Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/424

 

 

 

 

 

 

 

 

 

2023          10             25                                                    2023/ШЦТ/424

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Цэрэнтогтох,  

   Шүүгдэгч Ц.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л-ид холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л-, 2001 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуул хамгаалалтын ажилтан мэргэжилтэй, хувиараа хүргэлтийн ажил хийдэг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баян сумын Цавчир 3-р баг, Дашгай хорооллын 10-05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай.

                                                                                                   

  Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ц.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

                                            

            Шүүгдэгч Ц.Л- нь согтуугаар 2023 оны 5 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Төв аймгийн Баян сумын Цавчир 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шохой”-ны үйлдвэрийн гал тогооны өрөөнд Б.*******г “намайг цохисон” гэх шалтгаанаар толгой, нүүр рүү нь гараараа цохиж, нуруу руу нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, нуруу, зүүн шилбэнд цус хуралт, баруун нүдний зах хэсэг хамарт зулгаралт, баруун нүдний зовхи, баруун алганд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан    

 

Хохирогч Б.*******гийн өгсөн: “Би тухайн өдөр гэртээ байж байгаад орой 19 цагийн үед ажил дээрээ аавтайгаа хамт ирэхэд ажлын хашаан дотор цагаан өнгийн машинтай 3 залуу ороод ирчихсэн машинтайгаа хашаан дотор явж байсан. Манай аав та нар яагаад хашаан дотор хамаагүй яваад байгаа юм. Одоо явцгаа гэсэн чинь нэг шар залуу шууд л намайг татаж ирээд нүүр лүү мөргөсөн. Тухайн үед би таньдаггүй байсан. Сүүлд нь таньдаг болсон. Л- гэдэг залуу байсан. Тэгээд маргалдаад барилцаж аваад байж байтал аав захирал руу утсаар залгаад хэлсэн чинь нөгөө залуучууд яваад өгсөн. Тэгээд орой ажилдаа гарах гээд хоолны өрөөнд Энхбилгүүнтэй хоол хийгээд сууж байтал Л- гаднаас орж ирэнгүүтээ шууд өшиглөөд сандалтай жийгээд унагасан. Тэгтэл араас нь зөндөө олон залуучууд орж ирэнгүүтээ Энхбилгүүн бид хоёрыг зодоод эхэлсэн. Би тэр өрөөнөөс зугтаж гараад үйлдвэрийн урд очоод баригдсан. Тэгээд намайг гар тогооны өрөө рүү дагуулж очсон. Тэгээд бид нарыг гал тогооны байшинд оруулж цохиж юм ярьж байгаад явцгаасан. Урьд өмнө нь таньдаггүй байсан. Ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Л- гэдэг өндөр залуу хамар руу мөргөсөн. Дараа нь буцаж ирээд дахиж Л- зодож цохисон. Л- л миний биед бэртэл учруулсан. Одоо миний биеийн байдал зүгээр. Хамранд цууралт үүссэн тэрийг нь хагалгаа хийж янзална гэсэн. Л- нь миний утсыг янзлуулаад хамрын хагалгаа хийлгэх зардал болон бусад гарсан зардлыг төлнө гэсэн.” гэх мэдүүлэг /хх-н 17/,

Гэрч А.Энхбилгүүний өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цаг хэд болж байсныг анзаараагүй. Ажлын байран дээрээ байж байтал манай ажлын хашаанд цагаан өнгийн фикап маркийн машинтай 3 залуу орж ирсэн. Тэр 3 залуу манай хамт ажилладаг хүмүүстэй маргалдаад байхаар нь би яваад очоод зогссон чинь манай ******* гэдэг ажилтны хамар луу нэг залуу нь мөргөсөн. Тэгээд барилцаад авахаар нь би салгаад нөгөө танихгүй залууг цааш нь аваад явсан. Тэгтэл намайг зөрүүлээд заамдаж аваад боосон. Тэгтэл манай нэг ажилтан ах ирээд бид хоёрыг салгаад манай захирал Бат-Эрдэнэ ахыг дуудсан. Тэгтэл тэр залуучууд яваад өгсөн. Орой нь 21 цагийн үед гал тогооны өрөөндөө хоолоо хийж идэх гээд байж байтал гаднаас нөгөө залуучууд шууд өрөөнд дайрч орж ирээд надтай хамт байсан ******* бид хоёрыг өшиглөж унагаад дээрээс зодож эхэлсэн. Би доошоо хэвтсэн байж байгаад нэг зай гарахаар нь гадагшаа гараад гүйтэл араас шалны модоор толгой руу нэг удаа цохисон. Би цохиулаад цаашаа гүйх гэсэн боловч нэг алхаад явж чадалгүй газар унасан. Намайг газар унасны дараа шалны модоор цохисон хүн ирээд дээрээс өшиглөснөө чирч гал тогооны өрөөнд оруулаад зодсон. Тэгээд байж байтал манай нэг ажилтан ах эхнэртэйгээ ирсэн чинь нөгөө залуучууд хүмүүс ирлээ гээд машиндаа суугаад зугтаагаад явсан. Тухайн хүмүүсийг танихгүй урьд нь харж байгаагүй хүмүүс байсан. Өдөр нь ирэхдээ 3 залуу ирээд, орой нь буцаж ирэхдээ 2 машинтай 10 орчим хүн байх шигж байсан. Би яг сайн тоолж чадаагүй. Машины номерын нь харах гэсэн боловч номеруудаа авчихсан байсан. Толгой их өвдөж байна. Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь дагж хэсгийн ясанд бага зэргийн цууралт үүсэн байна гэж хэлсэн. Баруун хөл доголсон. Баруун талын бөөр рүү өшиглөсөн тэр хэсгээр нь хөндрүүтэй. Нуруу орчмоор улайж хөөрсөн өвчтэй байна. Би тэр хүнийг бол танихгүй. Модоор цохиж унагачхаад араас ирээд чирэхэд нь царайг нь харахад өндөр шар цайртай, хар малгайтай хүн байсан. Бид нарыг зодсон хүмүүсийг харвал танина. Бид нарыг гал тогооны өрөөнд оруулж газар суулгаж байгаад зодсон. Тэр үед бүгдийнх нь царайг харсан. Надтай маргалдсан зүйл байхгүй. Яах гэж ирсэн талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч Э.Буяннэмэхийн өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн үед худаг дээр ус аваад зогсож байхад 3 залуу машинтай ирээд гагнуур хийлгэх гэсэн юм гэхээр нь манайд гагнуур хийдэг хүн байхгүй. Гэхдээ ковш барьдаг 2 ах гагнуур хийж байгаа очоод уулзаад үз гэж хэлсэн. Тэгээд ажлын хашаанд очоод байж байтал нэг их удалгүй нөгөө гурван залуу манай ажлын хашаанд хаалгагүй газраар орж ирчхээд хашаан дотор машинтайгаа дураараа яваад байхаар нь манай ковшийн жолооч ах та нар яагаад дураараа хашаанд яваад байгаа юм. Одоо хашаанаас гараад явцгаа гэсэн чинь нөгөө залуучууд өөдөөс маргалдаад надтай хамт байсан залууг цохиод авсан. Тэгээд манай ковшийн жолооч ах захирал руу утсаараа залгаад хэлсэн чинь нөгөө залуучууд яваад өгсөн. Орой 21 цагийн орчим ажилдаа гарах би гэртээ галаа түлээд манай 2 ажилчин гал тогооны байшинд хоол хийгээд байж байтал номергүй 2 приус маркийн машинтай барагцаагаар 10 орчим залуучууд хашаанд орж ирээд нөгөө хэд чинь хаана байна гээд нэг нь намайг бариад авсан. Бусад нь гол тогооны байшин руу ороод тэнд байсан манай 2 ажилтныг шууд зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би очоод салгах гэсэн чинь намайг бас барьж аваад нийлж зодсон. Хэсэг хугацааны дараа манай ковш барьдаг Жав ахыг ирэхэд нөгөө залуучууд машиндаа суугаад зугтаагаад явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч Б.Эрдэнэбилэгийн өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед 2 найз болох Маньбадгар, Л- нартай хамт ус авахаар худаг дээр очсон. Бид гурвыг худаг дээр байж байхад манай жүчээний ард байдаг шохойн чулууны үйлдвэрийн ажилтан залуу ганцаараа ирсэн. Тэгэхээр нь би чи хаанаас ирсэн юм танилцъя гэсэн. Тэр залуу би Баянхонгор аймгаас ажил хийхээр ирсэн гээд танилцсан. Би тэр залуугаас гагнуур хийлгэх гэсэн юм. Танайх хийх үү гэж асуусан чинь болно хүрээд ирэхгүй гэсэн. Тэгээд миний машиныг Маньбадгар унаад бид гурав үйлдвэрийн хашаанд нь очоод хашааны хаалгыг нь мэдэхгүй өөр газраар ороод байшингийн урд нь очиж зогсоод би машинаас буугаад нөгөө худаг дээр танилцсан залуутайгаа уулзах гээд явтал нэг танихгүй хүн та нар яагаад хашаанд дураараа хамаагүй яваад байгаа юм гээд бид нарыг загнахаар нь би та одоо манай худгаас үхэр малаа усалж байсан байж яагаад байгаа юм гээд маргалдаад байж байтал нөгөө худаг дээр танилцсан залуу би наад хэдийг чинь дуудсан юм зүгээрээ ахаа гээд хүрээд ирсэн. Тэгтэл цаанаас дахиад 2 залуу ирснээ Л-ийг чи хэн юм гээд дайраад маргалдаад хоорондоо барилцаж аваад бие биенийгээ цохисон. Тэгэхээр нь би нөгөө ахад одоо болио энэ хэдийг салгая гээд хамт явсан 2 найзыгаа салгаад машиндаа суулгаад аваад явсан. Хашаанаас гараад явж байтал Л- би эд нарт дээрэлхүүлж чадахгүй гэснээ хамт ажилдаг дүү болох Энх-Амгаланг дуудсан. Энх-Амгалан нь цаашаа дахиад найз нарыгаа дуудаад нийлээд 7-уулаа болоод Л-ийн машин, Энх-Амгалангийн машин хоёрт хуваагдаж суугаад буцаад нөгөө үйлдвэр дээрээ очсон. Тэгээд гал тогооны байшин руу нь Тэмүүжин Л- 2 түрүүлээд орсон. Би гадаа нөгөө анх танилцсан гэх залуутай юм яриад зогсож байсан. Тэгтэл Л- нөгөө байшингаас гараад ирсэн чинь надтай уулзаад байж байсан залуу Л- руу явахаар нь би нөгөө залууг араас нь хөлөөрөө жийж унагасан. Тэгээд би Л-ийн машин руу явж очоод асааж унаад нөгөө хэдийгээ авах гэтэл Энх-Амгалан нэг залуугийн араас хөөж очоод бариад авахаар нь буцаж машинаа тавьчхаад эргээд байшин руу очсон. Намайг байшинд очиход Л- нөгөө хоёроосоо арай том биетэй нэг залууг газар унагаад дээрээс нь дарчихсан юм яриад байж байсан. Тэгэхээр нь би Л-ийг болиулаад босгосон чинь гадаа машин ирээд нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн ирэхээр нь бид нар 2 машиндаа хуваагдаж суугаад явцгаасан. Би Л-ийн машиныг бариад Л-, Маньбадгар 2-г суулгаад явсан. Энх-Амгалан, Билэгт, Билэгдэмбэрэл, Тэмүүжин 4 Энх-Амгалангийн машинд суугаад явсан. Тэгээд 2 тийшээ яваад тарцгаасан.” гэх мэдүүлэг /хх-н 26-27-р хуудас/,

Гэрч М.Билэгтийн өгсөн: “2023 оны 05 сарын 22-ны өдөр 21 цаг өнгөрч байхад дотуур байрны арын шийдэн дээр тоглож байхад Билэгдэмбэрэл над руу утсаар залгаад хаана байна гэхээр нь би дотуур байранд байна гэсэн чинь гадаа ирчихлээ гараад ир гэсэн. Тэгэхээр нь гараад очтол Энх-Амгалан, Тэмүүжин хоёртой хамт машинтай ирчихсэн байсан. Тэгээд машинд нь суусан чинь урагшаа яваад байхаар нь хаашаа явж байгаа юм гэсэн чинь Баянмонгол орно гэсэн. Тэгээд би нэг их юм бодолгүй хамт явсан. Баянмонгол дээр очтол тэнд Эрдэнэбилэг, Маньбадгар, Л- 3 байж байсан. Тэд нартай уулзсан чинь Л- хойд талын хүмүүст сая зодуулчихлаа бүгдээрээ хамт очье гээд бид нарыг дагуулаад 2 машиндаа хуваагдаж суугаад явсан. Тэгээд үйлдвэрийн хашаанд нь ороод гэр лүү нь орох гээд явж байтал нэг хүн өмнөөс гарч ирсэн. Тэр хүнтэй Л- Эрдэнэбилэг хоёр эхлээд уулзсан. Бид нар араас нь очсон чинь Л-, Тэмүүжин хоёр нөгөө хүмүүс чинь хаана байна гээд байшин руу яваад орсон. Тэгээд байшин дотор хүмүүс дуугараад зодолдоод эхэлсэн чинь гэрээс гарч ирсэн хүн байшин руу гүйгээд явсан. Удалгүй байшингаас нэг залуу зугтааж гарч ирээд хашааны хаалга руу гүйсэн. Тэгсэн нэг нь наадахаа бариад ав гэхээр нь би араас нь гүйсэн чинь нөгөө зугтааж байсан залуу хашааны хаалганы ойролцоо очингуутаа өөрөө газар уначихсан. Тэгэхээр нь дэргэд нь очсон чинь босож ирээд сууснаа ахаа болье гээд байсан. Араас Тэмүүжин Энх-Амгалан хоёр ирээд нөгөө залуу руу дайрахаар нь би болиулсан чинь тэр хоёр яваад өгсөн. Удалгүй Эрдэнэбилэг ирээд намайг наадахаа аваад байшин руу оч гэхээр нь дагуулаад байшин руу очсон. Намайг нөгөө залууг байшингийн дэргэд дагуулаад очсон чинь Тэмүүжин толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд байшинд оруулсан. Намайг байшинд ороход хоорондоо зодолдохоо болчихсон юм яриад зогсож байсан. Тэгээд би буцаад ганцаараа байшингаас гарахад урд талын овоолсон шорооны хажууд нэг залууг суулгачихсан Эрдэнэбилэг, Билэгдэмбэрэл хоёр хоёр талаас нь машины гэрэл тусгачихсан дэргэд нь Энх-Амгалан барьчихсан зогсож байсан. Тэгээд Энх-Амгалан нөгөө залуугаа аваад байшин руу явсан. Байшин руу нөгөө залууг оруулахад нь Л- өмнөө суулгаж байгаад нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон, Тэгээд байж байтал гаднаас нэг машин ирэхээр нь бид нар 2 машиндаа сууцгаагаад явсан. Би Тэмүүжин, Билэгдэмбэрэл, Энх-Амгалан гуравтай Энх-Амгалангийн машинд суугаад явсан. Тэгээд тарцгаасан.” гэх мэдүүлэг /хх-н 29/,

Т.Энх-Амгалангийн өгсөн: “2023.05.22-ны өдөр Л- Эрдэнэбилэг хоёр утсаар залгаад уурхайн хүмүүст зодуулчихлаа хүрээд ирээч гээд дуудсан. Тэгээд сумын төвөөс Тэмүүжин, Билэгдэмбэрэл, Билэгт бид дөрөв миний машинтай очсон. Тэгээд бүгдээрээ цагаан шохой бэлддэг нэг уурхай дээр очсон. Тэгтэл Л-, Тэмүүжин хоёр машинаас түрүүлж буугаад байшин руу ороод тэнд байсан 2 залуутай зодолдож эхэлсэн. Яг юунаас болоод тэр хоёртой зодоон хийснийг нь би мэдэхгүй байна. Л- ах нэг залууг нь гадаа гаргаад ирчихсэн газар унагачихсан дээрээс цохиж байсан чинь байшингийн хажуу талд байсан гэрээс гарч ирсэн залуу гүйж очоод цохихоор нь би очоод нөгөө залууг өшиглөх гэж байгаад хажууд нь байсан Эрдэнэбилэгийг өшиглөчихсөн. Тэгж байтал байшинд байсан 2 залуугийн нэг нь гараад зугтахаар нь араас нь гүйгээд очтол овоолсон шорооны Дэргэд оччихоод ахаа би тийшээ очиж зодуулмааргүй байна гэхээр нь хамт зогсож байтал Эрдэнэбилэг ирээд тэгээд хамт байшинд орцгоосон. Намайг байшинд буцаад очиход зодоон хийхээ больчихсон ярилцаад зогсож байсан. Тэр хооронд юу болсныг би мэдээгүй. Тэгээд гаднаас нэг машин ирэхээр нь бид нар машиндаа суугаад явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-н 31/,

Гэрч С.Билэгдэмбэрэлийн өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 22-ны 19 цагийн үед гэртээ байж байхад хамт ажилдаг Тэмүүжин над руу утсаар залгаад гараад ир гээд дуудсан. Намайг гараад очиход Энх-Амгалан Тэмүүжин 2 хамт байж байсан. Баянмонгол хамт явъя гэхээр нь машинд суугаад явсан. Замаараа сургуулийн дотуур байрны үүднээс Билэгтийг аваад Баянмонгол дээр очсон. Тэнд очиход Л-, Маньбадгар, Эрдэнэбилэг нар байж байсан. Тэд нар худаг дээр хүмүүст зодуулчихлаа бүгдээрээ очье гээд 2 машинтай хамт явцгаасан. Тэгээд бүгдээрээ нэг үйлдвэрийн хашаанд очсон. Л- эхлээд машинаас буугаад хашаанд байсан гэр лүү орж нэг хүн дуудаж гаргаж ирээд нөгөө хүмүүс чинь хаана байна гэж асуусан. Тэгсэн нөгөө хүн нь манайхан явчихсан гэхээр нь Л-, Тэмүүжин хоёр байшин руу түрүүлээд орсон. Араас нь би Энх-Амгалантай хамт очсон. Бид хоёр байшингийн хаалган дээр дотогшоо оролгүй зогсож байхад Л- нэг залуутай маргалдаад хоорондоо зодолдож байсан. Нэг залуу байшингаас гараад гүйхэд нь Энх-Амгалан араас нь гүйсэн. Л- нэг залууг байшингаас гаргаж ирээд газар унагачихсан дээрээс нь цохисон. Нэг залууг нь Тэмүүжин араас нь шалны модоор цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-н 33/,

Гэрч Б.Маньбадгарын өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Л-, Эрдэнэбилэг бид гурав худаг дээр ус аваад зогсож байгаад нэг шохойны үйлдвэрт ажилдаг гээд залуутай танилцсан юм. Эрдэнэбилэг тэр залуутай яриад үйлдвэр дээр нь очиж машиныхаа өндөрлөгийн гагнуулахаар болоод усаа гэрт нь хүргэж өгчхөөд гагнуулах юмаа аваад үйлдвэр дээр нь очоод хашаанд нь машинтай яваад орсон чинь нэг ах бид нарыг хашаанд хамаагүй дураараа орж ирлээ гээд уурлаад загнаад байсан. Эрдэнэбилэг, Л- хоёр буугаад тэр хүмүүстэй уулзаж байгаад Л- нэг залуутай нь маргалдаад хоорондоо цохилцоод байсан. Тэгээд удалгүй бид гурав тэр хүмүүсээс салаад машиндаа суугаад гараад явцгаасан. Тэндээс хөдлөөд Л- цохиулсандаа шаралхаад сумын төвөөс дүү нараа дуудаад хамт буцаж очно гээд хүмүүс рүү залгаад Баянмонгол дээр хүрээд ир гээд дуудсан. Бид гурав Баянмонгол дээр очоод тэндээсээ 2.5 литрийн нэг том пиво аваад хувааж уусан. Л- өөрийнхөө машиныг дугаарыг тайлаад авсан. Тэгээд удалгүй сумын төвөөс Энх-Амгалангийн машинтай Тэмүүжин, Билэгдэмбэрэл Билэгт нар ирсэн. Бүгдээрээ нийлээд буцаад үйлдвэр дээр очсон. Л-, Тэмүүжин хоёр түрүүлж машинаас буугаад байшин руу орсон. Тэгээд байшин дотор дуу чимээ гарахаар нь би араас нь ортол Л- нэг залууг доороо хийчихсэн цохиж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 40/,

Гэрч М.Бат-Эрдэнийн өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байж байхад манай манаач Нэргүй гэдэг хүн утсаар яриад ажилчид хүмүүстэй маргаан үүсгээд зодоон болоод байна гэхээр нь би гэрээсээ гараад иртэл манай ажилчдыг гаднаас хүмүүс орж ирээд зодчихоод явчихсан байсан. Ажилчдаасаа ямар хүмүүс байсан талаар шалгуулахаар өргөдөл гаргаж өгсөн. Тухайн үед би өөрөө тэнд байгаагүй болохоор яг юу болсон. Яагаад хоорондоо маргалдаж зодоон хийх болсон. Хэн хэнийгээ яаж зодож цохисон талаар мэдэхгүй байна.

Шүүгдэгч Ц.Л-ийн өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 22-ны 18 цагийн үед Эрдэнэбилэг, Маньбадгар бид гурав худаг дээр ус аваад зогсож байхад мотоциклтой нэг залуу ирсэн. Тэр залуутай бид гурав танилцаад Эрдэнэбилэг тэр залуугаас танайд гагнуур хийдэг хүн байгаа юу өндөрлөгөө гагнуулах гэсэн юм гэсэн чинь юу ч гэсэн хүрээд ирэхгүй юу манайд дүү тогтоочих байх гэсэн. Тэгэхээр нь бид гурав Эрдэнэбилэг машинтай өндөрлөгөө аваад үйлдвэрийн хашаанд нь аваад очсон. Эрдэнэбилэг ганцаараа машинаас буугаад уулзах гээд яваад ирэхгүй удаж байснаа хашааны цаана хүмүүс маргалдаад байгаа бололтой чанга чанга дуугараад байхаар нь араас нь яваад очтол нэг танихгүй ах Эрдэнэбилэгийг хашаанд яагаад хамаагүй яваад байгаа юм гээд загнаад байж байсан. Тэгэхээр нь би Эрдэнэбилэгийг авч явах гээд дундуур нь ортол саарал цамцтай нэг залуу сүүлд нэрийг нь сонсоход ******* гэсэн тэр залуу миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд татаж ирээд нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл намайг зөрүүлж цохиод татаад газар унагасан. Тэгээд бүгдээрээ салцгаасан. Тэндээсээ салаад буцаж худаг дээр очоод Энх-Амгаланг дуудсан. Энх-Амгалан, Тэмүүжин, Билэгдэмбэрэл, Билэгт нарыг дагуулаад хамт ирсэн. Анх Энх-Амгаланг дуудахдаа машины номер тогтоогч солих гэж дуудсан байсан юм. Тэгээд тэд нарыг ирэхээр нь сая хойд үйлдвэр дээр хүн цохиулчихлаа бүгдээрээ хамт очье гээд дагуулаад 2 машинтай явсан. Үйлдвэрийн гадаа очоод би эхэлж буугаад араас Тэмүүжин буугаад бид хоёр түрүүлээд гал тогооны байшин руу нь орсон. Бид хоёрыг ороход 2 залуу байсан. ******* хутгаар юм хийж байсан. Нөгөө залуу нь тогоон дээр хоол хийгээд зогсож байсан. Бид хоёрыг ороход ******* та нар хүрээд ирэв үү гээд хутга бариад ирэхээр нь би хөлөөрөө хийж унагаад хутгыг нь аваад гадагш нь шидсэн. Нэг залуу нь гараад зугтсан тэгэхээр нь би араас нь гүйж гарснаа  хамт явсан хэдийгээ бариад аваарай гэж хэлчхээд буцаад байшин руу орох гэж байгаад *******тай мөргөлдсөн чинь газар унаад хэвтсэн. Тэгэхээр нь цамцнаас нь бариад сэгсэрсэн. Тэгж байхад анх худаг дээр танилцдаг залуу нь миний араас 3 удаа цохисон. Би тэгээд *******г босгоод байшин руу авч оруулаад 2 удаа алгадсан. Тэмүүжин бид хоёрын араас надтай хамт явсан хүмүүс орж ирсэн. Тэгээд байж байгаад гаднаас нэг машинтай хүн ирээд бүгдээрээ тарцгаасан.” гэх мэдүүлэг /хх-н 72-73/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 312 дугаартай шинжээчийн: “1.Б.*******гийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, нуруу, зүүн шилбэнд цус хуралт, баруун нүдний зах хэсэг, хамарт зулгаралт баруун нүдний зовхи, баруун алганд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 47-48/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

                                                                                                    

            Иймд шүүгдэгч Ц.Л-ийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

                                                                                                                   

            Хохирогч Б.*******д шүүгдэгч 1 500 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Ц.Л-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Л- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ц.Л-ид ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

            Шүүгдэгч Ц.Л-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Л- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

             

            Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг камерын бичлэг бүхийн СД хураагдан ирсэнийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-ийг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-ид оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий CD хураагдан ирсэнийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Л- нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ