Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/507

 

 

 

 

 

 

 

 

 

                                                

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго, 

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц Ц.Бд холбогдох эрүүгийн _.___дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

     

 

                             Холбогдсон хэргийн талаар                                                       /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тусчтан” эмийн сангийн ажилтан Ж.Оийн пос төхөөрөмжөөр 2022 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийгдсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг  мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 1.480.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч Ц.Б:

...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй... гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тусчтан” эмийн сангийн ажилтан Ж.Оийн пос төхөөрөмжөөр 2022 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийгдсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг  мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 1.480.050 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн _.___дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч Ж.Оийн өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Багануурын мобикомын ажилтан Мөнхцацралт мобикомын үйлчилгээ үзүүлэх гээд Эрдэнэ сум дээр ирсэн байсан. Тэгээд банкны карт уншдаг төхөөрөмж солиж өгөөд миний хуучин төхөөрөмжийг аваад явсан шинэ солиж өгсөн төхөөрөмжөөр гүйлгээ хийх гэсэн болохгүй байсан тэгээд 26, 27, 28 29, 30-ны гүйлгээ хийгдэхгүй байсан 07 сарын 01-ны өдөр оролгоо авах гээд уншуулсан чинь мөнгө ороогүй байна гэсэн тэгээд асуусан чинь хуучин төхөөрөмжинд холбоотой байсан дансруу нийт 1.505.000 төгрөгний гүйлгээ хийгдсэн боловч өөр хүний дансанд орсон байсан, тэгээд би холбогдох байгууллагуудад хандсан болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

Гэрч О.Мөнхцацралтын өгсөн: “Би Улаанбаатар хотын Багануур дүүргийн Мобиком салбарт теллерийн борлуулалтын мэргэжилтэн хийдэг юм. 2022 оны 6 сарын 25-нд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Мобикомын агентын пос төхөөрөмжийг сольж өгсөн юм. Пос төхөөрөмж дээр Хас банкны данс холбогдох хүртэл гүйлгээ битгий хийгээрэй гээд хэлээд явсан. Гэтэл эхний хоног дээр нь би дансаа мэдэхгүй байна, дараа ярихдаа би дансаа авч чадахгүй байна гэсэн тэгэхээр нь би 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр охиныг нь олж холбогдоод Хас банкны дансыг нь аваад шууд холбож өгсөн. Өөр зүйл болоогүй.” гэх  мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,

Шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн: “Би уг тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь сэжигтнээр өгсөн  мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

   

Шүүгдэгч Ц.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчид 1.480.050 төгрөгийн хохирол учруулан залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох  ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ц.Б нь дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Яргайтын 33-709 тоотод ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 33 настай баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч Ц.Б нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Харин хохирогч Ж.От шүүх хуралдааны тов мэдэгдэхэд 1.480.050 төгрөгийн хохирол учирсан ба түүнийг нөхөн төлсөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн байна.  

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн _.___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.   

 

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                               

1.Шүүгдэгч Ц Ц.Быг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг хийж бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /2 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Ц.Бын торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН