргийн шүүх нэгдмэл хэрэглээ тогтоосон.
9. Хариуцагчийн хувьд 2022 оны 11 дүгээр сард болж өрнөсөн энэ хэсгийн 4.2-т заасан үйл баримтад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, түүнийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг хэрэглэж, хөдөлмөрийн хортой нөхцөлд нефть боловсруулах үйлдвэрийн дүйцүүлэх ажил мэргэжилд хамаарахгүй, орохгүй гэх зэргээр нэгэнт хуулийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож, олгож байсан өндөр насны тэтгэврийг зогсоож, олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Ч.Н-н эрх зүйн байдлыг дордуулж, уг нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авах эрхийг хязгаарласан захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж дүгнэх үндэслэлтэй.
10. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2026/0075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ