Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/508

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

хохирогч Г.Г,

шүүгдэгч Н.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн НН.Пид холбогдох _____________дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.П нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Урьхан-2 зоогийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 03 цаг 30 минутын орчимд иргэн Г.Гтой маргалдан түүний толгойн тус газарт аягаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Н.П нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэмтлээс гарч байгаа зардлыг эрүүл мэндийн даатгалаас төлсөн. Би өөрөө 200.000 гаруй төгрөгийн эм авсан. Гомдол санал байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Н.П нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Урьхан-2 зоогийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 03 цаг 30 минутын орчимд иргэн Г.Гтой маргалдан түүний толгойн тус газарт аягаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн _____________дугаартай хэрэгт авагдсан

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/,

Хохирогч Г.Гийн өгсөн: “Миний бие Гонгор овогтой Г.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цаг 30 минутад Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг орох зорилготой Улаанбаатар хотоос 70-67 БӨҮ улсын дугаартай "Тоёота камери" маркийн тээврийн хэрэгслээр гарч явсан тэгээд 03 цаг 30 минут орчим үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Урьхан 2 зоогийн газрын хүнсний дэлгүүрээс 2 ширхэг лаазтай кола болон нэг ширхэг Alpen gold шоколад аваад касс нь дээр очиход улбар шар өнгийн фудволктой 20 орчим насны залуу касс дээр зогсож байсан. Тэгээд авсан бараагаа уншуулахад нийт 10500 төгрөг болсон тэр үед төлбөрөө бэлнээр хийхээр 20000 төгрөг өгахөд кассчин залуу хариулт задгай мөнгө байхгүй байна. Тэгэхээр нь би дахиад нэг ширхэг кастер тамхи авъя үлдсэн мөнгөнд тааруулаад хүнсний зүйл өгчих гэж хэлэхэд тухайн касс нь дээр зогоож байсан залуу та одоо яасан ядаргаатай хүн бэ? би таньд заавал үйлчлэх албагүй шүү гэж хэлсэн. Би тэгэхээр нь энэ чинь одоо яасан гуйлгачны дэлгүүр вэ хэрэглэгч бол хаан гэж чи мэдэх үү танай дэлгүүрээс би гуйж юм авахгүй гэж ирээгүй би бэлэн мөнгөөр тооцоо хийгээд хариулт өгөхгүй гэдэг чинь ямар учиртай юм бэ хэлсэн чинь тухайн касс чинь залуу би таньд заавал юм зарах албагүй ээ бараагаа хурааж аваад хурааж авсан барааг лангуун дээр тавихаар цааш явсан би дэлгүүрээс гарахаар явж байхад касс чинь залуу амандаа намайг “гөлөг” гэж доромжлохоор нь би буцаад очиж тэр залуугийн цамцнаас нь татаад хоёулаа гарч хэрүүлээ хийе гэж хэлээд ноцолдож байхад гэнэт харуул гэх нэг залуу хүрч ирээд бид хоёрыг салгасан тэр үед нөгөө кассын ажилтан залуу лангууныхаа ард очоод зогсож байхад би шууд лангууний урд талаас нь дайрч очоод тухайн залуу цамцнаас нь заамдаж байхад дахиад хамгаалагч залуу хүрч ирээд бид хоёрын голоор орж салгахаар ноцолдож байх үед кассын ажилтан залуу хаанаас нэг юм аягаар миний зүүн дух хэсэгт 2-3 удаа цохиж миний толгойноос цус асгарсан тэгээд би цааш сайн юу болсон сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/,

Гэрч Э.Батбаатарын өгсөн: “Миний бие Энэбиш овогтой Батбаатар нь 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Урьхан 2 зоогийн газарт" ээлжийн хуваариа дагуу харуул хамгаалалтын ажлаа хийж байсан. Тэгээд шөнийн 2 цаг орчмын үед хүнсний дэлгүүрийн касс чинь Н.П залуу худалдан авахаар ирсэн нэг үйлчлүүлэгч авсан барааныхаа тооцоог хийхээр бэлэн мөнгөөр 20000 төгрөг өгөхөд кассын ажилтан надад задгай мөнгө байхгүй байна хариулт мөнгө өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үйлчлүүлэгч би заавал танайхаас үйлчлүүлэх албагүй уурлаад яваад өгсөн кассын ажилтан Н.П касс дээр байсан бараагаа лангуун дээр өрөхөөр явсан. Тэгээд кассын ажилтан залуу Н.П явж байх замдаа тухайн үйлчлүүлэгчийг гар зайл пизда минь амандаа хэл амаар доромжилж байсан дэлгүүрээс гарахаар явж байсан үйлчлүүлэгч ах сонсоод чи одоо намайг хэл амаар доромжилдог хэн бэ чи гэж. Г хэлээд кассын ажилтан Н.Пийг цамцнаас барьж авахаар нь би гүйж очоод тэр хоёрыг салгаад Н.П чи үйлчлүүлэгчийг хэл амаар доромжлох нь чиний буруу уучлалт гуй хэлсэн би тэгээд тухайн үйлчлүүлэгч ахаас та бид нарыг уучлаарай гэж уучлалт гуйсан. Тэгээд Н.П бас л аман дотроо гичий пизда хэл амаар доромжлоод байсан. Үйлчлүүлэгч ах чи намайг яагаад хэл амаар доромжлоод байгаа нь бэ кассны урд очоод Н.П цамцнаас заамдаж ноцолдож эхэлсэн би тэр хоёрыг салгахаар ноцолдож байхад Н.П үйлчлүүлэгч ахыг цайны аягаар толгойн тус газар луу цохисон үйлчлүүлэгч ахын толгойноос их хэмжээний цус гарсан хуурай сальфтикаар дарж цусыг нь тогтоож лүн сумын цагдааг дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 15193 дугаартай “1.Г.Гийн биед дух, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” талаарх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/,

Урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Пийн яллагдагчаар өгсөн: “Би Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар баг "Урьхан" зоогийн газарт касс дээр суудаг. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны шилжих шөнө 02 цаг 30 минутын үед ажиллаа хийж байхад гаднаас хар ногоон өнгийн хувцастай хар хөх өнгийн малгайтай 40 гаруй насны эрэгтэй хүн орж ирээд 10500 төгрөг болж байсан эсэх талаар үйлчлүүлэгчид хэлэхэд тэр үед үйлчлүүлэгч надад 20000 төгрөг өгсөн тэгээд би үлдэгдэл мөнгийг хариулж өгөх боломжгүй бөгөөд задгай мөнгө байхгүй байсан тэгээд би 500 төгрөг танд байна уу гэж асуухад байхгүй 1 хайрцаг кастр тамхи авъя тэгвэл хариулж болох уу гэж хэлэхээр нь хариулж өгөх гээд үзтэл задгай мөнгө мөн хүрээгүй тэгээд тэр хүн тэгээд гуйлгачны газар бэ гэхээр нь та манайхаар үйлчлүүлэх албагүй гэж хэлэхэд дээшээ өгсөөд явахаар олимп гээд дэлгүүр байгаа тэнд та очоод үйлчлүүл гэж хэлэхэд үйлчлүүлэгч бол хаан гэж чи мэдэх үү гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би бараануудаа буцаагаад өрөх гээд явж байх замдаа хүүхдээ загнаж байгаа юм шиг гөлөг чинь гээд амандаа хэлэхэд тухайн үйлчлүүлэгч сонсоод над руу уурлаад намайг заамдаж авсан тэгээд хамгаалагч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд салаад байж байхад кассны ширээг түлхээд дайрч орж ирээд миний хоолойг боосон тэгээд харуул салгах гэж байх хооронд миний хоолой боогдоод нуд харанхуйлж эхлэхээр нь ногоон өнгийг касс дээр байсан аягаар үйлчлүүлэгчийн зүүн талын дух хэсэг руу баруун гараагаа аягаар 2-3 удаа цохисон Би өөрийн гам хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйн өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй" гэж заасан. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Төв аймгийн Лүн сум Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг "Урьхан-2" зоогийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө иргэн Р.Г.Гийг кассын ажилтан залуу аягаар цохиж Г.Гийн биед гэмтэл учруулж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж, болон бусад байгууллагаас үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 252,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Поосс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

   Шүүгдэгч Н.П нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Н.П нь тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Лүн сум 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй талаар хэсэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 21 настай баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

            Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г нь “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

            Харин мөрдөн байцаалтын шатанд Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүйг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хохирогч Г.Гийн Эрүүл мэндийн сангаас 252.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзэн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон үндэслэлтэй байна.

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж зааснаар шүүгдэгч Н.Пийг шүүхээс гэм буруутайд тооцсон тул хохирогч Г.Гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 252.000 төгрөгийг шүүгдэгч Н.Поос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн _____________дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч НН.Пийг нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пид оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Н.Пийн торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Поос 252.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.  

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Пид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН