Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/515

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ОД.Од холбогдох __________дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 9 дүгээр 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн Банзуны даваа гэх газарт самар түүж явахдаа Б.Насанжаргалтай маргалдан түүний хамран тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 9 дүгээр 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн Банзуны даваа гэх газарт самар түүж явахдаа Б.Насанжаргалтай маргалдан түүний хамран тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн __________дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч Б.Насанжаргалын өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэсэг найзуудын хамт Төв аймаг Батсүмбэр сумын нутаг Баянгол 3-р баг Сөгнөгөрийн ам гэх газар самарт явсан. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ууланд самар бэлтгэж байхад манай хамт явсан найз Цогтоо отог байрлаж байгаа газарт ойртоод хоёр залуу ирэхээр нь “Наана чинь манай отог байгаа та хэд цаашаа жоохон хол явчих” гэсэн чинь нөгөө хүмүүс холдоод явсан. Удалгүй дахиад хоёр залуу мун үүрээд манай отгийн хажууд самар бэлтгээд байхаар нь Цогтоо дахиад “Хөөе наана чинь манай отог байгаа та нар цаашаа явчих” гэж хэлсэн чинь нөгөө хоёр залуу гүйж ирээд цохиод авсан. Би Толя найзын хамт гүйгээд очсон чинь нөгөө хоёр үл таних залуу “Хаанахын газрын гайнууд ирээд миний нутагт том дуугараад байгаа юм бэ?” гэж орилж эхэлсэн. Би “та нарын газар гэж юу байх вэ? энэ газар чинь Монгол Улсын газар нутаг дээр байгаа юм шүү. Байгалийн баялгаа бүгдээрээ хуваагаад авахад юун болохгүй байгаа юм” гэсэн нөгөө залуу “Чи муу хаанахын хулгайч вэ? Чамайг энд одоо ална шүү” гэхээр нь би “Чамд хүн алах эрхийг хэн өгсөн юм” гэж хэлтэл нөгөө залуу “Чамайг отог дээр чинь одоо алаад өгье” гээд шууд нүүр хэсэгт цохиод авсан.  Би өөдөөс нь зууралдаад хамт байсан хүмүүс салгах гэж оролдсон. Би нөгөө залуугаас уучлалт гуйгаад “За уучлаарай бид нар та нараас уучлалт гуйя, уулын модонд та нартай муудалцах хүсэл алга” гэж хэлсэн. Нөгөө залуу нь “Хүмүүсээ дууд” гээд хамт явсан залуу нь “Хаана байна.  Ямар писдаанууд нь томроод байгаа юм, хаана байна. Бүгдээрээ нааш ир” гээд удалгүй 10 гаруй залуус ирээд нийлээд зодсон. Би голоор нь гүйж хүмүүсээ салгасаар байгаад зодоон зогссон. Би нөгөө олон хүмүүсээс уучлалт  гуйгаад “Бид  нар ингээд явлаа. Та нар дагаж яваад миний хамрыг янзлуулж өг. Тэгэх юм бол эр хүмүүс байна. Надад гомдол, санал байхгүй” гэж хэлсэн чинь тэр дундаас нэг ахмад настай хүн “Бид нар чадахгүй, өр зээл ихтэй. Хүүхдүүд хоосон хэцүү байна. Бид нар дагаж бууж чадахгүй гэхээр нь “За би ямар ч байсан буулаа, доор очоод цагдаад өргөдөл өгөөд эмчилгээ хийлгэж, хуулийн дагуу арга хэмжээ авна” гэж хэлээд явсан. Араас нөгөө хүмүүс “Дүү нааш ир гээд араас ирээд “Чи дүү  цагдаад өргөдөл битгий өг, өөрөө буугаад эмчилгээ хийлгээд байж бай, бид нар буугаад хохирлыг чинь 100% барагдуулж өгнө гэж хэлээд миний утсыг тэмдэглэж аваад утсаар холбогдоно гэж хэлээд би буусан. Би эмчилгээ хийлгээд нөгөө хүмүүсийн хүлээсэн боловч нэг ч холбоо бариагүй. 2022 оны 9 дүгээр сарын 26-ны орой цагийн орчим Монхор гэх хүн 89138688 утсаар залгаад “ Чи цагдаагийн байгууллагаар яв. Бид нар чамтай яриатай. Чи сого алсан байна лээ. Чи хууль шүүхээр яваад бид нараас 1 ч төгрөг олж долоохгүй. Би Цагдаагийн ерөнхий газрын дэд даргыг таньдаг. Чам шиг хүүхдийг нэг утас цохиод байхгүй болгоно. Би олон жил чанга дэглэмтэй шоронгоор явсан хүн шүү” гэх зэргээр намайг сүрдүүлсэн өнгө аясаар ярьсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Над дээр 4-5 хүн нийлээд дайрч зодсон. Хамгийн их Уяа гэх залуу ардаас боосон, Цогбадрах болон Өлзий гэх хүмүүс миний урдаас гар барьж, нүүр нүдгүй зодсон. Цогбадрах миний нүүр хэсэгт мөргөсөн. Миний толгой хэсэг 14 хоног хавдартай байсан. Хамар цөмөрсөн, зүүн нүдний дээд хэсэг чамархайд их хөндүүртэй, зүүн шанаа хэсэг зулгарсан гэх мэт гэмтэл их гарсан.  Надтай цуг манай  найз Толя түүний ах Цогтоо, утсыг нь бол мэдэхгүй байна. Найз Сандалай, Батсайхан нар хамт явсан. Би гомдолтой байна. Тухайн үед итгээд тохиролцоод салчхаад буцааж хариуцлага хүлээж чадахгүй, хүний хохирол барагдуулж чадахгүй байгаад гомдолтой байна. Миний биед гарсан гэмтлийн эмчилгээний зардал болон бусад эмчилгээний зардал гэх зэрэг зүйлсийг гаргуулж авах хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

Гэрч Э.Толягийн өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би Насанжаргал, Сандалай, Цогтсайхан гэх 3 хүний хамт самарт явсан. Тэгээд манай отгын хажууд дээд талд 2, доод талд 2 хүн самар түүгээд байсан. Тэгээд Цогбадрах, Д.О гэх 2 хүн манай отог руу орлоо жоохон цаашилчих гэж Цогтсайхан хэлсэн. Тэгээд Цогбадрах нь “Хаанаас гараад ирсэн газрын гайнууд вэ? гээд Цогтсайханыг заамдаж авсан байсан. Тэгээд Насанжаргал бид 2 салгах гэж очсон. Тэгээд бид хэд маргалдаад Цогбадрах нь Цогтсайханыг мунаа үүрч явахад нь заамдаж түлхэж унагаасан. Тэгээд Насанжаргал бид 2 салгах гэтэл цаанаас баахан хүмүүс гарч ирсэн. Тэгээд Насанжаргалыг Цогбадрах, Уяабаатар, Д.О гэх  танихгүй 3 хүн нийлээд зодсон. Тэгээд би Цогтсайхан, Сандалайгийн хамт очиж салгаад бүгд тарсан. Цогбадрах, Уяабаатар, Д.О нар нийлээд мөргөж унагаагаад толгой руу нь олон цохисон. Насанжаргал буцаагаад цохисон. Гэхдээ хэнийг нь цохисныг мэдэхгүй байна. Манай отгийн хажууд ирээд самар түүгээд байхаар очиж хэлэхэд энэ маргаан үүссэн юм. Тухайн үед намайг харахад хамар нь мурийгаад цус нь гоожоод байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч Г.Цогбадрахын өгсөн: “...ямар ч байсан Д.О тэр залуутай зууралдаад босож ирэхдээ цус болоод босож ирсэн. Миний биед халдаж зодсон. Анх эхлэх үед зодуулсан гээд байгаа Насанжаргал “Би генерал ахтай хүн та нарыг зодчихсон байхад Мандалын цагдаа нарт хэлээд гарна. Би цагдаа шүү, байлдааны самбар хичээллэдэг” гэж хэлж байгаад миний нүүр хэсэгт хоёр удаа цохисон. Бас нэг залуу нь мод барьж намайг хөөж байх үедээ хэд хэдэн удаа нуруу болон гар хэсэгт цохисон. Манай найз Д.О маргаан болж байхад Уяа гэх нутгийн залуу мөн эсрэг талаас зодолдсон, дөрвөн залуу. Зодоон болоод дуусаж байхад манай хамт явсан Галбадрах нар байсан. Модоор цохиулсан газар жаахан хөхөрсөн байсан. Одоо бол байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Насанжаргал согтууруулах ундаа хэрэглээгүй байх. Ууланд ирээд 1 сар гаруй болж байна гэсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэрч Э.Уяабаатарын өгсөн: “...Насанжаргалын биед хэн гэмтэл учруулсан талаар хараагүй. Намайг очиход дээр доороо ороод нэгнийхээ араас хөөж байсан. Д.Оы дээр нэг залуу гараад зодож байхаар нь салгаад босгосон. Цогбадрахыг мод бариад хөөж байсныг салгасан. Маргаан болох үед Цогбадрах, Д.О нар байсан. Бусад маргалдсан хүмүүсийг мэдэхгүй. Маргаан үүсгэсэн хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Би бусдын биед халдаж, зодоогүй. Би зөвхөн салгасан. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №14408 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: 1. Б.Насанжаргалын биед хамрын таславчийн мурийлт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 тал/

Яллагдагчаар Д.Оы өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Банзуны даваа гэх газарт самарт явж байхдаа Б.Насанжаргал гэх хүнтэй маргалдаж, муудалцаад барилдаж аваад бид хоёр газар унасан. Босоод ирсэн чинь Б.Насанжаргалын хамар, ам цус болчихсон байсан. Б.Насанжаргал самарт явж байхдаа отог руу ойртлоо гээд хөөсөн. Түүнээс болж бид хоёр маргалдаж, муудалцсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор 1.500.000 төгрөг төлчихсөн байгаа, үлдсэн нэхэмжилсэн мөнгийг нь өнөөдөр төлөөд барагдуулчихна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

   Шүүгдэгч Д.О нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Насанжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Д.О нь бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 88-15 тоотод ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 43 настай баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч Д.О нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Эрүүгийн __________дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ОД.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /2 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Од урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН