Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2017/0701

 

2017 оны 09 сарын 26 өдөр         Дугаар 128/ШШ2017/0701             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Л.М, Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т миний бие нь Санхүүгийн зохицуулах хороонд 2015 оны 01 дүгээр сард анх ажилд орсон. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч 1 дүгээр байр эзлэн тэнцэж Санхүүгийн зохицуулах хорооны нэгж болох хяналт шалгалтын газрын хяналт шалгагчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ажлын албаны даргын 232 дугаар тушаал болон 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын албаны даргын 245 тоот тушаалуудаар Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн Хөгжлийн газрын Эрсдэлийн Удирдлагын мэдээллийн хэлтсийн референтээр 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс томилогдон ажилласан.

            Миний бие 2015 онд Үр дүнгийн гэрээний биелэлт 85 хувь “В” буюу сайн үнэлгээтэй, 2016 онд 70 хувь “С” буюу хангалттай үнэлгээтэй, мөн 2017 онд Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан.

            Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 08 дугаар сарын 11-ний  261 дүгээр тогтоол гарч миний ажиллаж байсан Зах зээлийн үнэлгээний хорооны газар татан буугдан хуучин хэлтсийн нэр солигдож “Судалгаа, эрсдэлийн шинжилгээний” хэлтэс нэртэй болсон боловч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлдсэн.

            Ажлын албаны даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 186 дугаар тушаалаар Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтэс дарга 1, ахлах референт -1, референт-2, ахлах мэргэжилтэн-1, мэргэжилтэн-2 гэсэн орон тоотой байна хэмээн хуучин байснаасаа улам өргөжсөн.

            Ийнхүү бүтэц өөрчлөгдсөний дараа ажлын албаны даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар тушаалаар судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтэст рефентерээр (төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний шатлал АА-6/3, цалин 779,338 ₮ байсан) ажиллаж байсан миний бие Б.Тг хууль зүйн үндэслэлгүйгээр албан тушаалаас бууруулж мэргэжилтэн (төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний шатлал АА-10/5, цалин 628,344) болгосон.

            Мөн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлын албаны даргын 230 дугаар тушаалаар ажил, албан тушаал зэрэг дэв, цалин урамшууллыг маань бодит үндэслэлгүйгээр хууль бусаар бууруулсан хэвээр үлдээсэн. Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 10-нд дахин Ажлын албаны даргын 263 дугаар үндэслэлгүйгээр, надтай харилцан тохиролцож, санал хүсэлтийг маань харгалзан үзэхгүйгээр мөн ажлын байрны тодорхойлолтгүйгээр ажиллуулах болсон.

            Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээс хойш шинэ удирдлагууд надад дараах үндэслэлгүй сахилгын шийтгэл удаа дараа шахаж дарамталсны үндсэн дээр ногдуулж ирсэн.Үүнд:

  1. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны Ажлын албаны даргын 220 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулсан.

Тухайн үед манай харьяалагдах хэлтэст албан ёсны удирдлага, удирдах ажилтан томилогдоогүй байсан. Мөн миний бие ажиллах хугацаандаа хуруу бүртгэлийн программд хуруу бүртгэлээ баталгаажуулан оруулж, дотоод аудитын хэлтэст цаг бүртгэлээ өдөрт 4 удаа ажлын байран дээрээ байгаа эсэхээ баталгаажуулан бүртгүүлж ажилласаар ирсэн байхад ажлын цагаар мэдэгдэлгүй гадуур явдаг гэх худал үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан.

  1. 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Ажлын албаны даргын 280 дугаар тушаалаар үндсэн цалинг маань 2 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Уг шийтгэлийн шалтгаан нь удирдлагаас өгсөн үүргийг намайг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, биелүүлээгүй мөн худал мэдээллээр удирдлагыг хангасан гэж үзсэн байдаг. Гэтэл миний бие удирдлагаас өгсөн үүргийг бодит байдал дээр цаг хугацаанд нь бүрэн гүйцэт биелүүлэн удирдлагад хүргүүлсэн бөгөөд ийнхүү биелүүлснийг нотлох баримтууд нь байдаг.

            Дээр дурьдсан сахилгын шийтгэлүүдийг үндэслэлгүй гэж миний бие маргаж болох байсан боловч Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б болох миний ажлыг хянадаг албан тушаалтан нь үргэлж өөрийгөө шүүхийн ерөнхий зөвлөлийн хүрээнд танил талтай надтай заргалдаад сайнаа үзэхгүй зэргээр намайг дарамталдаг байсан. Тухайн үеийн ажлын байрны цомхтголоос ажилтан бүр холуур байхыг зорьж байсантай холбогдуулан миний бие тэдний нэгэн адил шинэ удирдлагатайгаа харилцаагаа муутгахаас, ажлын байраа алдахаас зайлсхийж ажил үүргийн хуваарийн дагуу хийх ёсгүй ажлыг удирдлагын даалгасан ажил гэж үзэн цаг тухайд нь хийж гүйцэтгэн гомдол гаргалгүй цаашид ажлаа энэ чигтээ сайн хийж байвал болно гэсэн итгэл үнэмшилтэйгээр явж ирсэн.

            Ингэж бодож ажлаа хийж байсан боловч удирдлагууд намайг эцэст нь ажил үүрэгт хамаарахгүй буюу миний ажил мэргэжилтэй уялдаагүй ажлыг даалгаж, уг ажлыг нь цаг тухайд нь биелүүлсэн байхад хугацаанд нь биелүүлээгүй хэмээн худал, үнэн бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр халсан.

            Ийнхүү намайг үндэслэлгүйгээр буюу миний ажлын үр дүнг зохих ёсоор үнэлэлгүй зөвхөн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор халсанд гомдолтой байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 57 дугаар тушаал /ажлаас халсан/-ыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Төрийн албаны зөвлөлд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 655 дугаар өргөдлийн хариуд тус ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Ийнхүү үндэслэлтэй гэж үзсэн шалтгааныг тус хариунд огт дурьдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

            Иймд Төрийн албаны зөвлөлийн надад ирүүлсэн хариуг үндэслэлгүй гэж үзэж, өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

            Үүнээс гадна Ажлын албаны дарга нь Люксенбүргийн их сургуулийн төлөөлөгч нарт миний талаар буруу ташаа мэдээлэл хүргүүлсний улмаас тэтгэлгээр  суралцах боломжийг маань хаагдуулсан. Энэ үйлдэл нь төрийн албан хаагчийн үүрэг болох ажилтан өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох эрхэд бүдүүлгээр халдсан явдал болсон болно.

            Иймээс Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буюу “Судалгаа эрсдэлийн шинжилгээний” хэлтэст референтийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Би 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд ажилд орсон. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч 1 дүгээр байр эзлэн, тэнцэж Санхүүгийн зохицуулах хорооны нэгж болох хяналтын газрын шалгагчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Үүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ажлын албаны даргын 232 дугаар тушаал болон 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын албаны даргын 245 дугаар тушаалуудаар Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн хөгжлийн газрын Эрсдлийн удирдлага мэдээллийн хэлтсийн референтээр 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс томилогдон ажиллаж эхэлсэн. Миний бие үр дүнгийн гэрээний биелэлт 2015 онд 85 хувь “B” буюу сайн үнэлгээтэй, 2016 онд 70 хувь “C” буюу хангалттай үнэлгээтэй, мөн 2017 онд Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн хорооны 261 дүгээр тогтоол гарч миний ажиллаж байсан Зах зээлийн үнэлгээний хорооны газар татан буугдан хуучин хэлтсийн нэр нь солигдож “Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтэс” нэртэй болсон боловч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлдсэн. Ажлын албаны даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 186 дугаар тушаалаар Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтэс дарга 1, ахлах референт 1, референт 2, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 2 гэсэн орон тоотой байна хэмээн хуучин байсан бүтцээсээ өргөжсөн. Бүтэц өргөжсөний дараа ажлын албаны даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар тушаалаар судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтэст референтээр (төрийн захиргааны албан тушаалны цалингийн сүлжээний шатлал АА-6/3, цалин 779.338 төгрөг) ажиллаж байсан миний бие Б.Тг хууль зүйн үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж мэргэжилтэн (төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний шатлал АА-10/5, цалин 628.344 төгрөг) болгосон. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлын албаны даргын 230 дугаар тушаалаар, ажил албан тушаал, зэрэг дэв, цалин урамшууллыг маань бодит үндэслэлгүйгээр хууль бусаар бууруулсан хэвээр үлдээсэн. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин Ажлын албаны даргын 263 дугаар тушаалаар намайг Захиргаа удирдлагын газарт мэргэжилтнээр томилон хууль бусаар, үндэслэлгүйгээр, надтай харилцан тохиролцож, санал хүсэлтийг маань харгалзан үзэхгүйгээр мөн ажил байдлын тодорхойлолтгүйгээр ажиллуулах болсон.

Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээс хойш шинэ удирдлагууд надад үндэслэлгүй сахилгын шийтгэл удаа дараа шахаж дарамталсны үндсэн дээр ногдуулж байсан. Үүнд: 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Ажлын албаны даргын 220 дугаар тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед манай харьяалагдах хэлтэст албан ёсны удирдлага, удирдах ажилтан томилогдоогүй байсан. Мөн миний бие ажиллах хугацаандаа хуруу бүртгэлийн программд хуруу бүртгэлээ баталгаажуулан оруулж, дотоод аудитын хэлтэст цаг бүртгэлээ өдөрт 4 удаа ажлын байран дээрээ байгаа эсэхээ баталгаажуулан бүртгүүлж ажилласаар ирсэн байхад ажлын цагаар мэдэгдэлгүй гадуур явдаг гэх худал үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ажлын албаны даргын 280 дугаар тушаалаар үндсэн цалинг маань 2 сар хүртэл 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг шийтгэлийн шалтгаан нь удирдлагаас өгсөн үүргийг намайг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, биелүүлээгүй мөн худал мэдээллээр удирдлагыг хангасан гэж үзсэн.

Дээр дурьдсан сахилгын шийтгэлүүдийг үндэслэлгүй гэж маргаж болох байсан боловч Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүрээнд танил талтай надтай заргалдаад сайнаа үзэхгүй зэргээр намайг дарамталдаг байсан. Тухайн үеийн ажлын байрны цомхтголоос ажилтан бүр холуур байхыг зорьж байсантай холбогдуулан миний бие тэдний нэгэн адил шинэ удирдлагатайгаа харилцаагаа муутгахаас, ажлын байраа алдахаас зайлсхийж ажил үүргийн дагуу хийх ёсгүй ажлыг удирдлагын даалгасан ажил гэж үзэн  цаг тухайд нь хийж гүйцэтгэн гомдол гаргалгүй цаашид ажлаа энэ чигтээ сайн хийж байвал болно гэсэн итгэл үнэмшлээр явж ирсэн. Ингэж бодож ажлаа хийж байсан боловч удирдлагууд намайг эцэст нь ажил үүрэгт хамаарахгүй буюу миний ажил мэргэжилтэй уялдаагүй ажлыг даалгаж, уг ажлыг цаг тухайд нь биелүүлсэн байхад хугацаанд нь биелүүлээгүй хэмээн худал, үнэн бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ийнхүү намайг ажлаас үндэслэлгүйгээр буюу миний ажлын үр днг зохих ёсоор үнэлэхгүй зөвхөн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор халсанд гомдолтой байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Төрийн албаны зөвлөлд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 655 дугаар өргөдлийн хариуд тус ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд буюу Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгаж өгнө үү. Би төрийн албаны эд хөрөнгө принтерийг ганцаараа хэрэглэе гэж хэлээгүй. Тэр принтерийн тухай хариуцаж байсан хүн нь ашиглаж чадахгүй байсан тул би ашиглая гэж хэлсэн юм. Энэ талаар ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд тодорхой байгаа байх. Байгууллагын ажилчдын талаар бичлэг хийсэн тухай ярьж байна. Б.Б дарга чамайг олон байгууллагаар шалгуулж байгаа гэдэг байсан. Ямар учраас чөлөө авсан бич чамайг цэргийн госпиталиар шалгуулж байгаа гэсэн. Тухайн үед миний төрсөн дүү хүнд хутгалуулаад эмнэлэгт хэвтэж байсан. Б.Б дарга анх намайг энэ байгууллагад ороход чамайг ална шүү гэж хэлж байсан. Намайг чи хүсэлтээ өгөөд ажлаасаа гарчих, халагдаж байснаас чамд амар, нэр чинь цэвэр үлдэнэ гэж хэлж байсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг ажлаа хангалтгүй хийлээ гэж  сахилгын шийтгэл оногдуулж байсан нь үндэслэлгүй. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлөх тушаал хууль зүйн ямар ч үндэслэлгүй гарсан байдаг. УИХ-д хүргүүлэх Санхүүгийн тайланг хугацаанд нь хийж 2016 оны 03 дугаар сард цахим хаягаар явуултал хангалттай байна гэж хариу өгсөн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь хийсэн. Харин тухайн ажлын гүйцэтгэл, чанарын хувьд ямар байсан талаар хэрэгт ямар нэг баримт авагдаагүй. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн явц ямар байгаа талаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дүгнэлтийг ирүүл гэсэн. Б.Т цаг тухайд нь дээрх даалгасан ажлыг хийж өгсөн. Гэтэл яагаад энэ ажлыг заавал нэхэмжлэгч ганцаараа хийх ёстой байсан бэ, алба хэлтсээрээ хийх ёстой. Үүрэг даалгаврыг хугацаа хэтрүүллээ гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь огт буруу, шийтгэл тухайн ажилтай нь тохирсон байх ёстой. Мөн анх ажилд орсон өдрөөс хойш удирдлагууд нь Б.Ттэй таагүй харьцаж байсан. Сүүлд нь чи хүсэлтээ өгөөд ажлаасаа гарчих гэж хүртэл хэлж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, Д.Л нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

  1. Нэхэмжлэгч тал болох Б.Т нь нэхэмжлэлдээ  ... ажил үүргийн хуваарийн дагуу хийх ёсгүй ажлыг ..., уг ажлыг цаг тухайд биелүүлсэн ... гэсний тухайд:

Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2016 оны 262 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын Бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний Ажлын байр /Албан тушаалтан/-ны тодорхойлолтын Б.Чиг үүрэг  хэсгийн 2-т Хорооны болон Хяналтын зөвлөгөөний тогтоол, хорооны удирдлага үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, гаргасан шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжүүлэлтийг хангуулах, биелэлтийг нэгтгэн удирдлагад танилцуулах, холбогдох газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулах, зорилтын хүрээнд 3-т заасан Ажлын байрны гол үйл ажиллагааны 2.3-т “...удирдлагаас гаргасан шийдвэр, үүрэг даалгаврын ... биелэлтийг нэгтгэн удирдлагад танилцуулах, холбогдох газарт хүргүүлэх ...” гэж заасан ажлыг гүйцэтгэхээр тусгасан. Энэ чиг үүргийн хүрээнд Б.Тийг ажлаас халах үндэслэлийн нэг болох УИХ-д  хүргүүлсэн 2006-2015 он хүртэлх тайланд харьцуулсан дүн шинжилгээ хийж, 2016 оны тайлан бичих загварын төсөл боловсруулан, Хорооны даргад 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр танилцуулах үүрэг-ийг шууд харьяалах албан тушаалтнаас өгсөн байдаг боловч,тус үүргийн хугацаа хожимдуулж, хангалтгүй биелүүлсэн нь баримтаар нотлогддог.

            Ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн Б. Чиг үүргийн хэлтсийн 1-т Дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтийг нэгтгэн удирдлагад танилцуулах,холбогдох газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан мөн Захиргаа удирдлагын газрын Хорооны дотоод үйл ажиллагаа бодлого төлөвлөлт, тайлагналт, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтнуудын ажил үүргийн хуваарь-т Б.Т нь эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн биелэлт болон бусад биелэлт болон бусад хяналтад авагдсан тогтоол шийдвэрийн биелэлтийг хариуцсан байдаг бөгөөд УИХ-ын 2016 оны 208 дугаар тогтоолоор үүрэг болгосны дагуу Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн явц, үр дүнг Сангийн яаманд хүргүүлэх ажлыг Б.Т үүрэг болгосон байдаг боловч мөн хугацаа хожимдуулахаас гадна, шаардлага хангахгүй, хангалтгүй биелүүлсэн нь цахим шуудан, хавсаргасан материал зэргээс нь мөн нотлогдож байна. Ийнхүү удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй хугацаа хоцроож байгааг газрын ахлах референт болон газрын даргаас удаа дараа амаар болон цахим шуудангаар сануулж байсан.

  1. Дээрх Ажлын байрны тодорхойлолтод заасан, гүйцэтгэвэл зохих ажлын үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2017 оны 03 дуугаар сарын 21-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, Б.Тг 2017 оны 04 дүгээр сараын 04-ний өдрийн 57 дугаар тушаалаар Төрийн албанаас халсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Б.Тий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

            Б.Т нь хамт олонтойгоо таарамж муу, зохисгүй зан ааш гаргадаг талаар хамт олноос нь удаа дараа Санхүүгийн зохицуулах хорооны Ёс зүйн хороонд гомдол гаргасан байдаг бөгөөд эдгээр нь Ёс зүйн хорооны дүгнэлт, хурлын тэмдэглэл, уг хороонд гаргаж байсан гомдол зэргээс нотлогддог юм. Мөн түүний энэхүү илтэд худал ярьдаг, ёс зүйгүй зан ааш гаргадгийг шүүхээс харгалзан үзэхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу удирдлагууд нь үүрэг өгч ажиллаж байхад Б.Т асуудлыг өөрийн үзэмжээр хүлээж авсан. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг Улсын Дээд Шүүхээс тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч ажлын тайланг заасан хугацаанд өгөөгүй, хэтрүүлсэн. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх талаар сонсгох ажиллагаа хийгдэж өөрт нь дуулгасан. Б.Т анх халагдсан өдрөөсөө хойш шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч гаргаагүй. Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Мөн Б.Т байгууллагын хамт олны дунд таагүй уур амьсгал төрүүлж, зүй бус авир гаргадаг. Санхүүгийн тайлангийн ажлыг эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулахгүйгээр Сангийн яамны цахим хаягаар явуулсан байсан. Бидэнд байгууллагын ажилчидтай холбоотой гомдлууд зөндөө ирдэг. Нэг удаа Б.Т биднийг яриа болон үйл хөдлөлийг утсаараа бичиж аваад байна гэж гомдол ирсэн. Би үүнийг нотлох баримтгүй зүйл ярьлаа гээд тоогоогүй, та нар тагнуулын байгууллагад хандаж энэ асуудлаа шийдвэрлүүл гэж хэлж байсан. Дараа нь нэхэмжлэгчийн утсыг шалгатал 40 гаруй ажилчдын яриаг бичсэн байсан. Би үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Гэмт хэргийн шинжтэй энэ баримтыг холбогдох байгууллагад нь шалгуулах хүсэлтэй байгаа. Мөн ажлаас гарсаны дараа ажилчид руу Б.Б дарга намайг ална шүү гэж хэлдэг, цаас урьж шиддэг гэсэн мессеж бичсэн. Мөн байгууллагын эд хөрөнгийг ганцаараа ашиглах гэж дураараа загнаж өөрийн ширээн дээр тавьж бусад ажилчдад хэрэглэх гэхээр уурлаж байсан талаар хүмүүс ярьж байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

             Б.Т Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б: Нэхэмжлэгчийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан тайлбарт хүний нэр төр, хувь хүний нууцтай холбоотой асуудал хөндөж бичсэн байгаа нь энэ талаар шүүхийн шатанд яригдах магадлалтай байх тул шүүх хуралдааныг хаалттай шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг хангаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулав.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Т анх 2015 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээгээр Эрсдэлийн удирдлагын хэлтсийн референтээр ажиллаж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тушаалаар референтээр томилогдон, өөрөө хүсэлт гаргасан учир 2015 оны 05 дугаар сарын 74 дүгээр тушаалаар чөлөөлөгдөж, мөн оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 137 дугаар тушаалаар Зах зээлийн хөгжлийн газрын Эрсдэлийн удирдлага, мэдээллийн хэлтсийн референтээр 1 жилийн туршилтын хугацаагаар,11 дүгээр сарын 30-ны өдрийн 232 дугаар тушаалаар Хяналт шалгалтын газрын Бичил санхүүгийн хяналтын хэлтсийн хянан шалгагчаар 12 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдсон бөгөөд Хорооны 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 261 дүгээр тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийгдэж Зах зээлийн үнэлгээний хороо татан буугдаж “Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтэс” болж өөрчлөгдөхөд Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтэст референтээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 263 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын газарт мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллажээ.

            Нэхэмжлэгч өмнөх онуудад үндэслэлгүйгээр албан тушаал буурч, сахилгын шийтгэл хүлээж байсан гэх боловч энэ талаараа маргаагүй байна.

            Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас халах тухай” 57 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийн удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол Төрийн албанаас халах гэсэн зохицуулалттай нийцсэн гэж дүгнэв.

            Учир нь нэхэмжлэгч Б.Т Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж энэ ажлын байр /албан тушаал/-ын  тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа удирдлагаас өгсөн хугацаатай үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 263 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын газарт мэргэжилтнээр томилсон шийдвэрийг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байна.

            Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтгүй ажилласан, ажил олгогчоос мэдлэг боловсрол, дадлага туршлагад таарахгүй ажлыг хүчээр тулгаж хийлгэсэн гэх түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар үндэслэлгүй  бөгөөд тэрээр хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 40-43 дугаар хуудсанд байх ажлын байрны тодорхойлолт  хэргийн 119-122 дугаар хуудсанд авагдсан ажлын байрны тодорхойлолт зөрүүтэй байгаа нь эдгээр ажлын байрны тодорхойлолтууд хууль ёсны хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлав.

            Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хороо  Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр батлахдаа эхлээд тус ажлын байрны тавигдах шаардлага гэсэн үзүүлэлтийн мэргэжил гэсэн хэсэгт “эрх зүйч” гэж буруу бичсэн байсныг  тэр өдөрт нь засаж “Банк санхүү, бизнесийн менежмент, эдийн засаг аль нэг нь” гэж өөрчлөн тодорхойлж баталсан бөгөөд буруу бичигдсэн хувь нь нэхэмжлэгчид хадгалагдаж байсныг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна, бид хэргийн 40-43 дугаар хуудсанд байгаа ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хариу тайлбарын хамт шүүхэд ирүүлсэн харин нөгөө хүчингүй болгосон ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлснийг анхаарна уу гэж тайлбарласан байна.

            Шүүх хэргийн оролцогчдийн ажлын байрны тодорхойлолтын талаарх зөрүүтэй тайлбарыг дүгнэж хэргийн 40-43 дугаар хуудсанд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан ажлын байрны тодорхойлолт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “...хэрэгт хамааралтай,...үнэн зөв, эргэлзээгүй..”  шаардлага хангасан нотлох баримт гэж дүгнэв.

            Өөрөөр хэлбэл ажил олгогч  Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг хууль, журамд нийцүүлэн баталж мөрдүүлсэн нэхэмжлэгч энэ ажлын байранд заасан чиг үүргийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

            Хариуцагч  Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Т шууд харьяалах удирдах албан тушаалтнаас өгсөн үүргийг хугацаа хожимдуулж, хангалтгүй биелүүлсэн гэж, харин нэхэмжлэгч өгөгдсөн үүргийг хугацаанд хийж хэрэгжүүлсэн байхад зохих ёсоор үнэлэлгүй хууль  бусаар ажлаас халсан гэж тус тус  маргаж байна.

            Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Хорооны үйл ажиллагааны бодлого төлөвлөлт, тайлагналт дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтнуудын ажил үүргийн хуваарь”-ийн мэргэжилтэн Б.Тд хариуцуулсан ажлын 6-д “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн биелэлт болон бусад хяналтанд авагдсан тогтоол шийдвэрүүдийн биелэлт”, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Улсын Их Хуралд ажлаа тайлагнахтай холбоотой яаралтай хийх ажлын төлөвлөгөө”-ний хийгдэх ажлын 3-д “Тайлангийн агуулгын загвар гаргах” зэрэг ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болгожээ.

            Гэвч хариуцагчаас Б.Т нь УИХ-д ажил тайлагнахтай холбоотой тайлангийн загвар гаргах төслийг 3 дугаар сарын 6, 9-ний өдрүүдэд өгсөн боловч  удирдлагад тайлбарлах боломжгүй байсныг дахин засаад ирүүл гэхэд зөвхөн гарчгуудыг хуулаад ирүүлсэн учир өөр ажлын хэсэг байгуулан эхнээс нь бүтцийг батлуулан хийсэн, Монгол улсын Сангийн яамны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5-1/766 дугаар “Биелэлт ирүүлэх тухай” албан бичгээр “....”Эдийн засгийг сэргээх  хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-нд туссан арга хэмжээний явцын дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтын дагуу 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар бэлтгэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү.” гэсэн хугацаатай үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс ”Эдийн засгийг сэргээх  хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явц, үр дүнг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлж хугацаа алдсан үр дүнг үзүүлсэн гэж үзэж сахилгын хариуцлага ногдуулжээ.

            Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд  Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан Хорооны үйл ажиллагааны бодлого төлөвлөлт, тайлагналт дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтнуудын ажил үүргийн хуваарь”, “Улсын Их Хуралд ажлаа тайлагнахтай холбоотой яаралтай хийх ажлын төлөвлөгөө”-гөөр хариуцуулсан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

            Тодруулбал удирдлагаас өгсөн дээрх үүргүүдийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн маргаан бүхий 57 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:”,  25.1.1-д “...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэсэнтэй нийцсэн гэж үзнэ.

            Шүүх нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл хуульд нийцсэн гэж үзэхдээ  хариуцагчийн зүгээс мэргэжилтэн Б.Тд өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлж хийлгэх талаар анхаарч удаа дараа шаардсан, зөвлөсөн, сануулсан зэргээр хоорондоо харьцаж байсан цахим шуудан, тайлангийн загварын төсөл, шаардлага хангаагүй засвартай хөтөлбөрийн биелэлтийн хэрэгжилтийн явц, үр дүн (2 дугаар хавтас хэргийн 46-66 хуудас) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан болон удирдлагаас өгсөн хэрэгжүүлбэл зохих үүргийг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон гэж дүгнэв.

            Өөрөөр хэлбэл УИХ-д ажил тайлагнахтай холбоотой тайлангийн загвар гаргах төслийг ирүүлсэн хэдий ч шаардлагад нийцүүлээгүй ашиглах боломжгүй байснаас дахин өөр ажлын хэсэг байгуулан ажиллахад хүрсэн, ”Эдийн засгийг сэргээх  хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явц, үр дүнг хугацааны эцсийн өдөр ирүүлэхдээ цаг хугацаа орохоор засвартай байснаас хугацаа алдсан үр дүн нь ажил хариуцсан мэргэжилтэн Б.Тгийн үйл ажиллагаатай холбоотой байсан гэж үзэхээр байна.

            Нөгөө талаар нэхэмжлэгч Б.Т удирдлагын зүгээс засвартай шаардлага хангаагүй гэж үзсэн ”Эдийн засгийг сэргээх  хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явц, үр дүнг байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүй Сангийн яаманд шууд хүргүүлсэн нь төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчимтай нийцээгүй гэх хариуцагчийн дүгнэлт, тайлбарыг буруутгахааргүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч Б.Тгийн ажлын байрны чиг үүрэг, удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлсэн эсэхийг дүгнэж тооцох эрх нь ажил олгогч, түүний дотор харьяалах шууд удирдлагад хадгалагдаж байна.

            Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Б.Тгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Б.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 А.НАСАНДЭЛГЭР