| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00272/И |
| Дугаар | 272 |
| Огноо | 2020-06-18 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 6 дугаар хороо, Мэлхий хад 1 тоотод оршин суух, Шар монгол ентүү овогт Л.Д /РД: /-гийн нэхэмжлэлтэй
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Л.Д,
прокурор Ч.Пүрэвсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ж.Л нь 1938 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаад Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгүүлээд ДЯЯ-ны тусгай комиссын 1942 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар тогтоолоор цагаатгагдсан.
Бид ах дүү тавуулаа бөгөөд нөхөн олговрыг тэнцүү хувааж авах болно. Миний ах дүү нар шүүхэд нэхэмжлэх гаргах зэрэг бүхий л харилцаанд миний бие Л.Дг төлөөлүүлэхээ мэдэгдэж, итгэмжлэл олгосон
Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч миний эцэг Ж.Лт олгох нөхөх олговор 40 000 000 төгрөгийг хүү Л.Д надад олгож өгнө үү гэв.
Прокурор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Дгийн эцэг Ж.Л нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 45 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 10 жилийн хорих ялыг биеэр эдэлжээ. Ж.Лыг ДЯЯ-ны тусгай комиссын 1942 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар тогтоолоор цагаатгасан байна. Шийтгүүлсэн зүйл анги нь эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай байсан.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Дд 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгох нь үндэслэлтэй байна гэв.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тогтоогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөн/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр төлнө” гэснийг үндэслэн нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л.Д нь дээрх хуулийн 12 дугаар зүйл, Засгийн газрын 21 дүгээр тогтоолын дагуу нөхөх олговор нэхэмжлэхээр бүрдүүлбэр материалаа ханган Цагаатгалын мэдээллийн нэгдсэн санд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн байна. Түүнчлэн Л.Дг ЦАУЗБУК-оос зууны мэдээ сонины 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №82/6307/ дугаарт хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэхээр олон нийтэд мэдээлсэн бөгөөд сонинд зарласан өдрөөс хойш манай байгууллагад өөр нэхэмжлэгч ирж бүртгүүлээгүй ба ямар нэгэн маргаан гараагүй болно.
Шүүх нэхэмжлэгч Л.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох цагаатгалын нөхөх олговор 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Л.Д нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №82/6307/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Жанцан /Ванчин/-гийн Лувсаншарав нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Ж.Л нь хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, Л.Д, Л.Баттулга, Л.Норолхоосүрэн, Л.Дамбасүрэн, Л.Дарьсүрэн нар нь Ж.Лын хүүхдүүд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 166 дугаар шийдвэр,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08/1517 тоот лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 399/000657 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
- Үндсэний төв архивын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03-2/889, 03 дугаар сарын 27-ны өдрийн 03-10/1306, 03-10/1305 дугаар лавлагаа,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 671 тоот албан бичиг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрийг ашиг сонирхлыг хамгаалж оролцосон прокурор болон цагаатгах, нөхөх олговор олгох ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж буй Монгол улсын Цагаатгах ажллыг удирдан зохион байгуулах комиссын зүгээс нэхэмжлэгчид нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ж.Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж түүнд учирсан хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн төлөх үүргийг хариуцсан төрийн зүгээс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Л.Дд 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ж.Лын хүүхдүүд болох Л.Д, Л.Баттулга, Л.Норолхоосүрэн, Л.Дамбасүрэн, Л.Дарьсүрэн нар нөхөх олговорыг тэнцүү хэмжээгээ хуваан авахаар тохиролцсон байх ба харин хүсэлт гаргах эрхээ Л.Дд олгосон тул энэ дагуу нөхөх олговорыг түүнд олгохоор шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсны дараа хэлмэгдэгчийн хүүхдүүд нь хоорондоо хийсэн хэлцлийн дагуу нөхөх олговорыг тэнцүү хэмжээгээр хувааж авах ёстой болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговорыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Шар монгол ентүү овогт Л.Д /РД:УС51030215/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ