Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Туяаг суулцуулан, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэхь сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ынын Сад холбогдох эрүүгийн 201623010052 тоот хэргийг 2016 оны 11 сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971-...-ний өдөр ... төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хэнтий аймгийн ....суманд үйл ажиллагаа явуулдаг ...... ХХК-д малтагч ажилтай, ам бүл ..., ... хамт амьдрах, Хэнтий аймгийн ....багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Булган аймгийн Сум дундын шүүхийн 2004-04-28-ны өдрийн 70-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, РД: ..., Х овогт Т-ынын С.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч Т.С нь 2016 оны 08-р сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............. ХХК-ийн хашаан дотор хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                        

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Маас мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би ............. ХХК-ний амрах байранд ганцаараа байж байхад С, М нар орж ирээд чи их зэвүүн новш гээд цээж рүү цохиод авсан. Би Сыг орж ирэхэд нь чи тийм ажилдаа сайн гэл үү, чамайг ажлын мангас гэдэг билүү гэж хэлсэн. Тэгээд би босоод Мыг цааш түлхээд өмд, цамцаа өмссөн. Намайг С амрах байрнаас аваад гарсан. Амрах байрны гадаа Б миний нуруу pyy гараараа цохьсон. Тэгэхээр нь би Сын толгойг доош нь дарсан чинь С миний төмсөгийг гараараа базаад мушгиад татаад байсан. Би нилээн гуйж байж гарыг нь тавиулсан, тэгээд төмсөгийг тавиад босохдоо газраас чулуу аваад миний толгойг хагалчихсан. Уурхайн дарга Ч бид нарыг салгасан. Гомдолтой байна, эмчилгээний болон бусад зардал 827000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. /хх-21 тал/

Гэрч Г.Г-аас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08-р сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрч байхад ажлаа хийхээр ажилдаа явсан бөгөөд орой ажлаа тараад ойролцоогоор 19 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Б гэртээ шал согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ нөхрөө сэрээгээгүй юм. Маргааш сонсоход манай нөхөр М, С нар хамт ажилдаг Б.Мыг зодсон гэж сонссон гэжээ. /хх-22 тал/

Гэрч Ө.Чгээс мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 16 цагийн үед уурхайн хашаан дотор манай ажилтан С, М, Б нар архи уусан байдалтай Мтай маргалдаж байсан. Намайг харж байхад С Мы толгой pyy чулуугаар цохьсон. Би бүгдийг нь байр руу оруулаад Мыг эмнэлэгт үзүүлсэн. Миний харснаар зүүн талын магнай хэсгээс цус гарч байсан. Өөр шарх гэмтэл харагдаагүй. Надад төмсөг базсан талаар юм хэлээгүй гэжээ. /хх-31тал/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 171 тоот дүгнэлтэнд: 2016-08-26-ны өдрийн ЭХО шинжилгээнд: Баруун төмсөг голомтот өөрчлөлтгүй /зурвас шингэнтэй/ гэжээ.

2016-08-22-ны урологи эмчийн үзлэгт: Гэмтлийн гаралтай баруун төмсөгний үрэвсэл гэжээ.

1. Б.Мы биед хуухнаг орчмын зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсгийн зулгарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна .

4. Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-33 тал/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 171 тоот нэмэлт дүгнэлтэнд:

1.Мы үр тогтоох чадвар хэвийн байна. /хх-35 тал/

Шинжээч Н.Ариунзаяаг байцаасан тэмдэглэлд: Мы биед хуухнаг орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэлд хөнгөн зэрэг гарсан. Харин Мы хүзүүний баруун хэсгийн зулгарсан шарх бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Нэг цаг хугацаанд нэгээс дээш хэдэн ч гэмтэл учирч болох ба гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар аль хүнд гэмтлээр нь гэмтлийн зэрэг тогтоодог учраас тийм дүгнэлт гаргасан юм гэжээ. /хх-36 тал/

Сэжигтэн П.Баас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Хэнтий аймгийн Галшар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "............." ХХК-нд малтагч хийдэг юм. 2016-08-11-ний өдөр хамт ажилдаг Сын гэрт Э.М бид гурав 2 шил 05 литрийн "Ерөөл" нэртэй архи уусан. Архи ууж дуусаад, ажилчдын амрах байр pyy явсан. Э.М, Т.С 2 орж би гадаа үлдсэн. М, Т.С хоёр Б.М гэх залуутай маргалдаж, муудалцаж, зууралдаад гараад ирэхээр нь Б.Мы ap нуруу pyy 2 цохьсон. С, М хоёр зууралдаад ноцолдоод М нь Т.Сыг өөр рүүгээ татаж доош нь дараад гараараа хоолойг нь боох шиг болсон. Тэгэхэд Т.С Б.Мы төмсөгийг гараараа базаад мушгисан. Б.М миний төмсгийг тавьчих гэж Саас гуйж байсан. Т.С төмсөгийг тавингуутаа газраас чулуу авч Б.Мы толгойг цохьсон. Б.Мд учирсан гэмтлийг Т.С, Э.М хоёрын аль нэг нь л  зууралдаж байхдаа учруулсан байх гэж бодож байна гэжээ. /хх- 62-65 тал/

Сэжигтэн Э.Маас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Хэнтий аймгийн Галшар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ............. ХХК-нд малтагч хийдэг юм. 2016-08-11-ний өдөр хамт ажилдаг Т.Сын гэрт П.Б бид гурав 2 шил 05 литрийн "Ерөөл" нэртэй архи уусан. Бид гурав архиа ууж дуусаад Т.С ахын гэрээс гарч ажилчдын амрах байр руу орсон. П.Б байрны гадаа үлдсэн. Уурхайн ажилчдын амрах байранд Б.М ганцаараа орон дээр сууж байсан. Б.М Т.С ахыг ажлын мангасаар юу байна гэхээр нь би миний ахыг юу гэнээ гээд цээж рүү нь нэг удаа гараараа цохьсон. Бид зууралдаад байрны гадаа гарахад П.Б ax Б.Мы нуруу pyy 2 цохьсон байх санахгүй байна. Б.М Т.С ахын хоолойг бооход Б.Мы төмсөгийг базахад тавь гэж хэлж байсан. Б.М Т.С ахын нүүр рүү цохиход Т.С ax газраас чулуу авч толгойг хагалсан байх. Б.Мд учирсан гэмтлийг Т.С ax ноцолдож байхдаа учруулсан байх гэж бодож байна гэжээ. /хх- 68-73 тал/

Шүүгдэгч Т.Саас мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-11-ний өдөр ойролцоогоор 16 цагийн үед би хамт ажилдаг М, Б нарын хамт гэртээ 0.5-н литрийн Ерөөл архи 2 шилийг хувааж уусан, тэгээд бид 3 архиа ууж дуусаад гадагшаа гарч тамхи олж татая гээд манайхаас гарсан юм. Тэгээд бид 3 уурхайн ажилчдын амрах өрөөний гадна талд ирээд М бид 2 уурхайн ажилчдын амрах өрөө рүү тамхи олж татах гээд орсон юм. Тухайн үед оройлцоогоор 18 цагийн үе байсан байх гэж бодож байна. Харин Б амрах өрөөний гадаа М бид хоёрыг хүлээгээд үлдсэн. Уурхайн амрах өрөө рүү ороход М гэх залуу амрах өрөөнд ганцаараа орон дээр сууж байсан. Тэгээд М нь М бид хоёрыг харангуутаа надад хандан манай уурхайн ажлын мангасаар юу байна гэж хэлсэн. Тэгэхэд М уурлаад чи миний ахыг юу гэнээ гээд Мы цээжин тус газарт нэг удаа цохьсон. Тэгээд М, М бид хоёр хоорондоо маргалдаж муудалцаад уурхайн ажилчдын амрах өрөөнөөс гарсан. Тэгээд гадаа гарч ирэхэд М нь миний шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би Мыг цохих гээд дайрахад М намайг өөр рүүгээ татаад миний толгойг уургалаад хоолойг маань боогоод дээрээс дараад байхаар нь би төмсөгнөөс нь гараараа базаад мушгиж байгаад тавьсан юм. М нь миний нүүр рүү гараараа цохихоор нь газраас чулуу аваад толгой руу нэг удаа цохьсон юм. Бид хэдийг маргалдаж муудалцаад байж байхад манай уурхайн дарга Ч гуай ирээд салгасан юм. Мы биед учирсан хуухнаг орчимын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, хүзүүний баруун хэсгийн зулгарсан шарх бүхий гэмтлийг би Мтай маргалдаж, муудалцаж, зууралдаж байхдаа учруулсан. Хохирол 150000 төгрөгийг манай эхнэр хохирогч Мы хамаатанд өгсөн. Гэхдээ надад баримт байхгүй, өөр хохирол төлөөгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Т.С нь 2016 оны 08-р сарын 11-ний өдөр согтуугаар Хэнтий аймгийн Галшар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............. ХХК-ийн хашаан дотор хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, чулуугаар түүний толгойн тус газарт нэг удаа цохиж хуухнаг орчмын зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсгийн зулгарсан шархыг үүсгэж түүний биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мы мэдүүлэг, П.М, Э.Б, шүүгдэгч Т.С нарын дээрхи мэдүүлэгүүд, болон Шинжээчийн 171 дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул хуулинд заасан баривчлах ялыг онолдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.М нь өөрт учирсан хохиролыг мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогч Б.М нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхилоо.

Шүүгдэгч Т.С хохиролд 150000 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй учир хохирол төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.С гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь түүний мэдүүлэг, П.М, Э.Б, гэрч Ө.Чгийн мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 294-298, 301-р зүйлүүдэд

 заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Т-ынын Сыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Т-ынын Сыг 2 /хоёр/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. 2016-10-10-ны өдрийн Төмөр-Очирын Сын эзэмшилийн 4-н ханатай гэр 1 ширхэг, 14 инчийн саарал өнгийн зурагт /телевизор/-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.  

5. Хохирогч Б.М өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Т.Сын бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Т.БОЛОРМАА